Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 114/ШШ2022/0003

 

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 114/ШШ2022/0003

Дархан-Уул аймаг


Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуулыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.Үнэнзаяа Улаанбаатар хот, Багануур, 5-р хороо, нарийн 20 дугаар гудамж 26 тоот

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоонд тус тус холбогдох

Эд хөрөнгө өмчлөх өрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Ү-2005000646 тоот бүртгэл болон Дархан-Уул аймгийн орон сууц өмчлөх товчооноос 2005 оны 06-р сарын 25-ны өдөр олгосон 0107016 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Үнэнзаяа

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтунгалаг

Гуравдагч этгээдийн А.Уртнасангийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Үнэнзаяагаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Я.Отгонбаяр, О.Үнэнзаяа нарын амьдарч байгаа орон сууцыг 2004 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууц хувьчлах товчооны 32 тоот тогтоолоор өмчлөлд өгсөн байдаг. Улсын бүртгэлийн байгууллагын архиваас лавлагаа авахад Я.Отгонбаяр өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байж 2 дахь гэрлэлт бүртгүүлсэн талаарх баримт гарч ирээд түүгээр нь Я.Отгонбаяр шүүхэд хандаж шүүхээс 43 дугаартай А.Уртнасантай бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчин төгөлдөр бус гэрлэлт гэдгийг тогтооsлгосон байдаг. Улмаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж А.Уртнасан нар улсын бүртгэлийг хийлгэхдээ хуурамчаар баримт бүртгүүлсэн байна гэж гомдол гаргасан боловч 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн № 01/1184 тоот албан бичгээр надад Манай байгууллага залруулах боломжгүй гэсэн тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Иймд эд хөрөнгө өмчлөх өрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэн Ү-2005000646 тоот бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба түүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлалын товчоонд хувьчлагдсан орон сууцныхаа талаар хандахад тус товчооноос ...энэ асуудлаар шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариу өгсөн учир урьд гаргасан нэхэмжлэл дээрээ Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоог хариуцагчаар татаж тус товчооноос олгосон 0107016 да дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулж, дахин шинээр авах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Уг нэхэмжлэлд Дархан-Уул аймгийн орон сууц Хувьчлалын товчооны 2022 оны 01 дүгээр сарын 12 ны өдрийн 02 тоотыг хавсаргав.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг орон сууц 8 байр 12 тоотод байрлах 29 метр.кв талбайтай 2 өрөө орон сууцыг иргэн Я.Отгонбаяр, А.Уртнасан нар 2003 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлэг, орон сууц хувьчлалын товчоонд гаргасан өргөдөл, орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ Аймгийн Орон сууц хувьчлах товчооноос олгосон 0107016 дугаартай гэрчилгээг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000646 дугаарт бүртгэсэн бөгөөд тус бүртгэлийн хувийн хэрэгт иргэн О.Үнэнзаяатай холбоотой нотлох баримт байхгүй, уг орон сууцны бүртгэлийг хөтлөхөд тухай үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Тус товчооны 1997-2010 оныг дуусталх хугацааны архивын материалд шүүлт хийхэд 2004 оны 32 дугаар тогтоолоор таны эцэг Ядамжав овогтой Отгонбаярт 0107016 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгож байсан тухай баримт байхгүй байна. Товчооны 2005 оны 33 дугаар тогтоолын хавсралтын 128-рт иргэн Ц.О гэсэн нэрийн ард таны эцгийн иргэний үнэмлэхийн дугаар ДА8308192, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээний 0107016 Да дугааруудыг бичсэн байгаа нь архивын материалд байна./овог нэр, регистрийн дугаар, хаяг зөрүүтэй/, Ядамжав овогтой Отгонбаярын өргөдлийн хавсралт материалд ирүүлсэн 0107016 дугаарын орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнд улсын бүртгэлээс Ү-2005000646 дугаар олгож бүртгэсэн байгаа тул тухайн орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй болно.

Иймд иргэн О.Үнэнзаяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Үнэнзаяагаас Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Орон сууц хувьчлах товчоонд тус тус холбогдуулан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Ү-2005000646 дугаарт бүртгэсэн бүртгэл болон орон сууц өмчлөх эрхийн 2005 оны 06-р сарын 25-ны өдрийн 0107016 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулж, дахин шинээр авах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг 8 дугаар байрны 12 тоот 2 өрөө орон сууцыг Ядамжав овогтой Отгонбаяр түүний эхнэр Агваан овогтой Уртнасан нар эзэмшиж байгаад, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай 33 дугаар тогтоол түүний хавсралтаар Я.Отгонбаяр, ам бүл 2-т дээрх орон сууцыг хувьчилж, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэсний дагуу 2005 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 0107016 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон, тус орон сууцны өмчлөгч Я.Отгонбаяр хамтран өмчлөгч А.Уртнасан нар нь 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж улсын бүртгэлийн Ү-2005000646 дугаарт тус орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэн улмаар уг орон сууцаа банкны барьцаанд тавьж зээл авч байсан болох нь дээр дурдсан нотлох баримтууд хэрэгт авагдсан 15 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, Орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч О.Үнэнзаяа нь Орон сууц хувьчлах товчооны 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар тогтоолын ам бүл 2-ын нэг нь А.Уртнасан /аавын эхнэр байсан/ биш, надад өмчлүүлэх байтал хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж Орон сууц хувьчлах товчоог буруутган тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгчид уг орон сууцыг эзэмших, өмчлөх эрх хуулиар олгогдоогүй, байхад нэхэмжлэгчээс Я.Отгонбаяр /аав/, А.Уртнасан нарын гэрлэлт хүчингүй болсон үндэслэлээр бусдын өмчлөлд байгаа орон сууцыг анх хувьчилсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, өөрийн нэр дээр болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан болох нь шүүх хуралдааны үед тогтоогдож байх тул хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийн хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Үнэнзаяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Орон сууц хувьчлах товчоонд холбогдох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Ү-2005000646 дугаарт бүртгэсэн бүртгэл болон орон сууц өмчлөх эрхийн 2005 оны 06-р сарын 25-ны өдрийн 0107016 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулж, дахин шинээр авах тухай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Дархан Төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн 16 хуудас баримтыг шүүгчийн захирамжийн хамт нэхэмжлэгчид буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Төмөрчөдөрт даалгасугай.

4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 -д зааснаар нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл захирамж гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ