Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 00535

 

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2019/00535

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                          

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа наадамчдын зам гудамж 727 байр, 38 тоотод оршин суух, Тайж овогт Д-н Т /../-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 153/2019/00452/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Тайж овогт Далхаагийн Т шүүхэд 1984 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн тресстэд туслах тогооч, тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад зарим хэсгээс нь татгалзана. Бэлтгэгч, тогоочоор гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад нэхэмжлэлийн шаардлагаасаа 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал биш 1989 оны 12 дугаар 31-ний өдрийг дуустал гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж байна. Д.Т 1984 онд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн техниккум төгсөж Ховд хотын Худалдаа бэлтгэлийн тресстэд хуваарилагдан ирж ажиллаж байсан. 1989 он буюу өмч хувьчлал явагдах хүртэл бэлтгэгч гэдэг орон тоон дээр ажиллаж байсан. Бэлтгэгч гэдэг нь бойноос ирсэн махыг бэлтгэж, шулж хоолонд оруулахад бэлэн болгодог байсан гэсэн. Энэ хугацаанд туслах тогоочийн үүргийг гүйцэтгэж байсан. Туслах тогооч ямар үүрэг гүйцэтгэдэг байсан вэ гэж өөрөөс нь тодруулахад тогоочийн хий гэсэн ажлыг хийдэг зөвхөн мах шулаад зогсоод байдаг биш төмс арилга гэвэл төмс арилгадаг, будаа агшаа гэвэл агшаадаг байсан. Бэлтгэгч, туслах тогоочоор 1992 он хүртэл ажилласан. 1991 оны 10 дугаар сард хүүхэд төрүүлээд жирэмсний амралтаа аваад явсан. Түүнээс хойш хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад өмч хувьчлал явагдаад байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөөд хувьд шилжсэн гэж байгаа. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж байгаа үндэслэл нь 1990-2000 он хүртэл Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдсан.1984 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нотлох баримт дээр 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс гэж байгаа учраас Д.Тийн 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд хотын Худалдаа бэлтгэлийн тресстэд бэлтгэгч, туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Т  нь ажиллаж байсан байдал тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Д.Тийн Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бэлтгэгч, туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Т нь Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бэлтгэгч, туслах тогоочоор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1025 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 133 дугаартай Ажилчид авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд хотын Худалдаа, нийтийн хоолны трестийн даргын 1992 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай Зэргийн цалин тогтоох, хортой нөхцлийн нэмэгдэл олгох, тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, гэрч Ж.Цэнджавын ....Б.Т нь оныг нь санахгүй байна. Ховд аймгийн Худалдаа бэлтгэл, нийтийн хоолны трестын мах ногоо бэлтгэдэг гуанз дундын цехэд ногоо бэлтгэгч, цэвэрлэгч зэрэг ажлуудыг уг байгууллага тартал хийж байсан....Эхлээд Ховд аймгийн Ховд хотын Худалдаа бэлтгэлтийн трест гэж байж байгаад сүүлд Ховд аймгийн Ховд хотын Худалдаа, нийтийн хоолны трест болж нэр өөрчлөгдсөн юм. Сүүлд аймгийн нийтийн хоол, бэлтгэл, бараа зэргийг нийлүүлээд нэг байгууллага болсон юм...Б.Т мах шулагч, ногоо бэлтгэгч хийдэг байсан. Энэ ажил нь аймгийн төвын нийтийн хоолны гуанзуудын мах, ногоог бэлтгэж өгдөг байсан.... гэх мэдүүлэг, гэрч А.Сайнсүүлийн ....Б.Т нь Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн гуанз дундын цехэд миний ээлжинд ногоо бэлтгэгч хийдэг байсан. Сүүлд гуанзанд ажиллаж байсан...Ховд хотын Худалдаа бэлтгэлтийн трест, Ховд хотын Худалдаа, нийтийн хоолны трест зэрэг нь нэр өөрчлөгдсөн болохоос биш нэг байгууллага....Б.Т манай ээлжинд ногоо бэлтгэгч хийдэг байсан юм. Өөр ажил хийж байсан талаар нь мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ховдын худалдаа 90 жил гэх нэртэй номны 221, 248 дугаар хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-7, 29-30, 32-33, 35-38 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.Т нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 000054662 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 11 дүгээр тал/

Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан иргэн Ж.Цэнджав, А.Сайнсүүл нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж овогт Далхаагийн Т /ПЭ68093001/-ийн Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бэлтгэгч, туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           С.ОЮУНЖАРГАЛ