Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 00525

 

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2019/00525

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, Өгөөмөр багт оршин суух, ... дугаарын регистртэй, Чоно овогт Уийн Оийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

У.О нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1968 оны долдугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт Уртнасангийн том охин болж төрсөн. 1976 онд Мөнххайрхан сумын 8-н жилийн сургуульд нэгдүгээр ангид элсэн орж 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд ээжтэйгээ хамт мал маллаж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй мал маллаж байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч 1984 оноос 1989 оны хооронд ээжтэйгээ мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 70- р дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан болно. Иймд У.О намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т ...нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх гэж заасан байна.

Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч У.О нь 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч У.О нь 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 108 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын 1984 оноос 1985 он, 1987 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нээлгэсэн 01306221 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Иргэний улсын бүртгэлийн Ерөнхий газрын 0000505031 дугаартай лавлагаа, Улсын бүртгэлийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 210 дугаартай лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 357/005944 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,

Иргэн Ж.Ваазийн ...Хүсэлт гаргагч У.О нь 1968 онд төрсөн. Мөнххайрхан сумын Хаг багт 1980 оноос аав ээжийн хамт малчнаар ажиллаж байсан.1984 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр гарч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн ... гэх тодорхойлолт,

Иргэн Х.Хаймчигийн ...У.О нь 1968 онд төрсөн. 1984 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр гарч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан У.Оийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чоно овогт Уртнасангийн Оийг 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ