Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 826

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00354 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.С-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 54 378 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-а нь Б.С-д 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 28 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр уг төлбөрөө бүрэн төлж дуусгахаар тохиролцон зээлдүүлсэн. Гэвч Б.С- нь тохиролцсон хугацаандаа зээлээ төлөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд цаашид ч сайн дураараа төлөхөөргүй байна. Бид зээлийн хүүг сарын 8 хувь, төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги, хүүний хугацаа хэтэрвэл 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсоны дагуу Б.С-оос гүйцэтгээгүй үүргийн дүн 28 500 000 төгрөг, 3 сарын хүү 6 840 000 төгрөг, хугацаандаа төлөөгүй алданги 17 670 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 368 000 төгрөг тооцож, нийт 54 378 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Б.Б-ын дансны хуулгаас харахад Б.С- нь 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн. Уг мөнгийг зээлийн хүүнээс нь хасаад үндсэн зээл 28 500 000 төгрөг, зээлийн хүүнд 1 840 000 төгрөг, алданги 15 170 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 368 000 төгрөг, нийт 46 878 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж байгааг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С- нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Б.Б-атай харилцан тохиролцож 28 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авсан. Тухайн үед мөнгөний яаралтай шаардлагатай байсан учраас гэрээний заалтыг сайн ойлголгүй гарын үсэг зурж мөнгийг 8 хувийн хүүтэй буюу өндөр хүүтэй зээл авсан, мөн Б.Б-а нь миний өмчлөлийн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Б.Б-ад зээлийн төлбөрт 5 000 000 төгрөгийг төлсөн боловч тэр талаар огт дурдаагүй байна. Түүнээс зээл авснаас хойш нэг удаа 5 000 000 төгрөг өгөөд түүнээс хойш ажил зогсож санхүүгийн байдал хүнд болсны улмаас дахин мөнгө төлж чадаагүй. Б.Б-аас зээлсэн 28 500 000 төгрөгийн 6 120 000 төгрөгийг н.Батдорж авсан бөгөөд н.Батдоржийг уг мөнгийг авсныг Б.Б-а мэдэж байгаа. Нэг гэрээ хийгээд хоёулаа гарын үсэг зурчих гэсэн учраас зээлийн гэрээнд н.Батдоржийн гарын үсгийг утасны дугаартай бичиж зуруулсан. Тиймээс Б.С- нь ганцаараа хариуцлага хүлээхгүй, н.Батдорж мөн хамт төлөлцөх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагад Б.С-ын өгсөн 5 000 000 төгрөгийг дурдаж, хасаж тооцоогүй байх бөгөөд нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг илүү бодсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.С-оос нийт 46 878 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 7 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429 950 төгрөгийг 429 840 төгрөгийг төсвийн орлого болгож, илүү төлсөн 110 төгрөгийг, хариуцагч Б.С-оос 329 340 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00354 тоот шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Б.С- нь Б.Б-аас 28 500 000 төгрөгийг зээлж зээлийн гэрээ байгуулсан боловч тухайн үед зээлсэн мөнгөнөөс 6 120 000 төгрөгийг Д.Б-ид өгсөн бөгөөд үүнийг Б.Б-а мэдэж, ойлгож байсан бөгөөд зээлийн гэрээг зөвхөн Б.С-ын нэрээр хийсэн. Зээлийн гэрээний доод хэсэгт зээл авсан өдрөө Б.Батдоржоор гарынх нь үсгийг зуруулаад 6 120 000 төгрөг авсан гэдгийг баталгаажуулсан. Мөн зээлийн гэрээ байгуулсан тухайн өдөр Д.Б-ийн Хаан банкны 5585630111 тоот дансанд 6 120 000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт хэрэгт байхад энэ талаар тодруулалгүй, нотлох баримтуудыг дутуу үнэлж дүгнэн шийдвэр гаргасан байх тул тус хэсэгт хамааралтай 6 120 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүх шийдвэртээ мөн нэмэгдүүлсэн хүү гэж тооцож 1 368 000 төгрөгийг үндэслэлгүйгээр гаргахаар шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний талаарх хуулийн заалтуудад нэмэгдүүлсэн хүү тооцох талаар зохицуулалт байхгүй бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг нь зөвхөн Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн хүүгийн талаар байх хуулийн заалт. Мөн тус заалтад анз хэрэглэхгүй учраас нэмэгдүүлсэн хүү тооцно гэж ойлгогдохоор байгаа нь нэмэгдүүлсэн хүү хэрэглэвэл анзыг хэрэглэхгүй гэж мөн ойлгохоор байна. Хэдийгээр гэрээний талуудын, чөлөөт байдлын зарчим байгаа ч тус иргэд хоорондын зээлийн гэрээнд анз буюу алданги тооцсон байхад банк бус санхүүгийн байгууллагаас олгож буй зээлийн хувьд ашиглагдах хуулийн заалтаар нэмэгдүүлсэн хүүг давхар тооцсон байгаа нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна.

Хариуцагч нь өмгөөлөгч авах хүсэлтэй байгаа бөгөөд 5 сая төгрөг дансаар авснаа аваагүй гэж нэхэмжилж байгаа учраас өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан. Хүсэлтийг хүлээн аваагүй, мөн хариуцагч өмгөөлөгч оролцуулах хүсэлтэй байхад эрхийг хангаж шийдвэрлээгүй нь шүүгч уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзээ төрүүлсэн учир шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан. Гэвч шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсгийг зөрчин өөрөө өөрийгөө татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэж хэргийн оролцогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийг буруу шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б-а хариуцагч Б.С-д холбогдуулан анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 54 378 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 46 878 000 төгрөг болгон багасныг хариуцагч эс зөвшөөрч, 28 500 000 төгрөгөөс 6 120 000 төгрөгийг Д.Б- авсан тул зээлийг хамт төлөлцөх ёстой, мөн нэмэгдүүлсэн хүү, алдангийг илүү бодсон” гэж маргажээ. /хэргийн 13 дугаар тал/

 

Талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 28 500 000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги, сарын хүүний хугацаа хэтэрвэл нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар төлөхөөр тохиролцож, хариуцагч мөн өдрөө 28 500 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 6-7 дугаар тал/

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 35 340 000 төгрөг төлөхөөс гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлсөн 5 000 000 төгрөгийг зээлийн хүүнд тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон гэж 1 368 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нэмэгдүүлсэн хүүг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй.

 

Талууд гэрээгээр зээл төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон боловч зээлийн гэрээний сарын хүүгийн хэмжээ өндөр байгаагаас зээлийн үүрэгт тооцсон анзын хэмжээ их гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар зээл, хүүгийн үлдэгдэл төлбөр 30 340 000 төгрөгийн алданги 15 170 000 төгрөг болж байгааг тал хувиар бууруулж 7 585 000 төгрөг болгон багасгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны явцад өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг хүлээж аваагүй нь мэтгэлцэх боломжоор хангаагүй, шүүгч хэргийг шударгаар хянан шийдвэрлэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байна гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар шүүгчээс татгалзсан, уг татгалзлыг хуульд заасан журмаар шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэснийг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хуульд заасан нийтлэг журмын дагуу тус шүүх хуралдаан явагдсан, хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад “татгалзах зүйлгүй” гэж хариулсан, шинээр гаргах нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “өмгөөлөгч оролцуулах үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах” хүсэлт гаргасныг, шүүх хэлэлцээд хуульд зааснаар өмгөөлөгчөөс туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацаа байсан гэж дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хангахгүй орхисон шүүгчийн захирамж гаргасан байна. /хэргийн 43-44 дүгээр тал/

 

Ийнхүү хэргийн оролцогчоос гаргасан дээрх хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй үндэслэлд хамаарахгүй тул хуралдаан даргалагч уг татгалзлыг шийдвэрлүүлэхээр Ерөнхий шүүгчид шилжүүлэх шаардлагагүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар татгалзлыг шийдвэрлээгүй гэх гомдол үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 28 500 000 төгрөгөөс хариуцагч 6 120 000 төгрөгийг Д.Б- гэгчид шилжүүлэн өгсөн эсэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 37 925 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/00354 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С-оос 37 925 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 953 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “олгосугай.” гэснийг “олгож, хариуцагч Б.С-оос 347 575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-ад олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                         ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                       

                                                                                            С.ЭНХТӨР