Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00537

 

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2019/00537

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Эко 1-... тоотод оршин суух, Харчийнхан овогт Б-ийн Н /.../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, Монгол овогт Б-ын Э /.../-д холбогдох,

хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 153/2019/00465/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Б.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н миний бие Б.Этай 2015 оноос эхлэн үерхэж хамтын амьдралтай байсан. Бидний дундаас 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүү Э.Гэрэлчулуун төрсөн. Хүү Э.Гэрэлчулуун ээж миний асрамжинд эрүүл бойжиж, Ховд аймгийн Жаргалант сумын Хөх хулганы орон хүүхдийн цэцэрлэгт дунд бүлэгт хүмүүждэг. Б.Н миний бие одоо өөрийн аав, ээж, хүүгийнхээ хамт аавындаа амьдарч байна.

Б.Э нь надтай хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулах санаачилга гаргаж байгаагүй.

Бидний дунд үл ойлголцох, зан харьцааны тааламжгүй байдал үүсэж байсан боловч би хүүхдийнхээ ирээдүйг бодож эцэгтэй нь хамт өсгөх гэж их хичээсэн боловч Б.Э нь амьдарлынхаа талаар анхаардаггүй, хүү бид 2-ыг халамжилдаггүй байсан. Б.Э нь ажил хийдэггүй архи ууж, хэрүүл маргаан гарахад намайг зодож дарамталдаг байсан. Ажил хийж амьдрал ахуйгаа өөд нь татах талаар анхаардаггүй, архи ууж яваад хөлөө хугалсан.

2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Б.Э бид 2 тусдаа амьдарч байгаа ба Б.Э нь одоо А.Отгонцэцэг гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч байна.

Б.Э бид 2 цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Б.Эаас хүү Э.Гэрэлчулууныг тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Шүүх хуралдаанд би хариуцагч Б.Эы гаргасан алдааг уучилж хүүгийнхээ ирээдүйг бодон цаашид хамтран амьдрахаа хүлээн зөвшөөрөв. Б.Э нь амласан амлалтаа зөрчиж дахин ийм асуудал гаргавал дахин уулчилж чадахгүй. Тэр үед дахин шүүхэд хандаж хүүхдийнхээ тэтгэлгийг нэхэмжилж гаргуулж авна. Цаашид хамтдаа амьдарна. Эвлэрч байна гэв.

Хариуцагч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие дахин ийм алдаа гаргаж эхнэр, хүүхдээ зовоохгүй гэж амлаж байна. Эхнэрээсээ уучлалт гуйж байна. Эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь Б.Эд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Б.Э нь нэхэмжлэгчээс уучлалт гуйна, цаашид эхнэр, хүүхэдтэйгээ хамт амьдрахаар, нэхэмжлэгч Б.Н нь хариуцагчийг уучилж, хүүгийнхээ ирээдүйг бодож хамт амьдрахаар зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 32,011 /гучин хоёр мянга арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 32,011 төгрөгийн тал хувь болох 16,005.5 төгрөгийг хариуцагч Б.Эаас гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Нын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эд холбогдох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э нь нэхэмжлэгчээс уучлалт гуйна, цаашид эхнэр, хүүхэдтэйгээ хамт амьдрахаар, нэхэмжлэгч Б.Н нь хариуцагчийг уучилж, хүүгийнхээ ирээдүйг бодож хамт амьдрахаар нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Б.Э нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нын улсын тэмдэгтийн хураамж 32,011 /гучин хоёр мянга арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,005.5 /арван зургаан мянга таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ