Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2019/02693

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 07 өдөр         Дугаар 101/ШШ2019/02693             Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, үйлдвэрийн төвийн бүс, өөрийн байранд байрлах О ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0, 0 тоотод байрлах “А” ХХК /РД:0/-нд холбогдох

 

            Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Г.Ү, хариуцагчийн өмгөөлөгч Ц.А, нарийн бичгийн дарга Г.Биндэръяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс “А” ХХК-ийн захирал Г.Ү-тэй 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Худалдах худалдах авах” гэрээ байгуулж, нийт 29,000,000 төгрөгийн үнэтэй 35 тн гурилыг манай компаниас Г.Ү-т нийлүүлсэн.

Г.Ү нь тухайн үед “Худалдах худалдан авах” гэрээ хийхдээ манай “А” ХХК нь бууз, банш, хэрчсэн гурилын үйлдвэрлэл эрхэлдэг гэж тухайн үед гэрээ хийж төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулахаар гэрээ байгуулсан бөгөөд манай компанид тухайн сард 9,000,000 сая төгрөгийг төлж, үлдсэн 20,900,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй болно. Хариуцагчийн үйл ажиллагаа явуулдаг газар очиж үзэхэд бууз, баншны төхөөрөмж тавьсан байсан. Ингээд Дорнод аймаг болон Нисэхэд шинэ салбар нээсэн тул төлбөр төлөхөд асуудалгүй гэж хэлсэн гэв.

            Иймд гэрээнд заасны дагуу үлдэгдэл 20,900,000 төгрөгийг “А” ХХК-аас нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

 

 

Хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч Г.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулсан он сараа санахгүй байна. Гэрээ байгуулснаас хойш 2 удаа гурил авч, 9,000,000 төгрөгийг төлсөн. 20,900,000 төгрөгийн үлдэгдэл гурилаа авч чадаагүй учраас 20,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан  гурил авсан гэх 6 баримт байна. Үүнээс хавтаст хэргийн 7 болон 9 дүгээр талд байгаа баримтыг хүлээн зөвшөөрч байгаа ба бусад баримтад нь Г.Ү-ийн гарын үсэг байхгүй байна. Үүнд 4,100,000 төгрөгийн баримт, 6 дугаар хуудсанд байгаа 11 дүгээр сарын 07-ны өдрийн 8,100,000 төгрөгийн баримтуудад зурагдсан гарын үсэг Г.Ү-ийн гарын үсэг биш. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3,300,000 төгрөг, 1,640,000 төгрөгийн баримтад зурагдсан гарын үсэг Г.Ү-ийн гарын үсэг мөн. Хавтаст хэргийн 8 дугаар талд байгаа 2018 оны 11 дүгээр сарын засвартай зарлагын баримт байгаа. Тус зарлагын баримтад н.Баяр гэх хүний гарын үсэг байсан. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4,050,000 төгрөгийн баримтад зурагдсан гарын үсэг биш. Хавтаст хэргийн 10 дугаар талд байгаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2,200,000 төгрөг, 2,460,000 төгрөгийн гарын үсэг мөн таарахгүй байна. Иймээс Г.Ү-ийг гурил авсан гэх нотлох баримт нь үндэслэлгүй байна. Г.Ү 9,000,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа ба төлбөр төлсөн баримт хэрэгт авагдсан байгаа. Хавтаст хэргийн 11 дүгээр талд байгаа 1,500,000 төгрөг төлж гарын үсэг зурсныг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн 12 дугаар талд байгаа 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн мөнгө тушаагч н.О гэх баримтад зурагдсан гарын үсэг Г.Ү-х мөн эсэх нь эргэлзээтэй, 13 дугаар талд 3,000,000 төгрөгийн баримтад Б үсгээр эхэлсэн хүн гарын үсэг зурсан, үүнийг Г.Үнэнцэцэг төлсөн гэх үндэслэл байхгүй. “А” ХХК нь мөнгө төлсөн тухай хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн байгаа. Хавтаст хэргийн 24 дүгээр талд 4 ширхэг нэвтрэх хуудас авагдсан байгаа. Энэ нэвтрэх хуудаснуудаар Г.Ү нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан гурилыг ачиж явсныг нотлох боломжгүй. Учир нь ямар ч огноо байхгүй. 11 дүгээр сарын 05-наас 19-нийг хүртэл нийт 6 удаагийн гүйлгээгээр гурилыг хүлээлгэж өгсөн гэж байгаа бөгөөд хавтаст хэргийн 5-10 дугаар талд авагдсан баримтаас харахад нийт 5,6,7,12,14,19-ний өдрүүдийн нэвтрэх хуудсыг хуулбарлан авч ирсэн нь таарахгүй байгаа. Г.Ү 4,050,000 төгрөгийн, дараа нь 4,940,000 төгрөгийн гурил авсан. Нэхэмжлэгч тал 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            “О” ХХК н, “А” ХХК-нд холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг гэж тодорхойлсон боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдан-худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

 

Зохигчийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 35 тн гурил нийлүүлсэн байна. /хх-ийн 5-10, 18-22 дугаар тал/

 

Уг гэрээний дагуу О ХХК, “А” ХХК-нд 35 тн гурил буюу нийт 29,900,000 төгрөгийг гурид нийлүүлсэн болох нь хэргийн 5-10 дугаар тал авагдсан бараа материалын зарлагын баримтаар тогтоогдож байна.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч уг бараа материалын зарлагын баримтад зурагдсан гарын үсэг, мөн бэлэн мөнгөний орлогын баримтад /хх-ийн 12-13/ А ХХК-ийн захирал Г.Ү-ийн гарын үсэг биш гэж маргаж байх боловч уг гарын үсэгтэй холбоотой шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй болно.

           

            “О” ХХК, “А” ХХК-нд 29,900,000 төгрөгийг гурил нийлүүлж, үүнээс хариуцагч компанийн 9,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 20,900,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь “А” ХХК-ийн төлөөлөгч Г.Ү 9,000,000 төгрөгийн гурил аваад төлбөрийг төлсөн, үлдэгдэл 20,900,000 төгрөгийг гурил авч чадаагүй гэх боловч энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ биелүүлээгүй, нотлоогүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа талаараа баримтаар нотлоогүй тул “А” ХХК-иас 20,900,000 төгрөг гаргуулж, “О” ХХК-нд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч “А” ХХК-иас 20,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-нд олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Амирланзаяа” ХХК-иас 262,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Од ” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.СОЛОНГО