| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/01936/И |
| Дугаар | 02368 |
| Огноо | 2019-09-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 02368
| 2019 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 101/ШШ2019/ | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Э
Хариуцагч: Э.Л
3,876,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамждорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Л нь “Ази урлаг” ХХК-д төлөх төлбөр болох 2000 ам. долларыг өөрийн уран бүтээлээр төлөх байсан боловч уг байгууллага нь татан буугдсан учир ямар нэгэн уран бүтээл авах шаардлагагүй болсон юм. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ээр Э.Л нь дээрх төлбөрийг тус компанийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захирал Д.Эт төлөхөөр харилцан тохиролцсон юм. Гэвч Э.Л нь төлбөрийг төлөөгүй тул дахин харилцан тохиролцсоны дагуу 2018 оны 02 дугаар сарын 14-ний дотор 3,876,000 төгрөгийг төлөхөөр баталгаа гаргасан боловч хугацаандаа төлөөгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан баталгааны дагуу Э.Лоос 3,876,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Э.Л шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэлийн шаардлага нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан баталгааны дагуу Э.Лоос 3,876,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэтэл нэхэмжлэлийн утгаа тайлбарлахдаа 2,000 ам.долларыг өөрийн уран бүтээлээр төлөх ёстой байсан боловч уг татан буугдсан учир ямар нэгэн уран бүтээлээр төлөх шаардлагагүй болсон гэсэн. “Ази урлаг” ХХК-тай Э.Л нь 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тухайн үед компанийг төлөөлж Д.Э гарын үсэг зурсан байдаг бөгөөд Д.Эээс нэг ч төгрөг аваагүй. Уран бүтээл болон шаардлагатай ажлуудыг хийж өгч байсан бөгөөд хамтран ажиллах гэрээний дагуу ажлын хөлс болох 2,000 ам.долларыг ерөнхий захирал болох Австрали улсын иргэнээс 2011 онд авч байсан. Гэрээний дагуу мөнгө авсан болохоос биш Д.Эээс ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
“Ази урлаг” ХХК-иас 2,000 доллар авсан болохоос биш Д.Эээс мөнгө аваагүй. Хувиасаа өгсөн гэж байгаа бол үндэслэлээ салгаж тайлбарлаад нэхэмжлэх эрхтэй тусдаа асуудал байсан. “Ази урлаг” ХХК-ийг төлөөлж Д.Э гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Лоос нэхээд байгаа 2,000 доллар нь хэлцэл дээр бичигдсэн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр баталгаа гаргаад байгаа мөнгө мөн юм гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тийм болохоор Д.Эээс ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Д.Э компанийг төлөөлөх, эрх шилжүүлсэн баримт байхгүй. Компаниас өгсөн мөнгийг өөрөө өгсөн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. “Ази урлаг” ХХК-иас өгсөн мөнгийг “Ази урлаг” ХХК нэхэмжлэх эрхтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч хариуцагч Э.Лид холбогдуулан, төлбөр барагдуулах тухай хэлцлийн дагуу 3,876,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь “Төлбөр барагдуулах тухай” 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хэлцэл болон 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э.Лийн гаргасан “Баталгаа” зэргийг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Дээрх төлбөр барагдуулах хэлцэлд “... “Ази урлаг” ХХК-д төлөх ёстой 2000 ам. долларыг өөрийн уран бүтээлээр барагдуулах байсан боловч уг байгууллага татан буугдсан учир ямар нэг уран бүтээл авах шаардлагагүй болсон. Иймээс гүйцэтгэх захиарл /хөрөнгө оруулагч/ Дашдаваа овогтой Энхцэцэгт /РД:УХ64071909/ 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцон. Үүнд хүү, алданги тооцоогүй дүн болно” гэж тусгасан, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Баталгаанд “...Э.Л би, иргэн Д.Эт 2019 оны 4 дүгээр сарын 01-ний дотор 3,876,000 төгрөгийг төлж барагдуулах ба төлбөр барагдуулаагүй тохиолдолд хуулийн дагуу шийдүүлнэ” гэж тус тус дурьджээ.
Дээрх 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хэлцэлд 2000 ам. доллар төлөх, 2018 оны 02 дугаар сарын 14-ний баталгаанд 3,876,000 төгрөг төлөхөөр тус тус дурьдсан байх боловч хоёр өөр дүнгээр илэрхийлэгдсэн нэг утга бүхий төлбөрийн үүрэг болохыг зохигч талууд тайлбарласан ба 2,000 ам. доллараар бус 3,876,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Хариуцагч нь одоо татан буугдсан гэх “Ази урлаг” ХХК-тай хамтран ажиллаж, өөрийн бүтээлийг тус компаниар дамжуулан зах зээлд гаргах, улмаар борлуулж, ашиг хуваахаар харилцан тохиролцсон, ажлын хөлс авч байсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Дээрх хамтран ажиллах хэлцлийн дагуу компаниас шилжүүлсэн гэх 2000 ам. доллар бол татан буугдсан компанийн хөрөнгө бөгөөд компанитай хийгдсэн хэлцлийн дагуу төлөгдсөн хөлс тул нэхэмжлэгч Д.Э хувьдаа нэхэмжлэх эрхгүй хэмээн хариуцагч тал маргаж байна.
Гэвч татан буугдсан гэх “Ази урлаг” ХХК-д төлөх 2000 ам. доллар гэж хэлцэлд бичигдсэн байх боловч иргэд хооронд үүрэг хүлээж, хугацаа тогтоож байгуулагдсан дээрх хэлцэл, баталгаа зэргийг үгүйсгэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, зохигч талууд Иргэний эрх зүйн харилцаа үүсгэж, тэдний хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хэлцэл хийгдсэн байх бөгөөд уг хэлцэл нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч Д.Э болон Э.Л нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн төлбөр барагдуулах хэлцэл болон 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Баталгаа зэрэг нь тодорхой үйлдэл хийх буюу төлбөр төлөх үүргийг Э.Л хүлээж хугацаа тогтоосон, Д.Э нь уг үүргийг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон байдлыг тодорхой илэрхийлж байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан Үүргийн харилцаа талуудын хооронд бодитоор үүсчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Э.Лоос 3,876,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,000 төгрөгийн 76,966 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч Э.Лоос улсын тэмдэгтийн хураамжид 76,996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА