| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00512/И |
| Дугаар | 00541 |
| Огноо | 2019-11-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 00541
| 2019 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2019/00541 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багт оршин суух, Боржгон овогт Ц-н Б / /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 153/2019/00512/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Ц.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1985 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуульд 8 дугаар анги төгссөн. Тэгээд 1985 оны 7 дугаар сараас нэгдэлд ажиллаж эхэлсэн. 1985 оны баримт олдохгүй байгаа учраас 1986 оноос эхэлж архиваас баримтаа шүүлгэсэн. 1986-1987 онд ногоо тарьж байсан. 1988-1989 оны хооронд 2 хүн тэтгэвэртээ гарсан учраас оронд нь орж ажилласан. Тухайн үед Чадраавал гэдэг хүнтэй хамт ажиллаж байсан. Намайг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ногоочин, талх, нарийн боовчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочин, талх, нарийн боовчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Б нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочин, талх, нарийн боовчноор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1457 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Үйлдвэр бригадын 1986-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Р.Эрдэвийн ....Б.Б нь Ховд аймгийн Чандмань Шинэ зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1986-1987 онуудад надтай хамт ногоочноор ажиллаж байгаад, тус бригад дотроо талхны үйлдвэрт талхчнаар ажиллаж байсан....Ц.Б нь талхны цехэд орж ажиллаж байсан нь үнэн.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-9, 25-26, 27-28 дугаар тал/
Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Должин, Р.Эрдэв нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 34-36 дугаар хуудсанд авагдсан баярын бичгүүд нь нэр, он хэсэгт завсартай буюу нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржгон овогт Цэдэн-Ишийн Б / /-ийн Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочин, талх, нарийн боовчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ