| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2018/03178/И |
| Дугаар | 101/ШШ2019/02929 |
| Огноо | 2019-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2019/02929
2019 оны 10 сарын 29 өдөр Дугаар 101/ШШ2019/02929 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байр 0 тоотод оршин суух, Х овогт П.З /РД:0/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Доржийн гудамж 0-ны хотхоны 0 тоотод байрлах “Г” ХХК /РД: /,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хотхон, 0 дугаар байр,0 тоотод оршин суух, Д овогт Р.Б /0/-д холбогдох,
Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 дугаар байрны 0 тоот орон сууцны гэрчилгээ гаргуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, П.З, Р.Б нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо Глобын 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг чөлөөлүүлж, “Гэрч:” ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч Ж.М, хариуцагч Р.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.З би 2003 онд “Г” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Глобын 32 дугаар байр, 13 тоот 3 өрөө байрыг захиалсан бөгөөд туахйн үед байр 2004 оны 07 дугаар сард ашиглалтад орно гэж байсан юм. Байр ашиглалтад орохоос өмнө би орон сууц захиалгын гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөр мөнгөнөөс 67 доллар л дутуу үлдээсэн билээ. Тэгээд гэрээнд заасан “Г” ХХК нь байрыг улсын комисст хүлээлгэж өгөөд байрны ордерыг гаргаж өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй. Тухайн байр нь гэрээнд заахдаа төвийн цэвэр бохирын шугамд холбогдсон гадна талбайн тохижилттой байна гэж заасан байсан боловч байр ашиглалтад орсны дараа амьдарахад маш хүйтэн тог байнга тасардаг халуун ус байхгүй зэрэг хүндэрлүүд гарсан. Би өөрөө өндөр настай хүн ийм байранд амьдархад бие өвдөөд хавагнаад маш хүнд байсан юм. “Г” ХХК-иас байрны ордер гаргаж өгөхийг удаа дараа шаардаж 2011 он хүртэл байрны ордероо нэхэмжилж байранд амьдарсан юм. 2011 онд аргагүйн эрхэнд байрыг зарж өөрийн хүүхдүүд дээрээ очиж амьдрахгүй бол маш хүйтэн байранд байх хэцүү байсан. Ингээд 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 3 өрөө байраа байрны ордер байхгүй учраас тухайн үеийн 1 өрөө байрны ханшаар буюу 40,000,000 төгрөгөөр байрыг Р.Б гэх хүнд зарсан юм. Би “Г” ХХК-иас байрны ордероо одоог хүртэл аваагүй тул Б-д өгч чадаагүй юм. Р.Б нь ордероо өгөхгүй бол буцаагаад мөнгөө авъя гэдэг юм. 2017 онд “Г” ХХК-тай уулзаж тооцоо нийлэхэд манайхыг мөнгө дутуу байна гээд 4,781,696 төгрөг нэмж төлөх шаардлагатай гэсэн тул 2017 онд уг 4,781,696 төгрөгийг “Г” ХХК-д төлсөн. Үүнээс хойш дахиад л байрны ордер байдаггүй гэтэл энэ төлсөн мөнгө нь ямар ч төлөх ёсгүй мөнгө байсныг нь би дараа нь гэрээгээ үзэж байгаад мэдсэн. Учир нь 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлсөн төлсөн 3,500 доллароор 2 удаа тушаасан байхад нэг баримт үйлдэж өгсөнийгөө манайхыг мөнгө дутуу тушаасан гэж үзсэн байсан юм. Байрны ордер гаргуулах маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Манай хүүхдүүд “Г” ХХК-тай удаа дараа уулзаж гуйж байгаа боловч өнөөдрийг хүртэл ордер гаргаж өгөөгүй байна.
Иймд “Г” ХХК-иас Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ж.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.З нь манай компаниас Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Глобын 0 дугаар байр, 0 тоот орон сууцыг захиалгын гэрээ байгуулан худалдаж авсан. Компанийн үүргээ биелүүлж орон сууцыг хугацаанд нь өгсөн. Харин П.З мөнгийг төлөхдөө гэрээний 5-д заасны дагуу 3,066, 3,100, 3,500 доллар төлсөн гэх хуурамч баримт өгсөн. Уг хэргээ манай хүүхэд ингэсэн байна уучлаарай гээд 2017 онд 4,781,696 төгрөг төлсөн /1945 ам доллар/. Ингээд 11,611 доллар тушаасан. Үлдсэн төлбөрийг өнөөг хүртэл төлөөгүй учраас компани 2018 оны 01 дүгээр сард гэрээнээс татгалзаж үүнийгээ бичгээр болон амаар мэдэгдэж гэрээгээ цуцалж, энэ тухайгаа Баянзүрх дүүргийн үл хөдлөх бүртгэлийн газарт бичгээр мэдэгдсэн. Авсан айл нь байрнаас өнөөг хүртэл гарахгүй, мөнгөө аваад гарна гэдэг. Манай компани нэгэнт гэрээнээс татгалзсан үүнийгээ удаа дараа мэдэгдсэн, сүүлд авсан айлд нь хүртэл мэдэгдсэн учраас уг байраа манайх буцааж авна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус компани нь Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 тоот орон сууцыг барьж хугацаанд нь ашиглалтад оруулсан. Харин захиалагч П.З нь гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүрэг биелүүлэхдээ хуурамч орлогын баримт үйлдэж хуурахыг завдсан, үлдсэн үүргээ бүрэн биелүүлэхээс удаа дараа татгалзсан, компанийн өмчлөлийн орон сууцыг бусдад дамжуулан худалдсан байх тул тус компани Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу гэрээнээс татгалзсан мэдэгдлээ удаа дараа утсаар болон бичгээр хүргүүлсний эцэст 225.1-т “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах эрхтэй” гэж заасныг үндэслэн өөрийн өмчлөлийн орон сууцаа өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулж иргэн Д.Д-д худалдсан. Иргэн Д.Д нь орон сууцаа эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулсан боловч тус орон сууцыг П.З, Б гэгчид худалдсан гэх ба Батчулуун нь П.З-гийн үлдэгдэл төлбөрийг төлөөд ордероо ав эсвэл орон сууцыг суллаж өг гэсэн тус компанийн болзлыг хүлээж авахаас удаа дараа татгалзсан. Харин Д.Д нь одоо орон сууцаа чөлөөлүүлэн тус компаниас хүлээж авах, хүлээлгэж өгөх хүртлээ түрээсийн төлбөр тооцон хохирол төлөх шаардлагыг байнга тавьж эхэлснээр манай эрх ашиг зөрчигдөж байна.
Иймд тус компани бусдад худалдсан орон сууцаа П.З, Б нараас суллуулан хүлээн авч дараагийн худалдан авагчдаа хүлээлгэн өгөх шаардлагатай байна. Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0дугаар байр, 0 тоот орон сууцыг чөлөөлж “Г” ХХК-д хүлээлгэн өгөхийг П.З, Батчулуун нарт даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Б гэр бүл зориулалттай 3 өрөө орон сууцыг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 40,000,000 төгрөгөөр худалдаж аваад, тус байранд 8 жилийн амьдарч байгаа. 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 36,000,000 төгрөгийг, гэрчилгээг авсны дараа 4,000,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон. Орон сууцны мөнгө төлсөн баримтуудыг нэхэмжлэгч нь эх хувиар нь өгсөн. Үүнийг хэрэгт өгсөн байгаа. Нийт 11,677 долларыг төлсөн. Орон сууц захиалгын гэрээний ихэнх хэсгийг биелүүлсэн. Тухайн үед Ж.М суллагдахаараа гэрчилгээг гаргаж өгье гэсэн. Манай үйлчлэгч эргэлзсэн боловч П.З гуайг настай хүн болохоор нь итгэсэн. Ж.М-ыг суллагдахыг Р.Б чих тавин хүлээж байсан. 2017 онд Ж.М суллагдсан талаар яригдсан. 2017 оноос эхлэн Ж. нь Р.Б-аас мөнгө нэхэж дарамталсан. Орон сууцыг өмчлөгч нь “Г” ХХК биш учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу шаардах эрхгүй. Энэ хэргийн оролцогчийн хувьд “Г” ХХК нь 2003 онд П.З-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Хариуцагч компани гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэж өгөөгүй. Хариуцагч компани нь Д.Д-д 15,300 доллараар тус байрыг зарсан байна. Энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна. Д.Д нь хариуцагч компанид 15,300 долларыг төлсөн гэх баримт хэрэгт байхгүй. Арван хэдэн жилийн өмнө байрныхаа мөнгөө авчихаад дахиад дараагийн хүнээс мөнгө нэхээд байгаа шударга биш байна. Хэрэв 36,000,000 төгрөгийг өгчихвөл байрыг чөлөөлж өгнө. Уг байранд халаалт ирээгүй. Халаалт доголдолтой, ус их тасардаг. Байр нь чанарын шаардлага хангахгүй байгаа. П.З нь гэрээний төлбөрүүдийг хэд хэд хувааж өгсөн байдаг. П.З нь нийт 1,621 долларын үлдэгдэлтэй байгаа. Уг мөнгийг манай үйлчлүүлэгч төлөхөд бэлэн байсан. 4,000,000 төгрөгийг гэрчилгээн гарснаар төлөх болно. Эсхүл 36,000,000 төгрөгийг аль ч тал бидэнд төлж болно. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
П.З “Г” ХХК-нд холбогдуулан Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 дугаар байрны 0 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Г” ХХК П.З, Р.Б нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 дугаар байрны 0 тоот байрыг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
“Г” ХХК П.З нарын хооронд 2004 оны 02 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгын 13 дугаартай гэрээгээр 47.5 м.кв 3 өрөө орон сууцыг 15330 ам долларын төлбөртэй, орон сууцыг 2004 оны 07 дугаар сард хүлээлгэн өгөх нөхцөлөөр байгуулжээ. /хх-ийн 4 дүгээр тал/
Уг гэрээнээс үзвэл талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
П.З гэрээний дагуу төлбөрт 13709 ам долларыг төлж, үлдэгдэл 1621 долларыг төлөөгүй талаар зохигчид маргаагүй, П.З уг орон сууцыг Р.Б-д зарж, тэрээр байрны гэрчилгээ гарсан тохиолдолд үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөгийг “Г” ХХК-нд төлөхөөр талууд тохирчээ. /хх-ийн 49 дүгээр тал/
Хариуцагч “Г” ХХК П.З төлбөрийг бүрэн төлөөгүй тул орон сууцыг өгөх боломжгүй, гэрээний нөхцөлийн дагуу төлбөрөө бүрэн төлөөгүй бол байрны өмчлөгч нь компани байх учир бид орон сууцыг Д.Д-д худалдсан, мөн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж заасан ба нэхэмжлэгч П.З дээрх гэрээтэй холбоотой шаардаж байсан нь хавтаст хэргийн 49, 50 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч П.З гэрээний дагуу төлбөрөө төлсөн, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг маргаан бүхий байранд оршин сууж байгаа Р.Б төлж барагдуулах талаар “Г” ХХК, П.З, Р.Б нар тохирчээ.
“Г” ХХК тухайн орон сууцны гэрчилгээ гаргаж өгсөн тохиолдолд Р.Б үлдэгдэл төлбөр барагдуулахаар зөвшөөрсөн, П.З-тай төлбөр тооцоо дууссан тул П.З-г орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
“Г” ХХК Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 дугаар байрны 0 тоот байрыг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий байрны өмчлөгч нь Д.Д байгаа нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019.05.09-ний өдрийн 8/979 дугаар албан тоотоор тогтоогдож байна. /хх-ийн 105 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Д 2019.05.24-ний өдөр сөрөг нэхэмжлэл гэх зүйл гаргасан боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Д.Д нь өөрт нь хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээд буюу “Г” ХХК-иас шаардах эрх нь нээлттэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 117, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар П.З-г Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо Гн 0 дугаар байрны 0 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, байрны гэрчилгээ гаргахыг “Г” ХХК-нд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Глобын 32 дугаар байрны 13 тоот байрыг чөлөөлөхийг П.З, Р.Б нарт даалгах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид П.З-гаас төлсөн 140,400 төгрөг, Глоб констракшн ХХК-иас төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас 140,400 төгрөг гаргуулж, П.З-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО