Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0091

 

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0091

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ч, Б.Ч

Хариуцагч:   Н дарга

                   С дарга

                     У газар

Хариуцагч Н даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.М

Хариуцагч С даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б, М.Н

Хариуцагч У газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.М

Гуравдагч этгээд: Б.Х, Ж.О

Маргааны төрөл: Б.Х, Ж.О нарт газар эзэмших, өмчлөх эрх олгож бүртгэсэн хариуцагч нарын үйлдэл хуульд нийцсэн эсэх болон маргаан бүхий газрыг нөхөх олговортой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ч, түүний өмгөөлөгч У.Х, нэхэмжлэгч Б.Ч, хариуцагч Н даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч С даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б /цахимаар/, М.Н /цахимаар/, хариуцагч У газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М /цахимаар/, гуравдагч этгээд Б.Х, түүний өмгөөлөгч Д.Нг, иргэдийн төлөөлөгч Х.З /цахимаар/, нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нараас Н даргад холбогдуулан гаргасан Б.Х, Ж.О нарт газар өмчлүүлсэн Н даргын 2014 оны А/286 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2357 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б.Х, Ж.О нарт газар өмчлүүлсэн хэсгийг /бүртгэл/-ийг хүчингүй болгуулах-аар, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр С даргад холбогдуулан С даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр С даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар тус тус нэмэгдүүлж,

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

С даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 тоот захирамжийн 1 дэх заалтын Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох,

Н даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, У газрын Б.Х, Ж.О нарт газар өмчлүүлсэн хэсгийг /бүртгэл/-иг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байна.

Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нараас С даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, С даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Н даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт учирсан газрын үнэлгээ болох 162,846,803 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нарт учирсан газрын үнэлгээ болох 192,857,143 төгрөг болгож өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар

2.1. Б.Ч-д С даргын 2001 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 326 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороолол, Р*******тын ******* тоот хаягт 650 м.кв газрыг эзэмшүүлжээ. 

Гуравдагч этгээд Б.Х маргаан бүхий газрыг С дүүргийн 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжаар эзэмшиж, Н даргын 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар өмчилсөн байна.

Улмаар Б.Ч-с С дарга, Н дарга болон У газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан С даргын 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 74, Н даргын 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжуудын Б.Х-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас олгосон газрын болон хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, хувийн сууц, байшингууд, граж зэргийг өөрийн өмч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Б.Х-ийн С даргын 2001 оны 326 дугаар захирамжийн Б.Ч-д холбогдох хэсгийг, газар эзэмших гэрчилгээний хамт хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагатай захиргааны хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 264 дүгээр шийдвэрээр С даргын 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 74, Н даргын 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжийн Б.Х-д холбогдох хэсэг, У газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Х, Ж.О, Х.Т нарын 18******* дугаар нэгж талбар бүхий 700 м.кв газрыг өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Г-2203002809 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000067333 дугаар гэрчилгээ, уг хаягт байршилтай 183,5 м.кв талбайтай хувийн сууцыг өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000212431 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээд Б.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан С даргын 2001 оны 326 дугаар захирамжийн Б.Ч-д холбогдох хэсгийг, газар эзэмших гэрчилгээний хамт хүчингүй болгуулах-ыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Ч-ийн гаргасан хувийн сууц, байшингууд, граж зэргийг өөрийн өмч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 376 дугаар магадлал, тус шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч Б.Ч-д С даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 213 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Р*******тын ******* тоотод байрлах 500 м.кв газрыг эзэмшүүлж, 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 0354940 дүгээр гэрчилгээг, Б.Ч-д С даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 212 дугаар захирамжаар Р*******тын *******а тоотод байрлах 324 м.кв газрыг эзэмшүүлж, 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 0354946 дугаар гэрчилгээг тус тус олгосон байна.

2.2. Харин Б.Ч-ээс гаргасан Сүхбаатар дүүргийн Р*******ы ******* тоот байршилтай х*******д байрлах 183,5 м.кв талбай бүхий хувийн сууцны байшингууд, граж зэргийг өөрийн өмч болохыг тогтоож, уг байшингийн 2 өрөөг хууль бусаар эзэмшиж буй Б.Х-г албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 554 дүгээр магадлалыг хэвээр үлдээсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 495 дугаар тогтоол болон Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн С дарга 2013 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 261 дүгээр захирамжаар ...2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаар захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

 Улмаар мөн оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 дугаар захирамжаар Б.Х-д олгосон тус дүүргийн 11 дүгээр хороо, Р*******тын *******а тоот хаягт байх 700 м.кв газрыг, Ж.О-т олгосон Р*******тын ******* тоот хаягт байх 280 м.кв газрыг эзэмших эрхийг тус тус баталгаажуулж, Н даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжаар Б.Х-д 700 м.кв газрыг, Ж.О-т 129 м.кв газрыг тус тус өмчлүүлсэн байна.

Гуравдагч этгээд Б.Х өмчлөх эрх бүхий дээрх газраа улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Г-2203009067 дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 000134046 дугаар гэрчилгээг Б.Х-д олгожээ.

Улмаар Б.Х нь уг газраа С даргын Тамгын газарт 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 362 дугаар гэрээгээр 162,846,803 төгрөгийн нөхөх олговортойгоор худалдсан тул түүний өмчлөлийн газрын хувийг хэргийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 260 дугаар тушаалаар хаасан байна.

Мөн Б.Х нь уг газар дээр баригдсан 238.2 м.кв талбайтай хувийн сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү******* дугаарт бүртгүүлсэн боловч түүний гаргасан хувийн сууцаа буулган нурааж, өмчлөх эрхээсээ татгалзсан хүсэлтийг үндэслэн У газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1157 дугаар тушаалаар хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна.

Ж.О нь Н даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжаар өмчлүүлсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Р*******тын 17 дугаар гудамжны 38 тоот 129 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраа улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага эрхийн улсын бүртгэлийн Г2203009066 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 134045 дугаар гэрчилгээ олгосон байна.

Улмаар уг газраа Ч.М-т 2014 оны 7 дугаар 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж, Ч.М нь уг газрыг С даргын Тамгын газарт 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 363 дугаар гэрээгээр 30,010,340 төгрөгийн нөхөх олговортойгоор худалдсан тул түүний өмчлөлийн газрын хувийг хэргийг У газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 260 дугаар тушаалаар хаасан байна.

 С даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/52 дугаар захирамжаар дээр дурдсан 2014 оны 362, 363 дугаар гэрээг үндэслэн Б.Х, Ч.М нарт газрын нөхөх олговорт шаардагдах 192,857,143 төгрөгийг тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлэхийг даалгаж, тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар дээрх хөрөнгийг гаргахыг зөвшөөрсөн байна.

Гурав. С даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжийг 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдээд Б.Ч нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, Б.Ч нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр С даргын Тамгын газарт тус захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1385 дугаар албан бичгээр Б.Х, Ж.О нарт Н даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 дугаар захирамжаар газар өмчлүүлсэн гэх хариуг ирүүлжээ.

Улмаар 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Н даргад С даргын 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/261 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар хандахад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/1713 дугаар албан бичгээр Н даргын 2014 оны А/286 дугаар захирамжаар гуравдагч этгээд нарт маргаан бүхий газрыг өмчлүүлсэн тул шүүхэд хандах талаар дурдаж хариуг хүргүүлснийг эс зөвшөөрч тус шүүхэд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

Дөрөв. Нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нар нэхэмжлэлийн үндэслэлдээ:

4.1. Б.Ч миний бие С даргын 2001 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 326 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Р*******тын ******* тоотод амины х*******ы зориулалтаар 650 м.кв газрыг 010406294 тоот гэрчилгээгээр эзэмшиж байтал манай аав Ц-ээс тус газар дээрх байшинг түрээслэн амьдарч байсан Б.Х гэгч нь миний газрыг хууль бусаар эзэмшихээр 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр С даргын 74, 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Н даргын 430 дугаар захирамж тус тус гаргуулан улсын бүртгэлд бүртгүүлэн авсан байсныг Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 264 тоот шийдвэрээр дээрх захирамжуудын Б.Х, Ж.О нарт холбогдох заалт, газар өмчлөх эрхийн болон хувийн сууц өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 264 дүгээр шийдвэр нь Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 376 дугаар магадлалаар хэвээр батлагдаж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон болно.

Гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон учраас Б.Ч миний бие Сүхбаатар дүүргийн Газрын албанд өргөдөл гаргаж уг газрыг дүү Б.Ч-гаа хуваан эзэмшихээр тохиролцож С даргын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 213 дугаар захирамжаар Б.Чу-д 500 м.кв газрыг, тус дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 212 дугаар захирамжаар Б.Ч-д 324 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн болно.

4.2. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 261 дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 10 дугаар сарын 27-ны 376 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаар тогтоолоор хууль ёсны эзэн нь Б.Ч мөн байна гэдгийг тогтоосон байдаг.

Сүхбаатар дүүргийн анхан шатны иргэний хэргийн 801 дүгээр шийдвэр нь уг өмч хөрөнгө бүхэлдээ Б.Ч-ийнх байна гэж гаргасан байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн 495 дугаар тогтоол нь 801 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох нотлох баримтыг цуглуулж өгөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзсэнээс биш уг эд хөрөнгө бүхэлдээ Б.Х-ийн эд хөрөнгө байна гэж үзээгүй. 

4.3. Ц-с 1994 оны 05 дугаар сард 180,000 төгрөгөөр худалдан авсан гээд мөнгө төгрөг өгч авалцсан Монгол Хятадаар бичсэн бичгийг шүүхэд өгөхдөө Сүхбаатар дүүрэг газрын алба гэсэн тамгыг дарж өгсөн байдаг нь хуурамч гэдгийг нотолж байна.

4.4. С даргын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 261 дугаартай захирамжийн гол үндэслэл нь Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 495 дугаартай тогтоолыг үндэслэл болгосон байх бөгөөд уг тогтоол нь зөвхөн Б.Ч-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг бөгөөд Б.Ч-д огт хамааралгүй, мөн маргаан бүхий газар дээр баригдсан объектын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн байтал хэрэгт хамааралгүй буюу Б.Ч-ын газар эзэмших эрхтэй холбон тайлбарлаж газрын эрхийг тус тус хүчингүй болгосон нь хууль бус.

Улмаар Н даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаартай захирамж гарч Б.Х, түүний эхнэр Ж.О нарт газар өмчлүүлэхээр шийдвэрлэж улмаар тус газрыг нөхөх олговортойгоор улс буцаан авсан нь үндэслэлгүй бөгөөд Н даргын шийдвэрээр Б.Х, Ж.О нарт олгогдсон газрын нөхөх олговор нь тэдэнд бус газар эзэмшигч Б.Ч, Б.Ч нарт олгогдох учиртай байсан юм.

Иймд С даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох,

С даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Н даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт учирсан газрын үнэлгээ болох 192,857,143 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ч-ийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын эзэмших эрхтэй холбоотой асуудлыг шийдээгүй, өөр шатны шүүхийн тогтоолыг барьж захирамжийн үндэслэл болгож нэхэмжлэгч нарын тусдаа газрыг хамтад нь хүчингүй болгосон. Б.Ч-ын тухайд ярих юм бол Иргэний хэргийн шүүхийн 495 дугаар тогтоолтой иргэний хэргийн оролцогч биш. Б.Ч нь уг иргэний хэргийн нэхэмжлэгч буюу нэхэмжлэлийн шаардлагаа хэрэгсэхгүй болгуулсан этгээд байгаа юм.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэдий ямар ч асуудлыг шийдээгүй бөгөөд нээлттэй орхисон. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Б.Х-д маргаан бүхий газрыг эзэмшүүлэх ёстой гэсэн нэг үг, өгүүлбэр ч байхгүй гэв.

Нэхэмжлэгч Б.Ч-ын өмгөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 261 дүгээр захирамжийн үндэслэл нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимын 2012 оны 9 дүгээр сарын 20-ны 495 дугаар тогтоолыг баримталсан нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй, уг зарчмыг зөрчиж шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын шийдвэр хуулийн үндэслэлтэй буюу хүний эрхэд үндэслэлгүйгээр халдаж болохгүй гэж Захиргааны ерөнхий хуульд зохицуулсан. Тухайн иргэний хэргийг харах юм бол хэргийн оролцогчид Б.Х болон Б.Ч нарын хоорондын маргаан болох хувийн сууц, гараашийн өмчлөгч хэн болохыг тогтоолгох маргаан байхад газрын өмчлөгчийг тогтоох мэтээр ойлгож хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан нь хууль бус шийдвэр гаргасан байна гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус байсан болохыг тогтоолгох гэж гаргасны ач холбогдол нь тухайн маргаан бүхий газар нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн ба буцаад Б.Х болон Ж.О нарын өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн. Мөн уг маргаан хянан шийдвэрлэгдэж байх явцад Ж.О-ээс Ч.М гэх хүнд зарсан, үүний дараа С даргын захирамжаар олон этгээдэд шилжсэн байгаа нь хууль ёсны зарчим буюу нэхэмжлэгчийн эрхийг хөндөх, тухайн шийдвэрийг хүчингүй болгуулах нөхцөл, хуулийн боломжгүй болсон учраас хууль бус байсан болохыг тогтоолгох нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх буюу нэхэмжлэгчид учирсан хохирол болох 192,857,143 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн.

Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагаар хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүний үнэлгээг гэрч Б-ийн Г нь газрын үнэлгээг Б.Х-тэй байгуулсан гэдэг буюу хоорондын хүсэлт зоригийг илэрхийлж гэрээнд тусгасан үнийн дүнгээр талууд гэрээ байгуулсан буюу хүсэлт зоригоо илэрхийлсэн нь гэрч Э.Г-ын мэдүүлгээр тогтоогдож байна. Ийм учраас дөрөв дахь шаардлага буюу 192 сая төгрөгийг хууль бус үйлдлийн улмаас учирсныг нэхэмжлэгч гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Тав. Хариуцагч нар татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

5.1.Н даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлдээ:

1/ Н даргын 2014 оны А/286 дугаар захирамжийн иргэн Б.Х, Б.О нарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн

21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасны дагуу тус захирамжийг батлан гаргасан.

Гэтэл Н даргын 2014 оны А/286 дугаар захирамжийг батлан гаргах эх сурвалж болсон баримтууд хуурамч болох нь хамтран хариуцагч С даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хариу тайлбар баримт зэргээр нотлогдож байна,

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 264 дүгээр шийдвэрээр ....С даргын 2006 оны 74, Н даргын 2006 оны 430 дугаар захирамжийн Б.-д холбогдох хэсэг...-ийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 376 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 15 дугаар тогтоолоор нэхэмжэлэлийн зарим хэсгийг хангаж зарим хэсгийн хэвээр үлдээсэн байна.

С даргын Тамгын газраас ажилчдын нийгмийн асуудал шийдвэрлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Х-д Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоо эгүүлэн авах 362 дугаар гэрээ байгуулан 162.846.803 төгрөгийн нөхөн олговрыг иргэн Б.Х-д олгосон байна. 

Иймд захиргааны байгууллагаас хүчингүй болгосон захиргааны актыг дахин хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хүчингүй болсон акттай холбогдуулж Н даргаас хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Нөхөх олговрын гэрээнд Н даргын оролцоо байхгүй байгаа. Иймд Нөхөх олговрыг Н даргаас гаргах ямар ч үндэслэлгүй байна. Тухайн үндсэн шийдвэрийг гаргахдаа Засаг дарга Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу гаргасан гэв.

5.2.Хариуцагч С даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлдээ:

1/ Тус дүүргийн Засаг даргын 2013 оны 261 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаар захирамжаар олгосон эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дугаар зүйлд заасны дагуу газраа 2 жил дараалан эзэмшээгүй, мөн Улсын Дээд шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 495 дугаар тогтоолыг биелэлтийг хангах хүрээнд газрыг хүчингүй болгосон.

Иргэн Б.Х, Ж.О нар нь дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус дүүргийн 11 дүгээр хороо, Р*******ы 17 38, 38а тоотод байрлах 700 мкв, 280 мкв газрыг тус бүр эзэмших хүсэлт гаргасны дагуу Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.2.1, 32.2.2, 32.2.3-д заасны дагуу 2013 оны 473 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль зөрчөөгүй.

Иймд дүүргийн Засаг даргын захирамжууд нь эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан тул нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хэдийгээр нэхэмжлэгч тал зөвхөн эд хөрөнгө, өмчийн маргаантай асуудлыг шийдсэн гэж ярьж байгаа хэдийн ч 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн кадастрын зургаас харахад 38, 38а гэсэн хоёр хашааг дамнаж нэхэмжлэгч талын ярьж буй байшин баригдсан байгаа. Кадастрын зургаас харах юм бол нэхэмжлэгч нарын газар дээр байшин баригдсан байна. 2012 оны 495 дугаар тогтоолдоор уг байшинг Б.Ч-ийн өмчлөлийн байшин гэж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. 495 болон давж заалдах шатны шүүхийн 555 дугаар магадлалд Б.Х-г тухайн байшинг өөрийн өмчлөлийн байшин гэдгийг хэлж, хэргийн материалд тусгагдсан байгаа. Уг байшин нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн байшин биш юм бол энэ байшин давж заалдах болон дээд шүүхийн тогтоолд дурдагдсанаар Б.Х-ийнх болж байна.

Энд зөвхөн байшингийн асуудал яригдаад байгаа боловч газар нь тухайн үл хөдлөх хөрөнгтэй салшгүй нэг хэсэг болж байдаг. Тэгэхээр гуравдагч этгээд Б.Х нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгууллалтын албанд магадлал, тогтоолыг хүсэлтийн хамт гарган өгч 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 261 дүгээр захирамжийг гаргуулсан. Тухайн шүүхийн тогтоолуудыг барьж захирамж гаргах үндэслэлгүй гэж ярьж байгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Улсын Дээд Шүүхийн 497 дугаар тогтоол болон анхан шатны шүүхийн шийдвэр магадлалаар тухайн 183,5 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь хөхөө юм. Тийм учраас Б.Ч-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас нэгэнт тухайн газрын өмчлөгч нь Б.Х юм байна. Хэдийгээр 2011 болоод 2013 онд Б.Ч, Б.Ч нарт олгосон газар эзэмших эрх баталгаажуулсан ч гэсэн өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь хоёр жил дараалаад газраа ашиглаагүй юм байна. Эзэмшээгүй юм байна гэдэг үндэслэлээр 261 дүгээр захирамж нь гарсан байдаг гэв.

5.3.Хариуцагч У газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлдээ:

1/ Иргэн Б.Х нь Н даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжаар өмчлүүлсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Р*******тын 17 дугаар гудамжны 38А тоот 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэцээний газраа 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг нотлох баримт гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Г2203009067 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 134046 тоот гэрчилгээ олгосон байна.

Улмаар иргэн Б.Х нь уг газраа С даргын Тамгын газарт нөхөн олговортойгоор худалдаж байгаа тул газрын өмчлөх эрхээсээ татгалзсан тухай хүсэлтийг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасныг У газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 260 дугаар тушаалаар хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна.

Мөн Б.Х нь уг газар дээр баригдсан 238.2 м.кв талбайтай хувийн сууцаа 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр бүртгүүлэх хүсэлт нотлох баримтуудаа гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү******* дугаарт бүртгэсэн байна.

Улмаар Б.Х-ийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хувийн сууцаа буулган нурааж, өмчлөх эрхээсээ татгалзсан хүсэлтийг үндэслэн У газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1157 тоот тушаалаар хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна.

Иргэн Ж.О нь Н даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжаар өмчлүүлсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Р*******тын 17 дугаар гудамжны 38 тоот 129 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраа 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг нотлох баримт гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Г2203009066 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 134045 тоот гэрчилгээ олгосон авсан байна.

Улмаар уг газраа иргэн Ч.М руу 2014 оны 7 дугаар 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан байна. Ч.М нь 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр газар өмчлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасны дагуу У газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 260 тоот тушаалаар хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна.

Иргэн Б.Х, Ж.О, Х.Т нар нь Н даргын 2006 оны 430 тоот захирамжаар өмчлүүлсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Р*******тын 17 дугаар гудамжны 38 тоот гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газраа 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлэг нотлох баримт гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн г2203002809 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 00067333 нарын сууцаа 2006 оны тooт rэрчилгээ олгосон байна.

Улмаар уг газраа иргэн Ж.Х, Ж.О нарын 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэг өргөдөл болон Нийслэлийн Захиргааны хэргийн 2009 оны 264 тоот шүүхийн шийдвэр, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 376 тоот магадлал, 2010 оны Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 15 дугаартай тогтоолыг үндэслэн газар өмчлөх эрхийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 808 тоот тушаалаар хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна.

Иргэн Б.Х-д холбогдуулж Н даргын 2006 оны 430 тоот захирамжийг гаргуулан авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 201525022173 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдриийн 21 тоот Прокурорын тогтоолоор уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан иргэн Б.Х, Ж.О нар нь Н даргын А/286 тоот захирамжаар өмчлүүлсэн газраа бүртгэлийн байгууллагад бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулж байсан хэдий ч тэдгээр иргэд нь өмчлөх эрхээсээ татгалзаж гаргасан хүсэлтийг үндэслэн хувийн хэрэг бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар тус тус хаасан байна.

Иймд Б.Ч, Б.Ч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зургаа. Гуравдагч этгээд нараас татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Б.Х би 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 дугаар С даргын шийдвэрээр өөрийн хашаа, байшингийн газрыг эзэмших болсон. Уг захирамжийг үндэслэн Н даргад хүсэлт гаргаж 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Н даргын А/286 дугаар захирамжаар өмчилж авсан. Б.Ч намайг уг хашаа байшинг түрээслэн амьдардаг мэт гүтгэжээ. Харин Б.Ч энэ газрыг огт эзэмшдэггүй.

2/ Б.Ч нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга байсан Х-тэй хуйвалдан хуурамч бичиг баримт үйлдэн газрыг шилжүүлэн авсан. Үүнийг шалгуулахаар цагдаад хандсан байгаа болно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий актуудыг илт хууль бус болохыг тогтоолгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн яг аль хэсэгт заасан үндэслэлээр тогтоолгох гэж байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч тал анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ иргэний шүүхийн шийдвэрийг үндэслэж Б.Х болон Ж.Ор нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй байсан гэж маргадаг. 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр Б.Ч-ын нэхэмжлэлтэй, Б.Х-д холбогдох газрын маргаан бүхий хэргийг шийдвэрлэсэн. Тухайн үед газар дээр огт амьдардаггүй байсан. Б-Ч нь 2001 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх газар эзэмших эрхийн захирамжийг гаргуулаад авчихсан байсан. Б.Х 2006 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан ба 2 гэрчилгээ давхардсан. Б.Х нь тухайн үед газар давхцалтай байсан талаар мэдээгүй байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс маргаан бүхий газар дээр Б.Х гэх хүн амьдарч байна, Б.Ч нь гэрчүүдийн мэдүүлгээр байсан юм байна, сууцыг Б.Х гэх хүн өмчлөх эрхтэй гэдэг нь тогтоогдохгүй байна гэх нэг дэх үндэслэл, газрыг эзэмшүүлэхдээ давхцуулан олгосон байна гэх 2 үндэслэлээр Б.Х-д газар эзэмшүүлсэн маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосон.

Үүний дараа 2012 онд Б.Ч маргаан бүхий газар дээр байгаа хувийн сууцыг хэний өмчлөл болохыг тогтоолгох зорилгоор нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Б.Х-г тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга бүхий үндэслэл нь 183.5 м.кв хувийн сууцны өмчлөгчөөр намайг тогтоож өгөөч ээ гэх шаардлагатай байсан. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нараас нээлттэй үлдээсэн гэж ярьж байна. Үгүй, нээлттэй үлдээгээгүй. Шүүх нээлттэй үлдээнэ гэсэн ойлголт байхгүй. Яагаад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бэ гэхээр 1994 оноос хойш Б.Х гэх хүн энд амьдарч байсан гэдэг нь тогтоогдож байна, Б.Ч нь уг хувийн сууцыг өмчлөх эрхтэй гэдэг нь тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмнө өмчилж байсан иргэний өмчлөлд хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүний дараа Улсын бүртгэлийн алба Б.Х-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн. 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тухайн газар дээр 238.2 м.кв хувийн сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдсэн байна.

Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад маргаан бүхий газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгөтэй холбогдуулаад хэн ч маргах эрх байхгүй. Учир нь үүний өмчлөлийн асуудал нэр мөр шийдэгдчихсэн. Нээлттэй үлдээсэн зүйл хаана ч байхгүй.Одоо өмчлөлийн асуудлаар маргах эрх байхгүй.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 2 удаа Улсын дээд шүүхэд хандсан. Улсын дээд шүүхээс шинээр илэрсэн нөхцөл байдал биш гэж үзсэн. Нэхэмжлэгч талаас 1994 онд худалдаж авсан гэх баримтыг үгүйсгэж Б.Х-г залилан хийсэн, залилагч гэж баахан яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоол-ыг гаргаж өгсөн. Улсын дээд шүүхээс яллагдагчаар татсан тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоор Б.Х-г гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна, энэ нь нотлох баримт биш, ганцхан 1994 онд худалдаж авсан гэх баримтаар өмчлөгч гэж тогтоогоогүй шүү, хавтаст хэрэгт маш олон нотлох баримт байсан, жишээ нь 1994 оноос хойш 2009 он хүртэлх хугацаанд амьдарч байсан гэх баталгаа, тогны мөнгө төлсөн баримт гэх зэрэг 4-5 хавтас нотлох баримтыг үндэслэж шүүх тогтоогсон болохоос биш 1994 онд худалдаж авсан гэх баримтаар үнэлээгүй гэдгийг хэлмээр байна. Иймд өмчлөлтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.

Газар дээр хувийн сууц байна. Хувийн сууц байхад хуулийн дагуу ашиглаж чадах уу, дээрээс нь Б.Х нь газар дээрээ 20 жил амьдарсан байна. 20 жил хүртэлх хугацаанд амьдарсан гэдгийг иргэний хэргийн шүүхээс тогтоож шийдвэрээ гаргасан. 20 жил амьдарсан байна, газар дээр хувийн сууц байхад нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрын эзэмших ямар боломж байна вэ. Боломж байхгүй бөгөөд хөрөнгийг нь дагаад, шүүхийн тогтоолыг дагаад газар эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэр үндэслэл бүхий болсон гэж шүүхээс үзэж байна.

Хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт учирсан газрын үнэлгээ болох 162,846,803 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгч талаас 162,846,803 төгрөгийг газрын үнэлгээ гэж ойлгоод байна. Энэ газрын үнэлгээ биш. 238 м.кв бүхий хүний хувийн орон сууцны үнэ байсан шүү. Дүүргийн газрын албанаас хөрөнгийн үнэлгээг гаргаж Б.Х гэх хүнд нөхөн олговор өгсөн. Улс газраа буцаагаад авчихсан. 

Гэтэл яагаад нэхэмжлэгч тал хувийн сууцны өмчлөх эрхтэй этгээд биш мөртлөө тухайн хөрөнгийн үнийг нэхэж байна вэ. Энэ газраа чөлөөлүүлэх эрх нь байгаа. Улс өөрөө газраа чөлөөлүүлээд авахдаа дээр нь байгаа хөрөнгийн үнэлгээг тогтоож нөхөн олговор олгоно гэсний дагуу нөхөн олговрыг авсан. Нэхэмжлэгчээс 162,846,803 төгрөгийг нэхэмжлээд байгаа мөртлөө н.М гэх хүнээс 30 хэдэн сая төгрөгийг нэхэмжлээгүй гэж ойлгож байгаа. Ганцхан Б.Х гэх хүнд нөхөн олговор олгосон нь 162,846,803 төгрөг байна. Тэгэхээр Ч.М гэх хүнээс 30 хэдэн сая төгрөгийг нэхэмжлээгүй гэж ойлгож болох уу? Харин 162,846,803 төгрөг нь газар дээр баригдсан хувийн сууцны үнэ шүү гэдгийг дахин давтаад хэлье. Мөн хариуцагч талын тайлбарыг үндэслэл бүхий байна гэж үзэж байна гэв.

Долоо. Иргэдийн төлөөлөгч: Нэхэмжлэгч нарын газар учраас Б.Х-ийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзэж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгох гэж гаргасан бөгөөд энэ хүү шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч нар 2009 оноос тус газрын асуудлаар холбогдох байгууллага, эрүү, иргэний болон захиргааны журмаар нэхэмжлэл, өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлж байх явцад маргаан бүхий захирамжууд хэрэгжиж дууссан гэж үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захирамжууд хууль бус эсэхийг дүгнэж шийдвэрлэлээ.

Нэг. У газрын Б.Х, Ж.О нарт газар өмчлүүлсэн хэсгийг /бүртгэл/-ийг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд;

1.            Нэхэмжлэгч нар шүүх хуралдаан дээр У газрын Б.Х, Ж.О нарт газар өмчлүүлсэн хэсгийг /бүртгэл/-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана., 66.3-д Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана. гэж зааснаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсныг шүүх хуралдааны тэмдэглэлд тусган тухайн шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. С даргын 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд;

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.3.шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй; 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. , 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж зааснаас үзвэл газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох, газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгох үндэслэл тусдаа зохицуулалтай байна.

Энэ шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан С даргын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 212, 213 дугаар захирамжуудаар нэхэмжлэгч нарт тус тус газар эзэмшүүлсэн байхад маргаан бүхий 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 261 дүгээр захирамжаар 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаар захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуулийн дээрх үндэслэлүүдэд хамаарахгүй юм.

Учир нь С даргын 2013 оны 261 дүгээр захирамжаар дан ганц нэхэмжлэгч нарт холбоотой асуудал шийдвэрлээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр ...нэхэмжлэгч нарыг газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, маргаан бүхий захирамжид 243 дугаар захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж техникийн алдаа гаргасан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нарыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газар ашиглаагүй гэдгийг тухайн үед хэрхэн, ямар баримтад үндэслэн тогтоосон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч нарт тус тусдаа захирамжаар газар эзэмшүүлсэн байхад хүчингүй болгохдоо өөр захирамжийн дугаарыг буруу бичсэнийг техникийн алдаа гэж зөвтгөх боломжгүй юм.

Маргаан бүхий захирамжийн удиртгал хэсэг болон 1 дэх заалтад Нийслэлийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 554 дүгээр магадлалыг хэвээр үлдээсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 495 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн гэх захирамжийг хүчингүй болгож байгаа нь ч агуулгын хувьд хуульд нийцэхгүй.

Нийслэлийн шүүхийн 2012 оны 554 дүгээр магадлалаар иргэн Б.Ч-с Б.Х-д холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Р*******ы ******* тоот байршилтай х*******д байрлах 183,5 м.кв талбай бүхий хувийн сууцны байшингууд, граж зэргийг өөрийн өмч болохыг тогтоож, уг байшингийн 2 өрөөг хууль бусаар эзэмшиж буй Б.Х-г албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч нарыг газар эзэмших эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд газар дээрх барилга, байшинг газар эзэмшигчийн өмч биш гэдэг үндэслэлээр газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг эсвэл газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй.

  Харин Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ гэж зааснаар газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газрыг чөлөөлөх асуудлыг зохицуулснаас үзвэл газрын эрхийг уг газар дээрх үл хөдлөх хөрөнгийн эрх дагалдах юм.

Дээрх байдлаар Засаг дарга хууль зөрчсөн гэх шийдвэрээ хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байхад бусдад газар эзэмшүүлсэн нь тогтоогдож байх тул С даргын 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэв. 

Гурав. С даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсэг, Н даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд;

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна., Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-д газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх, 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана. гэж заажээ. 

Тодорхойлох хэсэгт дурдсанаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 264 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч нарт газар эзэмших түрүүлж үүссэн, гуравдагч этгээд нарт газар давхцуулан эзэмшүүлсэн үндэслэлээр холбогдох захирамж, улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд маргаан бүхий газрын давхцлын талаар нэгэнт дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул энэ талаар дахин дүгнэх шаардлагагүй юм.

С даргын 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 261 дүгээр захирамжаар Б.Ч, Б.Ч нарт газар эзэмшүүлсэн гэх захирамжаа хүчингүй болгосны дараа гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлж, өмчлүүлсэн С даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 дугаар болон Н даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжуудын Б.Х, Ж.О нарт холбогдох хэсэг мөн хууль бус байна.

Учир нь нэгэнт нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус болох нь тогтоогдсон тул гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хангахгүй бөгөөд газар өмчилж авах эрх бүхий иргэн үнэн зөв баримтыг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх үүрэг болон өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргах хуулийн зохицуулалт зөрчигджээ.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар давхцалтай болох нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 264 дүгээр шийдвэр болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2921 оны 12 дугаар сарын 21-ний 1/2520 дугаар албан бичгээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Иймд С даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 дугаар болон Н даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 тоот захирамжуудын Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Дөрөв. Хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт учирсан газрын үнэлгээ болох 192,857,143 төгрөг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана., 42.3-д Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна., 43 дугаар зүйлийн 43.2-т Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газар эзэмшигчтэй урьдчилан хийсэн тохиролцоог харгалзан уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгана. гэж заажээ. 

Тодорхойлох хэсэгт дурдсан Б.Х, Ч.М нар С даргын Тамгын газартай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 362, 363 дугаар Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээ-нд тусгасан дүн болох нийт 192,857,143 төгрөг нь хуулийн дээрх заалтад заасан газраас дээрх салгаж үл болох барилга байгууламжийн үнэлгээ болон газрыг чөлөөлөх зардал эсэх нь тодорхой тусгаагүй бөгөөд энэ талаар гэрч Б.Г Байшин, газрыг тусад нь үнэлсэн үнэлгээ хийгээгүй. Газрыг нөхөх олговортойгоор чөлөөлсөн. 1 м.кв газар 100000 гэсэн үнэлгээ байсан. Маргаан бүхий газар 400-500 саяар үнэлэгддэг. Гэхдээ тухайн иргэн газраа хэдээр үнэлэх вэ гэдгийг өөрөө санлаа хэлж тохирдог. гэж мэдүүлсэн байна.

 С даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/52 дугаар захирамжаар дээр дурдсан 2014 оны 362, 363 дугаар гэрээг үндэслэн Б.Х, Ч.М нарт газрын нөхөх олговорт шаардагдах 192,857,143 төгрөгийг тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлэхийг даалгаж, тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар дээрх хөрөнгийг гаргахыг зөвшөөрсөн байна.

Хэргийн үйл баримт болон дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл газар дээрх барилга, байгууламж нэхэмжлэгч нарын өмч гэдгийг нотолсон баримт байхгүй, газар эзэмших эрх нэхэмжлэгч нарт хадгалагдаж байсан гэж үзвэл газрын үнэлгээг хэрхэн хийх нь газар эзэмшигч, өмчлөгчөөс хамаарахаар байна. Мөн гэрээнд газар дээрх барилга, байгууламжийн үнэлгээг хэрхэн хийснээс хамаарч нэхэмжлэгч нарт учирсан гэх хохирол өөрчлөгдөхөөр байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ. гэж зааснаар хохирлын хэмжээний талаар маргаантай гэж үзэж, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 10.2-т зааснаар тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч нар нөхөх олговор болон учирсан хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. 

Иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэгч нар маргаан бүхий газрын эзэмшигч учир гуравдагч этгээдийн буруу гэсэн дүгнэлтийн үндэслэлээ дэлгэрэнгүй гаргаагүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан дээрх үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч, Б.Ч нарыг У газрын Б.Х, Ж.О нарт газар өмчлүүлсэн хэсгийг /бүртгэл/-ийг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсныг баталж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан С даргын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 261 дүгээр захирамжийн Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэсэг, С даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 473 дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсэг, Н даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоосугай.

3.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т зааснаар Б.Ч, Б.Ч нараас С дарга, Н дарга нарт холбогдуулан гаргасан Хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт учирсан газрын үнэлгээ болох 192,857,143 төгрөг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

4.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ