Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 00495

 

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2019/00495

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Чандмань сум, Талын булаг багт оршин суух, ... дугаарын регистртэй, Шарнууд овогт З-ийн Сийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нанжид, гэрч О.Бямбатогтох

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч З.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нанжид нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шарнууд овогт Зэвгээгийн С миний бие нь 1967 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Миний ээжийг Ишдорж овогтой Баасандорж гэдэг байсан. Намайг төрөөд удалгүй 9 сартай байхад Уртнасан овогтой Зэвгээ гэдэг айлд үрчлүүлсэн байдаг. З.С миний бие нь 1976 онд Ховд аймгийн Чандмань сумын дунд сургуулийн 1-р ангид элсэн орж, 1984 онд 8 дугаар анги төгсч, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Дунд сургуулиа төгсөөд Залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам" нэгдлийн Талын булаг бригадад эцэг У.Зэвгээгийн бог малын суурьт туслах малчнаар хувиарлагдаж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Аавынхаа суурьт 1984 оны 6 дугаар сараас хойш мал маллаж байгаад 1987 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр С.Бямбадоржтой гэр бүл болж, нөхрийнхөө үхэр сүргийн суурьт малчин, саальчнаар шилжин ажилласан. Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1992-2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалыг нөхөн тооцож өгсөн. Миний бие нь С.Бямбадоржтой гэр бүл болоод 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Эхийн I, II одонтой. Миний нэгдэлд ажиллаж байсан үеийн Хөдөлмөрийн дэвтэр алга болсон учир шуүхэд баримт болгож гаргаж өгөх боломжгүй байна. Миний бие нь анх төрсний гэрчилгээ авахад Сарантуяа гэдэг нэрээр бүртгэгдсэн боловч айлд үрчлүүлсэн үеэс эхлэн өргөж авсан аав У.Зэвгээ, Н.Гэнцэн нар нь намайг С гэж дуудах болсон бөгөөд энэ үеэс эхлэн дунд сургуульд ороход С нэрээр бүртгэгдэж, бусад бүх бичиг баримт маань Зэвгээ овогтой С нэрээр бичигдэж ирсэн. Ингээд 2011 онд нэр өөрчилсөн бүртгэлийн албан ёсоор Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд Шарнууд овогт Зэвгэээгийн С намайг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч З.С нь 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч З.С нь 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1453 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг бригадын 1983 оноос 1989 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Ховд аймгийн Чандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 93 дугаартай албан бичгээр ирүүлсэн З.С нь тус сургуулийн 8 дугаар ангийг 1976 оноос 1984 онуудад суралцаж төгссөн нь үнэн болно гэх тодорхойлолт, гэрэл зураг,

Хүсэлт гаргагчийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нээлгэсэн 0774197 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлээс хүсэлт гаргагчид 1985 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон дипломын эх хувь, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 126/003768 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 126/003759 дугаартай ургийн овог, эцэг /эхийн/ нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 126/003757 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Иргэн Б.Лхагвадоржийн ...Миний бие Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг буюу 1 дүгээр бригадад тоо бүртгэгч, бригадын дарга зэрэг ажлуудыг хийж байсан. З.С нь И.Баасандорж гэдэг хүнээс төрсөн. Удалгүй У.Зэвгээ гэдэг айлд үрчлэгдсэн. З.С нь дунд сургуулиа төгсөж ирээд аав Зэвгээгийн суурьт туслах малчнаар гэр бүл болтлоо ажиллаж байсан. 1987 онд С.Бямбадоржтой гэр бүл болсон. Миний бие Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг бригадад тоо бүртгэгч, бригадын даргаар ажиллаж байсан хүний хувьд З.Сийг 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сайн мэднэ гэх тодорхойлолт

Гэрч О.Бямбатогтохын шүүх хуралдаанд мэдүүлсэн ...Миний бие Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Миний бие Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талыг булаг бригадад манай нөхөр Хүрэл-Очир үхрийн суурь маллаж би өөрөө саальчин хийдэг байсан. З.С нь И.Баасандорж гэдэг хүнээс төрсөн. Удалгүй У.Зэвгээ гэдэг айлд үрчлэгдсэн. Миний бие нь У.Зэвгээтэй ах дүүсийн хүүхдүүд юм. З.С нь дунд сургуулиа төгсөж ирээд аав Зэвгээгийн суурьт туслах малчнаар гэр бүл болтлоо ажиллаж байсан. 1987 онд С.Бямбадоржтой гэр бүл болсон. Миний бие Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг бригадад ажиллаж байсан хүний хувьд З.Сийг 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан З.Сийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шарнууд овогт Зэвгээгийн Сийг 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч З.Сийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ