| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 140/2017/0001/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2017-01-05 |
| Зүйл хэсэг | 151.1., |
| Улсын яллагч | Э.Ганутлга |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 01
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, Улсын яллагч Э.Гантулга, шүүгдэгч С.Буянбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Мандаат овогт Сэмбэнсүрэнгийн Буянбатад холбогдох 201613000169 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 28-нд өдөр Завхан аймгийн Алдархаан сумд төрсөн, 42 настай, халх, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Алдархаан сумын Богдын гол багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2012 онд Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж оногдуулсан ялыг 2 жилийн хугацагаар тэнсэн харгалзахаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Мандаат овогт Сэмбэнсүрэнгийн Буянбат. Регистрийн дугаар: /ИА74012812/
Шүүгдэгч С.Буянбат нь Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг Төгс гэх газраас иргэн Г.Болдбаатарын хониноос алдагдсан алдуул 30 тооны хонийг өөрийн хониндоо нийлүүлж завшсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг “Төгс” гэх газраас 2016 оны 11 дүгээр сарын 05-наас 10-ны өдрийн хооронд иргэн Г.Болдбаатарын 30 тооны хонь алдагдсан нь хохирогч Г.Болдбаатарын ”... 2016 оны 11 дүгээр сарын 04-нд манай мал бүрэн байсан. 11 сарын 10-нд сургуулийн хүүхэд орох гээд 4 хонь барьж авах үед манай малд байсан айлын тэмдэгтэй хонь байхгүй байсан. ...Би аймгийн төв орох болсон учраас эхнэртэй малаа захиад орхиод явсан. ...манайх 1541 толгой малтай... би малаа эрж хайж цагдаад бүртгүүлчихээд байж байтал цагдаа дуудаад Алдархаан сумын Буянбат малдаа манай малыг нийлүүлсэн байна гэж мэдээлсэн болохоор очоод Буянбатынд очоод үзтэл миний 25 хонь зүсээрээ байсан. Үлдсэн хониноос 1 нь дарагдаад үхчихсэн гэсэн, 4-ийг гаргаад идчихсэн гэж Буянбат хэлсэн...”гэсэн мэдүүлэг, гэрч Д.Сайханцэцэгийн “...Манайх 2016 оны намар Алдархаан сумын Төгс гэх газар байхад манай нөхөр Г.Болдбаатар малаа шүүж үзээд нэг хургатай хонь, айлын ногоон будагтай 4 хонь дутсан байна. Чи малаа сайн шүүж байгаарай гэж хэлээд аймгийн төв рүү сургуулийн хүүхэд хүргэж өгөх гээд явсан. Тэгээд би нөхрөө явсан хойгуур малаа шүүж үзтэл хонинд байсан хуц, айлын содон будагтай хонинууд байхгүй болсон байсан. Тэгээд Г.Болдбаатар ирээд малаа тоолж үзтэл 30 тооны хонь дутсан байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Дашдоржийн “...Г.Болдбаатар миний найз байгаа юм. Би энэ жил 20 тооны хонь, 20 тооны ямаа тэднийд үлдээсэн юм. 2016 оны 11 дүгээр сард намайг аймагт байж байтал Г.Болдбаатар би аймгийн төв дээр байна. Хониноос чинь дутсан байна гэж хэлэхээр нь хэдэн хонь дутсан байна гэхэд танайхаас 4 эм хонь, манайхаас 20 гаран нийт 30 тооны хонь алга. Тасарчихсан юм байх гэж яриад хоёр хоног эрэл хайгуул хийгээд олоогүй. Тэгээд байж байтал цагдаа нар утсаар залгаад танай малыг оллоо. Алдархаан сумын Бумбаа/С.Буянбат/ гэгч авсан байна гэж хэлсэн. Тэгээд хонио очоод авах гэхэд манай 4 тооны хонийг гаргаад идчихсэн байсан болохоор оронд нь би 4 хонь амьдаар нь аваад хохирлоо барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ.
Шүүгдэгч С.Буянбат нь дээрх алдагдсан мал буюу хэний мал нь мэдэгдэхгүй 30 тооны хонийг завшсан болох нь хохирогч Г.Болдбаатарын “... цагдаа дуудаад Алдархаан сумын Буянбат малдаа манай малыг нийлүүлсэн байна гэж мэдээлсэн болохоор очоод Буянбатынд очоод үзтэл миний 25 хонь зүсээрээ байсан. ...хониноос 1 нь дарагдаад үхчихсэн, 4-ийг гаргаад идчихсэн гэж Буянбат хэлсэн.. гэсэн мэдүүлэг, гэрч Б.Доржсэмбийн ”...2016 оны 11 дүгээр сарын эхээр манайх Алдархаан сумын Алдар багийн нутаг Төгс гэх газар байж байхад цас орсон юм. Тэгээд тэр өдөр нь би аавтайгаа чононд явж байгаад иртэл маргааш өглөө нь манай хонинд 30 тооны хонь нийлчихсэн байсан. Тэгээд манай хотонд 5,6 хоноход ямар нэгэн эзэнгүй сураг чимээ гарахгүй байсан юм. Тэгээд би аавд энэ юун мал юм бол гэхэд аав хүнээс авах ёстой мал байсан юм гээд Атлас маркийн цагаан өнгийн 37-16 ЗАН улсын дугаартай автомашин дээр ачаад 15 км орчим зайтай байх Цээеэ гэдэг айлд очих замд хар толгойтой эм хонь дарагдаад үхчихсэн байсан. Цээеэгийнд очиход манай хүргэн ах Доржсүрэн гэдэг хүн малыг нь харж байхаар нь айлаас наймааныхаа өртгөнд авсан юм. Хэд хоног танай хонинд хонио тавиад ойртож буухаараа авъя гэж аав хэлээд тэдний хонинд 29 тооны хонийг үлдээгээд үхсэн нэг хонио буцааж ачаад буцах замдаа Сайрын дөрөлжний урд ухсан шуудууны хажуухан хэсэгт хаячихаад харьсан юм. Тэгээд манайх өвөлжөөнийхөө хойд талд 2016 оны 11 дүгээр сарын 11-нд Бага Ямаатын Хар толгой гэдэг газар буугаад маргааш нь би морьтой явж Цээеэгийнд очиж Доржсүрэн ахад нөгөө хониноосоо 4 хонь аваадахъя гэж хэлээд хондлой дээрээ ногоон будагтай 4-н эм хонийг тууж гэрийнхээ гадаа аваачиж гаргаад аав, ээж хоёрыг маргааш нь аймгийн төв явна гэхээр нь махыг нь өгөөд явуулсан. Тэгээд үлдсэн 25 тооны хонийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр очиж аваад хониндоо нийлүүлчихсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Доржсүрэнгийн ”...Би тэр өдөр Алдархаан сумын Богдын гол багийн Булст гэх газар мал байдаг айл Цээеэгийнд мал хариулж байхад оройхон С.Буянбат хүүхэдтэйгээ ирээд хүнээс авлагатай байсан хэдэн хонио ачиж явна. Танай малд түр тавьж байгаад ойрхон нүүж ирэхээрээ авъя гэхээр нь эзэнтэй нь уулз гэхэд Цээеэ айл руу явчихсан болохоор эхнэртэй нь уулзаад хорь гаруй хонь буулгаад явсан....Хэд хоноод хүүхэд нь 4 хонь туугаад явсан...тэр хонин дотор нэг хэнз хургатай бор алаг эм хонь, мухар халзан төлгөн хуц зэрэг содонтой, хондлой дээрээ хөх будагтай хонинууд байсан...” гэсэн мэдүүлэг, мал хураан авсан тогтоол, хураан авсан малыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
С.Буянбатын үйлдлийн улмаас хохирогч Г.Болдбаатарт 2070000 төгрөгний хохирол учруулсан нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үнэлгээний комиссын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогчид хохирлоо төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн “миний хохирлыг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар авагдсан байх тул шүүх үнэн зөв гэж үзэн үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч С.Буянбатыг Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг Төгс гэх газраас иргэн Г.Болдбаатарын хониноос тасарсан 30 тооны хонийг завшсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Буянбат нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Сум дундын 12 дугаар шүүхийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн бөгөөд ”Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаа хэрэгсэхгүй болсон байх тул С.Буянбатыг Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэх үндэстэй. Шүүгдэгч С. Буянбат нь хохирогч Г. Болдбаатарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэж үзэх боломжгүй байна
Шүүгдэгч С.Буянбатад ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэг, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Буянбат нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Буянбатын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гадагш явж болохгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, С.Буянбатын эзэмшлийн эд хөрөнгөөс 600000 төгрөгний үнэлгээтэй сарлагийн хязаалан насны эр үхэр, 600000 төгрөгний үнэлгээтэй сарлагийн үнээг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Мандаат овогт Сэмбэнсүрэнгийн Буянбатыг бусдын 30 тооны алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Буянбатыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1152000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч С.Буянбатын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч С.Буянбат нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Буянбатын эзэмшлийн 600.000 төгрөгний үнэлгээтэй, сарлагийн хязаалан насны эр үхэр, 600.000 сарлагийн үнээг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулсан сонсмогц хүчинтэй болно.
8. Шийтгэх тогтоолыг ялтан түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА