| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00490/И |
| Дугаар | 00494 |
| Огноо | 2019-10-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 00494
| 2019 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2019/00494 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мөнххайрхан сум, Сэнхэр багт оршин суух, ... дугаарын регистртэй, Х. овогт Т-н Юын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Очирбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Ю нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1969 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн. Би 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд эцэг эхийн хамт Ховд аймгийн Мөнхайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаад нэгдэл тартал буюу 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 он хүртэл Мөнх-Оргил" ББХК-д ажилласан. Үүнээс хойш хувиараа одоог хүртэл буюу 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багтаа ажиллаж амьдарч байна. 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нөхөр С Мөнхбаттай гэр бүл болсон. Одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч анх нэгдэлд ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаан улмаас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Т.Ю намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Т.Ю нь 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар, 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Т.Ю нь 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар, 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 773 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт буюу 2 дугаар бригадын 1986 оноос 1990 он, 1993 он, Ендэрт буюу 3 дугаар бригадын 1991 оноос 1992 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 1993 оноос 2000 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа
Бүгд найрамдах Монгол ард улс, Ардын боловсролын яам, бүрэн бус дунд боловсролын 887532 дугаартай гэрчилгээний эх хувь,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 126/003325 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 126/003326 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 208 дугаартай лавлагаа,
Гэрч Д.Бэдээгийн ...Би 1980 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад агентаар ажиллаж байсан. Т.Ю нь 1986 онд 16 насанд буюу хөдөлмөрийн насанд хүрсэн цагаасаа эхлээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Т.Ю нь1992 оныг дуустал ажиллаж байсан. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл 1992 онд тарсан. Нэгдэл тараад ямар нэгэн компани болоогүй. Нэгдлийн даргаар Батнасан, бригадын даргаар Сонинтөр зэрэг хүмүүс ажиллаж байсан. Т.Юын аавыг нь Ямаачийн Тавьтай, ээжийг нь Банзарын Ноосгой гэдэг. Аав ээж нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд насаараа малчин хийсэн хүмүүс байсан. Т.Юын гэр бүлийн хүнийг С.Мөнхбат гэдэг... гэх мэдүүлэг,
Иргэн Н.Буянтогтохын ... Би 1990 оноос 2012 оныг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын хүн эмнэлэгт дүн бүртгэгч, бага эмчээр ажиллаж байсан. Т.Ю нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Т.Ю нь 1992 оныг дуустал ажиллаж байсан. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл 1992 онд тарсан. Нэгдэл тараад ямар нэгэн компани болоогүй. Нэгдлийн даргаар Батнасан, Цамба, бригадын даргаар Сонинтөр, Оросоо зэрэг хүмүүс ажиллаж байсан. Т.Юын аавыг нь Ямаачийн Тавьтай, ээжийг нь Банзарын Ноосгой гэдэг. Аав ээж нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл насаараа малчин хийсэн хүмүүс байсан. Т.Юын гэр бүлийн хүнийг С.Мөнхбат гэдэг... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Юын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ... нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн оролцуулахгүйгээр түүний өмгөөлөгчийн оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хорхон овогт Тавьтайн Юыг 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар, 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Т.Юын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ