Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2025/0223

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                Д.Г-ын нэхэмжлэлтэй

              захиргааны хэргийн тухай

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 109/ШШ2025/0005 дугаартай шийдвэрийг хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, хариуцагч Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга В.Г, гуравдагч этгээд Б.Б , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б  нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

 

            Шүүх бүрэлдэхүүн:

           

            Шүүх хуралдааны даргалагч шүүгч Н.Хонинхүү

            Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

            Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

            Хэргийн оролцогчид:

 

            Нэхэмжлэгч Д.Г

            Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

            Гуравдагч этгээд Б.Б  

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

           

            Нэхэмжлэгч Д.Г

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А

            Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г

            Хариуцагч Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга В.Г, түүний өмгөөлөгч В.У

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б

 

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр

           

            Хэргийн индекс: 109/2024/0034/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 109/ШШ2025/0005 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1 дэх заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.3.2 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Гаас гаргасан “Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/10 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Д.Г-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/65, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Б.Б-ыг албан тушаалд томилох тухай” Б/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 

2. Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга В.Г нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

 

2.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2024 оны үр дүнгээр сонгогдсон төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа хуралдуулсан. Архангай аймгийн Цахир сум 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар иргэдийн төлөөлөгч Б.Б-ыг Цахир сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн байна. Санал хураалтад нийт 21 төлөөлөгч оролцсоноос 19 төлөөлөгч нь Б.Б-ыг дэмжиж нийт 90.5 хувийн санал авч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4. дэх заалтад “тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтад “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ” гэж заасны дагуу Архангай аймгийн Цахир сумын Засаг даргаар Б.Б-ыг томилуулахаар нэр дэвшүүлсэн 01/10 дугаартай тогтоол баталсан байна.

 

2.2. Б.Б  нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Б.Б  нь *** сумын МАН-ын даргаар 3 жил ажилласан учраас хүчин төгөлдөр үйлчлэлтэй Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу төрийн алба хаасан гэж үзсэн. Хэдийгээр 1994 оны Төрийн албаны тухай хууль хүчингүй болсон ч 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болоогүй, мөн хуулиар тухайлсан харилцааг зохицуулсан. Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгааг нотлох дараах үндэслэл байна.

 

2.3. Үүнд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаардаг билээ. Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 1994 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 1995 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд 1994 оны Төрийн албаны тухай хуулийг 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүчингүй болсонд тооцох тухай хууль батлан хүчингүй болгосон байна. Харин 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгосон аливаа хуулийг Улсын Их Хурлаас батлан гаргаагүй байна.

 

2.4. Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Энэ хуулийг Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөнө” гэж заасан нь гагцхүү 1994 оны Төрийн албаны хууль хүчин төгөлдөр болох өдөртэй зэрэгцэн хүчин төгөлдөр болох агуулгыг илэрхийлсэн, харин энэхүү хуулийг дагаж хүчингүй болох талаарх агуулгыг багтаагаагүй байна.

 

2.5. Монгол Улсын Үндсэн хууль, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хууль тогтоомжийн тухай хууль, энэ хууль батлагдахаас өмнө мөрдөгдөж байсан Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль болон өөр аль ч хуульд “эх” хууль хүчингүй болсноор түүнийг “дагаж мөрдөх журмын тухай” хууль хүчингүй болсонд тооцно гэсэн хэм хэмжээ байхгүй бөгөөд гагцхүү Улсын Их Хурлаас хууль батлах замаар аливаа хууль хүчингүй болдог. Иймд 1994 оны Төрийн албаны тухай хууль хүчингүй болсон тул 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль мөн адил хүчингүй болсон гэж үзэх үндэслэл Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд байхгүй байна.

 

2.6. 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 03 дугаар сарын 23-аас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн албан хаасан хугацаатай адилтган тооцно” гэж заасан нь одоог хүртэл иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход тэдгээрийн ажилласан жилийг тооцоход хэрэглэгдэж байгаа зохицуулалт юм.

 

2.7. 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно” гэж заахдаа ямар цаг үед намын байгууллагад ажилласан байх талаар нарийвчлан заагаагүй тул одоогийн Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байгаа иргэдэд ч мөн адил үйлчилж байх үүднээс хугацааг нарийвчлан заагаагүй гэж үзэхээр байна.

 

2.8. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаартай тогтоолын 3-д Улсын Их хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжих ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцохоор зохицуулсан байх тул Б.Б ыг төрийн албанд 3 жил ажилласан гэж үзэхээр байх тул хурлын 01/10 дугаартай тогтоол хууль ёсны учраас нэхэмжлэгч Д.Гын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Гуравдагч этгээд Б.Б  дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

 

3.1. *** сумын МАН-ын даргаар 2021 оны 08 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6-р зүйлд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно” гэж заасан тул миний бие Засаг даргад тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б  дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

 

4.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 3.5.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана гэсний дагуу Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Э нь Б.Б-ын нэрийг Архангай аймгийн *** сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн байна.

 

4.2. Нэр дэвшигч Б.Б  нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлагыг хангасан. Гуравдагч этгээд Б.Б  нь Архангай аймгийн *** сумын Монгол Ардын намын хорооны даргын сонгуульт албан тушаалд Архангай аймгийн Монгол Ардын намын хорооны тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор түр томилогдож, улмаар Архангай аймгийн *** сумын намын анхан шатны байгууллагын бүх гишүүдийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолоор *** сумын Монгол Ардын намын хорооны даргаар сонгогдсон байна.

 

4.3. Монгол Ардын нам нь 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар Төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын Их Хурал байна гэж заасан үеэс эхлэн 9 удаагийн сонгуулиар Улсын Их Хуралд суудалтай нам байсан нь нийтэд ил тодорхой. Гуравдагч этгээд Б.Б  нь Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаалыг буюу Архангай аймгийн *** сумын Монгол Ардын намын хорооны даргын албан тушаалыг 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 жил 2 сар 21 өдөр эрхэлсэн байна.

 

4.4. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн Албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйл “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно” гэж заажээ. Анхан шатны шүүхээс Төрийн Албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн үйлчлэл нь тухайн дагаж мөрдөх гэж буй хууль буюу 1994 оны Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтад хамааралтай бөгөөд уг хэрэг маргаанд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг хэрэглэх үүрэгтэй.

 

4.5. Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д “өмнө үйлчилж байсан хууль, эрх зүйн зохицуулалтын дагуу үүссэн харилцаа, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг шинэ хуулийн дагуу хэрхэн хамгаалах, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, өөрчлөх, хүчингүй болсонд тооцох болон сөрөг үр дагаврыг арилгах нөхцөл, арга зам, хариуцлагыг зохицуулах хэлбэр”, мөн хуулийн 27.1.5-д өмнөх хууль, эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн зарим хэсэг хүчин төгөлдөр үйлчлэх тодорхой нөхцөл, тохиолдлын талаар зааж өгсөн байна.

 

4.6. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Жаран гуравдугаар зүйлийн 2-т “Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид .... нийцсэн байх” гэж зааснаар Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01 өдрийн 01/10 дугаар тогтоол, Архангай аймгийн засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Д.Г-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/65, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Б.Б-ыг албан тушаалд томилох тухай” Б/66 дугаар захирамж нь хууль дээдлэх үндсэн зарчимд тулгуурлан, түүнд нийцүүлэн гарсан байна.Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 109/ШШ2025/0005 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

  ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Д.Г-аас Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/10 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Д.Г-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/65, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Б.Б-ыг албан тушаалд томилох тухай” Б/66 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид Нэгжийн тухай хууль гэх/ 56.3.2-т заасан төрийн албанд ажилласан байх шаардлага хангаагүй этгээдийг Засаг даргад нэр дэвшүүлж, томилсон нь уг хуулийг зөрчсөн гэж үзжээ.

 

3. Хариуцагч болон гуравдагч этгээд нь “... Б.Б  нь сумын Монгол ардын намын хорооны даргаар ажилласан хугацааг 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар “төрийн алба хаасан хугацаанд хамаарна, мөн “Т” төрийн 100 хувийн өмчит хуулийн этгээдэд захирлаар ажилласан тул маргаан бүхий актууд уг хуулийг зөрчөөгүй” гэж маргасан.

 

4. Анхан шатны шүүх “... 1995 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 1994 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөгдөхөөр гарсан тул уг хуулийн дагуу Б.Б-ын “*** сумын Монгол Ардын намын хорооны даргын албан тушаал эрхэлснийг төрийн алба хаасан гэж үзэхгүй, Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн алба”-ны аль ч ангилалд хамаарахгүй гэж, мөн “Т” ХК-ийн захирлаар ажилласныг “ашгийн төлөө хуулийн этгээдэд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан тул төрийн албан тушаал хашиж, төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажилласан гэж үзэх үндэслэлгүй” гэж тус тус дүгнэн маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

5. Хариуцагч болон гуравдагч этгээд талын давж заалдах гомдолд Т банкны захирлаар ажилласныг тооцуулах талаар маргаагүй, “... 1995 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг одоо ч хүчингүй болгоогүй, хүчин төгөлдөр үйлчилж байхад шүүх хэрэглэх үүрэгтэй. Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтын талаар зааж өгсөн. ... “эх” хууль хүчингүй болохоор дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсон гэж үзэх үндэслэл Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд байхгүй ...” гэжээ.

 

6. Улсын Их Хурлаас 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно”, 7 дугаар зүйлд “Энэ хуулийг Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан.

 

7. Дээрх хуулиар дагаж мөрдөхөөр журамласан 1994 оны Төрийн албаны тухай хуулийг 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон боловч  Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцоогүй нь тухайн хуулиар зохицуулсан харилцааны онцлогтой холбоотой гэж үзэхээр байна.

 

7.1. Тухайн 1994 оны хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан үндэслэлээр төрийн алба хаасан хугацаанд нэгэнт тооцогдсон хугацааг 1994 оны хууль хүчингүй болсноор төрийн алба хаасан хугацаанаас нь буцаан хасах үндэслэлгүй буюу тухайн хугацаа нь тухайн иргэний хувьд уг хугацааг тооцох шаардлага /төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл тооцох гэх мэт/ гарах тухай бүрт тооцогдсон хэвээр байх учраас “хүчингүйд тооцоогүй” гэж үзэхээр байна.

 

7.2. Харин уг хууль хүчин төгөлдөр байна гэх үндэслэлээр дагаж мөрдөхөөр журамласан 1994 оны Төрийн албаны тухай хууль нь хүчингүй болсон байхад бусад хуулиар зохицуулсан “төрийн алба хаасан хугацаа”-тай холбоотой хэм хэмжээг хэрэгжүүлэх бүрт уг хуулийг хэрэглэх хууль зүйн боломжгүй.  

 

8. Давж заалдах гомдолд дурдсан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, түүний нэмэгдлийг зохицуулсан журмыг баталсан байх тул Нэгжийн тухай хуульд тусгайлан заасан Засаг даргад тавигдах шаардлага болох” төрийн алба 3-аас доошгүй жил хаасан” гэдгийг адилтган ойлгох үндэслэлгүй.

 

8.1. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж, Нэгжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн” гэж тус тус зааснаар Засаг дарга нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн албан  тушаалтан юм.

 

8.2. Үүнээс үзвэл Засаг дарга нь өндөр хариуцлагатай, төрийн удирдлагыг орон нутагт хэрэгжүүлэгч албан тушаалтан болохынх нь хувьд “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг Нэгжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т тусгайлан заасан байх тул Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанд төрийн албан хаагчаар ажиллаагүй этгээдийг уг шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

 

9. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 15-ны 02 дугаар тогтоолоор  1995 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн талаарх маргааныг шийдвэрлэсэнтэй адил агуулгаар анхан шатны шүүх хууль тайлбарлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн, маргаан бүхий актуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 109/ШШ2025/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, хариуцагч Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга В.Г, гуравдагч этгээд Б.Б , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б  нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                       Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                       Ц.САЙХАНТУЯА

 

 

ШҮҮГЧ                                       С.МӨНХЖАРГАЛ