Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00534

 

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2019/00534

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ХААН банкны 9 дүгээр байрны 5 тоотод оршин суух, Хүрэн хайрхан овогт А-ы С /../-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 153/2019/00513/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгч А.С нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.С тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 1959 онд төрсөн. 1977 онд Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг төгсөж, илгээлтээр Мөнххайрхан сумын Үйлдвэр бригадад ажилтнаар ажилласан. 1978-1981 онд цэргийн алба хаасан. 1981 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Хөгжимт драмын театрт жүжигчнээр ороод 45 хоногийн дараа аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлд 1987 он хүртэл ажилласан. 1987-1993 он хүртэл Политехник дээд сургуульд суралцаж төгссөн. Ховд аймгийн Дээд хангамжийн баазад нярваар ажиллаж байгаад 2001 онд аймгийн Засаг даргын Тамгын газарт түшмэлээр ажилд орсон. 2006-2013 он хүртэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2013 оны 01 сараас 7 сар хүртэл Монго даатгал Ховд салбарын захирлаар ажиллаж байгаад 9 сараас Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн газарт улсын шалгагчаар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад одоо тэтгэвэрт гарсан. Иймд намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадад 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Тухайн үед ажилчнаар ажилладаг байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа ажилчнаар гэсэн ерөнхий нэрээр оруулна....Хөдөлмөрийн дэвтрийн эх хувь нийгмийн даатгалын тэтгэврийн хувийн хэрэгт байгаа....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч А.С нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадад 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.С нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадад 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан болох нь 1977 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлээс олгосон нэхэмжлэгчийн нэртэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.Сг Ховд аймгийн Мөнххайрхан суманд 1977 оны 6 дугаар сарын 27-ны өдөр илгээлтээр гаргасан илгээлт эх хувиар, гэрч Б.Батжавын ....А.С нь 1977 оны 7 дугаар сард эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадад ажилчнаар хуваарилагдаж ирээд хадлан хийх, хашаа барих, барилга барих зэрэг ажлуудыг хийж байсан....Миний хувьд А.Сг 1977-1978 онуудад ажиллаж байсан талаар мэднэ. гэх мэдүүлэг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1525 дугаартай албан бичиг, гэрч Ц.Бүрбаяагийн ....Намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадын даргаар ажиллаж байх үед А.С нь 1977 онд илгээлтээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадад ажилчнаар ирж миний удирдлаган нь дор ажилласан юм. Үйлдвэр бригадын ажилчид нь нэгдлээс юу л хий гэсэн бүгдийг нь хийдэг хүмүүс байсан юм. Үйлдвэр бригалдын ажилчид хашаа хороо засах, амбаар сав барих буюу нэгдлийн хөрөнгөөр хийгдэж байсан ажлуудыг хийж байсан. Мөн гадаад руу мал нядалж гаргадаг ажил хүртэл хийж байсан. А.С нь тус нэгдэлд 1 жил орчим ажиллаж байгаад цэргийн алба хаахаар явсан . гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 14-15, 23-24, 25, 26-27 дугаар тал/

Нэхэмжлэгч нь Батлан хамгаалах яамны сайдын 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 167 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/109 дүгээр тушаалаар 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10159 дугаартай Хугацаат цэргийн албан хаасны архивын лавлагаа-ны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1977 онд Ховд аймгийн Төвийн 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар анги төгссөн талаарх 1977 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон №11875 дугаартай дунд боловсролын аттестатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 6, 11 дүгээр тал/

Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд авагдсан 14685 дугаартай диплом, түүний хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 7-8 дугаар хуудсанд авагдсан иргэн Б.Батжав, Ц.Бүрбаяа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хүрэн хайрхан овогт Агвааны С / /-ийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Үйлдвэр бригадад 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           С.ОЮУНЖАРГАЛ