Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/493

 

  

 

 

 

 

     2023         05          10                                      2023/ШЦТ/493

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан эрүүгийн 2209015461354 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Ч.Б, /регистрийн дугаар ЧЖ*******/, 19.. оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Циркийн окрабатын багш, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар дүүргийн * дугаар хороо Их тойруу гудамж *** байр * тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Ч.Б нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Korea food” нэртэй хоолны газрын цонхны тавцан дээр байсан хохирогч М.П эзэмшлийн самсунг А12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 311.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос Ч.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, “Да” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, оролцогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Korea food” нэртэй хоолны газрын цонхны тавцан дээр байсан хохирогч М.Пү эзэмшлийн самсунг А12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 311.400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Б дээрх 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Korea food” нэртэй хоолны газрын цонхны тавцан дээр байсан хохирогч М.П эзэмшлийн самсунг А12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 311.400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн хоолны газраар огт ороогүй. Наад асуудал чинь намайг гүтгэж байна. Би гар утас аваагүй...” гэх мэдүүлэг /xx-ийн 67/,

 

хохирогч М.П мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Korea food” нэртэй хоолны газарт тогооч ажилтай бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн орчим хоолны газраа хаах гээд цэвэрлэгээ хийж байхад хэдэн хүн үйлчлүүлэхээр орж ирэхээр нь захиалга авахдаа цэвэрлэгээ хийж байсан хаалганы хажуу талын тавцан дээр өөрийн эзэмшлийн самсунг А12 маркийн гар утсаа үлдээснээ санаад очиж үзтэл алга болсон байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзтэл манай ойрхон сууж байдаг хөгшин эрэгтэй орж ирээд гар утсыг зүүн талын халаасандаа хийгээд гарч байсан. ...Тэгээд би тухайн хүнийг хайж олоод гар утсаа нэхтэл танихгүй хүнд зарчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14-16/,

“Да” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 26-27/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Korea food” нэртэй хоолны газрын цонхны тавцан дээр байсан хохирогч М.П эзэмшлийн самсунг А12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 311.400 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Шүүгдэгч Ч.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, түүний нас, эрүүл мэндийн байдал, хувийн бусад байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ түүнд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан болно.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ч.Б дээрх үйлдлийн улмаас хохирогч М.П 311.400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс 311.400 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгтээ нийт 31 хоног цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Б “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг тайлбарласугай. 

 

5.Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгтээ нийт 31 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б 311.400 төгрөгийг гаргуулж хохирогч М.П (РД:ОР********)-д олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ч.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР