| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 181/2018/01045/И |
| Дугаар | 00540 |
| Огноо | 2019-11-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 00540
| 2019 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 153/ШШ2019/00540 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ******* ******* гудамж 04-.. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Хаад боржигон овогт Х-н Гын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Жаргалан баг, 4-30 айлын орон сууц 19 тоотод оршин суух, .. дугаарын регисртэй, Олхонуд овогт *******ийн О,
Хамтран хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1-60 айлын орон сууц, .. тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Чинос овогт Б-ийн Гт холбогдох
гэрээний үүргийн гүйцэтгэлд 130,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Оийн автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Га нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Я.О нь 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр миний эзэмшлийн 88- 66 УБЭ улсын дугаартай хар өнгийн тоёото ланд крузер 200 маркийн автомашиныг 85.000.000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бүх мөнгөө төлж дуусгах нөхцөлтэйгээр МУ-ын Иргэний хуулийн 262-264 дүгээр зүйлд заасныг үндэслэн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хүлээн авч явсан. Гэрээний 3-р заалтанд Я.О нь төлбөрөө төлж дуусгах хугацааг тодорхой зааж үүрэг хүлээсэн байдаг боловч төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс гадна төлбөрөө төлөхийг шаардсан удаа дараагийн шаардлагыг хүлээн авахгүй зугатааж гэрээний үүргээ зөрчсөөр байна. Миний бие шүүхэд удаа дараа нэхзмжлэл гаргасан боловч хаяг зэрэг бүртгэлтэй боловч оршин суудагтүй, хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж байсан ба эрэн сурвалжлах шүүгчийн захирамж гарсны дагуу Я.О нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 36 байр 202 тоот хаягаар нэхэмжлэлийг хүлээн авах хүсэлтээ өгсөн байна. Иймд Я.О нь гэрээний 3 дахь заалтыг зөрчиж төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн, мөн гэрээний 8 дахь заалтад хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцно гэсэн нөхцлийн дагуу олон хоног болж байгаа боловч ИХ-ийн 232-р зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул гэрээний дагуу төлөх алданги 42.500.000 төгрөг, үндсэн төлбөр 85.000.000 төгрөг, хохирсноос үүдэн гарсан зардлд буюу өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 3.000.000 төгрөг, нийлбэр дүнгээр нийт 130.500.000 төгрөгийг иргэн Я.Оээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Я.О 2014 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр миний эзэмшлийн 88-66 УБЭ улсын дугаартай хар өнгийн Тоёото ланд крузейр 200 маркийн машиныг 85,000,000 төгрөгөөр худалдаж аваад 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бүх мөнгөө төлж дуусгана гэдэг нөхцөлтэйгээ автомашиныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж авч явсан. Энэ гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 262-264 дүгээр зүйлүүдийг баримталж гэрээ байгуулаад нотариатаар орж баталгажуулаад автомашинаа хүлээлгэж өгөхдөө видео дүрс бичлэг хийгээд өгөөд явуулсан. Гэрээний 3 дахь заалтад Я.Оийн төлбөр төлөх хугацааг тодорхой зааж өгсөн.Я.О нь төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс гадна удаа дараагийн шаардлагыг хүлээж авахгүй зугатаж холбоо тасарсан. Гэрээнийхээ үүргийг зөрчөөд байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг удаа дараа гаргаж байсан боловч хаяг нь тодорхойгүй үндэслэлээр хэрэг буцаагдаж байсан. Эрэн сурвалжлах хүсэлт өгсний дагуу шүүгчийн захирамж гараад Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байгаа гэсэн тайлбарыг үндэслээд дахин нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлий шаардлагыг гардуулсан. Гэрээний 3 дахь заалтыг зөрчиж төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн, гэрээний 8 дахь заалтыг зөрчиж хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувин алданги тооцно гэсэн заалтын дагуу үндсэн төлбөр болон алдангийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалттай учраас үндсэн төлбөр болох 85,000,000 төгрөгийн 50 хувь нь 42,500,000 төгрөг болж байгаа. Үүн дээр нэмээд өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан 3,000,000 төгрөгийг нэмээд 130,500,000 төгрөгийг Я.О болон Б.Г нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хамтран хариуцагчаар Б.Гыг татсан. Анх машин авахдаа Б.Г Я.О нар нь хамт авна гэсэн. Хариуцагч нар нь нэхэмжлэгч Х.Гатай барилгын материал зээлээр худалдан авдаг хамтрагч нар байсан. Б.Гын тайлбараар хариуцагч нар нь тухайн автомашиныг хамтран авсан гэдгээ хэлж байгаа. Хариуцагч Я.Оээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 85,000,000 төгрөг, алданги 42,500,000 төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг нийт 130,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Я.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Х.Гыг сайн танихгүй мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дараах байдлаар тайлбарлая. 2014 оны 1 сард би ******* хотоос Ховд аймаг руу явах ажилтай байсан юм. Тухайн үед манай найз Б.Г надтай утсаар холбогдож, ******* хотоос Х.Гаас 88-66 УБЭ улсын дугаартай хар өнгийн Тоёото ланд крузейр 200 машин аваад бариад ирэхийг хүссэн юм. Тухайн үед би Х.Гатай холбогдоход дээрх машинаа Б.Гт зарж байгаа тухайгаа хэлж, авто машин зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулах шаардлагатай гээд уг гэрээнд гарын үсэг зуруулсан. Би тухайн үед Б.Г Х.Га нар хоорондоо тохиролцож уг машиныг худалдаж авч байгаа юм байна гэж ойлгосон. Ингээд би найз Б.П*******той хамт уг машиныг бариад Ховд аймаг уруу гарч Ховд аймагт ирээд уг машиныг Б.Гт хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш уг машинтай холбоотой асуудал надад хамаагүй. Уг зээлийн гэрээнд би гарын үсэг зурахгүй гэхэд Х.Га нь ******* хотоос Ховд явах замд тээвэр авто замын газар болон Цагдаагийн газраас шалгадаг тул авто машин зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулах хэрэгтэй гэж намайг сүрдүүлж гарын үсэг зуруулсан. Гэтэл Х.Га нь дээрх машины үнэ 85000000 төгрөг, алданги 42500000 төгрөг өмгөөлөгчийн хөлс 3000000 төгрөг нийт 130,500,000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Миний бие дээрх машиныг өөрийнхөө өмчлөл, эзэмшилд шилжүүлээгүй, уг машиныг хувьдаа ашиглаагүй, уг машиныг худалдан авах хүсэл зориг надад байгаагүй зөвхөн Б.Гын өмнөөс зээлээр авто машин худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, уг машиныг Б.Гт хүлээлгэн өгсөн юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь машин зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 85,000,000 төгрөг, алданги үндсэн үнийн 50 хувь, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг Б.Г, Я.О нараас гаргуулж өгнө үү гэж байна. Шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаад хэнээс хэдэн төгрөг гаргуулах гэж байна гэдэг дээр тодорхой хариулт хэлж чадсангүй. Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэдэг талаар тайлбараа хэлье гэж бодож байна. Нэхэмжлэгч талаас худалдах, худалдан авах гэрээг хэрэгт хавсаргасан байгаа. Хариуцагчийн тайлбар, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэгч тал нэг ч баримт гаргаж өгөөгүй. Иргэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн гэрээ байсан гэдгийг нотлохын тулд 3-4 гэрчийг асуулгасан. Гэрч нарын мэдүүлэг дээр үндэслээд нэхэмжлэгч талаас хамтран хариуцагчаар Б.Гыг татаж оруулж ирсэн. Хэлцэл гэдгийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан байгаа. Хэлцлийн шаардлага буюу Я.О энэ машиныг худалдаж авахыг хүсэж байсан уу? Талуудын хооронд Я.Од энэ машиныг худалдах хүсэл зориг байгаад энэ гэрээг байгуулсан уу? 2014 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр яг юу болсон талууд ямар хүсэл зориг илэрхийлж энэ гэрээ хийсэн гэдгийг заавал тодруулах шаардлагатай. Гэрээг хийхэд Б.Пүрэвдож, Я.О хоёр хамт явж байгаад Х.Гатай хамт нотариат орсон. Энэ нь хууль сануулж гэрчээр асуусан хүмүүсийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Гэрч нарын зөрүүтэй мэдүүлэг байдаггүй. Я.Оийн машин унаж явах гэж байгаа шалтгаан нь Б.Гт тухайн машиныг аваачиж өгөх байсан. Х.Гын хувьд замд шалгалт байгаа худалдах, худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурчихаад Б. Гт машиныг аваачаад өгчих гэсэн тохиролцоо үүссэн байдаг. Б.П*******, Я.О хоёр хамт явж байхад Я.О иргэний үнэмлэхтэй, Б.П*******ид иргэний үнэмлэх нь байхгүй байсан. Я.Оийг иргэний үнэмлэхтэй учраас чи гэрээ хийчих гэсэн бодит байдал дээр ийм л тохиролцоо үүссэн. Бодит байдал дээр худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээ биш. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ биш учраас Я.О ямар нэгэн хариуцлага хүлээх боломжгүй. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад үзэхээр гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаарх нотлох баримтууд хангалттай авагдсан байгаа. Гэрээ байгуулсан түүнд гарын үсэг зурсан одоо мөнгөө өг гэдэг шаардлага тавьж байгаа нь боломжгүй. Энэ нөхцөл байдлуудыг тодруулахын тулд хариуцагч талаас олон хүсэлтийг гаргасан.Хүсэлтүүдийн зарим нь хангагдаж, зарим нь тодорхой шалтгааны улмаас хангагдаагүй байгаа. Хангагдаж чадсан хүсэлтүүд биелэгдсэн болон хүчин төгөлдөр үү гэдгийг хангалттай нотлоод ороод ирэх байсан. Я.О, Х.Га хоёр дунд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан бол Б.Г гэдэг хүн би энэ машиныг аваад ир гэсэн гэж өөртөө төвөг учруулаад хамтран хариуцагчаар татах хэмжээнд хүртэл нөхцөл байдал харагдахгүй байх байсан. Х.Га тухайн машины бичиг баримт, түлхүүрийг авсан. Энэ хүмүүст эзэмших, ашиглах эрхийг өгөөгүй. Автотээврийн Үндэсний газраас энэ машин хэний нэр дээр байна гэдэг лавлагааг авсан байгаа. Энэ машины эзэмшигч, өмчлөгч нь одоо болтол Х.Га байгаа. Тахарын албанд ажиллаж байсан Ц.О гэдэг хүн Монгол улсад байсан бол гэрчээр асуулгах байсан. Цагдаагийн Ерөнхий газраас ирүүлсэн тоот дээр энэ хүн Солонгос улсад байгаа. Худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх шилжээгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэв.
Хамтран хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Гаас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дурдсан зүйлс нь худал бөгөөд би уг автомашиныг зээлээр худалдан аваагүй. Би X.Гын автомашиныг Ховд аймагт зарах боломж байвал зарж өгөе гэж хэлсэн. Өөртөө худалдан авах шаардлага, хүсэл зориг байгаагүй. Барилгын материал зардаг Оийг Ховд аймаг руу ажлаар явах гэж байхад нь 2016 оны 01 сарын 25, 26-ны орчимд X. Га гэдэг хүнээс машиныг нь унаад хүрээд ир, би энд зарж өгөх гэж байгаа гэж хэлсэн. 2014 оны 1 сарын 26 -нд ингээд О машиныг унаад явах гэтэл X.Га нь юмыг яаж мэдэх бэ автомашины гэрчилгээ, унаж яваа хүний нэр зөрөөд цагдаа явуулахгүй байж магадгүй гээд Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгээд аваад яв замд цагдаа зогсоовол үзүүлээрэй гэж хэлээд тэд автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан. Энэ үед тэдний хажууд Ц.П******* гэж хүн байсан. Ц.П******* Гатай уулзахаас эхлээд машиныг Ховд хүртэл унаж явж надад хүлээлгэн өгөхөд хамт байсан. Энэ яриа тохиролцоо, үйл явдлыг П******* гэрчилнэ. О нь Х.Гын гуйлтаар машиныг Ховд аймагт хүргэж өгөхийг зөвшөөрч машиныг унаж яваад Ховдод очмогц надад хүлээлгэн өгсөн. Гын бичсэн шиг худалдаж аваагүй. Ямар ч хүн Х.Га ч огт таньж мэдэхгүй хүнд 1 удаа уулзаад л өндөр үнэтэй машинаа ямар ч барьцаагүй шууд өгөхгүй. Х.Га намайг машиныг нь залилан мэхэлж авсан гэж цагдаад гомдол гаргаж шалгуулсан, намайг болон Я.О бид хоёрыг Ховд аймгаас баривчлуулж авчруулсан, машиныхаа түлхүүрийг өөрөө авчихсан мөртлөө машинаа авахгүй байгаа. Машины бичиг баримт болон түлхүүр нь одоо Гад байгаа. Тухайн үед Тахарын алба гэж байсан бөгөөд албаны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрэн сурвалжлах хуяглан хүргэх албаны төлөөлөгч дэслэгч Цэдэнсодном овогтой О түлхүүр болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч Х.Гад өгсөн. Х.Га нь машинаа зарж өгөөч гэж гуйж Оээр Ховд аймаг хүргүүлчихээд ингэж гүтгэж, их хэмжээний мөнгө нэхэж байгаад гомдолтой байна. Тахарын алба надаас 380 000 төгрөг зардлын мөнгө гэж гаргуулж авсан. Энэ мөнгийг X.Гаас гаргуулах хүсэлтэй байна. X.Гын энэхүү илт худал гүжирдлэг бүхий нэхэмжлэлийг үнэн зөвөөр шийдэж өгч, намайг хохиролгүй болгоно уу. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
|
|
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарддлагынхаа үндэслэлийг тодорхой тайлбарлахгүй байна. Нэхэмжлэгч бусдыг хуурч мэхэлж хэлцэл хийсэн. Хууран мэхэлж хийсэн хэлцэлд хамаарах хэлцэл гэж миний хувьд үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа үйлдэл буюу өнөөдрийг хүртэл явж ирсэн зан үйл нь бусдыг зээлээр худалдах, худалдан авах итгэл эвдсэн гэрээ хийсэн байгаа. Гэрээ хийгээд нотариатаар батлагдсан юм чинь мөнгө гаргуулаад, алданги тооцоод авчихна гэсэн ойлголтоор хийсэн хэлцэл байгаа. Анхнаасаа нэхэмжлэгч Х.Га Я.Отэй хүсэл зоригын илэрхийлэл хийгдээгүй. Иргэний хуулийн 39,40 дүгээр зүйлүүдэд хэлцлийн хүсэл зоригын илэрхийлэл бодит байх ёстой байдаг.хэлцэл хийх хүсэл зоригыг Я.О илэрхийлээгүй Х.Ганулга итгэмжлэл өгөх Я.Одгэрлийг нотариат дээр дагуулж очдог. Я.Отэй ч яриагүй. Б.Гтой чи миний машиныг зараад өгөөч Ховд аймаг Хөдөө газар юм чинь машин гайгүй үнэтэй зарагдчих байх гэдэг асуудал ярьдаг. 2014 онд хүний машиныг хүн унаж явдаггүй заавал итгэмжлэл байж унадаг байсан. Б.Г наашаа ирэх гэж байгаа манай найзууд байна чи итгэмжлэл хийгээд явуулчих гэдэг зүйлийг хэлсэн. Анхнаасаа итгэмжлэлийг Я.Од хийлгэх зорилго байгаагүй. Б.П******* гэдэг хүн дээр итгэмжлэл хийлгээд Я.О хамт Ховд аймаг руу ирэх гэж байсан. Б.П*******, Я.О нар нь Б.Гын бусдад зарж борлуулах гэж байгаа машиныг хүргэж өгөх гэж байгаа хүмүүс байсан. Б.П*******ийн бичиг баримтгүйгээс шалтгаалаад дагаад очсон Я.О бичиг баримттай байсан учраас гэрээ хийхээр болсон. Гэрээ биш итгэмжлэл хийх зорилготой байсан. Итгэмжлэлээ хийгээд өгсөн бол өнөөдөр асуудал ийм байдлаар явах ямар ч шаардлагагүй. Гэтэл автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нэхэмжлэгчийн санаатай бусдыг төөрөгдөлд оруулсан үйлдэл бодитой хийгдсэн байгаа. Я.О өөртөө хамаагүй итгэмжлэл гээд ойлгосон явж байсан хүн Б.Гт авчраад өгчихөөр асуудал дуусан гэж ойлгосон. Бусдад машин худалдсан хүн хоёр жилийн хугацаанд яагаад мөнгөө нэхэхгүй байсан вэ? Яагаад Я.Оээс мөнгөө нэхэхгүй байсан вэ? Тухайн машиныг Я.Од зарсан. Мөнгөнийхөө хойноос хөөцаөлдсөн ямар ч ажиллагаа байхгүй байснаа 2016 онд бусдаас мөнгө нэхээд Цагдаагийн байгууллагад өгөөд Тахарын албаар хөөцөлдүүлээд явсан гээд байгаа боловч нэхэмжлэгч талаас нэг ч баримт оруулж ирээгүй байгаа. Хоёр жилийн хугацаанд машины мөнгө нэг ч төгрөг өгөхгүй байхад гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байна гээд гэрээгээ цуцлаад машинаа авч болохоор байсан.Төлбөр төлж дуусах хугацаа нь 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байсан. Машиныхаа мөнгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд өгөөгүй тохиолдолд машинаа буцаагаад авах боломжтой байсан. 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл харсан гэрээний хугацаа дууссан учраас машинаа буцааж аваад машинтай холбоотой зардлаа гэм хорын хохирлоо нэхэмжлэх боломж байсан. Цагдаагийн Ерөнхий газраас Тахарын албанд ажиллаж байсан Ц.Оийн лавлагаа ирсэн. Тахарын албанд ажиллаж байсан хүн Х.Гын гар хөл болж хууль бусаар ажиллаж байсан хүн байгаа. Энэ талаарх ямар ч нотлох баримт байхгүй. Ц.О та нар хүний машиныг хулгайлаад авчихлаа гэж хандаад бичиг баримт түлхүүрийг нь хурааж аваад явсан. Х.Гад машинаа ав гэдэг шаардлага тавихаар миний машин биш гээд байдаг. Хуулийн дагуу ажиллагаа хийж байсан бол арлын дугаараас нь эхлээд шалгах байсан. Муудсан бол муудсан зардлаа нэхэмжлэх боломжтой байсан. Б.Г найз нөхөд гэсэн утгаараа зарж борлуулаад өгье Ховд аймгийн Засаг даргын орлогч машин авах гээд байна чи үнээ буулга 85,000,000 төгрөгөөр авахгүй 60,000,000 төгрөгөөр авна гэж байна гэхэд Х.Га зарахгүй гэсэн. Тэгвэл машиныг чинь буцаая гээд М.Өнөрбатад өгөөд буцаасан үйлдэл байгаа. Х.Гын машиныг худалдаж авах хүсэл зоригын илэрхийлэл хариуцагч нарт байхгүй байсан. Х.Га нь Б.Г, Я.О хоёрт машинаа худалдах санаа зорилго байхгүй. Магадгүй Х.Гын мөнгө төгрөгөө хөөцөлдөхгүй буцаагаад машинаа авахгүй байгаа, гэрээ цуцлахгүй өнөөдрийг хүрчихээд байгаа байдал нь санаатайгаар бусдыг өр төлбөрт оруулах зорилго агуулсан зарагдахгүй байгаа, хямд үнээр зарагдах гээд байгаа машинаа өндөр үнээр бусдад шахаад гэрээний үүрэг гэдэг хэлбэрээр өнөөдрийн нэхэмжлээд ороод ирж байгаа маш өндөр төлбөрт бусдыг унагаах зорилго агуулсан байхыг үгүйсгэх аргагүй. Үнэхээр худалдаж борлуулах зорилго байсан бол хэлцлээ биелүүлэхгүй байна гэдэг эрх байсан. Гэрээнээс татгалзах эрх нь байдаг. Гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй байгаа. Гэрээ байгуулсан нөгөө тал нь төлбөр төлөх чадамжгүй байгаад байгаа. Нэхэмжлэгчийн тухайд хэлцэл байгуулсан бол ойлгомжтой байдал үүсэж байгаа. Я.О гэдэг хүн худалдах худалдан авах гэрээ хийчихээд 50,000 төгрөг ч өгөхгүй байгаа.Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн хүн маш том эргэлзээ. Төлбөрийн чадамжгүй болсон байх эрсдэл бий болсон тохиолдолд гэрээнээсээ татгалзах боломжтой байсан. 2014 оны 6 дугаар сар гэхэд мөнгөө төлж дуусгасан байна гэсэн байгаа. Ямар хэсэгчилсэн төлөлттэй байх нь тодорхойгүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн тохиолдолд тийм хэлцэл хийнэ. Я.О худалдаж авах гэсэн болох тухайн автомашин дээр яагаад акт гаргуулаагүй вэ? Шинжилгээний байгууллагаар яагаад шинжлүүлэхгүй байгаа вэ? Х.Га миний машин Ховд явлаа гэсэн бичлэг хийчихээр болчихдог асуудал биш. Иргэн хүн энгийн хүн тухайн машиныг шалгах боломж байхгүй байсан. 85,000,000 төгрөг энгийн ажил хийдэг хүнд их мөнгө. Нэхэмжлэгч, хариуцагч нар бодит байдалдтай нийцсэн тохироо хийх ёстой байсан. 2014 оны 6 сараас 2016 он хүртэл Я.Оээс мөнгө нэхэмжилж байсан нэг ч баримт байхгүй.Худалдах, худалдан авах гэрээний санаа зорилго агуулаагүй гэдэг байдал харагдаж байгаа. Б.Г яагаад хамтран хариуцагчаар ороод ирсэн вэ? гэдэг асуудал байгаа. Б.Гын өөрийнх нь өгсөн гэрчийн мэдүүлгээр хамтран хариуцагчаар оруулж ирсэн Я.О энэ машиныг худалдах санаа зорилгогүй байсан гэж хэлсэн учраас хамтран хариуцачаар татаж оруулж ирсэн. 80,000,00 төгрөг үнэтэй байна 60,000,000 төгрөгөөр авах хүн байна гэдэх Х.Га машинаа зарахгүй гэсэн. М.Өнөрбат хот явах гэж байсан буцаагаад өгөөд явуулсан. Я.О наашаа авчирж өгөөд Я.О хариуцагчаар ороод ирсэн. Х.Гаас Я.О машин худалдаж авахгүй машинд нь дайгдах гэж байсан хүн гэж үнэн зөв мэдүүлэг өгснийхөө төлөө Б.Г хариуцагч болоод ороод ирсэн. ******* хотод машинаа авахгүй гарш олдохгүй тухайн машины бичиг баримт байхгүй болохоор тухайн машиныг чирдэг, ачдаг нөхцөл байдал байгаа. М.Өнөрбат хүний эд хөрөнгийг сайн дурааараа хадгалснаасаа болоод грашийн төлбөрийн өрөнд ороод эхэлсэн. орсон. Автомашинд үзлэг хийлгэх хүсэлт хангагдаагүй. М.Өнөрбат зургийг нь аваад Б.Г руу зургийг нь явуулсан. Б.Г, Х.Гатай гэрээ ч байгуулаагүй. Итгэмжлэл хийгээд явсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Гэрч нарын мэдүүлгээр Б.Г тухайн машины худалдан авах, бусдад худалдан борлуулах, өөрөө ч худалдан авах зорилго байгаагүй. Я.Оийн өмчлөлийнх мөн байсан бол Я.О захиран зарцуулаад явах байсан. Захиран зарцуулах эрх шилжээгүй худалдах, худалдан авах гэрээ гэж байхгүй. Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний 7 дээр төлбөрийг төлж дууссаны дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр солигдоно гэсэн байгаа. Я.О, Б. Г нарт Х.Гаас эрх нь шилжиж орж ирсэн бол бодитой хэлцэл байх байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хэлэхэд дүр үзүүлж хийсэн хэлцэл байна. Я.Оийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасаар хуурч мэхлсэн байгаа. Хүсэл зоригын илэрхийлийг хамт явж байгаа Б.П******* гэдэг хүн хангалттай тайлбарласан. Б.П*******ид бичиг баримт нь байсан бол Б.П*******той хэлцэл хийгдээд Я.О ямар ч хамааралгүй байх байсан. Я.О худалдах, худалдан авах гэрээний хүэл зоригийг ойлгоогүй. Я.О итгэмжлэл авах гэж байна гэж нотариат дээр очиж байгаа. Монгол ёс жудаг гэж байна. Хүнээс машин авч байж 100,000 төгрөг өгөөд авах байсан. 2014 онд манай Ховд аймагт тийм машин байхгүй байсан. Ховд аймгийн Засаг даргаас өөр хүн унаж байгаагүй. Я.Од Х.Гаас машин худалдан авах хүсэл зориг байгаагүй. Х.Гад гэрээ байгуулах зорилго байсан гэж үзэж байна. Хэзээ ямар нөхцлөөр эргэж төлбөрөө авах нь тодорхойгүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд эргэн төлөлтийн хувиар байхгүй. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн. Худалдах, худалдан авах гэрээнд тавигдах стандарт байхгүй байгаа. Автомашины бүрэн бүтэн эвдрэлгүй байх . Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч Я.О нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Х.Гатай байгуулсан 80 сая төгрөгөөр ланд крузер маркийн машин худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан шалтгаан нь тус машиныг Б.Г гэдэг залууд хүргэж өгөхөөр *******аас, Ховд аймаг руу явах замд цагдаа зогсоогоод бичиг баримт шалгаж магадгүй тул ...саяхан худалдаж аваад явж байна гээд тус гэрээг үзүүлэхэд хэрэг болно... гэж хэлэхээр нь гарын үсэг зурсан. Надад тус машиныг худалдан авах хүсэл сонирхол огт байгаагүй. Тухайн автомашиныг би П*******ийн хамт *******аас Ховд аймагт жолоодож Б.Гт хүлээлгэж өгөх л үүрэгтэй байсан. Энэхүү үүргийнхээ дагуу 2014 оны 01 дүгээр сарын 27-ноос 28- ны өдөр Б.Гт машиныг хүлээлгэж өгсөн бөгөөд тухайн машиныг өөрөөр нэг ч удаа ашиглаж, эзэмшиж унаж байгаагүй. Одоо хаана хэний эзэмшил ашиглалтад байдгийг ч мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл Х.Га бид хоёрын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Х.Га, Я.О нарын байгуулсан Автомашин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Я.О, Б.Г нар нь барилга барьдаг гэж анх надтай танилцаж Х.Га надаас барилгын материал авдаг, заримдаа зээлээр аваад мөнгийг нь дараа өгчихдөг байсан болохоор тэдэнд итгээд бараагаа өгөөд явуулчихдаг бизнесийн харилцаатай байсан юм. Тэгээд 2014 оны 01 сард Я.О нь цагаан сар боллоо машинаа зарчихаач би зээлээр худалдаж авья, мөнгийг 2014 оны 06 дугаар сарын 01-ний дотор өгье гээд гуйгаад байсан ба Б.Г бас машинаа Я.Од зээлээр худалдчихаа гээд байнга гуйгаад байхаар нь өмнө нь зээлээр бараа аваад мөнгөө өгчихдөг байсан болохоор нь итгэж зөвшөөрөөд "автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ" байгуулан дүрс бичлэг хийж автомашинаа Я.Од хүлээлгэн өгсөн. Иргэн Я.О, Б.Г нар бол найз нөхөд бөгөөд тэд үгээ нийлүүлж худал тайлбар мэдүүлэг өгч байгаа нь илт байгаа, гэхдээ тэдний өөрсдийх нь өгсөн тайлбар мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байгаагаас тэд худлаа ярьж байгаа нь тодорхой харагдаж байна. Сөрөг нэхэмжлэлдээ: ...гэрээнд гарын үсэг зурсан шалтгаан нь тус машиныг Б.Гт хүргэж өгсөн, Ховд руу явах замд цагдаа зогсоож шалгах тул үзүүлэхэд хэрэг болно гэхээр нь гарын үсэг зурсан ... гэтэл тухайн үед бусдын автомашиныг жолоодож явхад итгэмжлэлтэй байх эсвэл өөрийн нэр дээр байх гэсэн зохицуулалт 2005 оноос хүчингүй болсон байсан, тиймээс замд цагдаа зогсооход үзүүлэхийн тулд гэрээ байгуулсан гэсэн тайлбар няцаагдаж байгаа юм. Я.О нь гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо бүрэн илэрхийлж нотариатаар орж гэрээ байгуулж автомашиныг хүлээж явсан, харин Б.Г тэдний хооронд үүссэн асуудал, ямар харилцаа тохиролцоотой нь надад хамааралгүй юм. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар нь бүхэлдээ үндэслэлгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан үндэслэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Га нь хариуцагч Я.О, хамтран хариуцагч Б.Г нарт холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 85,000,000 төгрөг, алданги 42,500,000 төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг нийт 130,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Хариуцагч Я.О нь 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Х.Га, Я.О нарын байгуулсан Автомашин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгийн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 85,000,000 төгрөг, алданги 42,500,000 төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг нийт 130,500,000 төгрөгийг хариуцагч Я.Оээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Хариуцагч Я.О нь Би тухайн машиныг Ховд аймагт хүргэж өгөх л үүрэгтэй байсан, замд цагдаа шалгаж магадгүй гэж гэрээ байгуулсан... гэж,
Хамтран хариуцагч Б.Г нь... би уг автомашиныг зээлээр худалдан аваагүй. Би X.Гын автомашиныг Ховд аймагт зарах боломж байвал зарж өгье гэж хэлсэн. Өөртөө худалдан авах шаардлага, хүсэл зориг байгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тус тус маргав.
2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Х.Га, хариуцагч Я.О нарын хооронд Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулсан хуулбар баримтаар бүрэн нотлогдож байна.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Х.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Я.Оийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдагч Х.Га нь 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ- ний дагуу гэрээний зүйл болох 88- 66 УБЭ улсын дугаартай хар өнгийн тоёото ланд крузер 200 маркийн автомашиныг шилжүүлж худалдан авагч Я.Од хүлээлгэн өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг болон болон зохигчдын тайлбараар бүрэн тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х.Га нь 88- 66 УБЭ улсын дугаартай хар өнгийн тоёото ланд крузер 200 маркийн автомашины үнийг бүрэн төлөхөөс өмнө уг автомашиныг худалдан авагч Я.Од шилжүүлсэнээр үүргээ биелүүлсэн ба Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар 88- 66 УБЭ улсын дугаартай хар өнгийн тоёото ланд крузер 200 маркийн автомашиныг өмчлөх эрх хариуцагч Я.Од үүсэж байгаа болно.
Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Га нь хуульд заасан үүргээ биелүүлж худалдсан машиныг хариуцагч Я.Од шилжүүлснээр түүнээс хойшхи машинтай холбоотой үр шим болон эрсдлийг хариуцагч Я.О нь өөрөө хариуцах ёстой болохыг тэмдэглэв.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж заасны дагуу худалдагч Х.Гыг худалдан авагч Я.Од 88- 66 УБЭ улсын дугаартай хар өнгийн тоёото ланд крузер 200 маркийн автомашиныг хүлээлгэн өгснөөр гэрээний дагуу зохих ёсоор нь шударгаар үүргээ гүйцэтгэсэн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулна гэсний дагуу 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г худалдагч Х.Га, худалдан авагч Я.О нар нь бичгээр байгуулжээ.
2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г талууд байгуулж гэрээний гол зүйл болох автомашиныг худалдагчаас худалдан авагчид шилжүүлсэн байна.
Иймд талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр байна.
Худалдан авагч Я.О нь 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй буюу гэрээний 3 дугаар зүйлд заасан 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд бүх мөнгийг төлж дуусгасан байна гэсэн үүргээ зөрчсөн тул худалдагч буюу Х.Га нь гэрээний дагуу хохирол шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,
232 дугаар зүйлийн 232.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасны дагуу гэрээний 8 дугаар зүйлд тохиролцсоноор хариуцагч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 42,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх хуулийн үндэслэлтэй байна.
Худалдагч Х.Га, худалдан авагч Я.О нар нь авто машин зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хариуцагч Я.О, хамтран хариуцагч Б.Г нар нь тухайн үед 88- 66 УБЭ улсын дугаартай хар өнгийн тоёото ланд крузер 200 маркийн автомашиныг авахгүй, худалдаж аваагүй, харилцан тохиролцож чадаагүй, бусдад зарж борлуулахаар авсан, гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол ямар нэгэн байдлаар тэр даруйдаа холбогдох байгууллагад мэдэгдэх, гомдол гаргах эрх нь нээлттэй байжээ.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Га, хариуцагч Я.О нарын хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр байх ба хэлцэл байгуулагдсан байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д дүр үзүүлэн хийсэн хэлцэл;, 56.1.4-д үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл; гэж үзэх боломжгүй байх тул хариуцагч Я.Оийн 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Х.Га, Я.О нарын байгуулсан Автомашин худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байна.
Гэвч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагч Я.Оийн Би тухайн машиныг Ховд аймагт хүргэж өгөх л үүрэгтэй байсан, замд цагдаа шалгаж магадгүй гэж гэрээ байгуулсан... , гэх
Хамтран хариуцагч Б.Гийн ... би уг автомашиныг зээлээр худалдан аваагүй. Би X.Гын автомашиныг Ховд аймагт зарах боломж байвал зарж өгөе гэж хэлсэн. Өөртөө худалдан авах шаардлага, хүсэл зориг байгаагүй... гэх тайлбарууд нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Мөн 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед нотариатч энэ гэрээний үр дагавар, хууль зүйн ач холбогдолыг тайлбарлаж зөвлөгөө өгсөн болох нь гэрээнд зурагдсан нотариатчийн гарын үсгээр, тухайн үр дагаварыг уншиж танилцсан болох нь талуудын гарын үсгээр тус тус тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Я.Оээс зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 85,000,000 төгрөг, алданги 42,500,000 төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг нийт 130,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Гад олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 810,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Оээс 810,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Гад олгож, хариуцагч Я.Оийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 487,950 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Я.Оээс зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 85,000,000 төгрөг, алданги 42,500,000 төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг нийт 130,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Гад олгож, хариуцагч Я.Оийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Х.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч Я.О, хамтран хариуцагч Б.Г нарт холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 130,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хамтран хариуцагч Б.Гт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 810450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я. ээс 810450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Гад олгож, хариуцагч Я.Оийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 487950 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагчид буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ