Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 05

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Г.Амарсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Т.Нэргүй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Нэргүйд холбогдох 201617000327 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн харьяат, 1986 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл , эцэг, эхийн хамт амьдрах, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЛЮ86070613 регистрийн дугаартай, Зээрднүүд овгийн Тэгшжаргалын Нэргүй.

            

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

Яллагдагч Т.Нэргүй нь 2016.11.02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Эрдэнэ-Ундрахад хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон эд хөрөнгийг дээрэмдэж 46000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Т.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Асгат сумын хөдөө амьдардаг. Ойр зуурын юм бөөгнүүлэх гэж аймагт ирсэн байсан. Би Дөрвөлжийн арын явган хүний замаар хойшоо ахынх руугаа явж байхад нэг охин миний өмнө явж байсан. Тэр охин бид хоёрын зам нэг байсан. Дэлгүүрийн тэнд тэр охин зогсоод “та хаашаа явж байгаа юм бэ” гэхээр нь би “ахынх руугаа явж байна” гэж хэлээд “чи хаашаа явж байгаа юм” гэхэд “би зүүн тийшээ гэр лүүгээ явж байна” гэхээр нь эмэгтэй хүн харанхуй шөнө хань татаж байгаа юм байх гэж бодоод би хүргээд өгөх үү гээд хамт явсан. Хамт явж байгаад утсаа гаргаж ярих гэхээр нь утсыг нь авсан. Би тэр эмэгтэйтэй танилцах гээд утсаа өгчих гэж хэлэх гэж байгаад дээрэмдлээ шүү гэж хэлээд утсыг нь булаагаад зугтаасан. Дараа нь би буцаад утсыг нь өгөх гээд очиход тэр газраа байхгүй байсан. Утсыг нь булааж авъя гэж бодоогүй. Утсыг нь буцаагаад өгсөн. Хохирол төлбөр байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв. 

 

-Хохирогч Б.Эрдэнэ-Ундрах мөрдөн байцаалтанд өгсөн: Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р багийн Хайлаастын 2331 тоотод амьдардаг юм. 2016.11.02-ны орой 19.00 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад гэрлүүгээ ганцаараа  явган алхсан юм. Дөрвөлжийн арын засмал зам дагаад алхсаар гудамжны гэрлийн төгсгөлд ирэх үед нөгөө хүн ард зэрэгцээд хүрээд ирэхээр нь эргэж харж зогсоод айсандаа “та хаашаа явж байгаа юм бэ” гэж асуухад тэр хүн манайх хойшоо байдаг юм гэхээр нь би зүүн зүгт явна гэсэн чинь “би тэгвэл чамайг гаргаад өгье ” гээд хамт алхсан, тэгээд 22 дугаар гудамжинд ороод явж байтал 2208 тоот хашааны ард ирэх үед миний утас дугарахаар нь авах гэтэл тэр хүн “одоо чамайг би дээрэмдэнэ” гэж хэлээд миний цагаан өнгийн 2 симтэй товчлууртай Самсунг маркийн гар утсыг булааж аваад зүүн зүгт зугтаасан. Би араас нь гүйсэн боловч гүйцээгүй... Энэ миний гар утас мөн байна. Шалгаж үзлээ бүрэн бүтэн, ажиллаж байна. Мобикомын сим карт сэргээхэд 3500 байдаг юм билээ. Нэргүй надад 2 сим сэргээх 7000 төгрөгийг өгсөн. Одоо надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд суухгүй гэх мэдүүлэг /хх-15-16/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх-04-05/ 

-Хураан авах тухай тогтоол, тэмдэглэл 2016.11.02/хх-06,08/

 

-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл 2016.06.03 /хх-07/

 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл 2016.11.04 /хх-11/

 

-Сүхбаатар аймгийн Асгат сумын 2-р багийн Засаг даргын 2016.11.10-ны өдрийн 130 дугаартай тодорхойлолт /хх-29/

 

-Т.Нэргүйгийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/

 

-Т.Нэргүйгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/

 

-Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012.02.28-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-33-34/

 

-Эд зүйлийн үнэлгээ.2016.11 сар Баруун-Урт/хх-36/

 

-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-38-39/ зэрэг болно. 

 

 

Шүүх тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Нэргүйд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар өөрчилж, хөнгөрүүлэх зүйлчлэх үндэстэй гэж дүгнэв.

Учир нь дээрмийн гэмт хэргийн тухайд уг гэмт хэргийг үйлдэж байгаа этгээд нь бусдын эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл байдаг бол харин бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг нь хохирогчийн мэдэлд байгаа эсхүл түүний хамгаалалтанд байгаа эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр өөртөө авсан үйлдэл байдаг.  

Хохирогч Б.Эрдэнэ-Ундрахын “тэгээд 22 дугаар гудамжинд ороод явж байтал 2208 тоот хашааны ард ирэх үед миний утас дугарахаар нь авах гэтэл тэр хүн “одоо чамайг би дээрэмдэнэ” гэж хэлээд миний цагаан өнгийн 2 симтэй товчлууртай Самсунг маркийн гар утсыг булааж аваад зүүн зүгт зугтаасан. Би араас нь гүйсэн боловч гүйцээгүй... энэ миний гар утас мөн байна. Шалгаж үзлээ бүрэн бүтэн, ажиллаж байна. Мобикомын сим карт сэргээхэд 3500 байдаг юм билээ. Нэргүй надад 2 сим сэргээх 7000 төгрөгийг өгсөн. Одоо надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй “ гэх мэдүүлгийг үндэслэвэл, Т.Нэргүй нь хохирогчид “ одоо чамайг дээрэмдэнэ” гэж хэлснээс, өөрөөр эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдахаар үг хэлээр айлган сүрдүүлэн заналхийлээгүй, гар утасыг авсан даруйдаа зугтаасан, хохирогч хойноос нь хөөсөн зэргээс үзэхэд түүний үйлдэл бусдад хүч хэрэглэн заналхийлсэн, халдаж довтолсон шинжгүй хийгээд харин гар утасыг авсан даруйдаа зугтаасан нь гадагшаагаа чиглэсэн буюу булаах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч Т.Нэргүй нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны орой 20.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Хайлаастын 2208 тоот хашааны ойролцоо иргэн Б.Эрдэнэ-Ундрахын самсунг маркийн, 2 симтэй, цагаан өнгөтэй гар утасыг хүч хэрэглэхгүйгээр булааж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Нэргүй үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Эрдэнэ-Ундрахын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл.2016.11.02, Гэрэл зургийн үзүүлэлт, 2016.11.03-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2016.11.04-ний өдрийн хохирогчид Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тэмдэглэл, 2016.12.09-ний өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Гар утас, дээлний гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлийн үнэлгээ, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012.02.28-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоол болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Т.Нэргүй нь хохирогч Б.Эрдэнэ-Ундрахын гар утасыг ил аргаар бие мах махбодь руу хүч хэрэглэхгүйгээр булаан авч зэмшилдээ оруулсан хийгээд гар утасыг авах шунахайн сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, гэмт хэргийг шууд санаа зорилгоор зориуд хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Энэ нь хохирогч Б.Эрдэнэ-Ундрахын мөрдөн байцаалтанд өгсөн ” тэгээд 22 дугаар гудамжинд ороод явж байтал 2208 тоот хашааны ард ирэх үед миний утас дугарахаар нь авах гэтэл тэр хүн “одоо чамайг би дээрэмдэнэ” гэж хэлээд миний цагаан өнгийн 2 симтэй товчлууртай Самсунг маркийн гар утсыг булааж аваад зүүн зүгт зугтаасан. Би араас нь гүйсэн боловч гүйцээгүй... Энэ миний гар утас мөн байна. Шалгаж үзлээ бүрэн бүтэн, ажиллаж байна. Мобикомын сим карт сэргээхэд 3500 байдаг юм билээ. Нэргүй надад 2 сим сэргээх 7000 төгрөгийг өгсөн. Одоо надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй “ гэх мэдүүлгээр нотлогдоно.

 

Шүүгдэгч Т.Нэргүйд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг булаах гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

  Т.Нэргүй энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, бичиг баримтгүй, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эрдэнэ-Ундрахад учирсан хохирол буюу гар утас буцаан олгогдсон, хаягдсан 2 ширхэг сим картны үнэ нөхөн төлөгдсөн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах зүйтэй. 

 

Харин энэ хэргийн хохирогч Б.Эрдэнэ-Ундрах, шүүгдэгч Т.Нэргүйтэй сайн дураараа эвлэрсэн нь түүний шүүхэд ирүүлсэн “ Б.Эрдэнэ-Ундрах миний бие Тэгшжаргал овогтой Нэргүйтэй сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эвлэрсэн бөгөөд одоогоор түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй нь үнэн болно ” гэх нотариатаар баталгаажуулсан хүсэлтээр нотлогдох бөгөөд Т.Нэргүй нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Нэргүйд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч Зээрднүүд овгийн Тэгшжаргалын Нэргүйг булаах гэмт хэрэг үйлдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 71 дүгээр зүйлийн 71.1-г журамлан шүүгдэгч Т.Нэргүйг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-г баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Т.Нэргүйд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

4. Шүүгдэгч Т.Нэргүй энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, бичиг баримтгүй, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эрдэнэ-Ундрахад учирсан хохирол буюу гар утас буцаан олгогдсон, хаягдсан 2 ширхэг сим картны үнэ нөхөн төлөгдсөн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Нэргүйд шүүхийн шатанд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН