Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/377

 

 

 

 

 

     2023          05         10                                    2023/ШЦТ/377

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Д.Эрдэнэзаяа,

шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Б.Бярмагнай,

хохирогч Х.Б, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт А-н М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**” бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн 16 дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 1.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Х овогт А-н М- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.М- нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” бааранд хохирогч Х.Б-ийн биед тодорхой шалтгаангүйгээр халдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохих, хоолойг нь боож газар унагаах, хавирга хэсэгт цохих зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд баруун доод 1, 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, уруулын салстад язарсан шарх, зүүн 9, 10 11 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М-н өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Би хохирогч Х.Бийн биед гэмтэл учруулсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг,

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Бийн өгсөн “...Тухайн бааранд орж маргалдсан. Над руу салаавч гаргахаар нь менежерээ дууд гэж хэлсэн. Тэгээд менежертэй нь өөрөө очиж уулзаад танай энэ залуу над руу салаавч гаргасан гэж хэлсэн. Гэтэл миний цээж хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохисон. Би зөрүүлээд түлхсэн. Тэгээд салгаж унагааж байгаад зодсон. Толгой хэсэг рүү хоёр удаа цохисон. Хамгаалагч араас цохиход хавирга хугарсан. Тэгээд би хамгаалагчид нь ах нь 102 дуудлаа миний хавирга эвгүй болчихлоо гэж хэлэхэд чи цагдаагаа дууд, чи хохирно гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч ирж камерын бичлэг хийхэд  бичлэгийг гар утас дээрээ бичиж авсан. Би гомдолтой байна, зодуулж хавирга хугарч сар гаруй хугацаанд ажил хийж чадаагүй мөн эм тарианы зардал их гарсан. Эмнэлэгт үзүүлсэн, оношилгоо хийлгэсэн, өмгөөлөгч авсан, дахин шүд хийлгэнэ. Эмчилгээний зардалд гарсан 580.000 төгрөг, 9.000.000 төгрөгөөр шүд хийлгэнэ мөн  өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг, үзлэгт төлсөн 80.000 төгрөг зэргийг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн ** дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Б-ийн хохирогчоор өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “***”  бааранд О, Төрөө нарын хамт 22 цагийн үед орсон. Би тухайн бааранд архи согтууруулах ундаа хэрэглээгүй, гадаа салхинд гараад хувцасны өлгүүрийн залуутай тамхи татаад зогсож байгаад би буцаад өлгүүр рүү очих үед өлгүүр дээр өөр нэг залуу зогсож байгаад над руу агсраад, миний ам руу салаавч хийгээд шууд гараад явсан. Би тухайн залууд “чи үйлчилгээний байгууллагын ажилтан байж ингэж болохгүй” гэж хэлсэн чинь дахиад хараал хэлээд гараад явсан. Тэгэхээр нь би тухайн байгууллагын менежер гэх залуутай уулзаад “танай байгууллагын нэг ажилтан миний ам руу салаавч хийчихлээ, танай байгууллага үйлчилгээний байгууллага байж ингэж харьцаж болохгүй, би танай байгууллагад мөнгө төлчихөөд ам руугаа салаавч хийлгэмээргүй байна” гэж хэлсэн. Гэтэл тухайн менежер гэх залуу “чи надаас юу хүсээд байгаа юм бэ” гээд миний цээж рүү атгасан гараараа чичлээд байхаар нь би “яагаад байгаа юм бэ” гээд буцаагаад түлхэх үед тухайн менежер залуу боож, мушгиж унагаагаад дээрээс цохиод, миний цээж хэсэг рүү өвдөглөсөн. Тухайн үед миний хавирга хугарсан гэж бодож байна. Би болъё гэх үед хар хувцастай залуучууд ирээд “чи хүн зодсон” гээд над руу дайраад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн... Миний тархи, толгой, шүд хэсэг хөндүүртэй, хавирга хугарсан, миний томографийн зургийн хариу гараагүй байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ... гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.О-н гэрчээр өгсөн: “...Би тухайн өдөр найз Б, Э нарын хамт “***” бааранд бүжиглэж байгаад буцаад ширээн дээрээ сууж байтал Б бие засахаар гарчихаад буцаж орж ирэхгүй байхаар нь араас нь очсон. Гэтэл өлгүүрийн тэнд менежер М- гэх залуу Бийг газар унагаагаад өшиглөж байхаар нь салгаад менежер М- гэх залууд “чи одоо настай хүнийг зодож байдаг ямар хаашаа залуу вэ, бүхэл бүтэн энэ байгууллагын менежер гэх залуу байж” гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан. Гэтэл Б миний хавирга хугарсан байх өвдөөд байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Э-гийн гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр манай өлгүүрчин рүү нэг настай ах дайраад байхаар нь манай менежер М- тухайн ахтай очиж уулзсан. Гэтэл тэр ах М- руу бас дайраад М-н элэг рүү цохиод мөргөсөн. Тэгэхээр нь би тухайн ахыг салгаж холдуулсан. Гэтэл нөгөө үл таних хүн өлгүүрийн хэсгээс баар руу орох гээд явсан, араас нь М- баар руу орж ажлаа хийх гээд явсан. Тухайн ах эргэж хараад М-н нүүр хэсэг рүү нэг удаа цохихоор нь М- тухайн ахыг түлхэхэд газарт унасан. М- тухайн ахыг газарт унасан байхад нэг удаа өшиглөхөөр нь би салгасан... Намайг такс таслаад байж байхад нэг үл таних эрэгтэй хүн орилоод байхаар нь харахад хохирогч Б гэх хүн М-н гэдэс рүү нэг удаа цохиод авахаар нь би очиж салгаад явуулсан. Тухайн үед М- баар руу орох гээд түрүүлээд явсан. Араас нь Б гэх хүн явж харагдсан. Б гэх хүн М-н хажуугаар гараад явах гэтэл М- тухайн хүний араас татахад Б гэх хүн М-н нүүр рүү цохиод авсан. Гэтэл М- Бийг татаж унагаагаад өшиглөх шиг болсон. Би яг хаашаа нь өшиглөсөн бэ гэдгийг мэдэхгүй байна. Би тэгэхээр нь очиж тэр хоёрыг болиулсан. Гэтэл гаднаас хүмүүс ороод ирэхээр нь такс авах гээд үүд рүү явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн **** дугаартай “Х.Бийн биед баруун доод 1, 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, уруулын салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай “Х.Бийн биед баруун 4, 5, 6 дугаар хавиргануудын хуучин хугарал гэмтлийг 2022 оны 12 дугаар сарын 29-ний гавал, цээж, бүсэлхий нурууны рентгенээр тогтоосон болно. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжгүй. “Мед Траума” эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны цээжний ХТГ-р Х.Бийн биед зүүн 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Энэ нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Зүүн 9, 10, 11 дүгээр хавиргануудын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А.М-н яллагдагчаар өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед ажил дээрээ ирсэн. Намайг ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байхад манайхаар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч болох 50 орчим насны, 168 орчим өндөртэй, дундаж биетэй, халзан ах манай өлгүүр дээрээс зөвшөөрөлгүй хувцсаа авсан байсан. Тухайн үед нь манай ажилтай “ахаа та өлгүүрийн дугаараа өгөөд аваарай” гэж хэлсэн гэсэн. Энэ үед нөгөө хүн “би танайд мөнгөө өгч үйлчлүүлж байж чамд загнуулах юм уу” гээд хэрүүл маргаан хийж эхэлсэн байсан. Би тухайн хүндээр очоод юу болсон талаар асуухад надад хандаж “чи энэ юмандаа хэл л дээ, би мөнгөөрөө үйлчлүүлж байхад намайг загнаад байна” гэж хэлсэн. Би тухайн ахад “ойлголоо, танд өөр гомдол байна уу” гэхэд “би танай ажилтанд гомдолтой байна, намайг загнаж, зандарсан” гэх зүйл хэлсэн. Би тухайн үед нь ажилтнаасаа асуухад “би тэгээгүй, хөөе наадхаа дугаараа өгч байгаад аваарай, таны эд зүйл мөн юм уу гэж асуусан” гэх зүйл хэлсэн. Би энэ үед нөгөө ахад хандаж, “манай ажилтан танаас дугаараа үзүүлэхийг хүссэн байна, чангаар хэлсэн бол уучлаарай ах” гэж хэлсэн чинь тэр ах “энэ муу намайг мөнгөөрөө үйлчлүүлж байхад хэн гэж бодоод байгаа юм гээд маргаан хийгээд салахгүй байсан. Би ажилтандаа ахтай маргаан хийгээд хэрэггүй, уучлалт гуй гэж хэлсэн. Манай ажилтан нөгөө хүнээс уучлалт гуйсан чинь нөгөө ах энд өөр хүн байсан гээд дахиад маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би ямар хамгаалагч байсан юм, хоёулаа доош орж харъя гэхэд намайг зуураад хэрүүл хийх гээд хоргоогоод эхэлсэн. Тэгж байгаад нөгөө ах намайг элэгдэхээр нь би зөрүүлээд гараараа цээж хэсэгт нь түлхээд “ах, та ийм хэл амтай, согтуу байна, таныг оруулахгүй, таны хувцас мөн үү, та бид нарт өлгүүрийн дугаараа өг гэж хэлэхэд намайг ахиад гараараа шууд нүүр хэсэгт 2 удаа цохисон. Энэ үед миний уур хүрээд нөгөө ахыг шууд түлхэж, унахаар нь гараа зангидаж байгаад нуруу хэсэгт нь 2 удаа цохиод толгой орчим нь нэг удаа хөлөөрөө өшиглөөд авсан. Ингээд би өөрөө гэнэт санаа зовоод ахыг босгож ирээд гайгүй байгаа эсэхийг асуух гэтэл нөгөө ах намайг шууд нэг удаа толгойгоороо баруун шанаа хэсэгт мөргөсөн. Тэгээд би хойш ухарч холдсон. Энэ үед хамт байгаа хүн нь гээд нэг үл таних эмэгтэй гараад ирсэн. Тэр эмэгтэй цагдаад дуудлага өгөөд байсан... Би хохирол төлбөрийг барагдуулна.

Би өвдгөөрөө Бийн хавирга руу нь нэг удаа өвдөглөсөн... Далай өлгүүрийн араас гарах боломжгүй байсан. Учир нь шинэ жилийн үе тул ачаалал ихтэй, хүмүүс хувцсаа авах гээд байж байсан үе, Далай цохисон болохыг мэдээгүй байх ажлаа хийгээд хувцсаа тарааж өгч байсан байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34, 72 дахь дэх тал/,

 

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, камерын бичлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгаас “...хохирогч Х.Б шүүх хуралдаанд М- намайг ар талаас өшиглөөгүй, харин араас өөр хүн өшиглөхөд хавирга хугарах шиг болсон гэж мэдүүлсэн. Мөн өмнөх шүүх хуралдаанд орсон шинжээч эмчээс өмгөөлөгч би зүүн 9, 10, 11 дүгээр хавиргануудын хугарал гэмтэл нь хүний биеийн ар талаас өшиглөхөд үүсэх гэмтэл үү, урд талаас өшиглөхөд үүсэх гэмтэл үү гэж тодруулж асуухад зөвхөн ар талын хэсэгт мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, урд талаас үүсэх боломжгүй гэж хариулсан. Энэ хоёр үйл баримтаар шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход эргэлзээ үүсэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэх санал, дүгнэлт,

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбатаас “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна, А.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Харин шүүх шүүгдэгч А.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Учир нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” бааранд хохирогч Х.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийн тухайд  хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хяналтын камерын бичлэгийг үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” бааранд хохирогч Х.Б бусдад зодуулж улмаар хохирогч Х.Бийн эрүүл мэндэд баруун доод 1, 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, уруулын салстад язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл, зүүн 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан байна.  

 

Энэ болсон үйл баримтын талаар хохирогч Х.Б шүүх хуралдаанд “...өлгүүрчин надруу салаавч гаргахаар нь менежертэй /А.М-/ өөрөө очиж уулзаад “танай энэ залуу над руу салаавч гаргасан” гэж хэлсэн. Гэтэл А.М- миний цээж хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхсэн. Гэтэл салгаад унагааж байгаад зодсон. Толгой хэсэг рүү хоёр удаа цохисон. Харин хамгаалагч араас цохиход хавирга хугарсан. Намайг нэг биш хоёр хүн зодсон...” гэж, шүүгдэгч А.М- “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Х.Бийн нүүр хэсэгт 2 удаа цохиод, өвдгөөрөө хавирга руу нь нэг удаа өвдөглөсөн. Би Х.Бийн биед хохирол учруулсан. Өөр хүн байгаагүй...” гэж тус тус мэдүүлж байх ба хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон камерийн бичлэгийг шинжлэн судалбал цагаан өнгийн цамцтай хүн /А.М-/ хар өнгийн хувцастай хүн /Х.Б/ нар хоорондоо ярилцаж байгаад цагаан өнгийн цамцтай хүн /А.М-/ хар өнгийн хувцастай хүн /Х.Б/-ий нүүр хэсэгт гараараа цохиж байгаад хар өнгийн хувцастай хүнийг дээш хараад газар унахад түүний цээж хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөж байгаа нь харагдаж байна.

 

Харин хохирогч Х.Б шүүх хуралдаанд “...шинжлэн судалсан камерын бичлэгийг хайчилж авсан байна. А.М- намайг зодсоны дараа өөр хүн миний ар талаас өшиглөж хавирга хугарсан. Энэ талаарх нотлох баримт байхгүй байна. Камерын бичлэг дутуу байна” гэж мэдүүлж байна.

Үүгээр шүүгдэгч А.М- хохирогч Х.Бийн эрүүл мэндэд зүүн 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

 

Улсын яллагч яллах дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэрч Л.О, Б.Э- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж байгаа хэдий ч дээрх гэрч нар тухайн үед ямар байдалтай байсныг мэдүүлснээс биш шүүгдэгч хохирогчийн биеийн ар хэсэгт өшиглөж цохисон талаар гэрчилж нотлоогүй байна.

Мөн шүүх хуралдаанд оролцсон тусгай мэдлэг бүхий шинжээч эмч хохирогч Х.Бийн эрүүл мэндэд учирсан зүүн 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл нь хүний биеийн урд талын хэсэгт биш ар талын хэсэгт мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тайлбарлан мэдүүлснийг бусад нотлох баримттай харьцуулан судлахад тухайлбал: камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, CD-д хуулсан бичлэгээс харахад энэ гэмт хэргийг шүүгдэгч А.М- үйлдсэн гэдэгт эргэлзээ төрж байна.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд энэ хэрэгт хамааралтай нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч А.М- хохирогч Х.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдоогүй өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.М- 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” бааранд хохирогч Х.Бийн биед тодорхой шалтгаангүйгээр халдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохих, хоолойг нь боож газар унагаах, хавирга хэсэгт цохих зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд баруун доод 1, 2 дугаар шүд, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, уруулын салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Б-ийн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт, камерийн бичлэг, гэрч Л.О, Б.Э- нарын мэдүүлгээр буюу хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал, дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбатаас “...Улсын яллагчийн санал болгож байгаа ялтай санал нийлэхгүй байна. Иймд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх бүхий нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэж заасан. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хүндэвтэр хохирол учруулсан эсэх нь тогтоогдохгүй байхад гэм буруутай гэж мэдүүлж, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, мөн учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлнө гэдгээ илэрхийлдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч А.М-д гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол" гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Х.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Б шүүгдэгчээс эмчилгээний зардалд баримтаар 580.000 төгрөг, шүд хийлгэх 9.000.000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөрт 1.000.000 төгрөг, нийт 10.580.000 төгрөг нэхэмжлэв.

 

Үүнээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс хохирогчид нийт 580.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн бөгөөд хохирогчийн нэхэмжилж буй нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж  хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй болно.

 

Түүнчлэн хохирогч Х.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан
хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
журмаар шүүгдэгч А.М-гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж
шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурван/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч А.М- энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36. 5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.  Шүүгдэгч Х овогт А-н М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

3. Шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч А.М- нийт 580.000 /таван зуун наян мянган/ төгрөгийг хохирогч Х.Бөд төлснийг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Х.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.М-гаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурав/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шүүгдэгч А.М- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ