| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00455/И |
| Дугаар | 538 |
| Огноо | 2019-11-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 538
| 2019 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2019/00538 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багт оршин суух, Бүрүвэн овогт Р-ын Г /.../-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 153/2019/00455/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ням-Адъяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Р.Г нь 1963 оны 9 дүгээр сарын 28-нд Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн. 56 настай. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж 1971 онд Мөнххайрхан сумын бага сургуульд элсэн орж суралцан 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Мөст сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд улмаар 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуульд 10-р ангийг тус тус суралцан төгсөөд илгээлтээр Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс малчнаар орж аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэрэгт татагдан, ардын армийн 134 дүгээр ангид алба хаагаад 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Одоо Р.Г нь өндөр насны тэтгэвэрт гарах болоход тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр алга болсон, холбогдох бичиг баримт тушаал олдохгүй зэргээс болж тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирч байна....Холбогдох баримтыг үндэслэн Р.Гг 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Мөнх-Оргил ББХКомпанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна....Аав нь тухайн үед нэгдлийн орлогч даргаар ажиллаж байсан. Архиваас шүүлгэж үзсэн боловч баримт гарч ирээгүй....Надад Г хэлэхдээ хав нь сумандаа, ээж нь хөдөө мал малладаг байсан гэж хэлсэн....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Р.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.Нямдоржийн итэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Р.Ггийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус тус малчнаар, Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.Г нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 469 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт бригадын 1986-1993 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, нэхэмжлэгч Рагвын Г, Дамдиндоржийн Бямбацэцэг нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 1986 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нээсэн 381557 дугаартай Р.Ггийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ц.Юмжавын ....Р.Г нь Ховд аймгийн Мөнххайран суманд 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Манхан суманд 10 дугаар анги төгссөн юм.....Р.Г нь 10 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж байсан. Хэзээ 10 дугаар анги төгсөөд ажиллаж эхэлсэн оныг нь сайн санахгүй байна. Цэргээс ирээд тус нэгдлийн 2 дугаар бригадад нэгдэл тартал малчнаар ажилласан. Тухайн үеийн 2 дугаар бригад чинь одоогийн Борт баг юм. Тэр үед тоогоор бригадуудаа нэрлэдэг байсан. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл 1992 онд тарсан. Дараа нь Мөнх-Оргил компани болсон....Р.Г нь компанийн мал маллаж байсан бөгөөд өөр ямар нэгэн ажил хийж байгаагүй.... гэх мэдүүлэг, гэрч Л.Эрхэмбаярын ....Р.Г нь 1981 оны 9 дүгээр сараас нэгдэл тартал малчнаар ажилласан юм. Энэ дунд цэрэгт явсан. Оч нэгдэл 1991 оны эхээр тараад Мөнх-Оргил компани болоход компанийн мал маллаж байсан. Р.....бог мал маллаж байсан. Харин малчнаас өөр ямар нэгэн ажил хийгээгүй. Р.Г нь хурга сайн маллаж байсан учраас шагнал авч байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-13, 31, 42-44, 45-46, 47-48 дугаар тал/
Нэхэмжлэгч Р.Гг 1981 оны 9 дүгээр сараас эхлэн малчнаар ажилласан гэх гэрч Л.Эрхэмбаярын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Р.Г нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, Мөнх-Оргил ББХК-д 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Р.Г нь 1979 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгссөн талаарх Ховд аймгийн Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай албан бичиг, Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 134 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 7417 дугаартай Хугацаат цэргийн албан хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаагүй талаарх Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 741 дугаартай албан бичиг тус тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 16-23, 32, 55 дугаар тал/
Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт бригадын 1998-1999 онуудын малын А данснуудын хуулбарууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 24-25 дугаар хуудсанд авагдсан 381557 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 26, 41 дүгээр хуудаснуудад авагдсан 293 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэх нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан фото зураг нь хэзээ авхуулсан болох нь тодорхойгүй ба нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 28-29 дугаар хуудсанд авагдсан иргэн Л.Эрхэмбаяр, Ц.Юмжав нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд авагдсан №50171 дугаартай Улсын даатгалын гэрээт баталгаа нь овог, нэр бичигдсэн хэсэг завсартай буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн сангийн 100160000954 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,200 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Р.Гд олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бүрүвэн овогт Рагвын Г /ПЙ63092873/-ийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч Р.Г нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, Мөнх-Оргил ББХК-д 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,200 /далан хоёр мянга хоёр зуу/ төгрөгөөс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2,000 /хоёр мянга/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Р.Гд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ