Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******пүрэв,

улсын яллагч Д.Цэцэг-*******,

хохирогчийн өмгөөлөгч С.Уламбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр, Д.Ариунзориг,

шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2307000000007 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******,******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,, тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/340 дугаартай магадлалаар 3 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөлт оруулсан,

******* овогт *******ийн ******* /РД: /.

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн орой , д байрлах гэрт согтуурсан үедээ “н.тай маргалдаж, цохиход нь салгах гэж оролцлоо” гэсэн шалтгаанаар Д.ийн зүүн нүд, зүүн гар хэсэгт гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь зүүн шуу ясны дистал хэсгийн зөрүүтэй далд хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамрын яасны хугарал, таславчийн муруйлт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Т.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “...Өмнө нь би хохирогч Д.ийн биед хохирол учруулчихсан байсан. Д. намайг цагдаа шүүхээс салгаж өгнө, миний хувийн *******ы модны ажилд туслаад өгөөч гэж санал болгосон. Тэгээд ийн гэх газар нь очсон. Бид хоёр утсаар холбоотой байсан. ийн гэх газар 2 писетик, гүүр зэрэг мэт зүйлс барьж хийсэн. Тэгээд тэнд манай ах, эгч хоёр очсон. Ах, эгч хоёроор бас ажил хийлгэнэ гэсэн. Миний гаргасан алдаан дээр тэр хоёрыг ажил хийлгэх гэж байсан юм билээ. Бид хэд ярилцаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд Д. над руу архи цацахаар нь маргалдсан. Хохирогчоос тухайн үед уучлалт гуйсан. Би 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажилласан. Тухайн үед бүгд адил согтолтой байсан. Манай ах, эгч хоёрыг бас надтай адилхан үнэгүй ажил хийлгэх гэж дуудсан талаар яриад байхаар нь биеэ барьж чадахгүй маргасан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа.” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн орой , д байрлах гэрт согтуурсан үедээ “н.тай маргалдаж, цохиход нь салгах гэж оролцлоо” гэсэн шалтгаанаар Д.ийн зүүн нүд, зүүн гар хэсэгт гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь зүүн шуу ясны дистал хэсгийн зөрүүтэй далд хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамрын яасны хугарал, таславчийн муруйлт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сард Т.*******тэй танилцаад 2022 оны 01 дүгээр сард бид хоёр байр түрээсэлж хамт амьдраад 1 сар гаруй хамт амьдарч байгаад 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр намайг дахин зодож би цагдаад мэдэгдсэн. Тэгэх үед Т.******* хэрэг шийдүүлэхгүй цагдаагаас зугтаад олдохгүй байж байгаад надтай 2022 оны 09 дүгээр сарын сүүлчээр харилцаатай байж байгаад намайг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө зодсон. Тэрнээс бол хамтран амьдарсан зүйл байхгүй. Тухайн өдөр Т.******* 1 шил архийг ах, эгчтэйгээ уусан миний харснаар айхтар согтолттой байгаагүй. Тухайн үед эгч н.тай архи ууж байгаад маргалдаад, эгчийгээ цохиод авсан. Би салгах гэж оролцох үед эргэж хараад гараараа миний зүүн нүд хэсэг рүү 2-3 удаа цохисон. Би нүүрээ гараараа дартал миний гар руу нэлээн хэдэн удаа цохиж, миний зүүн гарыг хугалсан. Т.******* би угаасаа цагдаагаас зугтаж байгаа, шоронд орох нь тодорхой юм чинь чамайг алаад нэг мөсөн шоронд орно гэж хэлж байсан. Т.*******гийн төрсөн ах Т., эхнэр н. нар байсан. Би тухайн хүмүүсийн нэрийг мэднэ, тэрнээс цааш мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05 дахь тал),
  • Хохирогч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би Т.******* гэх хүнтэй 1 жилийн өмнөөс харилцаатай байсан, 2022 оны 02 дугаар сард Т.*******д зодуулаад харилцаагаа тасалсан. Уг асуудал нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа. 2022 оны 08 дугаар сараас эхлээд Т.******* надтай байнга холбогдож эхлэхээр нь 09 дүгээр сарын сүүлээр заримдаа уулзаж эхэлсэн. Би 10 дугаар сарын дундуур гэх газар байрлах өөрийн газартаа ном засал хийхээр болсон чинь Т.******* “Би хамт явж ажилд чинь тусалъя, *******ы ажил хийе” гэж хэлэхээр нь 1 гэр худалдаж аваад ид байрлах өөрийн газартаа очсон. Очсон цагаас эхэлж Т.******* архи согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн тул би уурладаг байсан. Намайг ном засал хийх гээд явах үед төрсөн ах нь болох Т., түүний эхнэр н. нар ирдэг байсан ба сүүлдээ төрсөн ах Т., эхнэр н. нар нь хамт байдаг болсон. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны орой Т.*******, Т., н. нар 1 шил 0.75 литрийн архи уусан ба ууж байх үедээ Т.******* өөрийн төрсөн ахын эхнэр н. руу дайрч цохиж унагаагаад би өмөөрөөд очсон чинь баруун гараараа миний зүүн талын нүүр рүү 5-6 удаа цохиход нь би зүүн гараараа хааж нүүр болон гарандаа гэмтэл авсан. Би маргааш, нөгөөдөр нь гарах болон утсаар ярих гэхэд хориглоод хяналт тавьж байсан учир 2022 оны 11 дүгээр сарын 30-ны 09 цагт дэлгүүр гарна гэж хэлээд гарч зүгтаад Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид мэдэгдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-09 дэх тал),

 

  • Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай тасгийн өвчтөн Д. нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрөө үзүүлээд хэвтэхээр болсон ба уг өвчтөн нь зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславч муруйлттай зэрэг оноштой байсан. Гар нь ил харагдах хугарал эсвэл зөөлөн эдийн гэмтэл үүссэн байж болзошгүй байсан. Миний бодлоор тухайн гэмтлүүд нь гаднын нөлөөтэй үүсэж болзошгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
  • Улсын 1 дүгээр төв эмнэлгийн Мэс засал-нүдний эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлсэн хохирогч Д.ийн 23918 дугаартай өвчний түүх (хавтаст хэргийн 14-22 дахь тал),
  • “Лазер мед” эмнэлгийн компьютер томографын шинжилгээний дүгнэлт (хавтаст хэргийн 24 дэх тал),
  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн хохирогч Д.ийн 17550 дугаартай өвчний түүх (хавтаст хэргийн 34-39 дэх тал),

 

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 241 дугаартай “Д.ийн биед зүүн шуу ясны дистал хэсгийн зөрүүтэй далд хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Т.*******н үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Д.ийн эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно. Шүүгдэгч Т.*******н үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.тэй таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.*******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Д. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэс заслын төлбөр, шинжилгээ оношилгооны зардалд 873.250 төгрөг, шүүх хуралдаанд өмгөөлөгчөөрөө дамжуулж эм тарианы зардалд 408.300 төгрөг, нийт 1.281.550 төгрөг нэхэмжилсэн байна.

 

            Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 820.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 60.000 төгрөг буюу нийт 880.000 төгрөгийг хохирогч Д.т төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “шүүх хуралдаанд хохирогч Д.ийн нэмж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 төгрөгийг биед учирсан гэмтэлтэй холбоогүй шүдний эмнэлэгт үзүүлсэн баримт гэж, 48.000 төгрөгийг юу авсан нь тодорхойгүй пос машины баримт гэж, 10.000 төгрөгийг харшлын эм авсан баримт гэж буюу нийт 358.000 төгрөг”-ийг эс зөвшөөрч маргасан болно.

 

            Шүүхээс дээрх баримтуудыг судалж үзээд “Хаппи смайл” эмнэлэгт үзүүлсэн 300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хохирогч Д.ийн биед учирсан гэмтэлтэй холбоогүй зардал гэж үзэн хэрэгсэхгүй болгож, харин бусад шаардлагыг хохирогчийн биед учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан оношилгоо, эмчилгээ, эм тарианы зардал гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

 

            Өөрөөр хэлбэл хохирогч Д.ийн нэхэмжилсэн нийт 1.281.550 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 981.550 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгчийн хохиролд төлсөн 880.000 төгрөгийг хасаж тооцон, улмаар шүүгдэгч Т.*******гөөс 101.550 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.т олгохоор шийдвэрлэв.

 

            Хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нүд болон хамрын мэс засал, Гэмтэл согог судлалын үндэсний төвд зүүн гарын шууны дистал хэсгийн зөрүүтэй хугарлыг ил аргаар эвлүүлж ялтас шургаар бэхлэх хагалгаанд орсон байдал зэргийг харгалзан хохирогч Д. нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.*******гөөс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын үлдэгдэл 02 жил 06 сар 27 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэх” гэсэн дүгнэлт,

   шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр нь “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлт,

 

   шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунзориг нь “Гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, энэ торгох ялыг өмнөх хорих ялаа эдэлж дууссаны дараагаар тус тусад нь эдлэх боломжтойгоор шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлт,

   хохирогчийн өмгөөлөгч С.Уламбаяр нь “Улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

   Шүүгдэгч Т.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/340 дугаар магадлалаар 3 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөлт оруулсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан ялын тооцооны тодорхойлолтоор 3 жилийн хугацаагаар хорих ялаас 02 жил 06 сар 27 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.

 

   Шүүх шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ маргалдаж, хохирогчийн биед олон удаагийн үйлчлэлээр халдаж, цохиж зодсон байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч уг гэмтлийн улмаас хоёр удаа хагалгаанд орсон байдал, хохирогчийн нас, хор уршиг арилаагүй, хохиролд 880.000 төгрөг төлсөн), хувийн байдал (нэг хүнд хоёр удаа биед нь гэмтэл учруулсан байдал, гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг журамлан шүүгдэгч Т.*******д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 хоног буюу 2 сарын хорих ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/340 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 06 сар 27 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 02 жил 08 сар 27 хоногийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч Т.*******гийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 11 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******г 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 (жар) хоног буюу 2 (хоёр) сарын хорих ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/340 дугаартай магадлалаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 (хоёр) жил 06 (зургаа) сар 27 (хорин долоо) хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 02 (хоёр) жил 08 (найм) сар 27 (хорин долоо) хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 02 (хоёр) жил 08 (найм) сар 27 (хорин долоо) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 11 (арван нэг) хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******гөөс 101.550 (нэг зуун нэг мянга таван зуун тавь) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.т олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д. нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.*******гөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ