| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2024/0836/З |
| Дугаар | 221/МА2025/0224 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0224
П.О-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0064 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч П.О, түүний өмгөөлөгч М.Б, Д.О-ы нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч П.О
Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, Д.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0836/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0064 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б40 дүгээр П.О-г ажлаас чөлөөлөх тухай тушаал илт хууль бус болохыг тогтоолгох, уг тушаалын улмаас өөрт учирсан хохирол буюу нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,007,284 төгрөгийг Сангийн яамнаас гаргуулах, төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдөх боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд П.О-гийн “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/40 дүгээр тушаал илт хууль бус болохыг тогтоолгох”, “Б/40 дүгээр илт хууль бус тушаалын улмаас өөрт учирсан хохирол буюу нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,007,284.00 төгрөг гаргуулах”, “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 сарын 30 өдрийн Б/40 дугаар илт хууль бус тушаалын улмаас төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдөх боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, хохирол гаргуулах, нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох 3 нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “... П.О нь *** ажиллаж байсан Төрийн албаны харилцаагаа өөрийн хүсэлтээр дуусгавар болгож, “Э” ТӨҮГ-тай хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн болох нь нотлогдсон тул маргаан бүхий акт нь илт хууль бусад тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй. ТӨҮГ-т ажиллаж эхэлснээр төрийн жинхэнэ албаны харилцаа дуусгавар болно гэдгийг П.О нь мэдэх ёстой” гэх дүгнэлт хийсэн.
Дээрх дүгнэлт нь хэргийн үйл баримтыг буруу тогтоосон, маргаан бүхий захиргааны актад холбогдох ач холбогдолтой нөхцөл байдлыг анхаараагүй, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
2.2. Хэргийн үйл баримтыг буруу тогтоосон, ач холбогдолтой нотлох баримтыг үнэлээгүй буюу анхаараагүй тухайд нэхэмжлэгч П.О нь маргаан бүхий акт гарахаас өмнө *** яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ***ээр ажиллаж байсан. 2019 оны 04 сард “Э” ТӨҮГ-ын удирдлагаас түүнд тус газарт ажиллах санал тавьсан ба нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн *** яамнаас “Э” ТӨҮГ-т шилжин ажиллах тохиолдолд боломжтой гэх хариуг өгсөн байдаг. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 30-нд “Э” ТӨҮГ нэхэмжлэгчийг шилжүүлэх боломжтой гэсэн учир *** яамны холбогдох удирдлага шилжих агуулгаар ойлгуулж, ажлаа хүлээлцсэн. Энэ үед П.О *** яамны газрын мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөх, ажлаас гарах агуулга бүхий хүсэлт, өргөдлийг огт гаргаагүй ба түүнд тийм хүсэл зориг ч байгаагүй байдаг. Харин шилжин ажиллах хүсэл зоригтой байсан. Ажил хүлээлцэх үеэр холбогдох удирдлагууд ч хаашаа шилжиж байгаа талаар нь асууж тодруулсан байдаг.
Нэхэмжлэгчийн шилжин ажиллах хүсэл зоригтой байсан болох нь хариуцагчийн илэрхийлсэн тодорхой хүсэл зоригоор тогтоогддог. Тодруулбал, маргаан бүхий тушаал нь төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах журмын холбогдох заалтыг үндэслэсэн байдаг бөгөөд хариуцагч нь үүнийгээ ч хүлээн зөвшөөрч “Э” ТӨҮГ-руу П.О г манай яамнаас танайх руу шилжүүлэн ажиллуулсан учир нэг удаагийн буцалтгүй тусламжийг шийдвэрлэнэ үү гэх хариу явуулсан. Энэ талаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд хандахад мөн шилжүүлэн ажиллуулсан байна гэж үздэг. Сангийн яамнаас “Э” ТӨҮГ-руу явуулсан албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн хариу зэрэг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан учир энэхүү үйл баримт тодорхой харагдах юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан. Хариуцагч П.О-г шилжүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн, түүнийг нь Төрийн албаны зөвлөл шалгасан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байхад шүүх нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнө илэрхийлсэн хүсэл зоригоо үгүйсгэж, нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр нь ажлаас нь чөлөөлсөн гэдэг. Гэвч өөрийн хүсэлтээр нь чөлөөлсөн гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба П.О-гийн хөдөлмөрийн хувийн хэргийг шүүх нотлох баримтаар шаардсан боловч *** яам байхгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд байхад шүүхээс өөрийн хүсэлтээр нь чөлөөлсөн гэж дүгнэж байгаа нь хуульд нийцээгүй ба төрийн албан хаагчийн хуулиар хамгаалсан баталгааг шууд зорчиж байна.
2.3. Шүүхээс маргаан бүхий захиргааны актыг хянасан, хууль хэрэглэсэн тухайд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж хэргийн үйл баримтыг буруу тогтоосны улмаас маргаан бүхий захиргааны актыг хууль ёсны гэж үзсэн. Гэтэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 сарын 30-ны өдрийн Б/40 дүгээр тушаал нь хэд хэдэн алдааны улмаас илт хууль бус захиргааны акт болох нь тодорхой харагддаг.
Нэгдүгээрт төрийн албан хаагчийг шилжүүлэх эрх зүйн зохицуулалтыг үндэслэсэн хэдий ч чөлөөлөх агуулгатай, хоёрдугаарт, нэхэмжлэгчийн шилжин ажиллах хүсэл зориг, хариуцагчийн шилжүүлсэн болохоо илэрхийлсэн зэргээр “шилжүүлэх” тушаал байсан нь тогтоогддог. Хариуцагчийн зүгээс хуулиар П.О-г “Э” ТӨҮГ-руу шилжүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй болохыг анхаарч, анх шилжүүлсэн тушаалын эрх зүйн үндэслэлийг хянах л учиртай. Миний нэхэмжлэлийн шаардлага ч тэр. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, мөн зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан ба энэ тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно. Маргаан бүхий захиргааны акт төрийн албан хаагчийг шилжүүлэх эрх зүйн зохицуулалтыг үндэслээд чөлөөлөх агуулгаар гарсан нь утга агуулгын илэрхий алдаатай болохыг харуулна. Өөрөөр хэлбэл, тушаалын агуулга хоорондоо зөрчилтэй өөр утга илэрхийлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байсан учир тушаал тийм агуулгаар гарах үндэслэлгүй.
Мөн захиргааны байгууллагын аливаа үйл ажиллагаа нь үндсэн болон тусгай зарчмын аль ч үүднээс авч үзсэн хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчмыг удирдлага болгох учиртай. Төрийн албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах харилцаа нь Төрийн албаны тухай хууль болон түүнд холбогдох журмаар зохицуулагдах бөгөөд төрийн албан хаагчийг нэг төрийн байгууллагаас нөгөө төрийн байгууллагад л шилжүүлэн ажиллуулах боломжтой. Өөрөөр хэлбэл *** яамнаас “Э” ТӨҮГ-руу шилжүүлэн ажиллуулах боломжгүй. Үүнийг хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн байгууллага, албан тушаалтан хамгийн ихээр мэдэх шаардлагатай бөгөөд хуулиар боломжгүй шийдвэр, үйл ажиллагаа явуулах учиргүй билээ.
Гэтэл маргааны хувьд нэхэмжлэгч болон хариуцагч хоёулаа шилжүүлэх хүсэл зоригтой байсан. Аль аль тал нь ойлгох ёстой байсан хэдий ч нэгэнт тушаал гарсан учир түүнийг гаргасан албан тушаалтан холбогдох шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцах нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч мэдэх ёстой байсан гэх шалтгаанаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын гаргасан тушаалын эрх зүйн үндэслэлгүй байдлыг зөвтгөх боломжгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0064 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэсэн хуулийг заахдаа алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.
2. Нэхэмжлэгч П.О-гийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б40 дүгээр тушаалаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.5 дахь заалтыг тус тус үндэслэн П.О-гийн гаргасан хүсэлттэй танилцаад 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
3. “Э” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/542 дугаар тушаалаар П.О-г “Э” ТӨҮГ-ын Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар томилсон, мөн захирлын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/860 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
4. Нэхэмжлэгчээс “хариуцагч нь Б40 дүгээр тушаалыг тухайн үед буруу гаргасны улмаас төрийн албанд 36 жил ажилласны хувьд Төрийн албаны хуулийн 60.1-д заасан 36 сарын тэтгэмж авч чадахгүйд хүргэн хохироосон” гэж үзэж, уг тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож, хохирлын 51,6 сая төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
5. Анхан шатны шүүх “... П.О нь *** яаманд ажиллаж байсан төрийн албаны харилцаагаа өөрийн хүсэлтээр дуусгавар болгож, “Э” төрийн өмчит үйлдвэрийн газартай хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн болох нь нотлогдсон тул б/40 дүгээр тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй, ... төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөнөөр Төрийн албаны тухай хуулийн 60.1, 61.1-д заасан баталгаагаар хангагдах эрх нь дуусгавар болсон байхад төрийн жинхэнэ албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой олгох нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,6 сая төгрөгийг олгох үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “... хэргийн үйл баримтыг буруу тогтоосон, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, анхаараагүй, хариуцагч хэрэгт авагдсан баримтаар П.О-г шилжүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байхад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, чөлөөлөгдөх хүсэлт хэрэгт байдаггүй, төрийн албан хаагчийн баталгааг зөрчиж байна” гэжээ.
7. Төрийн байгууллагаас төрийн өмчит үйлдвэрийн газар руу төрийн албан хаагчийг шилжүүлэх боломжгүй тул тухайн үед хариуцагч нь “Э” ТӨҮГазарт ажиллах талаар санал тавьсныг нэхэмжлэгч П.О хүлээн зөвшөөрснөөр хариуцагч нь тухайн үед төрийн албанаас чөлөөлж, төрийн албаны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг “илт хууль бус” гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д төрийн нэг байгууллагаас нөгөө төрийн байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх талаар зохицуулсныг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын заалтыг баримталсан нь буруу боловч уг актаар П.О-г “Э” төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлээгүй, албан тушаалаас нь чөлөөлсөн нь бодит нөхцөл байдалд нийцсэн байна.
8. Гомдолд энэ талаар дурдсан атлаа “... албан тушаалтан нь хуулиар боломжгүй үйл ажиллагаа явуулах учиргүй, гэтэл маргааны хувьд нэхэмжлэгч болон хариуцагч хоёулаа шилжүүлэх хүсэл зоригтой байсан, аль аль тал нь ойлгох ёстой байсан хэдий ч нэгэнт тушаал гарсан учир албан тушаалтан шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцах нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгч мэдэх ёстой гэх шалтгаанаар эрх зүйн үндэслэлгүй байдлыг зөвтгөх боломжгүй” гэжээ.
9. Төрийн албан хаагчид хэн нэгэн этгээд, ялангуяа маргааны тохиолдолд хариуцагчийг өөрийн харьяанд ажилладаг төрийн албан хаагчид мэргэжилд нь тохирсон өөр ажлын байрны талаар мэдээлэл өгөх, санал болгохыг хуулиар хориглоогүй бөгөөд гагцхүү тухайн албан хаагчийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхэд нь халдах эрхгүй, өөрөөр хэлбэл албан хаагч зөвшөөрөөгүй байхад нь төрийн албанаас хууль бусаар чөлөөлөх, эсхүл зөвшөөрсөн байхад төрийн албанаас чөлөөлөхгүй байх эрхгүй.
10. Тухайн үед нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эрхэлж байсан төрийн албаа эрхлэхээ больсноор *** яамтай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж байгаагаа мэдсэн атлаа маргаагүй, “Э” ТӨҮГ-т мөн өдрөөс өндөр насны тэтгэвэрт гартлаа ажилласнаас үзвэл ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхээ эдэлсэн, уг эрх, ашиг сонирхлыг хариуцагч зөрчөөгүй байх тул “... хуулиар боломжгүй, шийдвэр үйл ажиллагаа явуулсан” гэж үзэхгүй.
11. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, “Э” ТӨҮГ- аас чөлөөлөгдсөн, энэ үед төрийн албанд буюу *** яаманд ажиллаж байгаагүй тул төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг шаардах эрх үүсэхгүй бөгөөд төрийн албанаас чөлөөлсөн 2019 оны тушаал гарах үед “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй”, тухайн шаардах эрх үүсэх нөхцөл байгаагүй, тушаал болон зөрчигдсөн гэх эрхийн хооронд шалтгаант холбоогүй байх тул анхан шатны шүүхийг үйл баримтыг буруу тогтоосон, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхгүй, гомдлыг хангах үндэслэлгүй.
12. Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 60.1, 61.1-д заасныг хэрэглэж эрх зүйн дүгнэлт хийсэн атлаа Захиргааны ерөнхий хуулийн заалт мэтээр Тогтоох хэсэгт техникийн алдаа гаргасан байх тул зөвтгөж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0064 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг,” гэснийг “46.2,” гэсний дараа оруулж, “заалтууд” гэснийг хасаж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.О , түүний өмгөөлөгч М.Б, Д.О нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ