| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2019/03185/И |
| Дугаар | 101/ШШ2019/02935 |
| Огноо | 2019-10-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2019/02935
2019 оны 10 сарын 29 өдөр Дугаар 101/ШШ2019/02935 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоотод оршин суух Б овогт Т.М /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Монел 0 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух Б овогт Б.И /РД: /-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,174,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.М, хариуцагч Б.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.М би 8,000,000 төгрөгийг 2018 оны 12 сард хариуцагч Б.Ит өгөөд дараа нь 2019 оны 02 дугаарс арын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нийт 6,500,000 төгрөг зээлдүүлсэн. 2019 оны 2 сард виз гарахгүй гэдэг хариу ирсэн. Анх ахыгаа солонгос явах юм байна гээд 8,000,000 төгрөгийг өгсөн. Б.И ах чинь 1,500,000 төгрөгийг авсан гэсэн. Тэгээд 6,500,000 төгрөгт нь зээлийн гэрээ байгуулъя гээд зээлийн гэрээ байгуулсан. Нотариатаар ороод 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан. Би зээл авч 8,000,000 төгрөгийг өгсөн учир сарын 3 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 6 сарын 01-ний өдөр дуусаад зээлсэн мөнгөө өгөөгүй. 4 сар зээлийн хүү 200,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгөө яах вэ? гэхэд лангуу өгье гэсэн юм л яриад байсан. 2,300,000 төгрөгийг яах вэ гэхэд хариу өгөхгүй сураггүй болсон. 2,300,000 төгрөг, алдангид 874,000 төгрөг, нийт 3,174,000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.И шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.И би бэлнээр 8,000,000 төгрөг аваагүй. Солонгос гаргаж өгөх гэж байгаа хүний данс руу 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. н.Ч-т би 3,800,000 төгрөгийг өгсөн. Дараа нь 4,200,000 төгрөгийг дүүгийнх данс руу хийсэн. Эгч залгаад заавал гэрээ хийчих би дүүгээ явуулъя гээд би дүүтэй нь 6,500,000 төгрөгийн зээлийн гэрээ хийчих гэсэн. н.Ч-т би 4,200,000 төгрөгийг өгөх ёстой гэхэд би гэртээ байж суух газаргүй байна. Чи гэрээн дээр гарын үсгээ зурчих хоёулаа дараа болно шүү дээ гэсэн. Би найздаа итгээд зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.М хариуцагч Б.Ит холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,147,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.И нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн ахтай Солонгос улс явах зорилгоор 2018 оны 12 дугаар сард хүнд мөнгө өгсөн, би түүнээс мөнгө аваагүй гэж маргаж байна.
Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 6,500,000 төгрөгийг 3 сар 3 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн талаар баримт хэргийн 3 дугаар талд авагджээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид уг зээлийн гэрээний дагуу мөнгө өгөөгүй, харин 2018 оны 12 дугаар сард нэхэмжлэгчийн ахын Солонгос улс руу явуулах зорилгоор мөнгө өгсөн, сүүлд үүний дагуу зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан байна.
Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэж шүүх дүгнэв. Учир нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу 3,147,000 төгрөг шаардаж байх бөгөөд зээлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Т.М Б.Ит мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл нэг этгээд өөр этгээдэд мөнгийг чөлөөтэй, эсхүл тодорхой нэг зорилгоор захиран зарцуулах эрхтэй шилжүүлэх бөгөөд хүлээн авсан этгээд тодорхой хугацаанд тухайн үнийн дүн бүхий мөнгийг хүүтэй, эсхүл хүүгүйгээр буцаан төлөхийг зээл гэж ойлгох юм.
Гэтэл Т.М, Б.И нарын хооронд уг харилцаа үүсээгүй байгаа тул Т.Мын нэхэмжлэлтэй Б.Ит холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,147,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар Б.И-ээс 3,174,000 төгрөг гаргуулах тухай Т.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Т.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО