Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 00549

 

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00549

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, 75-... тоотод оршин суух, Батжих овогт Г-н А / /-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 10.. тоотод оршин суух, Хэт тамгатан овогт Цын Д //-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 153/2019/00358/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Ц.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.А нь Ц.Даас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Г.А, Ц.Д нар 2006 оны 8 дугаар сарын 14-нд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2005 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр охин Д.Эрдэнэтунгалаг төрсөн. Г.А нь охины хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. Охин нь сургуульд суралцаж байгаа. Сонгинохайрхан дүүргийн шүүхээр даалгавар гүйцэтгүүлэн охиныг хэний асрамжинд байх талаар санал асуулгахад ээжийнхээ асрамжинд байна гэдгээ хэлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаан ороод 2 сарын хугацаатай эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч Г.А, Ц.Д нар цаашид хамтран амьдрах боломжгүй. Учир нь Ц.Д гэр бүлтэй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан....Г.А, Ц.Д нар 2004 онд танилцаад гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө охин Эрдэнэтунгалаг төрсөн. 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн....Эд хөрөнгийн маргаан байхгүй....Ц.Д нь өөр хүнтэй хамтран амьдраад гурван хүүхэдтэй болсон. Энэ гэр бүл цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулах болсон. Ц.Дын хувьд гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа учир нь өөр гэр бүлтэй болсон учир гэрлэлтээ бүртгүүлж чадахгүй байгаа.... Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэдэг. Гэрлэлтийг цуцалж, охин Д.Эрдэнэтунгалагийн ээж Г.Агийн асрамжид үлдээж өгнө үү....гэв.

Хариуцагч Ц.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид анх 2002 онд танилцаж 2006 оны 8 сард хуримаа хийсэн. Охин Д.Эрдэнэтунгалаг 2005 онд төрсөн. Бид 2009 оны хавраас салж тусдаа амьдарсан. Түүнээс хойш тусдаа амьдарч байна. Би 2014 онд Буянхишиг гэдэг хүнтэй танилцаад 2015 онд гэр бүл болоод одоо 3 дахь хүүхэд гарсан. Г.Аринуаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулж, охин Д.Эрдэнэтунгалагийг ээж Г.Агийн асрамжид үлдээх саналтай байна....Эд хөрөнгийн талаар бид хоёрт маргаан байхгүй....Тусдаа амьдраад олон жил болсон. Хоёулаа тусдаа гэр бүлтэй болсон. Г.А нь өөр хүнтэй суугаад Д.Эрдэнэтунгалагаас гадна 2 хүүхэдтэй болсон. Тиймээс гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн....Анх би таксинд явдаг байсан. Гадуур оройтож, заримдаа хөдөө явдаг байсан учир оройтож ирэхээр хардаад уурлаад байдаг байсан. Бид их хэрэлдээд байддаггүй. Нэг удаа хэрэлдээд Г.А тусдаа амьдарна гээд хот руу явсан....гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.А нь Ц.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0050912 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, гэрлэгчдийн дундаас 2005 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр охин Д.Эрдэнэтунгалаг төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 4-5 дугаар тал/

Нэхэмжлэгч Г.А, хариуцагч Ц.Д нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2009 оны хавраас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2005 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Д.Эрдэнэтунгалагийн санал, хүүхдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх Г.Агийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Д.Эрдэнэтунгалагийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Ц.Дын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Ц.Даас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Г.А нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Г.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгохоор тогтлоо.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Хэт тамгатан овогт Цэдэнбалын Д / /, Батжих овогт Гүнзээгийн А / / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Д.Эрдэнэтунгалаг /ПЮ05240409/-ийг эх Г.Агийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Ц.Дд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Г.Ад тус тус даалгасугай.

4.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Даас улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Золзаяад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ