| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 110/2024/0061/З |
| Дугаар | 221/МА2025/0205 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2025/0205
М.Х-ын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШШ2025/0005 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч М.Х-ын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч М.Х
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Х
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШШ2025/0005 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.7, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Х-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 62540 м.кв газрын үл хөдлөх эд хөрөнгө байрлах 612,6 м.кв талбайтай хэсгийг М.Х-т эзэмшүүлэх захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Өлгий сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох “62540 м.кв газрын үлдсэн 61927,4 м.кв талбайтай хэсгийг М.Х-т эзэмшүүлэх захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Өлгий сумын Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Нэхэмжлэгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Анхан шатны шүүх М.Х миний нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох газрын эзэмшлийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд Газрын тухай хуулийн буруу тайлбарлан хэрэглэн, захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. М.Х миний нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу “62540 м.кв газрын үлдсэн 61927,4 м.кв талбайтай хэсгийг М.Х-т эзэмшүүлэх захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Өлгий сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.
2.2. Монгол улсын иргэн М.Х би Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 68 дугаартай захирамжаар тус сумын * дугаар багийн иргэн М.Х-д хуучин өөрийн өвөлжин байсан “*****” хэмээх газар олон настийн ургамал тариалахаар 20 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай шийдвэр гарсан. Ингээд Баян-Өлгий аймгийн Бугат сумын ЗДТГ-ын газрын даамлаас уг газарт 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр №01986** дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээ олгосон юм. Иргэн М.Х би уг газрыг 2008 оны 09 дүгээр сараас эхлэн одоох үртэл 16 дахь жилдээ ашиглаж байна.
2.3. Гэтэл Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулсан байна. Уг өөрчлөлтөөр хуучин Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр байсан “******” хэмээх 62400 м.кв буюу 6,024 га газрыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт нэмж оруулсан байна. Уг газрыг урьд М.Х би Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаартай захирамжаар хууль ёсоор эзэмшин одоо хүртэл ашиглаж байгаа тул одоо уг газар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэр болсон учраас уг газарт шинээр эзэмших эрхийн акт гаргуулах, газар эзэмших гэрчилгээ авах эрхтэй гэж үзэж байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас өгсөн тайлбар болон анхан шатны шүүхээс маргаан бүхий гэх газрыг шинээр газар эзэмшүүлэх тухай Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэсэн байна. Бодит байдалд уг газрыг шинээр эзэмшүүлэх газар биш Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаар захирамжаар надад эзэмшүүлсэн эрхийн акт нь одоо хүртэл хүчинтэй байгаа.
2.4. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.2-т “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ”, 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус зааснаар Өлгий сумын нутаг дэвгэрээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх нь Өлгий сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна. Мөн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33 дугаар зүйлийн 33.6 дахь дугаар заалтуудыг тус тус үндэслэсэн Өлгий сумын Засаг даргаас өгсөн тайлбар нь газрыг шинээр газар эзэмшүүлэх тухай хуулийн заалтуудыг үндэслэсэн байна. Хуулийг буцаан үйлчлүүлэх гэсэн хандлага нь буруу байна.
2.5. Уг газар нь шинээр эзэмшүүлэх газар биш. Өмнө Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаар захирамжаар иргэн М.Х надад эзэмшүүлсэн эрхийн акт нь одоо хүртэл хүчинтэй учраас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан тул тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэх боломжгүй. Нөгөө талаас анх уг газрыг М.Х надад эзэмшүүлэхдээ дуудлага худалдаагаар эзэмшүүлэх тухай шийдвэр гарч байгаагүй. Уr маргаан бүхий газар нь усан сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд хамрагдаж байгаа тухай ямар нэгэн нотлох
баримт хэрэгт авагдаагүй гэж үзэж байна. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь заалт, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-дэх заалтуудыг тус тус үндэслэн Өлгий сумын Засаг даргад үргэлжлүүлэн эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгаж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч М.Х нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан “УИХ-ын 2020 оны 22 дугаар тогтоолоор хилийн цэс өөрчлөгдсөнтэй холбоотой Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаар захирамжаар эзэмшиж байсан 20 га газрын 6,2 га нь Өлгий сумын * дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаарах болсон учраас уг 62400 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргах, газар эзэмших гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэл гаргасан.
3. Анхан шатны шүүх “... Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарах 6,254 га газрын үл хөдлөх эд хөрөнгө барьсан 612,6 м.кв талбай бүхий хэсгийг нэхэмжлэгч М.Х-т эзэмшүүлэхийг даалгах нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасантай нийцнэ ...” гэж дүгнэж, тухайн газрыг эзэмшүүлэхийг хариуцагч Өлгий сумын Засаг даргад даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу цуглуулж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
4. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тогтоолоор[1] Баян-Өлгий аймгийн Өлгий болон Бугат сумын хилийн цэсийг хавсралтад заасан сум тус бүрийн хилийн цэсийн солбицлын дагуу өөрчлөн баталж, уг тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.
5. Уг тогтоолоор сумын хилийн цэс өөрчилснөөс нэхэмжлэгч М.Х-д Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаар захирамжаар эзэмшсэн гэх 20 га газрын 6,2 га нь Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаардаг болсон эсэх, нэхэмжлэгчид шаардах эрх хууль ёсоор үүссэн эсэх нь тогтоогдоогүй байна.
6. Хэрэгт авагдсан Баян-өлгий аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 426 дугаар албан бичгээр[2] “Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 20 га газрыг газрын мэдээллийн санд газрын даамал С.А бүртгэсэн байна” гэж, гэрч С.А-н мэдүүлэгт “... газрын хувийг хэрэгт 68 дугаар захирамжаас өөр эзэмшүүлэхтэй холбоотой баримт байгаагүй, кадастрын зураг байсан эсэхийг сайн санахгүй байна. 2021 онд гэрчилгээний маягт шинэчлэгдэж, “Э” дугаартай болсонтой холбоотой мэдүүлэг гаргасан учраас газрын мэдээллийн санд мэдээлэл оруулж, гэрчилгээ шинэчилж олгож, гэрээ байгуулсан... “ гэж мэдүүлсэн зэргээс үзвэл УИХ-ын дээрх тогтоол гарахаас өмнө Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаар захирамж хүчин төгөлдөр байсан эсэх, уг захирамжаар анх олгосон нэхэмжлэгчийн газрын байршлын кадастрын зураг газрын мэдээллийн санд хэзээ бүртгэгдсэн, мөн “газрыг зориулалтаар нь буюу олон наст ургамал тарьж ашиглаж байсан, газрын төлбөр төлсөөр байсан, Бугат сумын Засаг даргын захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг нотолсон баримтууд авагдаагүй байна.
7. Мөн хэрэгт УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш М.Х-ын 2021.05.19-ний өдөр гаргасан газар эзэмших эрх баталгаажуулах өргөдөл[3] авагдсан байх ба үүнийг үндэслэн Бугат сумын газрын даамал С.А гэрчилгээ[4] бичиж олгохдоо 2008 оны 68 дугаар захирамжийг үндэслэн 47 жилийн хугацаагаар, газрын байршлыг 68 дугаар захирамжид зааснаас ялгаатай “... Цагаан арал-11, 113 тоот” гэж, зориулалтыг “үр тарианы усалгаатай тариалан” гэж тус тус өөрөөр заасан, газрын хэмжээг “20 га” гэж Өлгий сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа гэх 6,5 га газрыг багасгаагүй, мөн өдөр газар эзэмшүүлэх гэрээг[5] байгуулахдаа “хугацааг 60 жил, газар эзэмшүүлсэн шийдвэрийг 08313-А/68/2008 гэж ялгаатай зааснаас үзвэл тухайн газар эзэмших гэрээ, гэрчилгээг хууль ёсоор олгогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байна.
8. Түүнчлэн уг 612 м.кв газрыг үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа гэх агуулгаар хариуцагчид эзэмшүүлэхийг даалгахдаа ямар зориулалттай, аль үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй хөрөнгийг анх газрыг эзэмшсэн зориулалтад хэрхэн нийцэж байгаад дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 277 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг[6] үндэслэл болгосон гэж үзвэл тухайн хөрөнгө нь маргаж байгаа газар дээр байрлаж байгаа, эсхүл нэхэмжлэгч М.Х-ын Бугат сумын Засаг даргын 2011 оны 155 дугаар захирамжаар[7] мод тариалах зориулалтаар эзэмшдэг тус сумын 3 дугаар багт байрладаг 2 га газар дээр байрлаж байгаа эсэх нь тогтоогдохгүй байна.
9. Эдгээртэй холбоотой Бугат сумын Засаг даргын 2008 оны 68 дугаар захирамжийг[8] хүчин төгөлдөр эсэх, анх газрын мэдээллийн санд газрын байршлын кадастрын зургийг хэзээ бүртгэсэн, гэрээ дүгнэсэн эсэх, газар эзэмшигчийн үүрэг биелүүлж байсан эсэхтэй холбоотой баримтуудыг бүрэн цуглуулаагүй атлаа анхан шатны шүүх тухайн захирамжийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд нийцээгүй, газраа зориулалтаар нь ашиглаагүй, газраа хууль ёсоор эзэмших эрхтэй гэж үзэхгүй талаар дүгнэсэн ч 612 м.кв газрыг эзэмшүүлэхийг даалгасан нь агуулгын хувьд зөрчилтэй, үндэслэл муутай дүгнэлт болжээ.
10. Иймд дээр дурдсан эргэлзээтэй нөхцөл байдлуудыг тодруулах нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны дараа нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгч, холбогдох хуулийг зөв хэрэглэж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШШ2025/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ