Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1231

 

 

 

 

 

 

 

2019          12            12                                            2019/ШЦТ/1231

 

Э.Э, П.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цэрэнжамц,

хохирогч У.М,

шүүгдэгч Э.Э,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/1645 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч У.М, шүүгдэгч Э.Э нарын давж заалдах гомдлуудад үндэслэн Э.Э, П.Х нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Б овгийн Эын Э, 1995 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “...” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;

 

  1. Б овгийн Пгийн Х, 1995 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин тогооч мэргэжилтэй, “...” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.../;

П.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” амралтын газарт амарч байхдаа иргэн У.Мыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” амралтын газарт амарч байхдаа иргэн У.Мыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Э, П.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Эын Э, Б овогт Пгийн Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э, П.Х нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э, П.Х нарт тус тус оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Э, П.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

Хохирогч У.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Э.Эаас нэг ч төгрөг аваагүй юм. Э.Э, П.Х хоёроос энэ таван сарын хугацаанд нэг ч төгрөг аваагүй. Харин энэ хоёрт янз бүрээр доромжлуулж байсан. Э.Э үсдэж, өшиглөж, сандлаар зодож, зулгааж, дараа нь П.Хаар зодуулж, 20-иод минутын бичлэг хийж фэйсбүүк дээр тавьж онигоо болгоно гээд ажилчдад яаж доромжилж байснаа үзүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 23-нд Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсийн байцаагч Энхмаа “хялбаршуулсан журмаар бич, тохиролц” гээд шүүхэд өөрийн биеэр ирж чадахгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичүүлж авсан. 2019 оны 10 дугаар сарын 23-нд Э.Э, П.Х нараас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны дотор өөрсдөө ямар ч хохиролгүй болгоно. Цалин буухаар өгнө гээд гарын үсэг зурсан. 2019 оны 11 дүгээр сарын 08-нд Э.Э мөнгө өгөх болохоороо элдвээр хэлж надад хамаагүй гэж хэлсэн. Би гомдолтой байна. Би яаралтай толгойны имра зураг авхуулна гэж энэ хоёрт хэлсэн. Тохиролцоод салсан. П.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 08-нд 150.000 төгрөг өгсөн. Үлдсэн 200.000 төгрөгийг өгөөгүй. “Чи яасан бэ, бүгдийг нь өгнө гэсэн яасан” гэхэд П.Х “Наад мөнгөө буцаагаад явуулчих” гэж байсан. Би энэ тогтоолтой танилцаад хохирлоо барагдуулсан, өр төлбөргүй гэсэнд гомдолтой байна. Э.Э хэлэхдээ “Болохгүй бол танд хадгаламжаасаа мөнгө авч өгнө” гэж байсан. Сүүлдээ янз бүрээр хэлүүлж байна. Би гомдолтой байна. ...Мөн Э.Эд туйлын гомдолтой байна. Намайг хүн харахын эцэсгүй болтол зодсон. Би 2 сар явж чадахгүй хөл, гар, тархины гэмтэл авсан. Имра зураг яаралтай авхуул гэж эмч хэлсэн. ...Би арга ядахдаа цагдаа дуудаад ирэхгүй болохоор охиноо дуудаж шөнө 04 цагт хоёр хүнээр түшүүлж явсан. Э.Эыг би доромжлоогүй, гүтгээгүй. Флаш диск дээр бичлэг нь байгаа. Би Э.Эаас хохирлоо барагдуулахыг хүсэж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогчид 350.000 төгрөг өгөх ёстой байсан ч ар гэрт асуудал гарч, уг шалтгаанаа У.Мд хэлсэн. Мөн миний бие У.Мд гомдолтой байна. Учир нь, У.М нь 2019 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө намайг хэл амаар доромжилж миний биед хохирол учруулсан. Мөн фэйсбүүкээр хэл амаар доромжилсон учир гомдолтой байна. Шүүх хурал болсноос би хохирогчийг хэл амаар доромжлоогүй. ...” гэв.

Прокурор Г.Цэрэнжамц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Э, П.Х нар нь хохирогч У.Мын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7323 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоод хохирогчийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгээр эхлээд нэгэнтэй нь зодолдоод дууссаны дараа гадаа гарч явж байгаад пивоноос болж маргалдаад нөгөөх нь намайг зодсон гэж мэдүүлдэг. Сая хохирогчийн ярьж байгаагаар хохирогчийг нийлж зодсон гэдэг үйл баримт хэрэг бүртгэлтийн шатанд ч тэр, мөрдөн байцаалтын шатанд ч тэр, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр нийлж зодсон гэдэг нь тогтоогддоггүй. Нэг амралтын газар байсан ч гэсэн өөр өөр цаг хугацаанд, өөр өөр маргааны улмаас болж зодоон үүссэн учраас бүлэг гэдгээр биш тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүх рүү шилжүүлсэн. Хохирол төлбөрийн асуудалд хохирогч болон яллагдагч нар өөрсдөө хүсэлтээ өөрийн гараар бичиж өгсөн байдаг. Шүүх рүү шилжих саналтай хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хүсэлт гаргахаар нь 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдээд хэргийг шүүхэд шилжүүлдэг. Мөрдөгчийн зүгээс хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтийг бичүүлсэн гээд байна. Тухайн үед ийм зүйл яригдаагүй, нас биед хүрсэн хүмүүс, ямар өргөдлийг яаж бичих талаар өөрсдөө ойлгож байгаа. Өөрсдийнхөө гараар биччихээд мөрдөн байцаагч ингэж бичүүлсэн гэж  яриад байна. Мөн флаш дискийг үзүүлсэн, тэр нь мөрдөгчид байгаа, мөрдөгч хэрэгт хийгээгүй гэж байна. Хэрэг бүртгэлтийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд флаш дискийг мөрдөгчид өглөө, мөрдөгчөөс эд мөрийн баримтаар тооцуулъя, бичлэгт үзлэг хийх талаар санал хүсэлт ирээгүй, ийм зүйл байгааг ч тухайн үед мэдэгдэх боломжгүй байсан. Хялбаршуулсан журмаар хэрэгт авагдсан материалуудаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр  хэдий хялбаршуулсан журмаар шийдсэн ч гэсэн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ яллагдагч, хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Хохирогч нь өөрөө анхан шатны шүүх хуралдаан дээр ирээд, энэ бүх зүйлүүдийг ярих боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдээд байхад ирж оролцоогүй байж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж яваад байдаг. Хохирогч, шүүгдэгч нарын гаргасан гомдлын хүрээнд гэмт хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ гэмт хэргийн үйлдлийн улмаас учирсан байна гэдгийг тогтоох нотлох баримт хэрэгт байгаагүй, харин хохирогчид нотлох баримтаа гаргаж өгөх талаар хэрэг бүртгэлтийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд ч гэсэн хэлж байсан. Мөн прокурортой ирээд уулзах нь нээлттэй, мөн адил гомдол гаргах эрх нь аль ч шатанд гаргах эрх нь байгаа. Энэ эрхүүдээ эдлээгүй. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлага оноосон. Хохирогчийн яриад байгаа хохирол хор уршгаас үүссэн төлбөр мөнгөний баримт хавтас хэрэгт байхгүй байгаа. Хэн аль нь гараараа хүсэлт бичиж өгсөн. Тэр хүсэлтийн дагуу прокурорын зүгээс шийдвэрлэсэн. Мөн шүүх бас өөрсдийн гаргасан хүсэлтийн дагуу харгалзаж үзээд хэргийг 72 цагийн дотор шийдвэрээ гаргасан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ анхан шатны шүүх мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг, үүн дотор гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байх нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар нотолж, уг асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж байвал зохино.

Хохирогч У.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...2019 оны 10 дугаар сарын 23-нд Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсийн байцаагч Энхмаа “Хялбаршуулсан журмаар хүсэлт бич, тохиролц” гээд надаар шүүхэд өөрийн биеэр ирж чадахгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт бичүүлж авсан... шүүгдэгч Э.Э, П.Х нар хохирол төлөөгүй байхад төлсөн гэж бичүүлсэн” гэж тайлбарласныг шүүгдэгч Э.Э нотолж “Хохирол төлбөр өгч чадаагүй байгаа” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.

Гэтэл анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд хянавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн хянаж, дүгнэлт хийж чадаагүйгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хохирогчтой эвлэрээгүй байхад шүүгдэгч Э.Э, П.Х нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч ү...гүй орхигдуулснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хавтаст хэргийг судлахад, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Мын “...П.Х, Э.Э хоёр ... сандлаас түлхэж унаган үсдэж, сандлаар цохиж, толгой дээр П.Х пиво асгаж, өшиглөж, шанаа руу хоёулаа нийлж цохиж, зодсон...” гэх /хх 23-24/ мэдүүлэг, мөн түүний гаргасан “...П.Хаар зодуулж, 20 минутын бичлэг хийж, фэйсбүүк дээр тавьж онигоо болгоно гээд ажилчдад үзүүлсэн...” гэх агуулга бүхий гомдол тайлбар /хх 115-116/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй буюу шүүгдэгч П.Х, Э.Э нар нь хохирогч У.Мыг хэрхэн, ямар байдлаар, ямар цаг хугацаанд зодож гэмтэл учруулсан нь тодорхойгүй байхад “...П.Х нь иргэн У.Мыг зодож хөнгөн хохирол учруулсан, ...Э.Э нь иргэн У.Мыг зодож хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хохирогч У.Маас “Хэргийн үйл баримтын талаарх бичлэгийг цагдаагийн байгууллагад өгсөн” гэж тайлбарласан бөгөөд хэрэгт энэ талаар баримт хавсаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаагаар дээр дурдсан нөхцөл байдлуудыг дахин шалгуулахаар Э.Э, П.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/1645 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Э.Э, П.Х нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Э.Э, П.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ