Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/449

 

 

 

 

 

 

     2023          04          27                                  2023/ШЦТ/449

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

улсын яллагч Г.Баярмаа,

хохирогч “Т.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар,

гэрч Г.Э,

шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Ж.Давааням нарыг оролцуулан эрүүгийн 2209016211250 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М овогт Э У /регистрийн дугаар .............../, 19** оны 11 дүгээр сарын **-ны өдөр Б аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, аав ээжийн хамт Б дүүргийн 1 дүгээр хороо, Х/Ө 2, Эн гудамж, ** дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, **дүгээр байрны * тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

            

          Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

          Э.У нь Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” ломбардад тооцооны ажилтнаар ажиллахдаа үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 28-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн хооронд нэр бүхий харилцагч буюу иргэн Г.Т, Д.М, Л.П нарын зээлийн мэдээллийг ашиглаж, бүртгэлийн программд тэдний нэр дээр нэмэлт зээл авсан бүртгэл, хүү, үндсэн зээл төлсөн бүртгэлийг хийх, тэдний мэдээллийг засварлах зэргээр албан тушаалын байдлаа ашиглаж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох касс дахь бэлэн 63.622.114 төгрөгийг зарцуулах эрхгүй этгээд болохоо мэдсээр байж хувьдаа авч зарцуулж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Э.У үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.У нь Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” ломбардад тооцооны ажилтнаар ажиллахдаа үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 28-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн хооронд нэр бүхий харилцагч буюу иргэн Г.Т, Д.М, Л.П нарын зээлийн мэдээллийг ашиглаж, бүртгэлийн программд тэдний нэр дээр нэмэлт зээл авсан бүртгэл, хүү, үндсэн зээл төлсөн бүртгэлийг хийх, тэдний мэдээллийг засварлах зэргээр албан тушаалын байдлаа ашиглаж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох касс дахь бэлэн 63.622.114 төгрөгийг зарцуулах эрхгүй этгээд болохоо мэдсээр байж хувьдаа авч зарцуулж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.У бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн үйл баримт нь:

Шүүгдэгч Э.У нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Миний бие “Т/Б кредит” БСББ-д ажиллаж байхдаа бусдад их хэмжээний хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Энэ үйлдлээсээ болж бусдыг болон ар гэрээ сэтгэлээр унагасан. н.П, н.М гэдэг хүмүүсийн зээл дээр нэмэлт зээл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хэрэгт үлдэгдэл сар болон нэмэлт зээлийн талаар нарийн тогтоолгохоор 6 сараас хойш хүсэлт гаргасан ч хангаагүй. Мөн байгууллагын камерын бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан ч хангахгүй байсаар 10 дугаар сард үзлэг хийхэд “камерын бичлэг устсан байна” гэж хэлсэн. Устаагүй үлдсэн сарын бичлэгт үзлэг хийсэн ч хэрэгт ач холбогдол бүхий шаардлагатай зүйл олдоогүй гэсэн. Би 11 сараас хойш н.П гэх хүний зээл дээр нэмэлт хийгээгүй тул үүнийг шалгуулах хүсэлтэй байгаа. Би хохирлын хэмжээн дээр маргаж байгаа. Мөн надад хилийн хориг тавьсан. Намайг зугтах гэж байгаа болон амиа хорлох гэж байна гэж худал хэлсэн. Манай гэрийн ойр хавиар компанийн ажилчид байнга яваад байхаар нь “би хэцүү байна” гэснээр зугтах, амиа хорлох талаар бодож байгаагүй. Мөн “Кореа эйр” БСББ-с пилет захиалсан мэт хавтаст хэрэгт намайг буруу ойлгуулах баримт байгаа  учир энэ талаар тайлбар хэлж байна. Бусдаар өөр маргах зүйл байхгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирогч байгууллагын ажилтнуудын мэдүүлэг дээр үндэслэж тухайн хэргийг нотлоогүй байж 63.622.110 төгрөгийг завшсан гэж буруутгаж байгаад би гомдолтой байна. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт С ломбардын 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл зарим өдрүүдийн дүрс бичлэг бүхий зөөврийн диск гарган өгсөн хохирогч байгууллагын ажилтан нь хэрэг шалгах шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг санаатайгаар устгасан нуусан гэж үзээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар ажиллагаа хийгээгүй миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэхдээ хохирлын тооцоог хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирлын хэмжээг бодитоор тогтоолгомоор байна...” гэх мэдүүлэг /xx-ийн 6/,

 

хохирогч “Т/Б кредит” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Миний ярих зүйлсийг прокурор яллах дүгнэлт дээр дэлгэрэнгүй уншиж танилцууллаа. Э.У нь 27 удаагийн үйлдлээр 63.622.110 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Үүнээс үндсэн зээлэнд 5.455.850 төгрөг, хүүнд 9.437.960 төгрөг нийт 14.892.910 төгрөгийг төлсөн. Одоо бодит хохирол 48.729.204 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс хойш хэрэг прокурор, шүүхэд шилжсэнээс хойш одоог хүртэл нийт 16 удаагийн гүйлгээгээр 11.150.000 төгрөгийг “Тайган булаг кредит” БСББ-ын дансанд шилжүүлж, өнөөдрийн байдлаар 37.579.204 төгрөгийн бодит хохиролтой байна. Үүнийг нэхэмжилж, оролцож байна...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай компаниас Л.П гэх хүн 2016 оны 03 д .-аар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлж 0201395 дугаартай зээлийн гэрээ байгуулж хугацаагүй зээл авсан юм.Одоогийн байдлаар төлж дуусаагүй бөгөөд хэд хэдэн удаа сунгалт хийсэн мэдээлэл нь санд орсон байсан юм.Энэ -алаар манай байгууллагын аудитор нараас Л.П гэх хүнээс нэмж зээл манай байгууллагаас хэд хэдэн удаа авсан эсэх талаар тодруулахад анх 2.000.000 төгрөгийн зээл авснаас хойш дахиж нэмж зээл аваагүй талаар хэлсэн байдаг юм. Байгууллагын зээлийн программд 18 удаагийн нэмж зээл авсан нь бүртгэгдсэн байсан, энэ нь 2020 оны 12 сарын 19-ний өдөр 1.600.000 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2.450.000, 2021 оны 02 сарын 26-ны өдөр 6.000.000, 2021 оны 3 сарын 18-ны өдөр 1.000.000, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2.400.000, 2021 оны 5 дугаар сарын 24ний өдөр 250.000, 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 3.500.000, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1.400.000, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 7.600.000, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 4.000.000, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 7.500.005 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 489.108 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 4.350.000, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1.400.000, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 4.500.000, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 6.200.001, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 3.500.000, 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3.700.000 төгрөг ингээд нийтдээ 18 удаагийн нэмэлт зээл бичиж 61.839.114 төгрөгийг хувьдаа авсан үүнээс байгууллагад эргэн төлсөн нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4.050.000, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 78.740, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 75.437, 2022 оны 34 дүгээр сарын 05-ны өдөр 99.351 төгрөг буюу нийт 4 удаагийн төлөлтөөр 4.303.528 төгрөг төлсөн. Үүний дараагаар Д.М гэх иргэн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн “Тоёота пассо” маркийн **-** УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 800,000 төгрөг авсан байхад зээл дээр нь дахин нэмж 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 250.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 200,000 төгрөг 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, 300.000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 150,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 83,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөг буюу нийтдээ 8 удаагийн үйлдлээр 1 сая 533 мянган төгрөг хувьдаа завшиж авсан.Үүнээс эргэн төлөлт хийсэн 2021 оны 08 дугаар зарын 14-ний өдөр 300,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 250,000 төгрөг 2022 оны оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөг буюу 5 удаагийн гүйлгээгээр 1.350.000 төгрөгийг төлсөн байна. Уг гэмт хэргийн талаар хамгийн анх Г.Т гэх иргэн гомдол гаргаж мэдээлэл егснөөр манай байгууллагаас хяналт шалгалт явуулж тогтоосон юм. Тө гэх иргэн нь 2 сая төгрөгийн зээл авч 1 сая төгрөгийг төлж барагдуулан үлдэгдэл 1 сая төгрөгийг хүүгийн ;эмт төлж дуусгахаар компанийн салбарын зээлийн ажилтан руу утсаар холбогдож тодруулахад нэмэлтээр 250,000 төгрөг авч 1,3 сая төгрөгөөр хаагдахаар байгаа талаар хэлсэн. Гэтэл Тө нь “би нэмж зээл аваагүй ямар учиртай манай зээл дээр нэмэгдсэн -алаар шалгаж өгнө үү” гэж гомдол гаргасан ингээд Э.У нь зээлдэгч Тө холбогдож “салбарын ажилтан буруу тооцоолж хэлсэн байна та 1.061.500 төгрөг төлөөд зээлийг хаах боломжтой” гэж өөрийн үйлдлээ нууж зээлдэгчээс 1.061.000 төгрөгийг дансаар хүлээн авч Э.У нь салбарын кассаас 271.000 төгрөгийг бэлнээр баримтгүй авч Тө гэх хүний зээл дээр нэмж уг зээлийг хаасан байдаг юм. Энэ тухай мэдээллийн дагуу тооллогын хяналтын ажилтан Цэ /85******/, Ө /94******/ нараас Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо рашааны *** тоотод байрлах “С” ломбардын салбар дээр бэлэн мөнгөний тооллого хийхэд 271.000 төгрөг баримтгүй гарч дутсан байсан ом Ингээд тооллогын ажилтан нараас Э.У “ямар шалтгааны улмаас кассаас баримтгүй мөнгө гарсан юм бэ” гэж асуухад “надад мөнгөний хэрэг гараад уг хүний зээлснээр нь нэмж 250,000 төгрөгийн зээл үүсгэж хувьдаа ашигласан юм миний буруу би удахгүй мөнгөтэй болохоороо кассын мөнгийг нөхөөд хийе” гэж хэлсэн байдаг юм. Ингээд манай аудитор нараас шалгалт хийхэд нэмж Пү, М гэх хоёр зээлдэгч дээр нэмж зээл үүсгэж дээрх мөнгийг авсан байсан юм. Тухайн үед манай байгууллагаас нэмэлтээр зээл авах үед нарийн цагаан хуудсан дээр гэрээний нэмэлт ордог бөгөөд тухайн хүмүүсийн зээлдэгч нар гарын үсэг зурж баталгаажуулдаг бөгөөд дээрх иргэд бүгд сунгалтын хуудасгүй байсан юм. Мөн зээлдэгч нар анхны зээл авахдаа бүртгүүлсэн утсанд нэмж зээл авсан зээлийн хэмжээ, хүү зэргийн мэдээлэл мессеж хэлбэрээр очдог бөгөөд гэтэл Э.У нь өөрийн гэм буруутай үйлдлийг нуухын тулд Л.П гэх Иргэний 99****** дугаартай утасны зээлийг устгаж оронд нь 93****** гэх хуурамч дугаарын бүртгэж зээлдэгчид мэдээлэл очихоос төөрөгдөлд оруулсан байсан. ...мөнгийг бэлнээр авсан. Дансаар авах тохиолдолд төв салбараас тухайн иргэний данс руу хийдэг өөр хүний данс руу шилжүүлэх боломж байхгүй ийм учир Э.У нь дансаар мөнгө авах боломжгүй.Нэмэлт хийх эрх нь салбар болгоны тооцооны ажилтан нар тухайн зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээнээс хамаарч нэмж зээл олгох эрхтэй байдаг.Уг эрхийг төв салбараас аудиторууд хянаж шалгадаг юм.Манай компанид 20 гаран мянган харилцагчийн зээлийн гэрээ тооцоо байдаг ийм учир хүн болгоны гэрээг нэг бүрчлэн хянах боломж хомс байдаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-31/,

 

гэрч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Э.У хийсэн үйлдэл гүйлгээний байдал нь дандаа бэлэн гарсан байдаг. Цахим гүйлгээг өдөр бүр бүгд бүртгэгдэж, хяналт хийгддэг. Албан тушаалын давуу байдлаа ашиглаж, бэлэн мөнгөөр зээл нэмж авсан үйлдлүүд байдаг. Энэ нь нягтлан бодох бүртгэх бүртгэл, кассын бүртгэл дээр таардаг байсан. Тухайн салбарт Э.У өөр хүн нэмэлт зээл гаргах боломжгүй. Яагаад гэвэл тухайн салбарт 2 хүн ажилладаг. Нэг нь зээлийн гэрээ бичдэг нөгөөх нь гүйлгээ хийдэг. Нэмэлт зээлийг Э.У тооцооны ажилтан гэх ажлын байранд тухайн үйлчлүүлэгч ирж хүсэлт гаргаад бэлэн авах боломжтой байдаг.  Эдийн засагчаас хараат бусаар зээлдэгч ирээд хүсэлт гаргахад мөнгө гаргах боломжтой. Энэ зээлүүд нь программд бүртгэгддэг. Э.У хувьд гүйлгээний программд бүртгэсэн ч цаасан хэлбэрээр байгаагүй. Мөн энэ үйлдлийг Э.У өөр хүн ашиглах боломжгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 16-ны орой 17 цагийн үед лавлах төвд ирсэн гомдлын дагуу удирдлагаас чиглэл авч тухайн салбарт гарсан зээлийн материал шалгах үүрэг авсан. Тус үүргийн дагуу 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тус салбарт гарсан зээлүүд дээр нэмэлт зээл авсан байдал дээр программ дээр шалгалт хийсэн. Шалгалтын дагуу манай компанид ажилладаг авто 2-р салбарын тооцооны ажилтан Э.У холбоотой албан тушаалаа ашигласан зөрчил илэрсэн...тооцооны ажилтан гэж компанийн тусгай эрхтэй, зээл олгох зээлийн гүйлгээ хийх, зээл хаах, харилцагчийн мэдээлэл харах, харилцагчийн мэдээллийг үнэн зөвөөр бүртгэх зэрэг компанийн эрх бүхий этгээдүүд ажиглах эрхтэй, касс дахь бэлэн мөнгө хүлээж авах албан тушаал байдаг...2020 оны 12 дугаар сарын 28-аас эхэлж 60 гаруй сая төгрөг авсан байна. ...Программын эрхээр Э.У холбоотой хийгдсэн нэмэлт зээл олгох гүйлгээг шалгахад илэрсэн. ...программын мэдээллийг уг 2-р салбар дээр Ө.У өөр хүн өөрчлөх эрхгүй байдаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

 

Гэрч Ө.Б “...Манай байгууллагын ахлах аудитор Г.Э гэх хүн намайг өрөөндөө дуудаад Ун компаниас 60.000.000 орчим төгрөг завшсан үйлдэл тогтоогдож байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аудиторын бэлдсэн тайлан баримтыг харахад тодорхой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

 

Гэрч С.Ц “...би бүх салбарт бэлэн мөнгө болон барьцаа эд зүйлийн тооллогод хяналт тавьж ажилладаг. Би хамт ажилладаг Б.Ө хамт 2022 оны 06 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “С” ломбардад хяналтын тооллого хийхээр очсон. Тэгээд бэлэн мөнгө болон барьцааны тооллого хийхэд 270.000 төгрөг дутаж байсан...тэгээд бэлэн мөнгөнөөс чинь 270.000 төгрөг дутаж байна гэхэд Э.У нь “би авчихсан юмаа” гэж бид хоёрт хэлсэн. Тэгээд энэ тухай бид хоёр төв рүүгээ мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Г “...би арван хэдэн тооцооны ажилтныхаа буруу зөрүү оруулсан мэдээллийг нь засварладаг Э.У нэмэлтээр гаргасан зээлд би ямар нэгэн засвар оруулж байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Ө “...би хамт ажилладаг С.Ц хамт 2022 оны 06 сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “С” ломбардад хяналтын тооллого хийхээр очсон. Уг салбарын мөнгийг ганцхан У хариуцдаг. Тэгээд бэлэн мөнгө болон барьцааны тооллого хийхэд бэлэн мөнгөнөөс 270.000 төгрөг дутаж байсан. Энэ тухай төв рүүгээ мэдэгдсэн. Тэгээд төвөөс дотоод аудит ирж шалгахад их хэмжээний мөнгийг программ дээрээ нэмэлт хийгээд аваад байсан нь илэрсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 65 дугаар хуудас/,

 

Гэрч Д.М “...2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байх би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах “С” ломбардад **-** УНН улсын дугаартай “Фасо” маркийн автомашиныг барьцаанд үлдээгээд 800,000 төгрөгийн зээл авсан. Би сар бүр хүүгийн мөнгө гэж 24,000 төгрөг төлөөд зогсоолын мөнгө гэж өдрийн 1000 төгрөг сард 30.000 төгрөг төлдөг байсан. Би уг зээл авсан мөнгөнөөс 2021 оны 06 дугаар сард 100,000 төгрөг буцаан төлсөн тэрнээс хойш нэмэлтээр мөнгө авсан зүйл байхгүй би сар бүр хүүгийн төлөөд байж байгаа. Одоо 700,000 төгрөгийн үлдэгдэл байгаа.би зээлийн материалаа хаана байгааг сайн мэдэхгүй байна. Би зээлээ эхэлж авахдаа очиж гэрээ байгуулж аваад тэрнээс хойш хүү болон 100,000 төгрөгийн онлайнаар хийсэн зарим саруудад хүү төлөхөөр мессеж нь ирэхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 67 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Э “...П нь 2011 оны орчим 2 сая төгрөгийн зээл авч байгаад зээлээ 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлсөн. Энэ хүн 2 сая төгрөгөөс өөр мөнгө төгрөг зээлж байгаагүй. Анх зээл авахдаа зээлийн гэрээ хийгээгүй, ямар нэгэн материал бүрдүүлэлгүйгээр л бэлэн мөнгө өгч байсан юм...У л энэ мөнгийг авсан байдаг, дандаа бэлэн авсан байна лээ...Э.У хувьд бэлэн мөнгөний тооцооны ажилтан бөгөөд тооцоонд оролцохгүй харин мэдээллийн санд нэвтрэх эрхтэй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 69-70 дугаар хуудас/,

 

Гэрч Л.П “...Э.У гэх хүнийг танихгүй харж, уулзаж байгаагүй, харин би “Т/Б” ХХК-ний захирал М нь миний эхнэр О хүргэн ахынх нь хүргэн нь байгаа юм. Тэгээд би 2012 оны намар байх малын тэжээл авах хэрэг болоод мөнгөгүй байсан Учир М рүү утсаар ярьж гуйсан тэгээд М зааж өгснөөр Сүхбаатар Дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр 17- ын автобусны буудал дээр байх "С" барьцаалан зээлдүүлэх газар очсон, тэгээд цахим үнэмлэхээ үзүүлээд ямар нэгэн барьцаагүй 2.000.000 төгрөгийн зээл авсан мөнгийг бэлнээр авсан тэгээд тэр цагаас хойш сар бүр төлбөр төлөх ёстой байсан ч боломж бололцоо байхгүй учир өгөхгүй үлдэгдэлтэй байгаад байсан. Тэгээд энэ оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2.170.500 төгрөгийг гэр бүлийн хамаарал бүхий Б.О 50******* дугаарын данснаас “Т/Б” ХХК-ий 51******** дугаарын дансанд шилжүүлэн өгч зээлээ дуусгасан. М төрөл садан учир ямар нэгэн зээлийн гэрээ хийгээгүй, ямар нэгэн бичиг баримт бүрдүүлээгүй. Өөр ямар нэгэн байдлаар зээл авч байсан удаа байхгүй ...би дээрх зээлийг бол огт аваагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 72-73 дугаар хуудас/,

 

Гэрч Н.М “...тооцооны ажилтан гэдэг нь орлого, зарлагын гүйлгээ хийх эрхтэй салбараа хариуцсан, бусдын эд зүйлийг хадгалах хамгаалах үүрэгтэй ажил эрхэлдэг бөгөөд тооцооны ажилтан бүр өөр өөрсдийн эрхээр байгууллагын дотоод программд хандаж гүйлгээ бичдэг ба орлого , зарлага, сунгалт, нэмэлт бүхий л мэдээллийг хариуцан бие дааж оруулах ажил хийдэг эрхтэй, тооцооны ажилтны эрхээр өөр хэн нэгэн гаднаас нэвтрэх боломж байхгүй, тооцооны ажилтан өөрийн нэрээр өөрийн ажлын байрнаас өөрийн нэвтрэх нэр нууц дугаарыг ашиглан орох эрхтэй байгаа. Э.У хувьд нууц дугаарыг өөрөөс нь өөр хэн нэгэн мэдэхгүй, салбар хариуцсан нягтлан гэх албан тушаал байхгүй, тооцооны ажилтан кассын бэлэн мөнгийг өөрөө бүрэн хариуцдаг юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 77-78 дугаар хуудас/,

 

“ТБ Ав” ХХК-ийн захирлын Э.У үйлчилгээний хэлтэст тооцооны ажилтнаар томилсон тушаал /хх-ийн 45/, 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 137-138/,

Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /1хх-ийн 137-138/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.У нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” ломбардад тооцооны ажилтнаар ажиллахдаа үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 28-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн хооронд нэр бүхий харилцагч буюу иргэн Г.Т, Д.М, Л.П нарын зээлийн мэдээллийг ашиглаж, бүртгэлийн программд тэдний нэр дээр нэмэлт зээл авсан бүртгэл, хүү, үндсэн зээл төлсөн бүртгэлийг хийх, тэдний мэдээллийг засварлах зэргээр албан тушаалын байдлаа ашиглаж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох касс дахь бэлэн 63.622.114 төгрөгийг зарцуулах эрхгүй этгээд болохоо мэдсээр байж хувьдаа авч зарцуулан, их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.У дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Э.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлынхоо зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгох ялыг 6 / зургаа / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Э.У дээрх үйлдлийн улмаас хохирогч “Т/Б кредит” ББСБ-д 63.622.114 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс дээрх хохирлоос 26.042.910 төгрөгийг байх тул үлдэх 37.579.204 төгрөгийн хохирлыг Э.У гаргуулж хохирогч “Т/Б кредит” ББСБ-д олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч М овогт Э.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван тав сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.У оногдуулсан 15.000.000 /арван тав сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У 37.579.204 төгрөгийг гаргуулж хохирогч “Т/Б кредит” ББСБ-д олгосугай.

 

            6.Шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.У урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ун урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР