Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/204

 

 

 

 

 

 

 

 


  

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч Л.Наранхүү,

шүүгдэгч Л.Б,

хохирогч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Бт холбогдох эрүүгийн Л.Б дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт автобусаар зорчиж байгаад түр зогсоход автобусны гадна 2023 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө “...хоёр хүний маргааны дундуур орлоо...” гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Бтай маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Л.Б:

...2023 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Багануур дүүргээс гарч явж байгаад бие засах гээд машинаасаа буусан. Нармандах таны буруу шүү дээ яахаараа ингэдэг юм бэ гэж хэлсэн. Тэрийг нь би хоёр хүн учраа олж байна гэж хэлсэн. Толгой руу цохисон. Тэгээд буцаагаад би цохисон. Машиндаа суугаад явсан... гэж мэдүүлжээ.

 

Хохирогч Д.Б:

...2023 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хоёр цагийн орчимд тэмцээнд оролцоод явж байх замдаа Төв аймгийн Эрдэнэ сум Цонжин болдог өнгөрөөд зогссон. Баасандорж гэдэг хүн чи муу ац гээд байсан. Таны буруу шүү дээ менежер хүн та биднийг удирдаад явж байгаа хүн шүү дээ гэж хэлсэн чинь хажуу талаас Батбаатар гэдэг хүн орж ирээд намайг чи хоёр хүний хажуугаар чи илүү гээд хамгийн эхлээд над руу ундааны сав шидсэн. Тэрийг бүх гэрчүүд мэдэж байгаа. Намайг 4 удаа цохисон. Миний хамар хугарсан цус маш их алдсан. Намайг түрүүлж цохисон... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:   

Шүүгдэгч Л.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт автобусаар зорчиж байгаад түр зогсоход автобусны гадна 2023 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө “...хоёр хүний маргааны дундуур орлоо...” гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Бтай маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн Л.Б дугаартай хэрэгт авагдсан

 

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

хохирогч Д.Б...2023 оны 03 дугаар сарын 11-ний Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү сургуулиудын дундах бага ангийн багш нарийн дундах тэмцээн болох ёстой байсан тийшээ өглөөний 06 цагийн орчим яваад Багануур дүүрэгт очиж тэмцээндээ орчхоод 03 дугаар сарын 12-ны шөнийн 02 цагийн орчим Багануур дүүргээс Улаанбаатар хот руу ирсэн гэх автобусандаа суугаад явж байхад хамт байсан хүмүүстэй машин дотроо хоёр шил архи хувааж ууж байхад хамт явсан Нармандах болон Баасандаш нар нь хоорондоо маргалдаж байгаад автобус зогсож хамт явсан хүмүүс машинаас бууж бие засах үед Нармандах нь намайг тамхи асаагаад өг гэхээр би үгүй гэж хэлсэн чинь Нармандахын цаана зогсож байсан Батбаатар нь над руу барьж усныхаа савыг шидээд учир зүггүй миний толгой, чих, хамар луу цохиод байхаар хамт явж байсан хүмүүс салгаад эргэж автобусанд суулгаад явсаар байгаад Улаанбаатар хотод очиж буугаад салцгаасан... гэх мэдүүлэг /хх-ин 5 дугаар хуудас/,

хохирогч Д.Бдахин өгсөн ...Одоогоор хамрын хагалгаанд ороогүй орох гэсэн боловч төлбөр мөнгөний асуудалтай байгаа учир орж чадахгүй байна. Миний бие Л.Б гэх хүнээс хамрын хагалгаанд орох төлбөрийг авч хурдан хагалгаанд орохгүй бол одоогоор биеийн байдал маань байнгын толгой өвдөж, хамар битүүрч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

гэрч Э.Наранмандахын ... 2023 оны 03 дугаар сарын 11-ний Улаанбаатар хотоос Багануур дүүрэг руу сургуулиудын дундах бага ангийн багш нарийн дундах тэмцээн болох ёстой байсан. Багануур лүү өглөөний 06 цагийн орчим яваад Багануур дүүрэгт очиж тэмцээндээ орчхоод 03 дугаар сарын 12-ны шөнийн 02 цагийн орчим Багануур дүүргээс Улаанбаатар хот руу ирсэн гэх автобусандаа суугаад явж байхад хамт байсан хүмүүстэйгээ машин дотроо хоёр шил архи хувааж ууж байхад би Баасандаштай хоорондоо маргалдаж байгаад автобусан дотор сууж байсан хүмүүс бие засах болоод автобус зогсоод би Баасандашийн хамтаар машинаас бууж хоорондоо юунаас болж маргалдсан талаар ярьж байхад Д.Б нь надтай юм яриад байсныг би анзаараагүй байсан чинь Батбаатар нь хажуугаас Д.Бад хандаж наад хоёр хүн чинь хоорондоо учраа олох гэж байна чи дуугай байж бай гэхэд Д.Б нь би болон Баасандаш бид хоёрыг тойрч Батбаатар дээр очоод Батбаатарыг нэг удаа цохих үед хоорондоо барилцаж аваад зууралдаад байхаар нь би очиж дундуур ороод салгаад Батбаатар авч эргүүлэн автобусанд суулгаад харин Д.Бын хамраас цус гарчихсан байсан болохоор цусаа тогтоочихоод ороод ир гэж хэлээд автобусандаа сууцгаагаад шууд хот руу явах замд би Налайх дүүрэг дээр бууж үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

гэрч Б.Хандсүрэнгийн ...Батбаатар нь халаасандаа байсан савтай усыг аваад Д.Б руу шидээд “чи яасан далдаг юм бэ” гэхэд тэр хоёр хоорондоо барилцаж аван ноцолдож байгаад Д.Быг газарт унагаасны дараа автобусанд байсан хүмүүс Батбаатар болон Наранмандахыг автобус руу суулгах үед Д.Б нь газраас босож ирэхдээ хамраас цус гарчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

гэрч Г.Баасандашийн ... Батбаатар нь гартаа барьж байсан усны савыг Д.Б руу шидсэн чинь хоорондоо барилцаж аваад ноцолдох үед хамт байсан эмэгтэй багш нар салгасны дараа би Д.Б дээр очиход хамраас нь цус гарсан болон хувцас нь цус болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

гэрч П.Батболорын ...2023 оны 03 дугаар сарын 12-ны өглөөний 5 цагийн орчим гэртээ ирэхдээ Л.Бын зүүн талын нүд хэсэгт нь хавдчихсан байдалтай ирэхээр нь юу болсон юм бэ гэхэд хамт явсан дүүтэйгээ маргалдаад цуг явсан хүмүүс мэднэ тухайн хүн нь эхэлж намайг цохихоор нь зөрүүлээд цохисон гэхээр нь чи  ямар архи уугаад согтоод тасарчихсан биш яагаад хүнтэй  маргалдаж зодолддог гэж хэлээд амарцгаасан... гэх  мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

гэрч Г.Бадамгаравын  ... Д.Б нь Батбаатарын бие рүү хоёр удаа цохих үед Нармандах багш яаж байгаа юм гэхэд Батбаатар нь буцаж Д.Быг цохиж байхаар нь би машинаас буугаад Батбаатарыг татаад автобус руугаа оруулан автобусны хойд талд суулгаад өөрөө урд талд суугаад удалгүй автобусанд Д.Б нь орж ирэх үед хамраас нь бага зэргийн цус гарчихсан байдалтай байхад нь хамт явж байсан мэргэжилтэн нойтон салфетик асуухаар нь би гаргаж өгөхөд хамрынхан цусыг арчиж өгчихөөд цааш явцгаасаар Улаанбаатар хот ороод Батбаатар нь офицер дээр буугаад би 120-ийн автобусны буудал дээр буугаад гэр лүүгээ орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч Л.Бын ...2023 оны 03 дугаар сарын 11-ний Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү сургуулиудын дундах бага ангийн багш нарийн дундах тэмцээн болох ёстой байсан тийшээ өглөөний 06 цагийн орчим яваад Багануур дүүрэгт очиж тэмцээндээ орчхоод 03 дугаар сарын 12-ны шөнийн 02 цагийн орчим Багануур дүүргээс Улаанбаатар хот руу ирсэн гэх автобусандаа суугаад явж байхад хамт байсан хүмүүстэйгээ машин дотроо нэг шил архи хувааж ууж байгаад хүмүүс бие засах болоод автобусаа зогсоогоод гарч машины гадна буугаад бие засчихаад нааш ирж тамхи татаж байхад Наранмандах болон Баасандаш хоёр нь хоорондоо маргалдаж байхад нь би Баасандашийг ийм зүйл дээрээс болж хоорондоо маргалдаад яах вэ боль гэж хэлэхэд цаанаас Д.Б нь ирээд Наранмандахыг таны буруу шүү дээ та яах гэж ингэж хэлж байдаг юм гэж хэлэхээр нь би Д.Бад хандаж энэ хоёр учраа олж байхад чимээгүй байж бай гэж хэлсэн чинь чи миний дууг хорьдог хэн бэ гэж хэлэхээр нь тоохгүй байж байтал гэнэт Д.Б нь над дээр ирээд миний зүүн нүдний дээр талын хэсэгт нэг удаа гараараа цохихоор нь би зөрүүлээд нүүр хэсэгт нэг цохих үед Наранмандах нь дундуур орж салгаад намайг автобусанд суулгаад хойноос Д.Б нь хойноос орж ирээд тэгээд удалгүй шууд Улаанбаатар хот руу явсаар 3 сарын 12-ны үүрийн 04 орчим цагийн үед 13-р хороолол бууж үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаартай ...Д.Ббиед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун дагз, зүүн зулайд цус харвалт, хамарт зулгаралт, хамар, баруун нүдний зовхи, зүүн чихэнд зовлон эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... талаарх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Бын яллагдагчаар...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч худал мэдүүлэг өгсөн. Би 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн  мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Наранхүү:

... Шүүгдэгч Л.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт автобусаар зорчиж байгаад түр зогсоход автобусны гадна 2023 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө “...хоёр хүний маргааны дундуур орлоо...” гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Бтай маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирогчийн баримтаар гаргаж өгсөн 86.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэйг дурдуулах... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Д.Б:

...Цаашид хамрын хагалгаанд орно эмчилгээний зардлаа нэхэмжилж байна, гомдолтой байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Л.Б:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Л.Б гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггү бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Л.Бт холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Шүүгдэгч Л.Б хохирогч Д.Быг цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Наранхүү:

...Шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгуулийн ялын 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Д.Б:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Л.Б:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгч Л.Бт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг  сая/ төгрөгийн торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгч Л.Бт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,   

 шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

 оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

 Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүгдэгч Л.Бын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Ббиед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун дагз, зүүн зулайд цус харвалт, хамарт зулгаралт, хамар, баруун нүдний зовхи, зүүн чихэнд зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бэрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нийт 86.000 /наян зургаан мянга/ төгрөгийг нэхэмжилсэн ба энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан байна.

Хохирогч Д.Б шүүх хуралдаанд эмчилгээний зардал 86.000 /наян зургаан мянга/ төгрөгийг нэхэмжилснийг шүүх шүүгдэгч Л.Баас гаргуулж, хохирогч Д.Бад олгож,

харин хохирогч Д.Ббаримтгүй нэхэмжилсэн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх зүйтэй гэж үзсэн.

 

Эрүүгийн Л.Б дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.   

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг                 хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,    36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Б“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Л.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг  мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.Бт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн Л.Б дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ___, Л.Баас нийт 86.000 /наян зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ___ дугаартай регистртэй, Д.Б олгосугай.

 

7. Хохирогч ДП96120211 дугаартай регистртэй, Урианхай овгийн Доржгаравын Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН