Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 00484

 

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2019/00484

Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Жаргалант 50-тын 1.. тоотод оршин суух, Цариг овогт Ц-ийн Х /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Шинэ дулааны .... ... оршин суух, Хишигт овогт Мын Л / /-д холбогдох, Хишигт овогт Мөнхжаргалын Лийн эцэг байх эрхийг хасуулж, Лийн Д, Лийн С нарт бүтэн өнчин хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож, Лийн Д, Лийн С нарт асаргааны тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарны 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 153/2019/00271/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Ц.Х, хариуцагч М.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Х миний бие нь Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт зээ нар болох Лийн Д, Лийн С нарыг асран хамгаалж амьдардаг. Л.Д нь 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн бөгөөд одоо 8 настай, Л.С нь 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн бөгөөд одоо 7 настай.

Л.Д, Л.С нарын төрсөн эх Д.Норсмаа нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан.

Хүүхдүүдийн төрсөн эцэг болох М.Л нь 2013 онд эхнэр хүүхдээ орхиод өөр хүнтэй хамт амьдраад явсан бөгөөд түүнээс хойш эхнэр хүүхдээ харж хандаагүй, эхнэрээ хүнд өвчтэй байхад ч ирж уулзаагүй, нас барахад нь ажил явдалд нь ирж оролцоогүй.

Эх Д.Норсмаа нь нас барахдаа өөрийн төрсөн дүү П.Тунгалагт 2 хүүхдээ өөр дээрээ авч хүн болгохыг захисан боловч П.Тунгалаг нь Увс аймагт хүнтэй сууж гэр бүл болж очсон, түүний нөхөр болон хадмууд нь хүүхдүүдийг хүлээн зөвшөөрөөгүй учир миний бие нь өөр дээрээ авч асран халамжилж байна.

Л.Д, Л.С нарын ээжийн эх буюу эмээ болох Цэрэндашийн Пүрэвсүрэн нь миний төрсөн дүү бөгөөд сэтгэцийн өвчтэй учир байнгын эмнэлэгийн хяналтанд байдаг тул хүүхдүүдийг асран хамгаалах боломжгүй юм. Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын Захирамжаар Л.Д, Л.С нарын хууль ёсны асран хамгаалагчаар Ц.Пүрэвсүрэн болон Ц.Х намайг тогтоосон.

Хүүхдүүдийн эцэг болох М.Л нь хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх үүргээсээ санаатайгаар зайлсхийсээр ирсэн бөгөөд нэг удаа хүүхдийн мөнгө булаацалдаж ирээд төрсөн дүүгээрээ эхнэр нь байна хэмээн банкинд хуурамч өргөдөл бичүүлж өгөөд хүүхдийн мөнгө авч байсан. Бас нэг удаа манайд ирээд Би хүүхдүүдийнхээ мөнгө авах эрхтэй" гэж дайрч давшилж байгаад 600,000 төгрөг аваад явсан.

Эцэг М.Л нь үр хүүхдэдээ анхаарал нэг ч удаа тавьж байгаагүй, хэрхэн амьдарч байгаа талаар нь асууж сурагладаг ч үгүй, өөрөө гэр бүлтэй болсон талаар Манхан сумын засаг захиргаа, ард түмэн бүгд мэднэ.

М.Л нь хүүхдүүдээ асран халамжлахгүй байгаа ч Л.Д, Л.С нар нь эцэгтэй гэсэн үндэслэлээр нийгмийн халамжаас авах ёстой тэтгэвэр, тэтгэмжид хамрагдаж чадахгүй хохирч байна. 

М.Л нь эхнэр хүүхдүүдээ 2013 онд орхиж явснаас хойш хүүхдээ эрүүл саруул өсөж бойжиж байгааг мэдсээр хирнээ ганц ч удаа эргэж тойрч байгаагүй, эцэг хүнийхээ үүргээ биелүүлдэггүй тул Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн гэсэн үндэслэлээр эцэг байх эрхийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Л шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Норсмаатай 2005 онд танилцаж, 2007 онд гэр бүл болсон. Хүү Л.Д 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн. Хүүхдүүдийн төрсөн эх Д.Норсмаа нь 2017 онд нас барсан. Миний хоёр хүүхэд эмээтэйгээ амьдардаг. Дассан газраа байсан нь дээр байх. Угаасаа надтай хамт амьдрахаар ирэхгүй байх. Тийм учраас би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Л.С, Л.Д нарын эцэг байх эрхээ хасуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Х нь М.Лид холбогдуулан Хишигт овогт Мөнхжаргалын Лийн эцэг байх эрхийг хасуулж, Лийн Д, Лийн С нарт бүтэн өнчин хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож, Лийн Д, Лийн С нарт асаргааны тэтгэмж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ц.Х нь Лийн Д, Лийн С нарт бүтэн өнчин хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож, Лийн Д, Лийн С нарт асаргааны тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Хишигт овогт Мөнхжаргалын Лийн эцэг байх эрхийг хасуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчиллөө.

М.Л, Д.Норсмаа нар нь 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр

16-рт бүртгүүлж, 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүү Л.Д, 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүү Л.С нар төрсөн болох нь 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0000534882, 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0000697842 дугаартай гэрчилгээнүүдээр, мөн эх болох П.Норсмаа нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 8425000010 дугаартай нас барсны гэрчилгээнд бүртгэсэн болох нь 126/001761 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.

Иргэн П.Норсмаа нь нас барсан тул өнчин хүүхэд болох Л.С, Д.Д нарын асран хамгаалагчаар Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/43, А/44 дугаартай захирамжаар түүний эмээ Цэрэндашийн Хг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоожээ.

Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй гэж заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон Ц.Х нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно гэж заажээ.

М.Л нь эхнэр Д.Норсмааг нас барснаас хойш хүү Л.С, Д.Д нарыг орхин явж, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн болох нь нэхэмжлэгч Ц.Хгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, М.Лийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/102 дугаартай тус сумын Ботгон багийн иргэн Мөнхжаргал овогтой Л нь өөрийн хүүхэд болох Л.Д, Л.С нарыг асран хамгаалахгүйн улмаас тэдний элэнц өвөө С.Цэрэндаш, эмээ Ц.Пүрэвсүрэн нарын хамт ам бүл 5-лаа амьдардаг... гэх албан бичиг, Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 65 дугаартай тус сумын Ботгон багийн иргэн Мөнхжаргал овогтой Л, Пүрэвсүрэн овогтой Норсмаа нар нь 2009 онд гэр бүл болсон бөгөөд М.Л нь 2013 оноос хойш гэр бүлээ орхин явсан... гэх албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хишигт овогт Мөнхжаргалын Лийн хүү Лийн Д, Лийн С нарын эцэг байх эрхийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүү Л.С, Д.Д нарыг Ц.Хгийн асрамжид үлдээлээ.

Нэхэмжлэгч М.Лоос хүү Л.Д, Л.С нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ч Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д шүүх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан хүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шүүх өөрийн санаачилгаар шийдвэрлэлээ.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн уг хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана гэж заасан байх бөгөөд М.Л нь хүү Л.Д, Л.С нарын эцгийн хувьд эдлэх эрхээ алдахаас биш үүргээ алдахгүй тул Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг гэж, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг М.Лоос сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Л.Д, Л.С нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ц.Хд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Лоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Хишигт овогт Мөнхжаргалын Л / /-ийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Хишигт овогт Л-ийн Д / /, 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Хишигт овогт Л-ийн С / / нарын эцэг байх эрхийг хассугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Л.Д, 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Л.С нарыг Ц.Хгийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Л.Д, 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Л.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Лоос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ц.Хд даалгасугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Лоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Хд олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОЮУН-ЭРДЭНЭ