Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 876

 

 

Д.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/00088 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Ө-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч К банк ХХК, “М” ХХК-иудад холбогдох

 

“М” ХХК болон К ХХК-ийн хооронд байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Д.Ө-ын өмчлөлийн 102 тоот автозогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч К банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К банк ХХК нь “М” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус компанитай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулахдаа “М ХХК нь 44 А, Б, В, Г байрны зоорийн давхрын автозогсоол тус бүрээр нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэхүү улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж, К ХХК нь захиалагч Д.Ө-ын хөрөнгөөр баригдаж, захиалагч нь эзэмшиж, ашиглаж эхэлсэн автозогсоолыг мэдсээр атлаа хууль зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн зээлийн харилцаанд огт хамааралгүй миний эд хөрөнгийг надад огт мэдэгдэлгүйгээр барьцаалсан.

Д.Ө нь 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “М” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Вlue Skу” хотхоны 44В байрны зоорийн давхрын 102 тоот, 167 тоот автозогсоолуудыг захиалан бариулахаар тохиролцож, тухайн өдөрт төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “М” ХХК-тай 190 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 167 тоот авто зогсоолыг худалдан авахаа больсон тухайгаа “М” ХХК-д мэдэгдэн, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Үүнээс хойш 102 тоот автозогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг “М” ХХК-иас удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд “Автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэсэн ба 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 646 дугаар шүүгчийн захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

“М” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д заасныг зөрчиж, миний хөрөнгө оруулалтаар бий болсон авто зогсоолыг захиалагч Д.Ө-ын нэр дээр шилжүүлэлгүй, 90 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг өөрийн нэр дээр хийлгэжээ. Улмаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр К банк ХХК-тай Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн автозогсоолыг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлий 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан шаардлагыг тус тус зөрчсөн.

Харин К банк ХХК нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4-т заасныг зөрчиж барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр, миний эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулжээ. Иймд “М” ХХК, К банк ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Вlue Sky” хотхоны 44В дугаар байрны зоорийн давхарт байрлах, Д.Ө-рын өмчлөлийн 102 тоот автозогсоолд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Ө нь 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай компанийн барьж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу дахь “Вlue Sky” хотхоны 44В байрны зоорийн давхраас 102, 167 тоот 2 ширхэг автозогсоолыг худалдан авахаар тохиролцон төлбөр тооцоог тухайн өдрөө бүрэн төлж барагдуулж, 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 190 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Гэвч 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 167 тоот зогсоолыг худалдан авахаа больсноо мэдэгдсэн тул тооцоо нийлсэн акт үйлдэж, 102 тоот авто зогсоолыг худалдан авсан нь хэвээр үлдсэн. Нэгэнт тухайн авто зогсоол Д.Өлзийбаярын өмч болсон тул түүний өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд өгсөн нэхэмжлэлийн дагуу манай компаниас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 646 дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул манай компани хүндэтгэлтэй хандаж байгаа. Тус компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Вlue Sky” хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 дугаар сард ашиглалтад оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд “М” ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани К банк ХХК-иас нийт 15 000 000 000 төгрөгийн эргэлтийн зээл авч, орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож, иргэдэд худалдан борлуулсан орлого болон дээрх хотхоноос үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт шилжүүлэх замаар үндсэн зээл 15 000 000 000 төгрөгийг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 12 000 000 000 төгрөг, нийт 27 000 000 000 төгрөгийг төлсөн байдаг. “М” ХХК нь К банк ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээ, Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 205 автомашины гараашийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй. Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Батхүүгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хатан туул” хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан. Үүний дараа 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж, 1 560 966 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөх эргэн төлөлтийн хуваарийг баталсан бөгөөд энэхүү зээлийн гэрээгээр зээлийн барьцааны асуудал хэвээр буюу 205 автозогсоол нийтэд нь барьцаалсан хэвээр байсан.

Харин К банк ХХК-ийн шаардлагаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг компанийн нэр дээр бүртгүүлэн Капитрон банк ХХК-д барьцааны үүргийн гүйцэтгэлд барьцаалах явцдаа 44В байрны зогсоолыг Д.Ө-т мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байна. К банк ХХК нь зээлийн барьцаанд авто зогсоолуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон байдаг. Учир нь тухайн авто зогсоолуудыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 9 дүгээр сард орон сууц болон авто зогсоолууд нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, иргэд 2009 оны 12 дугаар сараас тухайн байрандаа нүүн орж байр болон автозогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд Д.Ө тэдний нэгэн адил авто зогсоолоо ашиглаж байсан. Уг хотхоны орон сууцуудад 2009 оны 9 дүгээр сараас холбогдох газруудтай нь гэрээ хийж, дулаан, ус, цахилгаанаа авч эхэлсэн тул гэрээ хийж захиалга өгсөн айлуудаа 2009 оны 12 дугаар сараас байранд оруулсан. Учир нь айлууд гэрээ хийж, төлбөр мөнгөө бүрэн төлж, хугацаандаа байрандаа оруулахыг шаардсан тул ийнхүү ашиглалтад орохоос өмнө айлууд орсон байсан. Иймд нэхэмжлэгчийн “М” ХХК болон К банк ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, “Вlue Skу” хотхоны 44В дугаар байрны зоорийн давхарт байрлах 102 тоот автозогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууц, автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Хариуцагч К банк ХХК нь шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К банк нь “М” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Т07/141 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 1 400 000 ам.долларыг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд зээлээр санхүүжүүлэн барих таван блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гарааш, 3 өрөө орон сууц, гараашийн хамт, зээлээр санхүүжүүлэн авах, барилгын материал болон “М” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл зэргийг барьцаалсан. Түүнчлэн 2010 оны 5 дугаар сарны 13-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлд 44А, Б, В, Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоог зээлийн барьцааны гэрээгээр 44А. Б, В, Г дүгээр байрны 1-205 тоот авто зогсоолыг тоот тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан.

Капитрон банкны “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ. Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлж баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Капитрон банкны хувьд Т07/141 тоот Барьцааны гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281-т заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэсэн нь банк болон барьцаалуулагч хуульд заасан зохих журмыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн маргаж буй авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр “М” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.1-т тус тус заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т “...үл хөдлөх хөрөнгө бол улсын буртгэлийн гэрчилгээ...”-г хувийн хэрэгт нь хавсаргаж бүрдүүлбэрт тусгахаар хуульчилсан байна. Дээрх зохицуулалтын дагуу банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог. К банк нь Хөхтэнгэр хотхоны 44В байрны 102 тоот автозогсоолыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ нь “М” ХХК-ийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

Мөн “М” ХХК нь дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, бусад баримтад тус барилгын захиалагчаар “М” ХХК, гүйцэтгэгч компаниар Вилмар компани байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох “М” ХХК мөн байна гэж үзэж итгэх нэг үндэслэл болсон. Дээрх автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр хэвээр бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсан автозогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг болтол аваагүй байна.

Харин Д.Ө нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 646 тоот захирамжаар тус автозогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон. Уг үйл баримтаас үзэхэд “М” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 44АБВГ байрны 102 тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, Капитрон банк нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох “М” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин Д.Ө нь дээрх барьцааны эрхээс хойно шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир Капитрон банк нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4-т заасны дагуу тус банкны эрх бүхий этгээд болох Хөрөнгийн үнэлгээчин 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 44АБВГ байрны 55 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байх үед барилгын газар дээр нь очиж шалгасан байдаг. Барьцаа үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн автозогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан учир нь улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан К банк, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний хавсралтын эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013893 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан, 44АБВГ байрны зоорийн давхрын 102 тоот автозогсоолыг буюу нэхэмжлэгч Д.Ө-ын хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч К банк болон “М” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349 367 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас нийт 349 367 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч К банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Д.Ө болон “М” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үүсэх тусгай зохицуулалттай. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх хуулийн зохицуулалт нь ийнхүү тусгай зохицуулалттай учир үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх үүснэ гэж тайлбарлаж, хуулийг хэрэглэх нь буруу юм. Д.Ө нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 646 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо, Блю скай хотхон, 44В байрны 102 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон байдаг. Дээрх үйл баримтаас харахад “М” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 44В байрны 24 тоот орон сууц болон 205 автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, К банк нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох "М" ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин Д.Ө дээрх барьцааны эрхээс хойно иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир К банк нь тухайн үед зохих ёсны этгээдэд мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Ийнхүү нэхэмжлэгч нь 2015 оноос өмчлөх эрхтэй болсон байх тул Капитрон банкны зүгээс сүүлд эрх нь үүссэн өмчлөгч нараас зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд энэхүү харилцаанд шүүгчийн зүгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, улмаар хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс хэргийг буруу шийдвэрлэсэн.

Шүүх хариуцагч "М" ХХК-ийг буруутгахдаа Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг зөрчсөн гэжээ. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т зааснаас үзэхэд гуравдагч этгээдэд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх тухай зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт бий болсон үр дагавар буюу барьцааны гэрээ байгуулагдаж, барьцааны эрх үүссэний дараа хийгдэх үүргийг уг хуулийн заалтаар зохицуулсан болохоос барьцааны гэрээ байгуулагдахаас өмнө мэдэгдэж, зөвшөөрөл авах тухай зохицуулаагүй юм. Гэтэл шүүхийн зүгээс хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэгчид барьцааны гэрээ байгуулахаас өмнө барьцааны эрхийн талаар мэдэгдэх ёстой байсан гэж дүгнэсэн нь буруу байна. К банк нь 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээгээр Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасны дагуу ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалсан. "М" ХХК-ийн өмчлөлийн 44АБВГ байрны 1-205 тоот авто зогсоол болон орон сууцны барьцааны эрх нь 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр үүссэн бөгөөд улмаар уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх “М” ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээг дахин байгуулсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх зохицуулалтад хамаарч байна.

Барьцаалагчийн шаардах эрх нь гагцхүү барьцаалуулагчид өмчлөх эрх бий болсноор хэрэгжихээр заасан нь бусад өмчлөгчдийн эрхийг хөндсөн бус, эсрэгээр хамгаалсан зохицуулалт юм. Капитрон банкны хувьд “М” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг тухай үед барьцаалах үед 55 хувийн гүйцэтгэлтэйгээр баригдаж байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгүүдэд тоот, дугаар тус бүрээр Улсын бүртгэлийн гэрчилгээ гарч амжаагүй байсан учир бүртгүүлэх боломж байхгүй юм. Гэтэл шүүхийн зүгээс тус зүйл заалтын агуулга зарчмыг гуйвуулан тайлбарлаж, Капитрон банкны барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгчийн хувьд барьцааны эрхээс хойно өмчлөх эрх нь үүссэн байх тул К банкны хувьд барьцааны гэрээг байгуулах үед мэдэгдэх шаардлага байгаагүй бөгөөд мэдэгдэх боломжгүй байсан. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай 11.1.9, 13.1 дэх зохицуулалтыг шүүхийн зүгээс буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь дээрх зохицуулалтад байгаа гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх хэмээх ойлголтод Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар түрээслэх болон хязгаарлагдмал эрхийг хамааруулахаар байна. Харин нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар нэг хязгаарлагдмал эрх, түрээсийн эрхийг хэрэгжүүлж байгаагүй, тус эрхүүдийг олж авсан этгээд биш юм. Мөн шүүхийн хувьд хязгаарлагдмал эрх болон өмчлөх эрхийг адилтган авч үзэж хуулийг тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний хувьд алдаа болсон. Иймээс К банкны хувьд хязгаарлагдмал эрхийг хэрэгжүүлээгүй, эрхгүй этгээдэд мэдэгдэх шаардлага байгаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтад хамааралтай, барьцаалагчийн эрхтэй холбоотой хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч “К банк” ХХК болон “М” ХХК-д холбогдуулан К банк ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Blue Sky” хотхоны 44В дугаар байрны зоорийн давхарт байрлах Д.Ө-ын өмчлөлийн 102 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хэлцлийн үр дагаврыг арилгуулж, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч К банк ХХК нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Д.Ө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “М” ХХК-д 2010 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Блу скай” хотхоны 44В байрны зоорийн давхарын 102 тоот автозогсоолыг захиалж, төлбөр хийсэн, 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “М” ХХК-тай 190 тоот гэрээ байгуулсан ба 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн баримт үйлдсэн. Уг зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг “М” ХХК-иас өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардсан боловч биелүүлээгүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч “М” ХХК зөвшөөрч 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өдрийн 646 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Миний хөрөнгөөр бий болсон автозогсоолын өмчлөгчөөр ”М” ХХК бүртгүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Капитрон банк ХХК-тай ТО7/141 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд автозогсоолыг барьцаалсан нь хууль зөрчсөн гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч К банк ХХК татгалзлаа “М” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 44 В байрны 102 тоот автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлсэн тул 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээг “М” ХХК-тай байгуулж зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин Д.Ө нь дээрх барьцааны эрхээс хойш Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 646 тоот захирамжаар тус автозогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон байх тул К банк ХХК нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй учир барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч Д.Ө 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус компанийн барьж байсан 44 В байрны зоорийн давхарын 102, 167 тоот автозогсоолыг худалдан авч төлбөр тооцоог бүрэн хийж, 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 190 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээг хийсэн. 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 167 тоот автозогсоолыг худалдан авахаа больсноо мэдэгдэж тооцоо нийлсэн акт үйлдсэн. “М” ХХК К банк ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ТО7/141 тоот Зээлийн гэрээ, ТО7/141 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 205 автомашины гараашийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан тухайн үед үл хөдлөх эд хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан гэрээг байгуулаагүй. 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ТО7/141 тоот зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг компанийн нэр дээр бүртгүүлэн, К банк ХХК-д барьцааны үүргийн гүйцэтгэлд барьцаалах явцдаа 44 В байрны 102 тоот автозогсоолыг Д.Ө-т мэдэгдэлгүйгээр барьцаалснаа зөвшөөрч байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч “М” ХХК-тай 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр орон сууц болон автозогсоол захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр “М” ХХК Д.Ө-т 2010 оны 3 дугаар улиралд багтаан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44В байрны 2 дугаар орц 5 давхарт 21 тоот 132 м.кв 4 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 100 ам.доллараар, автозогсоолыг 1 бүрийг 10 000 ам.доллараар тооцож 102, 167 тоот автозогсоолыг барьж хүлээлгэн өгөх, Д.Ө “М” ХХК-д гэрээ хүчин төгөлдөр болсноор 165 200 ам.долларыг 100 хувь төлөхөөр талууд тохиролцжээ.

 

Дээрх гэрээний дагуу Д.Ө 165 200 ам.долларыг 2010 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн дотор “М” ХХК-д бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

“М” ХХК нь К банк ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ТО7/141 тоот зээл болон зээлийн барьцааны гэрээ байгуулж уг гэрээгээр тохиролцсоны дагуу хариуцагч “М” ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг К банк ХХК-д барьцаалж, 1 400 000 ам.доллар зээлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.                                      /хх-64-70 дугаар тал/

 

            Талууд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулах үед маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд “М” ХХК бүртгүүлсэн тул барьцааны гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасанд нийцсэн байна.

 

Иймээс маргааны зүйл болох автозогсоолын өмчлөгчөөр “М” ХХК бүртгүүлсэн учир зохигчид барьцааны гэрээг байгуулахдаа уг өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэж зээлийн гэрээний үүрэгт барьцаалсныг буруутгах боломжгүй юм.

 

К банк ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан ТО7/141 тоот зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байгааг залруулах боломжтой.

 

К банк ХХК нь барьцааны зүйлийн өмчлөгч “М” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр барьцааны эрхийг олж авсан тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар К банк ХХК-ийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 2010 онд нэхэмжлэгч Д.Ө-ыг эзэмшиж байсан талаар баримтгүй тул хариуцагч К банк ХХК нь хариуцагч “М” ХХК-тай зээлийн барьцааны гэрээ байгуулах үедээ өмчлөх эрх олж аваагүй байсан нэхэмжлэгч Д.Ө-аас зөвшөөрөл авах үндэслэлгүй гэж үзнэ.

 

            Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх гэрээний үнийг төлснөөр бус, улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг байна. Нэхэмжлэгч Д.Ө нь 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч “М” ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, төлбөрийг бүрэн төлснийг өмчлөгч болсон гэж үзэхгүй.

 

            Хариуцагч “М” ХХК болон К банк ХХК-ийн хооронд барьцааны гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч Д.Ө нь өмчлөгч биш байсан тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй.

 

Иймд хариуцагч нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэгч Д.Ө нь барьцааны гэрээний холбогдох заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулахаар шаардах эрхгүй юм.

 

Уг хэлцлийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаатай холбоотойгоор нэхэмжлэгч нь буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Ө-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/00088 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул К банк ХХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Blue Sky” хотхоны 44В дугаар байрны зоорийн давхарт байрлах Д.Ө-ын өмчлөлийн 102 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай Д.Ө-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч К банк ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 367 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ