| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2023/0085/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/492 |
| Огноо | 2023-05-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/492
2023 05 10 2023/ШЦТ/492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхтуул,
улсын яллагч С.Болорзул,
хохирогч Г.М,
шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан эрүүгийн 2209020862210 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Бэрсүүд овогт Б. Ц, /регистрийн дугаар НЮ********/, 19** оны 8 дугаар сарын 13-ны өдөр Төв аймагт төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Хайрханы *-*** тоотод бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн майхан толгойн шар хоолой гэх газарт түр оршин суух,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 575 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагнал, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Б.Ц нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Бага баян амралтын эрээн үзүүр гэх газарт барьсан байсан хохирогч Г.М эзэмшлийн их 4 ханатай 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий монгол гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдэж хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Ц үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, “Да” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн оролцогч нараас мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Б/Б амралтын эрээн үзүүр гэх газарт барьсан байсан хохирогч Г.М эзэмшлийн их 4 ханатай 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий монгол гэрийг машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэж хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц дээрх хохирогч Г.М эзэмшлийн их 4 ханатай 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий монгол гэрийг машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Шүүгдэгч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Би хохирогчийн гэрийг хулгайлж аваагүй. Манай өвөөд зарсан. Би хохирогчид 5 шил архи, хөргөгч болон 100.000 төгрөг өгсөн. Өвөл 12 дугаар сард түлхүүрийг нь авч гэрт нь өвөлжсөн. Ингээд хавар 4 дүгээр сард гэрийг зарсан...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би одоогоос 1 жилийн өмнө Д.Т гэх хүнтэй хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Бага баяны задгай тоотод амьдарч байсан, би түүнийг 6-7 жилийн өмнөөс таньдаг болсон, бид хоёр 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 3 билүү 4 дүгээр сар хүртэлх хугацаанд хамт амьдарсан. 2022 оны 4 дүгээр сарын сүүлээр хүн зодоод нөгөө хүн нь нас барсан хэргээр Д.Т хорих 461 дүгээр хорих ангид хоригдсон. хоригдож байгаад саяхан суллагдаж гарч ирсэн байх гэж бодож байна. 2022 оны 04 дүгээр сард 7 буудал орчим танихгүй настай хүнтэй таараад тэр хүнд Монгол гэрээ зарна гээд зарахаар болж танихгүй портерын жолоочийг гуйж байгаад Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо Б/ задгай тоотоос гэрээ ачуулаад өндөр настай эрэгтэй хүнд 200.000 төгрөгөөр зарсан юм. Түүнээс 50.000 төгрөгийг нь гэр ачиж өгсөн танихгүй портер машины жолоочид өгсөн юм. Харин 150.000 төгрөгөөр хоол унд авч идээд, хувцас авч өмсөөд дуусгасан юм. Гэрийг нь ачиж явуулчхаад доторх эд зүйлсийг нь тэнд нь үлдээсэн, заримыг нь гал түлээд дуусгачихсан юм. Зарчхаад байгаа гэрийг би Д.Т гэр гэж бодож байсан юм. Би гэр зарсан хүнээ танихгүй, одоогийн байдлаар гэр хаана байгааг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /xx-ийн 37-38/,
хохирогч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Шүүгдэгч Б.Ц болон Т нар нийтийн байранд амьдарч байхдаа хөөгдөөд байдаг байсан. Ийм учраас би Т гэх хөгшнийг өрөвдөөд 12 дугаар сард “Ес” эхлэхээс өмнө өөрийн гэртээ байлгахаар түлхүүрээ хүлээлгэж өгсөн. Би сар бүр гэр орноо эргэж тойрдог. Д.Т “та манай гэрийг зарж үрэхгүй шүү. Хэрэв тэгвэл би тантай хатуу ярина шүү. Би танд аав шигээ хандаж, өрөвдөөд гэртээ байлгаж байгаа юм шүү” гэж хэлээд түлхүүрээ өгсөн. Мөн тэр хөгшинд миний хамтран амьдрагч 850.000 төгрөг өгч байсан. Би энэ хүнээс мөнгө аваагүй. Гэрээ тавилгатайгаа нөхөн төлүүлэх хүсэлттэй байна...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо Б/Б амралтын эрээн үзүүр гэх газарт анх 2011 оны 10 дугаар сарын гэр бүлийнхээ хамт нүүж очиж амьдарсан. Тэгээд би тэрнээс хойш тухайн газартаа амьдарч байгаад 2021 оны 10 дугаарт сард өөрийн танил Т гэх хүнд манай гэрийг харж байгаарай гээд тухайн хүнийг үлдээгээд би гэр бүлийнхээ хамт Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо Шар хоолой задгай тоотод дүүгийнхээ гэрт нь хамт амьдрах болсон. Тэгээд зуны 3 сардаа би өөрийнхөө гэртээ очиж амьдардаг байсан тэгэх үед манай гэрт Т нь хамтран амьдрагч Ц хамт амьдарч байсан. Хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр сарын ихээр өөрийнхөө гэрээ шалгах санаатай яваад очтол манай гэр байхгүй дотор талд нь байсан эд хогшлыг үлдээгээд яваад өгсөн байхаар нь цагдаад хандсан юм. Би алдсан гэрээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-19/,
гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Амьдарч байсан би Г.М Монгол гэрт 2021 оны 12 сараас хойш 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл амьдарч байсан үнэн тэгээд би хот руу ороод Чингэлтэй дүүргийн цагдаа эрүүлжүүлэхэд ороод надыг хүн амины хэргээр Хан-Уулын цагдаагаас эрэн сурвалжлагдаж байсан байна лээ тэгээд би баригдаад 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уулын цагдаагаас цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод байж байтал манай өмгөөлөгч Батчимэг улсын Өмгөөлөгч юм 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргаад надыг 461 дүгээр хороо байхад ирж уулзахдаа таны амьдарч байсан Монгол гэр чинь байхгүй болсон байна лээ гэж байсан. Би 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөнгөөс гарж ирээд гадуур айлаар явж байгаад Б.Ц гэх эмэгтэй надтай уулзахгүй зугтаад яваад байсан уул нь би Ц хамт тухайн Монгол гэрт хамт амьдарч байсан юм. Тэгээд 2022 оны 08 сарын дундуур Ц 7 буудлын эцэс дээр таараад би Монгол гэрийг яасан талаар асуухад Ц би зарчихсан юмаа гэдгээ хэлсэн тэгээд би юу гэсэн эзэнтэй л юм байна гэж бодсон тухайн үед Ц хүү М хамт явж байсан М Монгол гэрийг ээж зарсан гэж хэлсэн тэгээд би М гэрт очоод би танай Монгол гэрийг Ц зарсан гэж байна гээд очоод хэлэхэд тоохгүй чамаас авна нийслэлийн прокурор дээр гомдол гарсан байгаа гэсэн одоо би М гэрт байгаа надад зарж үрсэн зүйл байхгүй. Одоо хаана байгааг мэдэхгүй 7 буудал орчмоор явдаг гадуур гудамжаар явж байна очих газар байхгүй гэж тухайн үед хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
“Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 26-27/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Б/Б амралтын эрээн үзүүр гэх газарт барьсан байсан хохирогч Г.М эзэмшлийн их 4 ханатай 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий монгол гэрийг машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.М 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүгдэгч Б.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариулага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Ц дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.М 1.000.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс 1.000.000 төгрөг гаргуулж хохирогчид олгож,
мөн түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Д” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5.257.125 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт нийт 35 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бэрсүүд овогт Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Ц 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Цэ цагдан хоригдсон 35 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.М (РД:ХЛ********)-д олгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц 5.257.125 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
8.Шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Ц урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР