| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00509/И |
| Дугаар | 00503 |
| Огноо | 2019-10-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 00503
| 2019 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 153/ШШ2019/00503 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, 8 дугаар баг, Нарангийн 22-.. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, С овогт Ц-ын Дгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1968 онд төрсөн. Ховд аймгийн Манхан сумын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж сурч байгаад ар гэрийн гачигдлаар сургуулиас гарсан. Сургуулиас гарчихаад эхдээ туслах зорилгоор ажил эрхэлж эхэлсэн. Тухайн үед 1991 онд баталсан Хөдөлмөрийн хууль үйлчилдэг байсан ба 1991 оны Хөдөлмөрийн хуулийн 85 дугаар зүйлийн 2-д 15 насанд хүрсэн хүмүүсийг эрүүл мэнд, бие бялдрын хэвийн өсөлт, ёс суртахуунд нь муугаар нөлөөлөхгүй ажилд эцэг, эх буюу тэднийг төлөөлөх хүний зөвшөөрөлтэйгээр авч ажиллуулж болно гэж заасны дагуу эхийнхээ зөвшөөрлөөр Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэгдсэн конторын цэвэрлэгчээр ажиллаж эхэлсэн. Би мэргэжилгүй тул нэгдсэн конторын цэвэрлэгчээр тасралтгүй нэгдэл тартал ажилласан. 1983-1992 оныг дуустал ажиллах хугацаанд ямар нэгэн байдлаар чөлөө авч байгаагүй. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас баримт хайж үзэхэд 1983 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 10 хоног эмнэлэгт хэвтэх хугацаанд миний оронд түр томилсон тушаал л олдож байна. Гэтэл ажилд орсон тушаал болон ажлаас гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул миний бие хохирч, тэтгэвэрт гарч чадахгүй хэмжээнд хүрч байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Мөн миний бие нь Панцас ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Панцас ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад бие өвдөөд аргагүйн эрхэнд ажлаасаа гарсан. Ажлаасаа гарахдаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн үгүйг шалгаж үзээгүй бөгөөд тэтгэвэрт гарах нас болоод хөөцөлдөж үзэхэд 2015 оны 5 дугаар сараас 8 дугаар сарыг дуустал, 2016 оны 6 дугаар сард л нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Үүнээс болоод бас тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Ц.Д намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэгдсэн конторын цэвэрлэгчээр, Панцас ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн нэгдсэн конторт цэвэрлэгчээр, 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Панцас ХХК-д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэлтийн шаардлагаа өөрчилсөн байна.
Хүсэлт гаргагч Ц.Д нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн нэгдсэн конторт цэвэрлэгчээр, 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Панцас ХХК-д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Д нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн нэгдсэн конторт цэвэрлэгчээр, 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Панцас ХХК-д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 31 дүгээр худаг ажиллуулах тухай тушаалын хуулбар,
Панцас ХХК-ийн захиралын Ц.Дг ажилд томилох тухай тушаал,
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа,
Нийгмийн даатгалын Ерөнхий газар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Дгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ... нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүний өмгөөлөгчийн оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Ц.Д нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сумалдай овогт Цэнджавын Дг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн нэгдсэн конторт цэвэрлэгчээр, 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Панцас ХХК-д үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д ааснаар Ц.Д улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ