Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0534

 

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0534

Улаанбаатар хот

 

Д.Батнасангийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.Батнасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, гуравдагч этгээд А.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 397 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Батнасангийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 397 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 311 дүгээр зүйлийн 311.1, 311.3, 15 дугаар зүйлийн 15.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Батнасан давж заалдах гомдолдоо: ...1. Өмгөөлөгчтэй оролцох эрх зөрчигдсөн. 2. Бүртгэл бэлэглэлийн гэрээгээр хийгдсэн байх ба энэ гэрээ нь хүчингүй болсон. Гэтэл шүүх “бэлэглэлийн цаана худалдах, худалдан авах гэрээ байх учир  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Монгол Улсын хүчин төгөлдөр хуулиар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан хууль зөрчигдсөн.

3. Голомт банк дээр мөнгийг харсан боловч гар хүрээгүй, тоолж аваагүй. Өөрөөр хэлбэл, банкны хуулийн зөвлөх Улаанцэцэг банкнаас түр хугацаагаар бэлэн мөнгө аван сейфэндээ хийж байгаад гарын үсэг зуруулаад буцаагаад сейфэндээ хийж, түр авсан банкны гүйлгээний мөнгөө банкинд буцаагаад өгсөн байдаг. Иргэний хуулийн шаардлага нь худалдаа хийсэн хүн мөнгөө гардан авах эрхтэй байдаг. 4. Шүүх бүртгэлд хамааралгүй нотлох баримт болох худалдах, худалдан авах гэрээг үнэлсэн. Энэ гэрээ улсын бүртгэлийн архивт байхгүй.

Иймд, дээрх 4 үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иргэн Д.Батнасан “Улсын бүртгэлийн маргаан бүхий акт болох 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б-2203003524 тоот улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А.Оюунд өмчлөх эрх шилжсэн бүртгэлийн үндсэн дээр олгогдсон гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2 дугаар байрны 30 тоотод байрлах 107.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003524 дугаарт бүртгэж, 2003 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0080788 дугаар гэрчилгээг олгож, иргэн Д.Батнасан, Д.Түмэннасан, Т.Цолмон, Т.Болдбаяр, Т.Энх-Амгалан, Т.Болор, Т.Пүрэвдулам нарыг өмчлөгчөөр бүртгэжээ.

Нэхэмжлэгч Д.Батнасан нь дээрх өмчлөлийн орон сууцаа барьцаалан 25 сая төгрөгийг 2003 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Голомт банктай ЗГ-2002/03-0040 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25 сая төгрөг зээлж авсан байна.

Улмаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2 дугаар байрны 30 тоотод байрлах 107.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцаа Голомт банкны зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлж, 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ”, “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулан гуравдагч этгээд А.Оюунд худалдсан болох нь нэхэмжлэгч Д.Батнасан, гуравдагч этгээд А.Оюуны тайлбар мэдүүлэг, гэрч Т.Энх-Амгалангийн мэдүүлэг, 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Д.Батнасангийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх хүсэлт, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн Д.Батнасан болон А.Оюун нарын дунд хийгдсэн 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцсон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

Хэдийгээр 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцсон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа хэдий ч маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2 дугаар байрны 30 тоотод байрлах 107.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг Д.Батнасан нь А.Оюунд худалдах, А.Оюун нь уг орон сууцыг худалдан авахаар талууд хүсэлт зоригоо бичгээр илэрхийлж, хэлцэл хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар хандсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн хувийн хэрэг, болон нэхэмжлэгч, гуравдагч этгээд, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдсон гэж үзлээ.

Мөн Голомт банкны тооцооны төвөөс Д.Түмэннасан, Д.Батнасан нарт хүргүүлсэн   “Барьцаа суллах тухай” 2004 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 12/105 дугаар мэдэгдэл, 2004 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Голомт банканд зээл 25 сая төгрөг “Батнасангийн зээлийг Адилбишийн Оюун” төлсөн орлогын мэдүүлгийн баримт, мөн зээлийн хүү төлсөн орлогын мэдүүлэг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт “барьцаанаас чөлөөлж өгнө үү” гэж гаргасан Д.Батнасангийн 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн өргөдөл, Голомт банкны 2 дугаар тооцооны төвийн захирал Ч.Отгончимэгийн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хүргүүлсэн 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12/111 тоот албан бичиг зэргээс үзэхэд маргаан бүхий орон сууцыг А.Оюуны өмчлөлд шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Тиймээс дээрх баримтууд болон 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан А.Оюуны мэдүүлэг, өргөдөл, банкны барьцаанаас чөлөөлсөн бүртгэл, Д.Батнасан болон хамтран өмчлөгч 7 иргэн болон А.Оюун нарын хооронд хийгдсэн 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ” зэргийг үндэслэн маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2 дугаар байрны 30 тоотод байрлах 107.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцыг иргэн А.Оюуны өмчлөлд бүртгэсэн эрхийн улсын бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл, 14.2-т “мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

Тодруулбал, нэгэнт тухайн үед өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2 дугаар байрны 30 тоотод байрлах 107.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай орон сууцаа А.Оюуны өмчлөлд шилжүүлсэн нь үндэслэлтэй байгаа тул А.Оюуны нэр дээрх эрхийн улсын бүртгэлийг болон гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй.

Тиймээс эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн давж заалдах шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн “Голомт банкнаас гаргуулан авсан ач холбогдол бүхий нотлох баримтыг хэрэгт нотлох баримтаар өгөх, мөн энэхүү нотлох баримттай холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай” хүсэлтийг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Батнасангийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                     

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН

        ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

        ШҮҮГЧ                                                                 Э.ХАЛИУНБАЯР