| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2023/0554/З |
| Дугаар | 221/МА2025/0231 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2025/0231
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0850 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.А-ын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Т” ХХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.С
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Б.Б
Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2023/0554/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0850 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.14-т заасныг баримтлан “Т” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.С нарт холбогдуулан гаргасан “... татварын улсын байцаагч нарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №НА-212200000** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах, татварын алба “Т” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны 2018, 2019, 2020, 2021 онд гаргасан тайланг хугацаандаа гаргасан эсэх, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхийг хянаж, хүлээн авч байгаа үйлдэл нь нийтийн эрх зүйн харилцаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.Монгол Улсын Дээд шүүхийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоолын 2.2-т “Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэн өөрийн хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгаснаар шүүхээс гарч буй эрхийн актын үндэслэлийг тодорхойлно." гэж заажээ. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийнхээ 2 дугаар хэсэгт “Нэхэмжлэгчээс “... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнийн дүнгээс тооцон суутган төлөх ёстой” гэж, хариуцагчаас “...ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-т заасны дагуу олон улсын зах зээлийн үнээр төлөх ёстой” гэж тус тус маргажээ” хэмээн маргааны зүйлийн агуулгыг буруу тодорхойлсноос үүдэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд түүний үндэслэл, үйл баримтыг буруу ойлгож, дутуу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Бид нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, шаардлага тус бүрээр үндэслэл гарган дараах агуулга бүхий мэтгэлцээнийг шүүхийн хэлэлцүүлэгт өрнүүлсэн ба шүүх дараах байдлаар дүгнэсэн.
2.1. Тодруулбал татварын алба “Т” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны 2018, 2019, 2020, 2021 онд гаргасан тайланг хугацаандаа гаргасан эсэх, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхийг хянаж, хүлээн авч байгаа үйлдэл нь нийтийн эрх зүйн харилцаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын хүрээнд Татварын Ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу татварын алба татвар төлөгчийн гаргасан тайланг хянаж, хүлээн авч буй үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1, 37.4-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж маргасан. Татварын албаны “Т” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2018, 2019, 2020, 2021 онд тус тус гаргасан тайланг тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхийг хянаж Татварын ерөнхий хуулийн 30.3-т заасны дагуу мэдээлэл зөрүүгүй гэж үзэн хүлээн авсан захиргааны акт одоог хүртэл хүчинтэй байх ба нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх нь хэсэгт тусгаж баталгаажуулсан. Хариуцагч шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа тайланг хүлээн авахгүй, буцааж байсан гэсэн ч энэ талаар нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөн Татварын алба “Т” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын буюу гэрээний үнээр тайлагнасан татварын тайланг 2018, 2019, 2020, 2021 онуудад хүлээн авч, баталгаажуулж байсан атлаа 2022 онд гэнэт олон улсын жишиг үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх байсан хэмээн нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь үндэслэлгүй ба олон улсын жишиг үнэ тогтоосон Засгийн газрын тогтоол ч үндэслэлгүй гарсан талаар маргасан юм. Бид Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандсан ба одоо энэ асуудал Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар хянан шийдвэрлэгдэж байгаа буюу эцсийн шийдвэр гараагүй байна.
Шүүх энэ талаар үндэслэх хэсгийн 20-т “....татварын байгууллагаас нэхэмжлэгчийг ашигт малтмалын нөөц ашигласны татварыг үнэн зөв тайлагнах талаар мэдэгдлүүдийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан байна” гэж дүгнэсэн. Үндэслэх хэсгийн 11-18 дугаар хэсэгт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-т заасны дагуу олон улсын зах зээлийн үнээр төлөх үндэслэлтэй талаар хууль зүйн дүгнэлт хийсэн.
2.2. Татварын нөхөн ногдуулалт төлөлтийг шалгасан тухай ерөнхий удирдамжийг танилцуулалгүй татварын хяналт шалгалт хийсэн. Татварын нөхөн ногдуулалтыг шалгах тусгай удирдамжийг танилцуулахдаа түүний хавсралтыг танилцуулаагүй. Шүүх үүнд дүгнэлт хийгээгүй.
2.3. Тусгай удирдамжийн хоёрдугаар хавсралтад заасан татварын хяналт шалгалт хийх эрх хэмжээтэй албан тушаалтнууд улсын байцаагч нарын бүрэлдэхүүнийг танилцуулаагүй. Шүүхэд нотлох баримтаар ирсэн тусгай удирдамжийн хавсралтад Хариуцагч Улсын байцаагч нарын болон тэдэнд томилолт олгосон хэлтсийн даргын нэр ч байхгүй байсан. Иймээс хариуцагч нарыг захиргааны акт гаргах эрх хэмжээгүй этгээдүүд хэмээн маргасан.
Үндэслэх хэсгийн 19-т “Маргаан бүхий хяналт шалгалтын тусгай удирдамжийн 3.2-т “Харьяалах байгууллага нь хяналт шалгалтын нэгжийн дарга “Татварын хяналт шалгалт хийх томилолт” олгох бөгөөд шаардлагатай тохиолдолд томилолтод заасан хугацааг сунгах, хяналт шалгалт хийх бүрэлдэхүүнийг өөрчилж болохоор байх тул удирдамжийн хавсралтад нэр нь байхгүй улсын байцаагч нар маргаан бүхий хяналт шалгалтыг явуулсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.
2.4. Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсэгт хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын ахлах байцаагчид чиг үүргийн дагуу хамтран ажиллана гэж заасан ч энэ талаар ямар ч баримтгүй, ямар албан тушаалтан хамтран ажилласан нь тодорхойгүй. Шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.
2.5. Эд мөрийн баримтаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд 3.1.3, 13 дугаар зүйлд тус тус заасан шаардлагыг хангасан 2018, 2019, 2020, 2021 оны жоншны гарал үүслийн бичиг, бичил уурхай эрхлэгч болон аж ахуй нэгж байгууллагатай хийж байсан гурвалсан гэрээ, тээврийн бичиг гэх зэрэг 3 хавтас санхүүгийн анхан шатны эх хувь баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч нар манай гарган өгсөн санхүүгийн анхан шатны баримтыг шаардлага хангахгүй хэмээн нөхөн ногдуулалтын акт гаргахдаа ашиглаагүй. Энэ асуудлаар удаа дараа гомдол гаргасан ба шүүхэд эдгээр баримтууд санхүүгийн анхан шатны баримтын шаардлагыг хангаж буй эсэхийг санхүүгийн шинжээчээр дүгнэлт гаргуулъя гэх хүсэлт гаргаж байсныг шүүх хүлээн аваагүй. Бид эдгээр баримтаар нэгдүгээрт Хэнтий аймгийн Галшар сумын “Хар бичигт” нэртэй газарт 30 гектар талбай бүхий уурхайн талбайд 10714А дугаар ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй боловч уг уурхайн талбайд ашигт малтмалын нөөцийг тодорхойлуулж чадаагүйн улмаас 2018-2021 онуудад олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болох, хоёрдугаарт “Т” ХХК нь 2018-2021 онуудад өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бус, бичил уурхай эрхлэгч болон бусад тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүдээс худалдан авсан жоншоо, экспортод гаргасан. Тухайн иргэд болон хуулийн этгээдүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлдөг эсэхийг тухайн орон нутгийн эрх бүхий этгээд, харьяалах татварын алба шалгах эрх хуулиар олгогдсон байдаг атал шалгаагүйгээс давхар татвар төлсөн асуудал үүсэж болзошгүй ба улмаар нөхөн ногдуулалтын актын дүн өөрчлөгдөх магадлалтай хэмээн тус тус маргасан. Шүүх үүнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Эд мөрийн баримтуудыг үнэлсэн талаар дүгнээгүй.
2.6. Актын 1, 3 дахь зөрчил нь Ашигт малтмалын тухай /2006 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасан нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай, уурхайн эдэлбэрээс ашигт малтмал олборлосон, уг олборлосон ашигт малтмалаа худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр хуулийн зохицуулалттай байна. “Т” ХХК нь өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бус, бичил уурхай эрхлэгч болон бусад тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүдээс худалдан авсан жоншоо, экспортод гаргасан тул 2018 оноос 2019 оны 4 дүгээр сар хүртэл нөхөн ногдуулалтын актаар тогтоосон татвар хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй. 2018 оноос 2019 онд 10716 дугаар Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн эдэлбэрээс хайлуур жоншны хүдэр олборлоогүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 112017 дугаар албан бичиг, Хэнтий аймаг, *** сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт явуулсан албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын 80958 дугаар лавлагаа зэргээр нотлогдоно гэж маргасан. Шүүх үүнд дүгнэлт хийгээгүй.
2.7. Актын 2, 5, 6 дахь зөрчил нь Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан/-ийн 47 дугаар зүйлийн 47.7 “Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно” гэж заасны дагуу дотоодоос худалдан авсан жоншны худалдан авалтыг дутуу хасч тооцсон байна гэж маргасан. Үүнд мөн дүгнэлт хийгээгүй.
2.8. Актын 7 дахь зөрчилд дурдсан Ашигт малтмалын үндсэн төлбөр болох 301,577,575.95 төгрөгийг хуулийн хугацаанд төлөөгүй, хугацаа хожимдуулсан гэх зөрчлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй”, мөн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж тус тус хуульчилснаар алданги, торгуулиас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлтэй. Шүүх үүнд дүгнэлт хийгээгүй.
2.9. Дээрхээс дүгнэвэл шүүхийн хийсэн дүгнэлтүүд нь маргааны үйл баримтыг бүрэн хамраагүй, нотлох баримтад тулгуурлаагүй хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх манай байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрээр дүгнэлт хийж, нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлсэн бол нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах хууль зүйн үндэслэлтэй байсан. Улсын дээд шүүхийн “Шүүхийн шийдвэрийн тухай” тогтоолын 3.3-т “Шийдвэрийн үндэслэх хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг зааж, тэдгээрийн талаар шүүхийн хийж буй дүгнэлтийг тусгана, шийдвэрийн үндэслэх хэсэг нь шүүхээр хэлэлцэгдэж буй эрх зүйн маргааны талаар шүүх ямар дүгнэлт гаргаж байгаа, энэхүү дүгнэлт нь ямар бодит нөхцөл байдалд тулгуурлаж, хуулийн ямар зүйл, заалтад үндэслэсэн гэдгийг илэрхийлдэг тул чухал ач холбогдолтой юм. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн талаар дүгнэлт өгөх үүрэгтэй ба хариуцагчаас гарсан шаардлагыг сөрөг нэхэмжлэл гэж үзсэн тохиолдолд түүний талаар мөн дүгнэсэн байвал зохино. Шүүхэд гаргаагүй шаардлага, үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх эрхгүйн зэрэгцээ шаардлагын үндэслэл, зүйлээс өөр үндэслэл, зүйлийг шийдвэрлэх, шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэр гаргах эрх шүүхэд байхгүй болно” гэж заасан ч шүүх шинжлэн судлагдсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй нэг ч нотлох баримтын талаар үнэлэлт, дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ бидний захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж буй хууль зүйн үндэслэл тус бүрд няцаалт хийгээгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, холбогдох бүхий л нотлох баримтуудыг хуульд заасны дагуу тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрт дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн, мөн зарим баримтыг дутуу цуглуулсан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК-аас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Татварын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-212200000** дугаар нөхөн ногдуулалтын актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хууль бус захиргааны акт гэж үзэж байх тул хүчингүй болгуулах” гэж,
2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “... татварын алба “Т” ХХК-ийн Ашигт малтмалын нөөц ашигласны 2018, 2019, 2020, 2021 онд гаргасан тайланг хугацаандаа гаргасан эсэх, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхийг хянаж, хүлээн авч байгаа үйлдэл нь нийтийн эрх зүйн харилцаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэжээ.
3. Хариуцагч татварын улсын байцаагч нар 2122501523 дугаар томилолтын дагуу нэхэмжлэгч “Т” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалтыг явуулж:
- Экспортын гаалийн мэдээгээр 2018 онд 26,870.72 тн, 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө 3,893.27 тн, нийт 30,763.98 тн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2018 онд 21,791,529,571.52 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө 3,765,559,163.91 төгрөг, нийт 25,557,088,735.43 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,
- Экспортын гаалийн мэдээгээр 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 22,211.24 тн, 2020 онд 47,602.11 тн, 2021 онд 21,234.90 тн, нийт 91,048.25 тн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 14,496,189,480.83 төгрөг, 2020 онд 15,506,773,055.13 төгрөг, 2021 онд 6,923,503,325.11 төгрөг, нийт 36,926,465,861.06 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,
- Экспортын гаалийн мэдээгээр 2018 онд 26,870.72 тн, 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө 3,893.27 тн, нийт 30,763.98 тн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2018 онд 21,791,529,571.52 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө 3,765,559,163.91 төгрөг, нийт 25,557,088,735.43 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,
- Экспортын гаалийн мэдээгээр 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 22,211.24 тн, 2020 онд 47,602.11 тн, 2021 онд 21,234.90 тн, нийт 91,048.25 тн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гарган борлуулахдаа 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 14,496,189,480.83 төгрөг, 2020 онд 15,506,773,055.13 төгрөг, 2021 онд 6,923,503,325.11 төгрөг, нийт 36,926,465,861.06 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,
- Экспортын гаалийн мэдээгээр 2021 онд 3,298.55 тн боловсруулаагүй нүүрсийг экспортод гарган борлуулахдаа 2021 онд 1,062,750,946.78 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,
- Жоншны хүдрийг дотоодод борлуулсан 2018 оны 49,968,110.00 төгрөг, 2019 онд 32,663,885.00 төгрөг, 2020 онд 4,545,454.00 төгрөгийн нийт 87,177,449.00 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,
- Ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр 2021 онд 301,577,575.95 төгрөгийг хуулийн хугацаанд нь төсөвт төлөөгүй, хугацаа хожимдуулсан ...” зөрчлүүдийг илрүүлж, маргаан бүхий НА-212200000** дугаар нөхөн ногдуулалтын актаар 6,753,337,845,17 төгрөгийн нөхөн татвар, 2,342,625,176.16 төгрөгийн торгууль, 1,375,118,529.79 төгрөгийн алданги, нийт 10,471,081,551.12 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.
Нэхэмжлэгчээс тус нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталжээ.
4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч “... өөрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлоогүй болох нь баримтаар тогтоогддог, бичил уурхай эрхлэгч болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас худалдан авсан жоншоо экспортолсон тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлүүлэхээр акт гаргасан нь үндэслэлгүй, удирдамжгүй хяналт шалгалт хийсэн, Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор олон улсын жишиг үнийг үндэслэсэн нь буруу, тайланг хүлээн авсан атлаа тайланд заасан борлуулалтын үнээр тооцоогүй нь буруу, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөөс хойш давхардуулан ногдуулахгүй гэж заасны дагуу дотоодоос худалдан авсан жоншны худалдан авалтыг дутуу тооцсон, 2020 оны татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн дагуу чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй” гэж маргасан.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “ашигт малтмалын нөөц ашигласны 2018, 2019, 2020, 2021 онд гаргасан тайланг хугацаандаа гаргасан эсэх, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхийг хянаж, хүлээн авч байгаа үйлдэл нь нийтийн эрх зүйн харилцаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” шаардлагыг тусдаа нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх эсэх, үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу “... актыг хүчингүй болгуулах” шаардлагаар хамгаалагдах боломжгүй эрх, ашиг сонирхол байгаа эсэх, уг шаардлагад холбогдох хэргийг, эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эсэх зэрэгт тодорхой дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
6. Мөн шүүх “Т” ХХК-ийн “актыг хүчингүй болгуулах” шаардлагын үндэслэл тус бүрт дүгнэлт хийгээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй боловч бүхэлд нь хангахааргүй байна.
6.1. Нэхэмжлэлийн “... өөрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлоогүй болох нь баримтаар тогтоогддог, бичил уурхай эрхлэгч болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас худалдан авсан жоншоо экспортолсон тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлүүлэхээр акт гаргасан нь үндэслэлгүй ...” гэх агуулгын хүрээнд нэхэмжлэгчээс ашигт малтмалыг өөрийн талбайгаас олборлоогүй, бусдаас худалдан авсан гэж тайлбарлан, ирүүлсэн баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан шаардлага хангаагүй, уг хуульд заасан ерөнхий дэвтэр, журнал, гүйлгээ бланс, тэдгээрийг үндэслэн гаргасан санхүүгийн тайланг хяналт шалгалтад ирүүлээгүй гэж хариуцагч маргасан байхад анхан шатны шүүх тухайн баримтуудыг үнэлж хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэх давж заалдах гомдолд дурдсан нь үндэслэлтэй боловч тус шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд гүйцээн дүгнэхэд уг гомдлыг хангах үндэслэлгүй.
6.1.1. Нэхэмжлэгч нь өөрөө ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг атлаа өөрийн талбайгаас олборлоогүй, бусдаас худалдан авч экспортолсон тохиолдолд тухайн олборлож худалдсан этгээдүүд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн эсэхийг тодруулж, холбогдох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр АМНАТ төлөгдсөн бүтээгдэхүүн худалдан авсан, бүртгэл тайландаа тусгаж, тухайн төлбөрийг давхардуулж төлөх үүрэггүй болохоо нотолж анхан шатны баримтыг бүрдүүлэх үүрэгтэй.
6.1.2. Учир нь хэрэгт Ашигт малтмал, газрын тосны газрын болон Галшар сумын байгаль орчны байцаагчийн нэхэмжлэгчийг өөрийн талбайгаас ашигт малтмал олборлоогүй талаар баримт авагдсан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар экспортлохоор ачуулсан этгээд болохын хувьд АМНАТ-ыг төлөх үүрэггүй гэдгээ нотлох анхан шатны баримтыг бүрдүүлж, санхүүгийн бүртгэл тайланг зөв гаргах үүргийг нэхэмжлэгч хүлээхээр байх бөгөөд энэ талаар баримт бүрдүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн энэ хэсгийг “үндэслэлгүй” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
6.2. Нэхэмжлэлийн “Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолыг хууль бус болох талаар маргаж байхад уг тогтоолд заасан олон улсын биржийн үнээр борлуулалтын үнэлгээг тооцсон” талаар маргасанд анхан шатны шүүх хүчин төгөлдөр үйлчилж байсан тухайн тогтоолын дагуу үнэлгээг олон улсын биржийн үнээр тооцсон нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчөөгүй, хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2025 оны 001/ХТ2025/0011 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн, харин “хууль зөрчсөн” гэж үзэж хүчингүй болгоогүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлгүй.
6.3. Харин нэхэмжлэлийн “2020 оны татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг зөрчсөн” талаарх хэсэгт анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Хариуцагч нь тухайн хэсэгт тайлбар гаргахдаа “... 2021оны 07 дугаар сарын 21-ээс өмнөх хэсгийн торгууль, алданги чөлөөлсөн, түүнээс хойш тооцсон ...” гэх боловч 21220000096 тоот актын хавсралт /Маягт -ХШ06/02/ “Т” ХХК-ийн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо гэх хүснэгтэд тухайн хугацаанд торгууль, алданги ногдуулсан байна. Үүнээс үзэхэд 2020 оны татварын торгууль, алдангиас чөлөөлөх тухай хуулийн дагуу аль хугацааны тайлагнасан татварын торгууль, алдангиас хэрхэн чөлөөлж, аль хэсэгт нь торгууль алдангийг ногдуулсан нь тодорхойгүйгээс тус шүүх энэ хэсэгт дүгнэлт хийх боломжгүй, энэ талаар хариуцагчаас тодруулсны үндсэн дээр “уг хуулийг хэрэглээгүй” гэх нэхэмжлэлийн агуулгад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй нь шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0850 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ