Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2019/02726

 

                                     

 

 

 

2019 оны 10 сарын 10 өдөр         Дугаар 101/ШШ2019/02726             Улаанбаатар хот

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Ажилчны гудамж, өөрийн байранд байрлах “У” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух, Б овогт Б.Б /РД:/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 187,505,284 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Б.Бгээс нэхэмжлэлд дурдсан хоёр гэрээний дагуу түрээсийн төлбөрт 125,216,784 төгрөг, алдангид 62,288,500 төгрөг, нийт 187,505,284 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд дараах үндэслэл бүхий шаардлага гаргаж байна. Иргэн Б.Б-тэй 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлын өрөө хөлслөх гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн өмчлөлийн үйлчилгээний барилгын хоёр давхрын зүүн жигүүрт байрлах 312 м.кв талбайг түрээсэлсэн ба тус гэрээний хугацаанд 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 жилээр сунгаж, сарын түрээсийн төлбөр 5,304,000 төгрөг. Тус талбайд Б.Б нь “Н” нэртэй караоке ажиллуулсан. Б.Б нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр караоке, барныхаа тохижилтыг сайжруулахаар засвар хийхээр болсон 3 сарын түрээсийн төлбөрийг 4,305,000 төгрөгөөр төлөх хүсэлтийг гаргаад, бид уг хүсэлтийг хүлээж авсан. Б.Б нь 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлсөн. Энэ хугацаанаас хойш түрээсийн төлбөрийг өөрийн дураар 4,305,000 төгрөг болгож төлөх болсон. Мөн өөрийн хүссэн хугацаанд түрээсийг төлөх болсноос дараах өр үүссэн. 2016 оны 1 дүгээр улиралд 1,005,000 төгрөг, 2 дугаар улиралд 4,875,000 төгрөг, 3 дугаар улиралд 6,293,000 төгрөг, 4 дүгээр улирал болон 2017 оны 01 дүгээр сарын 20 хүртэлх хугацаанд 9,820,000 төгрөгийг тус төлөөгүй. Нийт 21,994,000 төгрөгийн өр үүсгэсэн. Хариуцагч дээр дурдсан өр төлбөрт 2017 оны 01 дүгээр улиралд 12,000,000 төгрөг, 2 дугаар улиралд 5,000,000 төгрөг, 3 дугаар улиралд 4,800,0000 төгрөгийг тус тус төлж, 2017 онд 193,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Б.Б 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бидэнтэй уулзаж үлдэгдэл төлбөр 193,000 төгрөг, 2017 оны 6, 7 дугаар сарын цахилгааны төлбөр 335,000 төгрөг, 8 дугаар сарын цахилгаан төлбөр 184,905 төгрөг, 9 дүгээр сарын цахилгааны төлбөрт 233,885 төгрөг, нийт 946,125 төгрөгийг даруйхан төлж барагдуулна. Манайх тоног төхөөрөмжөө 30,000,0000 төгрөгөөр зарахаар зар өгсөн байгаа гээд, тоног төхөөрөмж зарагдах юм бол өр төлбөрөө төлөөд, ажлын байрыг хүлээлгэж өгье гэсэн. Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн хаан банкны данснаасаа 945,000 төгрөгийг шилжүүлж төлсөн. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойших түрээсийн төлбөрийг төлөөгүй. Түрээсийн талбайг чөлөөлөхгүй ашиглаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажлын байрыг хүлээлгэж өгөх акт үйлдэж хүлээлгэж өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд түрээсийн төлбөр 120,744,000 төгрөг, 26 сар 18 хоногийг нэг өдрийг 5,304,000 төгрөгөөр үржүүлээд 141,086,400 төгрөг болж байгаа. 8,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн. Үүнийг хасахаар нийт 133,086,400 төгрөг болдог. 133,086,400 төгрөг болсон хэдий ч 120,744,000 нэхэмжилж байгаа. Түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алдангид 60,372,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Хоёрдугаарт 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, тус үйлчилгээний төвийн нэг давхрын баруун жигүүрийн 155 м.кв талбайг түрээслүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 24-ний нэг жилийн хугацаагаар байгуулсан. Түрээсийн сарын төлбөрт нь 2,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Тус талбайг хариуцагч нийтийн караокегийн зориулалтаар ашигласан. Энэ гэрээний дагуу тус талбайд тоглоомын төв ажиллуулна гэсэн боловч бидний зөвшөөрөлгүйгээр нийтийн караоке ажиллуулсан. Нийтийн караоке ажиллуулахаар засвар хийгээд, тухайн байрны хэвийн байдлыг алдагдуулсан. Хариуцагч уг засвараа гүйцээхгүй орхиж биднийг хохироосон. Бид их хэмжээгээр хохироосон хэрнээ түрээсийн төлбөрийг төлөхгүй, гэрээгээ дуусгавар болгохгүй орхиж явсан. Б.Бгийн хариуцлагагүй байдлаас болж хэвийн байдлаа алдсан талбайгаа 35 болон 120 м.кв-аар хоёр хувааж, 120 м.кв талбайг нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бусдад түрээсэлсэн. Үлдэх 35 м.кв нь эвдрэл их байсан тул  2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бусдад түрээсэлсэн. 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны 1 сар 16 хоногийн түрээсийн төлбөрт 3,833,000 төгрөг, алдангид 1,916,500 төгрөг, харин 35 м.кв талбайн хувьд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэг сар 4 хоногийн түрээсийн төлбөрт 639,784 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийт Б.Б-гээс хоёр гэрээний түрээсийн төлбөрт 125,216,784 төгрөг, алдангид 62,288,500 төгрөг нийт 187,505,284 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.  Иймд энэ хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар ирүүлсэн хаан банкны албан бичгийн хавсралт дахь  “У” ХХК болон “N” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өрөө хөлслөх гэрээ гэх  баримт нь Б.Б-гийн хуурамчаар үйлдсэн баримт. Энэ гэрээ нь Хаан банкинд эх хувиар байдаггүй. Хуурамч баримт болох  болох дараах баримтуудаар батлагдана. Нэгддүгээрт талуудын хооронд байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг баталсан “У” ХХК-ийн захирал н.Ж нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр захирлаар ажиллахаа больсон байсан. 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ж.Б нь тус байгууллагын ерөнхий захирлаар томилогдсон байсан. Энэ нь компанийн гэрчилгээнд орсон өөрчлөлтөөр нотлогдож байна. “У” ХХК нь “Nice cook” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй. Манай компани нь Б.Бтэй хэд хэдэн гэрээ байгуулж ирсэн. Эдгээр гэрээнүүд хавтаст хэрэгтэй авагдсан байгаа.  “У” ХХК-ийн захирал Л.Б миний бие нь “N” ХХК-ийн захирал Б.Б-тэй гэрээ байгуулж байгаагүй. Л. миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна. Б.Б нь Хаан банкинд гаргасан хүсэлттэй Б.Б миний бие 2013 оны 05 дугаар сард “Harier” маркийн машиныг лизингээр авч, 2014 оны 05 дугаар сард төлж дуусгасан. Тус зээлийг авах материал бүрдүүлэхдээ өөр үйл ажиллагаа явуулдаг байрны түрээсийн гэрээг хувилж өгсөн. Уг гэрээг хувилж өгнө үү гэж өөрөө тус гэрээг хувилж өгсөн хуулбар хувь гэдгээ хүлээн зөвшөөрч бичсэн байна. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн лавлагаа авах маягт дээр түрээсийн хуулбар хувийг авах гэсэн. Тус гэрээний эх хувь Хаан банкинд байхгүй, түрээсийн гэрээний хуулбар хувь нь байгаа нотлогдож байна. Б.Б нь хувилж хуулбар гэрээний баримт дээр өөрийн гараар бичсэн нь тус гэрээний гар бичвэрээс тодорхой харагдаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан хүсэлтдээ 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээг эх хувиар нь авто машин лизингээр авах материалд өгсөн бөгөөд уг гэрээний хуулбарыг банкнаас нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасан. Хаан банкнаас уг гэрээг фото зургаар гаргаж өгсөн гэх бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 21-ний өрөө хөлслөх гэрээ нь фото зургийг нотлох баримтаар явуулсан бөгөөд уг фото зураг хэрэгт авагдсан байна. Уг фото зургаас харахад гэрээ нь хуулбар хувь болох нотлогдож байна. Хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбартаа хариуцагч нь 2017 оны 11 сард  бүх төлбөр тооцоогоо хийгээд, уг ажлын байрыг түрээслэхээ больсон. Хариуцагч нь нэхэмжлэгч талд 2016 оны эхээр түрээслэхээ болих тухай мэдэгдсэн. Харин нэхэмжлэгч тал өөрөө түрээслэхээ болих юм бол дараагийн түрээслэгчээ олж өг гэсэн шаардлага тавьсан . Үүний дагуу хариуцагч Б.Б нь караокег түрээслэхээр 2016 оны 02 дугаар сар болон 2017 оны 01, 12 дугаар саруудад шуурхай зар сонинд зар өгч байсан. 2017 оны 12 сараас уг ажлын байрыг н.М гэдэг хүн ажиллуулж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримт нь н.М гэдэг хүн “У” ХХК-ийг байрыг 2017 оны 12 сараас түрээсэлсэн. н.М 2-3 сар түрээслээд, барьцаанд өгсөн мөнгөө “У” ХХК-иас нэхэмжилсэн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт  н.М-ийн эхнэр н.М хүсэлт гаргаж хэргийг шалгуулсан. Тус хэрэгт Б.Б гэрчээр мэдүүлэг өгсөн. Хариуцагч Б.Бгийн  “нобел” караокег бусдад түрээсэлсэн үйлдлийг “У” ХХК-руу чихсэн худал гүтгэлгийг дараах баримтуудаар үгүйсгэж байна. Б.Б нотлох баримтаар зарын тодорхойлолтуудыг хавсаргаж өгсөн. Уг зарын тодорхойлолтуудад Хотын төвд бага тойруу, Соёл урлагийн сургуулийн хажууд 11 вип өрөөтэй хэвийн ажиллаж байгаа караоке түрээслүүлнэ, жич тоног төхөөрөмжийг үнэ тохирч худалдана, утас 91915071 гэх зарыг өгсөн байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа хэрэгт н.Б гэрчийн мэдүүлэг өгсөн. Уг гэрчийн мэдүүлэгт би 2017 оны 12 сард караоке түрээслүүлнэ гэсэн зарын дагуу “Н” караоке дээр очоод Б.Б гэдэг хүнтэй уулзсан. Тухайн үед би аав н.М-тэй очсон. Б.Б сарын 4,000,000 төгрөгийн түрээстэй нэг сарын төлбөр хоёр сарын барьцаа авна гэж танилцуулсан. Бид түүний хэлсний дагуу 12,000,000 төгрөгийг төлөөд гэрээ байгуулсан. Мөнгөний баримт дээр н.Ш гэдэг хүн гарын үсэг зурсан. Манай аав н.М гэрээ байгуулсан. Асуулт Б.Б одоо надад хамаагүй н.Шарав гэдэг хүнтэй холбогдоод учираа олоорой гэж хэлсэн үү гэхэд гэрч н.Б надад тэгж хэлээгүй. Б.Б нь караокены бүх эд хогшил минийх гэж хэлсэн. Б.Б өөрийн караокег түрээсэлж байгаа гэдгээ тодорхой дурдсан. н.М 2017 оны 11 сард байх миний хүү н.Баярсайхан над руу залгаад би караоке түрээслэх гэсэн юм надад 8,000,000 төгрөг байна танд 4,000,000 төгрөг байна уу гэж асуусан. Би байгаа чи гэрээ байгуулахдаа надтай хамт очоорой гэж хэлсэн. 2017 оны 12 сарын эхээр байх би хүү н.Б-тай хамт очоод, гэрээ байгуулах гэсэн чинь би байрны эзэн биш гээд н.Ш гэдэг хүн дээр дагуулж очоод мөнгөний баримт үйлдэж өгсөн. н.Баасанхүү надад одоо ямар ч хамааралгүй гэж хэлсэн үү гэхэд огт тэгж хэлээгүй. Харин Б.Б өөрийнхөө караокег түрээсэлсэн гэдгээ тодорхой дурдсан гэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.  

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал өрөө хөлслөх гэрээ байгуулчхаад түрээсийн төлбөр шаардаад байна. Хэрэв түрээсийн гэрээ юм бол Иргэний  хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй бол хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаад байна. Нэг бүтэн объектын тодорхой хэсэг буюу 312 м.кв болон 120 м.кв гэсэн хоёр хэсгийг түрээсэлж байгаа болохоор үүнийг Үл хөдлөх бүртгэлийн газар бүртгүүлэхгүй. Үүнийг бүртгүүлэх бодит боломж ч байхгүй. Үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг нь бариад барьцаа  хийдэг гэрээ . 17587 м.кв талбайн аль хэсгийг Үл  хөдлөх бүртгэлийн газар 312 м.кв гэж бүртгэх нь тодорхойгүй учраас бодит байдал дээр биелэх боломжгүй шаардлага тул үүнийг шүүх хүчин төгөлдөр бус тоохгүй байх практик тогтсон. Энэ гэрээг  хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч тал хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг шаардлага гаргаагүй тул талуудын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл үргэлжилсэн гэдэг эргэлзээгүй нотлогдож байна. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийн хүсч байна. Б.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны  өдрийн гэрээгээр 155 м.кв түрээсэлсэн. Мөн л түрээсэлж байгаад орхисон. Уг талбайд Б.Бг эд хөрөнгө байгаа учир “У” ХХК-иас өөрийн эрх хэмжээний хүрээнд тухай талбайг бусдад үргэлжлүүлээд түрээсэлсэн байгаа. Энэ хооронд төлбөрийн алдагдал буюу гэрээний үүрэг гүйцэтгэгдээгүй хугацаа болох 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс бусдад түрээсэлсэн өдөр болох 2016 оны 04 дүгээр арын 27-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрийг алдангийн хамт шаардсан. Хариуцагч нь энэ талаар маргаж тайлбар, баримт гаргаагүй. “У” ХХК нь Б.Б нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны хүртэл түрээсийн төлбөрийг төлсөн гэдгийг зөвшөөрч байгаа. “У” ХХК нь шударгаар тооцож 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийг алдангийн хамт нэхэмжилсэн. Үүнийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагч Б.Б би “У” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа.

Миний хувьд анх 2007 онд “У” ХХК-тай объект түрээслүүлэх түрээсийн гэрээ байгуулж 312 мкв талбайтай объектыг түрээсэлж түрээсийн төлбөрийг 10 гаруй жилийн хугацаанд харилцан итгэлцлээр шударгаар төлж ирсэн ба түрээсийн гэрээний хугацаа дуусаж бид 2017 оны 11 дүгээр сард түрээсийн байрыг хүлээлгэн өгч одоо тэнд өөр байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Бид түрээсийн төлбөрийг “У” ХХК-ийн нягтлан бодогч Д.Шаравт зарим үед кассын орлогын баримтаар мөн бэлнээр өгдөг байсан тул “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлтээр тайлбар нотлох баримт гаргаж өгөх болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ажлын байр хүлээлгэж өгөх акт дээр үндэслээд өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх болсон ажлын байр  хүлээлцэх акт нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр талууд эвлэрэх гээд эвлэрэлийн гэрээ байгуулж, гэрээндээ ажлын байраа хүлээлгэж өгөх гэсэн заалт оруулсан. Уг заалтын дагуу хоёр тал 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажлын бар хүлээлгэж өгсөн баримт үйлдсэн. Уг баримтыг үндэслээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэ нь хавтаст хэргийн 51 дэх хуудас дээр байгаа шүүгчээс татгалзсан захирамж дээр тодорхой бичсэн байгаа. Хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сард ажлын байраа хүлээлгэж өгөөд, өөрөө цаашаа түрээслээд явсан. Нэхэмжлэгч тал  хариуцагчийг ажлын байраа хүлээлгэж өгөх гэж байгаа бол өөрөө дараагийн түрээслэгчээ олж өг гээд Б.Б нь зар сонинд зар өгч байгаад н.Мягмарцэнгэлийг олж өгөөд, 2017 оны 12 дугаар сараас н.Мягмарцэнгэл караокег түрээсэлсэн. Уг караоке нь 312 м.кв талбайтай. 2017 оны 12 дугаар сараас өөр хүн караокег ажиллуулсан тул үүнээс хойш Б.Б огт  хамааралгүй болсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн төлбөр гэж нэхэмжилсэн. Талуудын байгуулсан гэрээ нь өрөө хөлслөх гэрээ. Энэ гэрээг агуулгаар харах юм бол энэ бол түрээсийн гэрээ.  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т хэрэв энэ шаардлагыг хангаагүй бол тус гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.  Хууль тогтоогч түрээсийн гэрээг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Хэрэв бүртгүүлээгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байна гээд тодорхой заасан байна. 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай Улсын дээд шүүхийн зөвлөмжид Иргэний хуулийн  318 дугаар зүйлийн 318.3 болон 318.4 зааснаар гэрээг бичгээр байгуулаагүй, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бол гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үр дагаврыг хуулиар зохицуулсан гэж тайлбарласан байна. Түрээсийн гэрээг байгуулахдаа дээрх журмыг зөрчсөн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээг хэрэглэсэн хуулийн ноцтой алдаа гарч байна. Түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулж, Үл  хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой. Нэхэмжлэгч тал хоёр гэрээгээ хоёуланг нь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “У” ХХК нь Б.Б-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр, алданги 173,465,284 төгрөг гаргуулах, түрээсийн байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, Б.Б-гээс түрээсийн төлбөрт 125,216,784 төгрөг, алданги 62,288,500 төгрөгийн нийт 187,505,284 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “өрөө хөлслөх гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “У” ХХК-ийн үйлчилгээний төвд байрлах 312 м.кв 10 өрөөг нэг сарын төлбөр 5,304,000 төгрөгөөр тохирч, гэрээний хугацаа 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 36 сараар тохирчээ. /хх-ийн 15-16 дугаар тал/

 

Мөн талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ байгуулагдаж, Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороонд байрлах “У” ХХК-ийн ажлын байрны талбайн өрөөг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу 12 сарын хугацаатай, сарын 2,500,000 төгрөгийн төлбөртэй байхаар тохирчээ. /хх-ийн 17-19 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад талууд “өрөө хөлслөх” нэртэй гэрээ байгуулсан боловч энэ нь түрээсийн гэрээ гэж тайлбарладаг, хариуцагч нь энэ талаар маргаангүй байна.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.-т “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4.-т “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус хуульчилжээ.

 

“У” ХХК, Б.Б нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнүүдийг өрөө хөлслөх нэртэй түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4.-т заасан хүчин төгөлдөр бус гэрээ байна.

 

Иймд Б.Б-д холбогдох түрээсийн төлбөр, алданги 187,505,284 төгрөг гаргуулах тухай “У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3., 318.4.-д зааснаар хариуцагч Б.Б-гээс 187,505,284 төгрөг гаргуулах тухай “У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,095,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО