Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/209

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          5            16                                                   2023/ШЦТ/209

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,

   Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ө.М-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ө.М, 1982 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, pегистрийн дугаартай.

 

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Ө.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Ө.М нь Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “Буурлын өвөр” гэх газраас 2021 оны 8 дугаар сарын сүүлчээр С.А-ын эзэмшлийн эвэртэй зуузай тамгатай, хээр буурал зүсмийн шүдлэн байдсыг бэлчээрээс  хулгайлж бусдад 950 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.   

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

           

            Хохирогч С.А-ын өгсөн: “Би Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг Буурал гэх газар эхнэр Дэлгэрбат, охин Саранчимэг нарын хамт мал маллан амьдардаг юм. 2021 оны 7 дугаар сарын эхэн үеэр буюу наадмын үеэр Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт Сайхны хөтөл гэх газар нутаглаж байсан Очирхуяг гэх залууд эвэртэй зуузай тамгатай хүрэн азаргатай 8 тооны адууг хүүхдүүдээр нь эмгэг гүүнүүдээ сургуулахаар өгч явуулсан. 2021 оны 8 дугаар сарын дунд үеэр манай адуу Сайхны хөтөл гэх газар тогтохгүй байсан учраас Очирхуягийн хүүхдүүд адуун дотроос эвэртэй зуузай тамгатай, хээр буурал зүсмийн шүдлэн байдсыг сургах зорилгоор авч үлдээд бусад адууг нь явуулсан байсан. Тухайн хээр буурал зүсмийн шүдлэн байдас адууныхаа араас тэмүүлж байгаад цулбуураа тастаад толгойдоо хазаартай адууныхаа араас давхиад явсан байсан. Би маргааш нь хүрэн азаргатай адуугаараа ороод үзэхэд толгойдоо суран хазаартай, хээр буурал зүсмийн шүдлэн байдас адуундаа ирж нийлсэн байсан бөгөөд Очирхуяг ч бас ирж үзээд явсан. Маргааш нь адуу усанд орж ирэхэд тухайн толгойдоо хазаартай явж байсан хээр буурал зүсмийн шүдлэн байдас ганцаараа адуун дотроосоо алга болсон байсан. Тэрнээс хойш хайгаад сураг гараагүй өдийг хүрч байна. 2019 онд адуун дотроосоо хул зүсмийн гүүгээ алдаж бөгөөд тухайн гүүг айлын өвөлжөөн дотор хийгээд гэдэс дотор, арьс, толгойг нь үлдээгээд махын аваад явсан байсан. Би үнэлж мэдэхгүй байна. Одоо байсан бол унагатай гүү байх байсан. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 06-07/,

            Гэрч Д.Азбаярын өгсөн: “Би Төв аймгийн Борнуур суманд оршин суух М гэх залуугаас одоогоос 2 жилийн өмнө ягаан зүсмийн идэшний бяруу авч оронд нь нэг даага өгөхөөр тохиролцсон юм. 2021 оны 08 дугаар сарын эхэн үеэр М утсаар залгаад нөгөө даагаа авмаар байна гэхээр нь манай адуу бүгд хойшоо гүйчихсэн байгаа, чи авах гээд байгаа бол манай хүрэн азаргатай адуун дотор байгаа даагануудаас нэг Даага авчхаарай гэж хэлсэн. Тэрнээс хойш миний бие өвдөөд эмнэлгээр явж байгаад 12 дугаар сарын дунд үеэр гэртээ ирсэн. Тэрнээс хойш Мтай холбоо бариагүй.” гэх мэдүүлэг /хх 13/,

            Гэрч О.Очирхуягийн өгсөн: “Би Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг Ужиг гэх газар эхнэр хүүхдүүдийн хамт маллан амьдардаг юм. 2021 оны 07 дугаар сарын эхэн үеэр буюу наадмын үеэр Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг Буурал гэх газар оршин суух А гэх хүн эвэртэй зуузай тамгатай, хүрэн азаргатай 8 тооны адууг манай хүүхдүүдээр эмнэг гүүнүүдээ сургуулах зорилгоор өгч явуулсан. Манайх тухайн үед Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг "Сайхны хөтөл" гэх газар нутаглаж байсан юм. 2021 оны 8 дугаар сарын 20-ны үеэр А ахын хүрэн азаргатай адуун дотроос хээр буурал зүсмийн шүдлэн байдсыг сургах зорилгоор авч үлдсэн. Тухайн хээр буурал зүсмийн шүдлэн байдас шөнө цулбуураа тасдаад толгойдоо хазаартай адууныхаа араас явсан байсан. Маргааш нь Буурал гэх газар очоод хүрэн азаргатай адуугаар ортол адуундаа ирээд нийлчихсэн явж байсан. Тэгээд маргааш нь дахиад адуугаар ороод хартал тухайн хээр буурал зүсмийн шүдлэн байдас адуун дотроос ганцаараа алга болсон байсан. Тэрнээс хойш сураг гараагүй.” гэх мэдүүлэг /хх 16/,

            Гэрч Г.Цэрэнчунтын өгсөн: “Би Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг Хуст гэх газар аав, ээж 2 хүүхдийн хамт мал маллан амьдардаг. 2021 оны  8 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг Хуст гэх газраас гэрлүүгээ харих гээд мотоциклтой явж байтал Төв аймгийн Борнуур сумын харьяат М гэх залуу хүрэн азаргатай, 10 гаран тооны адуу туучихсан явж байсан. Би М гэх залуу дээр очоод юу хийж яваа талаар асуутал энэ адуун дотор байгаа хазаартай хээр буурал зүсмийн бага адууг барих гээд барьж чадахгүй байна, чи цуг хашилцаад өгчих гэж хэлсэн. Тэгээд манай өвсний хашаан дээр очиж тухайн хүрэн азаргатай адууг хашаад тэр дотроос хазаартай, хээр буурал зүсмийн бага адууг барьж аваад худгийн хажуу талын шонгоос уячхаад мотоциклоо унаад яваад өгсөн. Шөнө 22 цагийн үед М цэнхэр өнгийн, вонго маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирээд тухайн хээр буурал зүсмийн бага адууг нядлаад аваад явсан. Тухайн адууны гэдэс дотор, толгой, арьсыг шуудайнд хийгээд аваад явсан. Би тухайн адууны махыг хүнсэндээ хэрэглэсэн, зарж борлуулсан эсэхийг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 19/,

            Шүүгдэгч Ө.Мгийн өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын сүүлчээр Аззаяа гэх хүнээс өмнө нь адуу авах авлагатай байсан өрөндөө адуу авахаар ярилцахад манай адуунаас хазаартай хээр байдас байгаа түүнийг аваарай гэж хэлсэн. Ингээд түүний маргааш өдөр нь Борнуур сумын 3 дугаар багийн нутаг Буурлын өвөр гэх газарт 10 орчим тооны адуун дотор хазаартай хээр байдас байхаар нь би тэр байдсыг Азаагийн надад өгөх гэж байсан адуу юм байна гэж бодоод барьж аваад махлаад хүнсэндээ хэрэглэсэн. Тэгтэл тэр адуу нь Аззаяагийн адуу биш А гэх хүний адуу болж таарсан. Ингээд цагдаад шалгагдсан. Би А гэх хүний адуунаас хээр байдас барьж хүнсэндээ хэрэглэсэн нь миний буруу би үнэлгээгээр үнэлэгдсэн 950 000 төгрөгийг Ат бэлнээр өгч хохирлоо барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх 42/,

            "Би тус адууг барихдаа өөрийнхөө өмчлөлийн улсын дугааргүй кендо бүргэд маркийн мотоциклоор тууж эзэнгүй хашаанд хийж барьсан. Тус мотоциклийг би 2016 онд худалдаж авсан. Одоо манай гэрийн гадаа хуучирч муудсан байгаа. Би тус мотоциклыг 7 жил унаж байна.” гэх мэдүүлэг /хх 127/,

            “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-н 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07/320 дугаартай шинжээчийн: “Буурал зүсмийн адуу нь Төв аймгийн Борнуур сумын угшилтай. Өөрийн үнэлгээ 1.000.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх 27/,

            “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-н 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 07/122 дугаартай шинжээчийн: “Зах зээлийн хандлагаар нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдрөөр 310 800 /гурван зуун арван мянга найман зуу/ төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна.” гэх үнэлгээний тайлан /хх 138/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

                                                                                                      

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

                                                                                                    

            Иймд шүүгдэгч Ө.Мг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хохирогч С.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх шүүгдэгч Ө.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ө.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ө.М-д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.  

 

            Шүүгдэгч Ө.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.  

 

            Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

           

 Эрүүгийн дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.Мгийн эзэмшлийн Кенбо маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Ө.М-г бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

           

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ө.М-гийн тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            6.Эрүүгийн 2234000000535 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.М-гийн эзэмшлийн Кенбо маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ