Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 00552

 

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00552

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багт оршин суух, Хорхон овогт Б-ын Т /.../-ын нэхэмжлэлтэй, А.Этэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 153/2019/000526/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгч Б.Т нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд А.Этэй танилцаад 2005 оны 6 сараас гэр бүл болсон. 2017 он хүртэл хамт амьдарсан. Хамтын амьдралын явцад Э.Азбилэг, Э.Сумъяа нар төрсөн. Нөхөр А.Э нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэнэтийн ослын улмаас нас барсан. 2017 оны 8 дугаар сараас эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан боловч 2019 оны 10 сараас уг тэтгэмжийг өгөхгүй, буцааж төлүүлнэ гэж манай сумын нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. Тэгээд А.Этэй хамтын амьдралтай байсан гэсэн шүүхийн шийдвэр гаргуулж ир гэж хэлсэн. Тиймээс 2005 оны 6 сараас 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл А.Этэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү....2008 онд 1 дүгээр сарын 21-ний өдөр охин Э.Сумъяа, 2010 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүү Э.Азбилэг нар төрсөн....Хүүхдүүд маань аав А.Эөөр овоглодог. Тухай үед А.Э гэрчилгээг нь авч байсан....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Т нь А.Этэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Т нь нас барагч А.Этэй 2015 оны 6 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн Засаг дарга Б.Бөхболдын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 69 дугаартай Тус багийн иргэн Аюуш овогтой Э нь Бүрэнжаргал овогтой Ттай 2005-2017 он хүртэл хамт амьдарч байсан, охин Э.Сумъяа нь 2007 онд, хүү Э.Азбилэг нь 2010 онд төрсөн нь үнэн, А.Э нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нас барсан нь үнэн гэх бичилттэй албан бичиг, 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Төнхөн овогт Эийн Сумъяа, 2010 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Төнхөн овогт Эийн Азбилэг нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 126/003963 дугаартай А.Эийн нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрч А.Мөнхцэцэгийн ....Талийгаач А.Э нь миний төрсөн ах юм. Б.Т нь талийгаач ах А.Эийн эхнэр нь байгаа юм. Манай бэргэн юм. Миний талийгаач ах А.Э нь 1973 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн юм. Бид нар эцэг эхээсээ 11-үүлээ. А.Э ах 7 дахь хүүхэд нь байгаа юм. Аав, ээж хоёр маань нас барсан. Миний төрсөн том эгч А.Уламбаяр нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Бусад ах, эгч, дүү нар маань Ховд аймгийн төвд болон Мөнххайрхан суманд амьдардаг. 2007 оны 10 сарын үеэс миний төрсөн ах А.Э нь Б.Т бэргэн эгчтэй нэг гэрт орж, хамт амьдарсан. Миний ах А.Э нь 2017 оны 8 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө ослын улмаас нас барсан. Энэ хоёр гэрлэлтээ батлуулаагүй юм шиг байна лээ. Талийгаач А.Э ах, бэргэн Б.Т эгч хоёрын дундаас Э.Сумъяа, Э.Азбилэг нар төрсөн. Хүүхдүүд нь хэдэн онд төрсөн талаар санахгүй байна. Э.Сумъяа, Э.Азбилэг нар нь талийгаач ах А.Эийн хүүхдүүд юм. Хүүхдүүд нь ахаар овоглож яваа юм. Талийгаач А.Э ах, бэргэн Б.Т эгч нэг гэрт орсноосоо хойш Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багт амьдарч байсан. Нөхөр болох А.Э нь мал маллах болон тус багийн сахиулаар ажиллаж байсан. Харин Б.Т эгч хувийн малаа маллаад амьдарч байгаа.... гэх мэдүүлэг, гэрч Х.Тогтуунбаярын ....А.Э нь миний төрсөн дүү. Б.Т нь манай бэр юм. Э.Э, Б.Т нар хамт амьдарч байсан нь үнэн. Б.Т, Э.Э нарын дундаас 2008, 2010 онуудад 2 хүүхэд төрсөн. А.Э, бэр Б.Т нар Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн Баян сай гэх нэртэй газар амьдарч байсан. Талийгаач Э.Э, Б.Т нар мал малладаг байсан.... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Мөнххархан сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/206 дугаартай бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн 2005, 2006, 2007 онуудын хүн амын дэлгэрэнгүй бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2005-2007 онуудын А.Эийн мал тооллогын жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 3, 5, 7, 8, 21-23, 25-26, 27-28, 29, 30-32 дугаар тал/

Иймд шүүхээс нэхэмжлэгч Б.Тыг А.Энхлтөртэй 2005 оны 6 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Хорхон овогт Бүрэнжаргалын Т / /, Төнхөн овогт А-ын Э / / нарыг 2005 оны 6 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      С.ОЮУНЖАРГАЛ