Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 00522

 

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2019/00522

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан баг ... тоотод оршин суух,  ... дугаарын регистртэй, Дамаа овогт М-ын Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 5а-.. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Алаг адуут овогт Ц-ийн Од холбогдох Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Б нь 2011 онд Ц.Отай танилцаж улмаар 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 277 тоотоор баталгаажуулж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүү Б.Эрхэс төрсөн. Бидний дунд гэр бүлийн таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны эхээр салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хүү болох Б.Эрхэс миний халамжид байгаа. Одоо бид тусдаа амьдарч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Ц.О болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямсүрэн нар нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие М.Бтой 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү Эрхэс төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийн цуцалж өгнө үү. Хүү Б.Эрхэс төрсөн цагаасаа хойш аавынхаа хайр халамжид өсч хүмүүжиж байна. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ц.Од холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Ц.О нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэх тайлбарыг ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан байна. Иймд хариуцагчийг оролцуулахгүйгээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан шүүх хуралдааныг явуулав.

Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Ц.Од нар нь 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болж, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нь 0226629 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон зохигчдын тайлбараар, 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Эрхэс төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан 0000887455 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Ц.О нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод гэрлэгчид олон жил тусдаа амьдарч байгаа, зохигчид Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамж, хүүхдийн өөрийнх нь санал зэргийг харгалзан 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Эрхэсийг эцэг М.Бын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 26 дугаар зүйлийн 26.2-т ...хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, 26 дугаар зүйлийн 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасны дагуу эх Ц.О нь 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Эрхэсийг эцэг М.Бын асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Эрхэстэй уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Ц.О, эцэг М.Б нарын зүгээс саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэв.

Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бод олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Дамаа овогт Магсарын Б, Алаг адуут овогт Цагаанцоожийн О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Эрхэсийг эцэг М.Бын асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26 дугаар зүйлийн 26.4, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эх Ц.О нь 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Эрхэсийг эцэг М.Бын асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Эх Ц.О нь 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Эрхэстэй уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг М.Бын зүгээс саад учруулахгүй байхыг даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бод олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ