Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/465

 

 

 

 

 

 

 

    2023         05          03                                       2023/ШЦТ/465

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Б.Сарантуяа,

хохирогч Х.Б, түүний өмгөөлөгч О.С,

шүүгдэгч Х.К нарыг оролцуулан эрүүгийн 2209008640543 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Ш овогт Х.К /регистрийн дугаар БЮ*********/, 19** оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Ө аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, Н ХХК-д инженер ажилтай, ам бүл 4 эгч, ээж,  дүүгийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн * дугаар хороо * дугаар хороолол **-** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй,

урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай.  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Х.К нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Х.Б “би танай хүүхдийг 23 дугаар сургууль руу шилжүүлж өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 9.500.000 төгрөгийг өөрийн худалдаа хөгжлийн банкны 820001443 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Х.К үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Х.К нь  2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Х.Б “би танай хүүхдийг 23 дугаар сургууль руу шилжүүлж өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 9.500.000 төгрөгийг өөрийн худалдаа хөгжлийн банкны 82****** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.К дээрх хохирогч Х.Б бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.К мэдүүлсэн: “...Би хохирогчоос 9.500.000 төгрөг авсан үнэн. Тухайн мөнгөөрөө койн худалдан аваад алдсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манай ээж сүүлийн 8-9 сарын хугацаанд хүнд өвчтэй байгаа. Би сард 1.500.000 төгрөгийн цалин авдаг бөгөөд цалин хөлс маань ээжийн эмчилгээнд зарцуулагдаж байгаа учир хохирол төлөх боломжгүй байсан... гэв.

шүүгдэгч Х.К мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Ба шилжүүлэн авсан 9.500.000 төгрөгөөр Луна, Ай эйч Си гэх 2 койныг 10.000.000 төгрөгөөр худалдан авсан боловч амжилт олоогүй мөнгөө алдсан. Тэр үед Ба найз Б 8.000.000 төгрөгөөс үлдсэн 6.000.000 төгрөгийг бит бооцоо тавьж мөн адил алдсан...” гэх мэдүүлэг /xx-ийн 46-47/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Б мэдүүлсэн: “...Шүүгдэгч манай хүүхдийг сургуульд оруулж өгнө гэж хэлээд надаас мөнгө авсан. Түүнээс хойш холбоо барихаар цагаан сарын даараа, эсхүл хэдэн сарын дараа гэсэн шалтаг хэлж хойшлуулж байгаад сүүлдээ утсаа авахаа больсон. Шүүгдэгч  хэрэг гарснаас хойш ямар нэгэн байдлаар хохирол төлөх талаар надтай уулзаж, ярилцаагүй. Өмнөх гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөөгүй учир миний хохирлыг барагдуулах эсэх нь эргэлзээтэй байна... гэв.

хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 03 сарын 16-ны өдөр  гэх хүний Худалдаа хөгжлийн банкны 41******* мобайл банк ашиглан Х.К данс руу 9.500.000 төгрөгийг Батбаатараас гэх гүйлгээний утгатай шилжүүлж сарын дотор манай хүүхдийг Нийслэлийн 23 дугаар сургуульд оруулж өгнө гэсэн боловч одоог хүртэл ямар нэгэн холбоогүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

 

гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 23 дугаар сургуульд 2019 оноос хойш хөгжлийн багшаар ажиллаж байна. Би ажиллаж байх хугацаандаа тус сургуульд өөрийн хамаатан садан, ах дүү нарын хүүхдийг оруулж байсан удаа байхгүй. Би Ка гэх залууг танихгүй бөгөөд ямар ч төлбөр шан харамж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Хаан банкны дансны хуулга /хх-ийн 65-140/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Х.Ка нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Х.Ба “би танай хүүхдийг 23 дугаар сургууль руу шилжүүлж өгч чадна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 9.500.000 төгрөгийг өөрийн худалдаа хөгжлийн банкны 820001443 дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Х.Ка эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Мөн шүүгдэгч Х.К өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлмэн байх бөгөөд тэрээр уг ялаас 73 цагийн ажлыг биеэр эдэлж, 647 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй байна.

Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.К энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 647 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож 80 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх 6 сар 80 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, түүний эдлэх хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлаар:

            Шүүгдэгч Х.К дээрх гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б 9.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй байх тул шүүгдэгчээс 9.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б олгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш овогт Х.К Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 647 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож буюу 80 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх 6 сар 80 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К оногдуулсан 6 /зургаа/ сар 80 /ная/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус  дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.К 9.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б (РД:ЙЭ**********)-т олгосугай.

 

7.Шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.К урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.К урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР