Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 01

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, Улсын яллагч Э.*******, шүүгдэгч С.******* нарыг оролцуулан  шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулж,  Завхан  аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ад холбогдох 201613000169 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 28-нд өдөр Завхан аймгийн Алдархаан сумд төрсөн, 42 настай, халх, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Алдархаан сумын ******* багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2012 онд Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж оногдуулсан ялыг 2 жилийн хугацагаар тэнсэн харгалзахаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******. Регистрийн дугаар: /*******/

Шүүгдэгч С.******* нь Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг Төгс гэх газраас иргэн Г.*******ын хониноос алдагдсан алдуул 30 тооны хонийг өөрийн хониндоо нийлүүлж завшсан  буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг “Төгс” гэх газраас 2016 оны 11 дүгээр сарын 05-наас 10-ны өдрийн хооронд иргэн Г.*******ын 30 тооны хонь алдагдсан нь хохирогч  Г.*******ын  ”...  2016 оны 11  дүгээр сарын 04-нд манай мал бүрэн байсан. 11 сарын 10-нд сургуулийн хүүхэд орох гээд 4 хонь барьж авах үед манай малд байсан айлын тэмдэгтэй хонь байхгүй байсан. ...Би аймгийн төв орох болсон учраас эхнэртэй малаа захиад орхиод явсан.  ...манайх 1541 толгой малтай... би малаа  эрж  хайж цагдаад бүртгүүлчихээд байж байтал цагдаа дуудаад Алдархаан сумын ******* малдаа манай малыг нийлүүлсэн байна гэж мэдээлсэн  болохоор очоод  *******ынд очоод үзтэл миний  25 хонь зүсээрээ байсан. Үлдсэн хониноос 1 нь дарагдаад үхчихсэн гэсэн, 4-ийг гаргаад идчихсэн гэж ******* хэлсэн...”гэсэн мэдүүлэг, гэрч Д.*******ийн “...Манайх 2016 оны намар Алдархаан сумын Төгс гэх газар байхад манай нөхөр Г.******* малаа шүүж үзээд нэг хургатай хонь, айлын ногоон будагтай 4 хонь дутсан байна. Чи малаа сайн шүүж байгаарай гэж хэлээд аймгийн төв рүү сургуулийн хүүхэд хүргэж өгөх гээд явсан. Тэгээд би нөхрөө явсан хойгуур малаа шүүж үзтэл хонинд байсан хуц, айлын содон будагтай хонинууд байхгүй болсон байсан. Тэгээд Г.******* ирээд малаа тоолж үзтэл 30 тооны хонь дутсан байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Ж.ийн “...Г.******* миний найз байгаа юм. Би энэ жил 20 тооны хонь, 20 тооны ямаа тэднийд үлдээсэн юм. 2016 оны 11 дүгээр сард намайг аймагт байж байтал Г.******* би аймгийн төв дээр байна. Хониноос чинь дутсан байна гэж хэлэхээр нь хэдэн хонь дутсан байна гэхэд танайхаас 4 эм хонь, манайхаас 20 гаран нийт 30 тооны хонь алга. Тасарчихсан юм байх гэж яриад хоёр хоног эрэл хайгуул хийгээд олоогүй. Тэгээд байж байтал цагдаа нар утсаар залгаад танай малыг оллоо. Алдархаан сумын /С.*******/ гэгч авсан байна гэж хэлсэн. Тэгээд хонио очоод авах гэхэд манай 4 тооны хонийг гаргаад идчихсэн байсан болохоор оронд нь би 4 хонь амьдаар нь аваад хохирлоо барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ.
Шүүгдэгч С.******* нь дээрх алдагдсан мал буюу хэний мал нь мэдэгдэхгүй 30 тооны хонийг завшсан болох нь хохирогч Г.*******ын  “... цагдаа дуудаад  Алдархаан сумын  ******* малдаа манай малыг нийлүүлсэн байна гэж мэдээлсэн  болохоор очоод  *******ынд очоод үзтэл миний  25 хонь зүсээрээ байсан.  ...хониноос 1 нь дарагдаад үхчихсэн, 4-ийг гаргаад идчихсэн гэж ******* хэлсэн.. гэсэн мэдүүлэг, гэрч  Б.ийн ”...2016 оны 11 дүгээр сарын эхээр манайх Алдархаан сумын Алдар багийн нутаг Төгс гэх газар байж байхад цас орсон юм. Тэгээд тэр өдөр нь би аавтайгаа чононд явж байгаад иртэл маргааш өглөө нь манай хонинд 30 тооны хонь нийлчихсэн байсан. Тэгээд манай хотонд 5,6 хоноход ямар нэгэн эзэнгүй сураг чимээ гарахгүй байсан юм. Тэгээд би аавд энэ юун мал юм бол гэхэд аав хүнээс авах ёстой мал байсан юм гээд Атлас маркийн цагаан өнгийн 37-16 ЗАН улсын дугаартай автомашин дээр ачаад 15 км орчим зайтай байх гэдэг айлд очих замд хар толгойтой эм хонь дарагдаад үхчихсэн байсан. гийнд очиход манай хүргэн ах гэдэг хүн малыг нь харж байхаар нь айлаас наймааныхаа өртгөнд авсан юм. Хэд хоног танай хонинд хонио тавиад ойртож буухаараа авъя гэж аав хэлээд тэдний хонинд 29 тооны хонийг үлдээгээд үхсэн нэг хонио буцааж ачаад буцах замдаа Сайрын дөрөлжний урд ухсан шуудууны хажуухан хэсэгт хаячихаад харьсан юм. Тэгээд манайх өвөлжөөнийхөө хойд талд 2016 оны 11 дүгээр сарын 11-нд Бага Ямаатын Хар  толгой гэдэг газар буугаад маргааш нь би морьтой явж гийнд очиж ахад нөгөө хониноосоо 4 хонь аваадахъя гэж хэлээд хондлой дээрээ ногоон будагтай 4-н эм хонийг тууж гэрийнхээ гадаа аваачиж гаргаад аав, ээж хоёрыг маргааш нь аймгийн төв явна гэхээр нь махыг нь өгөөд явуулсан. Тэгээд үлдсэн 25 тооны хонийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр очиж аваад хониндоо нийлүүлчихсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.гийн ”...Би тэр өдөр Алдархаан сумын ******* багийн Булст  гэх газар мал байдаг айл гийнд мал хариулж байхад оройхон С.******* хүүхэдтэйгээ ирээд хүнээс авлагатай байсан хэдэн хонио ачиж явна. Танай малд түр тавьж байгаад ойрхон нүүж ирэхээрээ авъя гэхээр нь эзэнтэй нь уулз гэхэд айл руу явчихсан болохоор эхнэртэй нь уулзаад хорь гаруй хонь буулгаад явсан....Хэд хоноод хүүхэд нь 4 хонь туугаад явсан...тэр хонин дотор нэг хэнз хургатай бор алаг эм хонь, мухар халзан төлгөн хуц зэрэг содонтой, хондлой дээрээ хөх будагтай хонинууд байсан...” гэсэн мэдүүлэг,  мал хураан авсан тогтоол, хураан авсан малыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай  нотлогдож  байна.
С.*******ын үйлдлийн улмаас хохирогч Г.*******т  2070000 төгрөгний хохирол учруулсан нь   2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үнэлгээний  комиссын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогчид хохирлоо төлсөн  болох нь  хэрэгт авагдсан хохирогчийн  “миний хохирлыг  бүрэн  барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн  тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар авагдсан байх тул шүүх үнэн зөв гэж үзэн үнэлсэн болно. 

Иймд шүүгдэгч С.*******ыг Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг  Төгс гэх газраас иргэн Г.*******ын хониноос тасарсан 30 тооны хонийг завшсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. 
 
Шүүгдэгч С.******* нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Сум дундын 12 дугаар шүүхийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн бөгөөд  ”Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаа хэрэгсэхгүй болсон  байх тул  С.*******ыг  Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэх үндэстэй.   Шүүгдэгч С. ******* нь хохирогч Г. *******т учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэж үзэх боломжгүй байна
Шүүгдэгч С.*******ад ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэг, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч С.*******ын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гадагш явж болохгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, С.*******ын эзэмшлийн эд хөрөнгөөс 600000 төгрөгний үнэлгээтэй сарлагийн хязаалан насны эр үхэр, 600000 төгрөгний үнэлгээтэй сарлагийн үнээг  тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын 30 тооны алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.*******ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1152000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
3.Шүүгдэгч С.*******ын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.  
5. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай. 
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ын  эзэмшлийн 600.000 төгрөгний үнэлгээтэй, сарлагийн хязаалан насны эр үхэр, 600.000 сарлагийн үнээг  тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулсан сонсмогц хүчинтэй болно. 
8. Шийтгэх тогтоолыг ялтан түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй. 


ДАРГАЛАГЧ  Н.ДЭЛГЭРМАА