| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2019/03292/И |
| Дугаар | 101/ШШ2019/02959 |
| Огноо | 2019-10-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2019/02959
2019 оны 10 сарын 30 өдөр Дугаар 101/ШШ2019/02959 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Бага тойруу гудамж, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Х овогт Б.Г /РД:0/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-97, өөрийн байранд байрлах “М” ТӨҮГ /РД:0/-т холбогдох,
“М” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/90 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Гби 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “М” ХХК-ийн охин компани болох “Ш” ХХК-д нууцын ажилтнаар ажилд орсон. 2019 оны 05 дугар сарын 31-ний өдөр “М” ХХК нь ТӨҮГ болж өөрчлөгдөж “Ш” ХХК нь “М” ТӨҮГ-ын үйлдвэр болж өөрчлөгдсөн. Ингээд Б.Г би “М” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар “Нууцын ажилтан” албан тушаалд томилогдон ажиллаж байсан болно.
Б.Г би ажлаа ямар нэгэн дүрэм журам зөрчилгүй хэвийн явуулж байхад “М” ТӨҮГ-ын “Ш” үйлдвэрийн захирлын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гарч “ажлын хариуцлага алдаж, хамгаалалтын ажилтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, алт угаагч нар болон хамгаалагчийг ажлын байрнаас хөндийрүүлж, хөдөлгөөнийг хязгаарласан” гэж үзэн нууцын ажилтан Б.Г надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно. “М” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/90 дугаар “Ажлаас чөлөөлж, гэрээ цуцлах тухай” тушаал гарч Б.Г намайг ажлаас чөлөөлсөн болно.
“Ш”алтны үйлдвэрийн захирлын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь хууль бус гэж үзэж байна. Учир нь Б.Г би “М” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар “Нууцын ажилтан” албан тушаалд томилогдсон тул “Шижир алт” алтны үйлдвэрийн захирлын тушаалаар ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн “М” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/90 дугаар “Ажлаас чөлөөлж, гэрээ цуцлах тухай” тушаал гарч Б.Г намайг ажлаас халсан нь хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй тушаал гарсан. Б.Г би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй ба ажлын байрны тодорхойлолт, дүрэм, журам зөрчсөн удаа байхгүй болно.
Иймд “М” ТӨҮГ-ын “Ш” алтны үйлдвэрийн захирлын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, “М” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/90 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч дээрхийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.Гнь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажилд орсон. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “М” ХХК нь ТӨҮГ болсон. Нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажилласан. Нийгмийн даатгал төлж байсан. Хариу тайлбар болон нийгмийн даатгалаар нууцын ажилтнаар ажиллаж байсан тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 болон 40 дүгээр зүйлийн 40.1.4, дотоод журмын 8.3.1, хөдөлмөрийн гэрээний 10.1.2к зэргийг үндэслэн ажлаас халах тушаал гарсан гэдэг. Гэтэл дотоод журмын 8.1.3, хөдөлмөрийн гэрээний 10.2.1к гэх ноцтой зөрчил гаргасан бол ажлаас халах гэсэн заалт. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 ноцтой зөрчил болон Хөдөлмөрийн тухай хуулийн 131дүгээр зүйлийн 131.1.4 энэ зүйлийг үндэслэсэн тушаал хууль зүйн үндэслэлгүй байна. Агуулгын хувьд хуульд нийцээгүй байна. 10.1.2к дотроо тушаал дүрэм журам ямар зүйл заалт зөрчсөн тодорхойгүй байна. Дээр дурдсан гэдэг нь Хөдөлмөрийн гэрээний 10.1.2.а-аас 10.1.2.к хүртэлх заалтуудаас нэхэмжлэгчтэй холбоотой нэг ч зөрчил байхгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.1 ажлаас халах, 8.2 сахилгын шийтгэлийг шат дараалан биш ногдуулж болно. Үүн дотроо 8.3.1-8.3.15-д заасан зөрчлүүдийг ойлгоно гэж үзэж байгаа. Хариуцагч тал 8.3.1 гэж хэлж байгаа боловч “Ш” ХХК-ийн сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүчингүй болгосон байна. Хариуцагчийн тайлбарлаад байгаа дотоод журмын 8.3.1-д заалт хамааралгүй болсон. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг тогтоохдоо дотоод журмын 8.5-д сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө тухайн ажилтан болон бусад хүнээс тайлбар авах гэж заасан. Тайлбар аваад ажлаас халах гэсэн боловч нэхэмжлэгчээс тайлбар аваагүй. Ажлаас халах тушаалдаа бүх хууль дүрмийнхээ ажлаас халах гэсэн заалтуудыг түүж тавьсан байна. 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн санал дүгнэлтийг хэзээ үйлдсэн тодорхойгүй байна. Дотоод хэлтсийн даргын санал дүгнэлт үү эсхүл ажлын хэсгийн санал дүгнэлт эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч хоёр камерыг сэлбэсэн боловч доголдож байсан. Энэ нь нэхэмжлэгч засвар үйлчилгээ хийх үүргээ биелүүлсэн болно. Итгэмжлэлийн дэвтрийг хадгалаагүй гэдэг ажлын үүргийн хуваарь дээр дэвтэр хадгалах гэж байхгүй. “М”ХХК нь “М” ХХК-тай харуул хамгаалалтын гэрээгээр хамтарч ажилладаг. Хавсралт дээр тодорхой заасан “Шижир алт” ХХК-д дахь зөрчил гээд нэлээд их зүйлийг бичсэн байгаа. Үүрэг гүйцэтгэж байгаа хамгаалалтын ажилтанд зөвхөн хамгаалалтын дарга болон шууд үүрэг гүйцэтгэгчийн үүрэг даалгаврыг гүйцэтгэх болно гэсэн байна. Гэтэл нууцын ажилтанд хамгаалалтын ажилтан үүрэг өгнө гэж заасан боловч хамтран ажиллах гэрээн дээрээ хамгаалалтын ажилтан нь өөрийнхөө зөвхөн дарга болон шууд үүрэг гүйцэтгэгчийн удирдагдана гэсэн дээрх заалтууд үл ойлголцох заалтууд байна. Хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш дахин шинэчлэн танилцуулаагүй байна. Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүй танилцуулах боломж ч гараагүй. Хөдөлмөрийн дотоод журмын 8.5 заасан ямар зөрчил гаргасан ч зөрчил гаргасан тухай тайлбар авах ёстой. Б.Г-ыг ажлаас хууль бусаар халсан байна. 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ажлаас халах тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд эгүүлэн томилох тухай, нэхэмжлэгч Б.Г-ын цалин хөлс бую 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 3 сар 14 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 6,545,466 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч “М” ТӨҮГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хэрхэг овогт Б.Г-ын нэхэмжлэлтэй “М” ТӨҮГ-ын “Ш" алтны үйлдвэрийн захирлын 2019 оны 07 дугаар сарын 10- ны өдрийн Б/22 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, “М” Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ын Захирлын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/90 дугаар “Ажлаас чөлөөлж, гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Г-ыг урьд эрхэлж байсан албан тушаал буюу “М" ТӨҮГ-ын “Ш” алтны үйлдвэрийн “Нууцын ажилтан” албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. “Шижир Алт” алтны үйлдвэрийн захирлын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/22 тоот тушаалын нууцын ажилтан Б.Г, нууцын ахлах ажилтан С.Ж нарт “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/28 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүй болгосон байна. “Ш” алтны үйлдвэрийн нууцын ажилтан Б.Гнь үйлдвэрийн эд хөрөнгө болон алт олборлох үйл ажиллагааг хянадаг хяналтын камерын бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангуулаагүй, хяналтын постод үүрэг гүйцэтгэж буй гэрээт харуул хамгаалагчийн ажил үүрэг, илтгэмжийн дэвтэртэй танилцаж тухай бүр бичгээр үүрэг чиглэл өгдөггүй, илтгэмжийн дэвтрийг баталгаажуулаагүй, дууссан дэвтрийг хүлээн авч хадгалаагүй хяналтыг эрс сулруулж сахилгын ноцтой зөрчил гаргасан байх тул “М” ТӨҮГ-ын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/90 тоот тушаал гарсан болно. “М” ТӨҮГ-ын Дотоод Хяналт Мониторингийн хэлтсийн “Ш” алтны үйлдвэрийн нууцын ажилтан Б.Г-гын үйл ажиллагааны талаарх 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн санал дүгнэлт, мөн “М" ХХК-ны “Ш" алтны үйлдвэрийн хамгаалалтын тухай “М” ТӨҮГ-ын “Ш” алтны үйлдвэрийн захиралд хүргүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 61 тоот албан бичиг, мөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн МРМ9-05-150 тоот гэрээний 10.2.1-к заалт, нууцын ажилтны ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажил үүрэг, Үйлдвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журмын 8.1.3 дахь заалт буюу 8.1 дахь заалтад хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, үйлдвэрийн газрын бусад дүрэм, журам, зааврыг зөрчсөн, эсхүл биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн байвал ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг захирлын тушаалаар ногдуулна гэсний дагуу шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэгч Б.Г-ыг ажлаас халсан “М” ТӨҮГ-ын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/90 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ямар ч алдаа дутагдал гаргаагүй ажиллаж байхад ажлаас халсан гэж байна. Энэ хүний хийх ёстой үүрэгт ажлыг нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгаж өгсөн байгаа. Нэхэмжлэгч нь “Ш” ХХК-ийн нууцын ажилтнаар ажиллаж байсан. Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн алт олборлох хяналтын камерын бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хангаагүй, шалгаж, хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа гэрээт хамгаалагч нарыг ажил үүрэг, итгэмжлэлийн дэвтэртэй танилцаж тухай бүр үүрэг өгдөггүй. Итгэмжлэлийн дэвтрийг шалгаж баталгаажуулаагүй. Итгэмжлэлийн дууссан дэвтрийг хүлээн авч хадгалаагүй. Хяналтыг эрс сулруулж, зөрчил гаргасан гэдэг нь ажлын хэсгээр тогтоогдсон. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн өөрийнх болон түүний ахлах н.Жаргалсайхан нарын хүлээлгэж өгсөн акт байгаа. Тухайн үед хэдэн камер ажиллаж байгаа болон ажиллахгүй байгаа талаар тусгасан. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ажлын хэсэг очиход бүрэн ажиллах ёстой камеруудын зарим ажиллаагүй байсан гэдэг нь харагдаж байна. 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тушаал гарсантай холбогдуулаад ажил хүлээлцсэн хуудас байгаа. Үүн дээр ажиллаж байгаа болон ажиллахгүй байгаа камерыг бичиж хүлээлгэж өгсөн. Б.Г гэдэг хүний ажил үүрэг юу вэ гэхээр өдөр болон шөнийн цагаар эргүүл хийх, харуул хамгаалалтыг дэвтэр дээр бичилт хийж танилцаад, үүрэг даалгавар өгөх, камеруудыг шалгаж засвар үйлчилгээ хийх шаардлагатай бол захиалж авах зэрэг юм. Нэхэмжлэгч нь ажлаа хангаагүй хийж гүйцэтгэснээр алт олборлох процессыг бүрэн хянах ёстой камеруудын зарим нь ажиллахгүй байсан. Нэхэмжлэгч ажлаа хүлээж авснаас хойш камер засах, шинэ камер болон сэлбэг авах талаарх хүсэлтийг дээд шатандаа огт өгч байгаагүй. Сүүлд нотлох баримтаар өгсөн 7 дугаар сарын 08-ны өдөр бичсэн баримт өгсөн. Үүнийг тухайн хэргийн нөхөж хийсэн байж магадгүй гэж үзэж байгаа. 2019 оны 7 дугаар сарын 04 болон 05-ны өдрүүдэд тухайн үед танилцуулж өгөх ёстой, тэр ажлаа хийгээгүй. 2019 оны 07 дугаар сарын 4 болон 05 өдрийн ажлын хэсэг үүнийг тогтоогоод, Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт дээр ажлын байрны гүйцэтгэлийг шалгахад гээд нэхэмжлэгчийн өөрийнх өгсөн тайлбар байгаа. Тайлбар зөрчил дутагдал илүүлсэн зүйл байхгүй, өдөр тутмын хийх ёстой ажил бичигдсэн байсан. Нэхэмжлэгч нь би өнөөдөр ийм камерыг ингэж засуулж, ингэж шинэчилсэн гэх баримт огт гаргаж өгөөгүй. Энэ нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэлд ажлын байрны тодорхойлолт заасан ажлыг хийсэн. Дүрэм журам огт зөрчөөгүй гэсэн байна. Нэхэмжлэгч нь үүнийгээ нотолсон баримт огт байхгүй. Камерын сэлбэг болон шинэ камер авахаар хүсэлт өгсөн эсэх баримт огт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэв..
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дотоод хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн. Харьяа үйлдвэрийнхээ нууцын ажилтны ажил, үүрэгтэй танилцаад, үүрэг даалгавар өгдөг. Нэхэмжлэгч Б.Г2013 онд нууцын ажилтнаар орсноос хойш бүтэц өөрчлөгдсөнөөс хойш жил гаран ажилласан туршлагатай ажилтан. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би биечлэн ажил үүргийг шалгаж байсан. Энэ улирлын үйл ажиллагаа 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн. Үйл ажиллагаа эхлэхэд хяналтын бүх зүйл суурилагдсан байх ёстой. Тэр байхгүй байна гээд камерын болон итгэмжлэлийн дэвтрийг өөрийн биеэр шалгасан. Би ажлыг шалгаад, алдаа дутагдлыг бичээд үүрэг даалгавар өгөөд явсан. Алт олборлох талаар манай байгууллагаас журам гараад 7 сард дахин очиж ажлыг шалгасан. Гэтэл өмнөх зөрчил арилаагүй байсан. Камерын үйл ажиллагааг суурилах ажиллаагүй байсан. Бид яаралтай очиж энэ хүний хийгээгүй ажлыг яаралтай хийлгэхээр зорилгоор танилцуулж төхөөрөмжүүдийг яаралтай суурилуулсан. Төв компаниас энэ үйлдвэрийг хянадаг гол хоёр ажилтны нэг нь нэхэмжлэгч байсан. 2018 болон 2019 онуудад алдагдалтай байсан. Төлөвлөгөө 51 болон 52 хувьтай биелж байсан. Одоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад алтны хяналтын эрсдэл буурсан. Алт олборлох төлөвлөгөөний биелэлт 100 хувьтай байгаа. Иймд бидний гаргасан шийдвэр зөв гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г хариуцагч “М” ТӨҮГ-т холбогдуулан “М” ТӨҮГ-ын “Ш” алтны үйлдвэрийн захирлын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, “М” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/90 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын ноцтой зөрчил гаргасан гэж маргаж байна.
“М” ТӨҮГ Б.Г-тай 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг “Ш” алтны үйлдвэрийн нууцын ажилтан албан тушаалд томилжээ. /хх-ийн 5-7 дугаар тал/
Улмаар 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр захирлын Б/90 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 10.2.1-к, дотоод хяналт, мониторингийн хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн санал, дүгнэлтийг үндэслэн Б.Г-ыг ажлаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д “ажлаас халах” сахилгын шийтгэл, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх заалтуудыг баримталсан байна.
Үүнээс үзэхэд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажлаас халах ноцтой зөрчил гаргасан уу, эсхүл ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан эсэх нь тодорхойгүй болжээ.
Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн тухай хуулийн 131, 40 дүгээр зүйлийг давхар баримталж ажилтанг ажлаас халсан нь сахилгын шийтгэл давтан гаргасан гэж үзээд байна уу, эсхүл хөдөлмөрийн харилцаа зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна уу гэдэг нь ойлгомжгүй байна.
“М” ТӨҮГ нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн захирлын А/375 дугаар тушаалаар хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан байх бөгөөд Б.Г-ыг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халжээ.
Өөрөөр хэлбэл шинэчлэн баталсан хөдөлмөрийн дотоод журмыг түүнд танилцуулсан талаарх баримтгүй байж 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ажлаас чөлөөлөх тушаалдаа уг дотоод журмыг баримталсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Г-ыг хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1-к-ийн аль зөрчлийг гаргасан нь тодорхойгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан талаар баримтгүй, хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа шинэчлэн баталсан хөдөлмөрийн дотоод журмыг ажилтанд танилцуулаагүй байна.
Мөн хариуцагч “М” ТӨҮГ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах хуулийн заалтыг зөрчиж, Б.Г-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацаатай байгуулсан байна.
Нэхэмжлэгч нь “М” ТӨҮГ-ын “Ш” алтны үйлдвэрийн захирлын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагаасаа татгалзсаныг дурдах, мөн “М” ТӨҮГ-ын захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/90 тоот тушаалыг хүчингүй болгох нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл болж байх тул шүүх үүнийг бие даасан шаардлага гэж үзээгүй болно.
Иймд Б.Г-ыг М” “ТӨҮГ-ын “Ш” алтны үйлдвэрийн нууцын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр Б.Г-ын нэг сарын цалин 1,800,000 төгрөг байх бөгөөд түүнийг ажлаас халсан өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл /2019.07.17-2019.10.30 өдөр/ 3 сар ажлын 9 өдрийн цалин 6,153,480 төгрөг олгох нь зүйтэй байна. /1.800.000 х 3 сар = 5,400,000 төгрөг, 1,800,000:21,5 = 83,720 нэг өдрийн цалин, 83,720 х 9 өдөр = 753,480 төгрөг, 5,400,000+753,480=6,153,480 төгрөг/
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар Б.Г-ын Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Г-ын нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Х овогт Б.Г-ыг “М” ТӨҮГ-ын “Ш” алтны үйлдвэрийн нууцын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “М” ТӨҮГ-аас 6,153,480 төгрөгийг гаргуулж, Б.Г-д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Б.Г-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Б.Гнь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч “М” ТӨҮГ-аас 113,405 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,, 119.4., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО