Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/225

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагчаар М.Одгэрэл,

Иргэний нэхэмжлэгч Н.Отгондулам,

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Бн, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Мг нарт холбогдох эрүүгийн 2234001480516 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Д.Мг

 

  1. Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймаг төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр багийн байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх М.Бн

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь төрийн албан хаагч буюу байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа Д.Мтэй бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгэж, тээвэрлэж ойн санд 4.216.681 төгрөгийг хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.М нь М.Бтэй бүлэглэж, Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгэж, тээвэрлэж ойн санд 4.216.681 төгрөгийг хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.М нь: “Би зөвшөөрөлгүйгээр мод бэлтгээгүй, байцаагчийн зөвшөөрөлтэйгөөр, эрхийн бичигтэйгээр ойн цэвэрлэгээ хийсэн. Би бүлэглээгүй. Гарал үүсэлгүйгээр Улаанбаатар хот руу тээвэрлэсэн нь л миний буруу” гэв.

Шүүгдэгч М.Б нь: “Тэр би модыг гоожингоор бичиж өгөөд, өөрөө мод авах газрын зааж өгсөн. Нэг ширхэг ч нойтон мод байгаагүй. Дандаа ойд унасан, шатсан моднууд байсан” гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.Отгондулам нь: “Мэргэжлийн байгууллагын гаргасан 4.216.681 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа. Хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлж төлүүлэх саналтай байна” гэв.

 

Эрүүгийн 2234001480516 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 9-25 тал/,

-Эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа, тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 26-34, 38-41 тал/,

-2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 36-37 тал/,

-Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 42-43 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Н.Отгондуламын мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/,

-Сэжигтэн Э.Галтын мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 тал/,

-Шүүгдэгч Д.Мийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 тал/,

-Гэрч Д.Баатарын мэдүүлэг /1-р хх-ийн 62 тал/,

-Шүүгдэгч М.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 64-67,76/ тал/,

-Гэрч Д.Доржхорлоогийн мэдүүлэг /1-р хх-ийн 69 тал/,

-Гэрч Ц.Батбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 71 тал/,

-Сэжигтэн Э.Галтын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 73 тал/,

-2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Төв аймгийн Батсүмбэр сум дахь сум дундын ойн ангийн мэргэжилтэн Ц.Батбаярын “Экологи эдийн засгийн үнэлгээ” /1-р хх-ийн 82, 84 тал/,

-Мод бэлтгэх эрхийн бичиг /1-р хх-ийн 87-88, 90-91 тал/,

-Ойн нөөцийн төлбөрийн Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 92-93 тал/,

-Яллагдагч Э.Галтын мэдүүлэг /1-р хх-ийн 135-136 тал/,

-Шүүгдэгч Д.Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1*р хх-ийн 146-147 тал/,

-Шүүгдэгч М.Бгийн мэдүүлэг /1-р хх-ийн 157 тал/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 07/348 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 180-188 тал/,

-2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №26 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /1-р хх-ийн 201-203 тал/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07/348/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 13-22 тал/,

-Гэрч Д.Болдбаатарын мэдүүлэг /2-р хх-ийн 24 тал/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 25 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ө.Оргилсайханы мэдүүлэг /2-р хх-ийн 28 тал/,

-Шүүгдэгч Д.Мийн мэдүүлэг /2-р хх-ийн 32 тал/,

-Экологийн эдийн засгийн үнэлгээ /2-р хх-ийн 37-41 тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1653 дугаартай “...Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байх 153 ширхэг буюу 2.48 метркуб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 663,913.36 төгрөг байна. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байх моднууд нь Pinanceae Lindl-Нарсны овгийн Larix sibirica-Сибирь шинэс болох нь тогтоогдов. Байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээг тооцох нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 46-49 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мийг М.Бтэй бүлэглэж, Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгэж, тээвэрлэж ойн санд 4.216.681 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх болгон өөрчилж,

шүүгдэгч М.Бг төрийн албан хаагч буюу байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа Д.Мтэй бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-с 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгэж, тээвэрлэж ойн санд 4.216.681 төгрөгийн хохирол учруулсан гэм хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “ бүлэглэн” үйлдсэн гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны ойлголт юм.

 

Шүүгдэгч Д.М, шүүгдэгч М.Б нарын хувьд уг гэмт хэргийг үйлдэхдээ санаатай нэгдэж, хамтран оролцон, зохион байгуулагч, хамжигч гэж үзсэн нь үндэслэлгүй.

Учир нь шүүгдэгч Д.М шүүгдэгч М.Бтэй нар нь хамтран урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргээ туйлд нь хүргэхийн тулд хамтран үйлдэхээр санаачилга гаргаж, гэмт үйлдэл болох талаар харилцан ярилцсан түүнийгээ хэрэгжүүлэх бүх боломж нөхцөлийг бүрдүүлэх талаар идэвхитэй үйл ажиллагаа явуулж, удирдан чиглүүлэх ажлыг гардан хариуцаж, гэмт хэрэг үйлдэх төлөвлөгөө боловсруулж, гэмт хэрэгт оролцогчдийн гүйцэтгэх үүргийг хуваарилах, урьдчилан амлах зэрэг тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл бүхий баримт хэрэгт тогтоогдоогүй гэж үзсэн.

Харин шүүгдэгч М.Б нь төрийн албан хаагч буюу байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгэж, тээвэрлэж ойн санд 4.216.681 төгрөгийг хохирол,

Шүүгдэгч Д.М нь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-наас 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгэж, тээвэрлэж ойн санд 4.216.681 төгрөгийг хохирол тус тус учруулсан болох нь :

Хавтаст хэрэгт авагдсан сэжигтэн Э.Галтын “...Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Уушийн хөтөл гэх газар хүнсний мухлаг ажиллуулдаг Д.М эгч надад хүрийн саравч барих гэсэн юм хэдэн шургааг хэрэгтэй байна гэж хэлээд надад туслаад өгөх боломж байна уу гэж асуухаар нь би танд өгөх мөнгөнийхөө оронд модны ажилд чинь туслаад өгье гээд бид хоёр тохирсон. Д.М эгчээс модны ажил хэцүү гоожин бичиг байгаа эсэхийг тодруулахад надад байгаа гэж хэлсэн. Тэгээд модонд явах болоод надад туслах хүн хэн байгаа юм гэж асуухад чамд туслах 3 хүн байгаа гэсэн. Тэгээд би нөгөө хамт мод хийнэ гэсэн н.Нямка, н.Баяраа, н.Мөнхөө гэх гурван хүнийг дагуулаад өөрийн эзэмшлийн Т.приус-30 маркийн 99-73 ТӨВ улсын дугаартай авто машинаар Төв аймгийн Баянцогт сумын Хайрт ханы Пишинт эх булаг гэх газар очоод тухайн газрын байгаль хамгаалагч М.Бтэй уулзаад мод бэлтгэх газраа заалгаж аваад модоо бэлтгээд эхний 900 ширхэг 2 метрийн урттай хуурай нарсан шургаагийг уулнаас цагаалж буулган 5 тонны амбаартай цагаан өнгийн авто машинд ачиж Төв аймгийн Аргалант сумын Жирмийн цагаан нуур гэх газар байрлах Д.Мийнд буулгаж өгөөд уулнаас буусан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 тал/, дахин өгсөн “...Төв аймгийн Аргалант сумын Жирмийн цагаан нуур гэх газар хүнсний дэлгүүр ажиллуулдаг Д.М гэх хүнд би 1.000.000 орчим төгрөгийн өртэй байсан юм. Тэгээд Д.М гэх хүн надад чи надад өгөх мөнгөнийхөө оронд ойгоос мод бэлтгээд өг гэсэн. Тэгээд Д.М эгч Төв аймгийн Баянцогт сумын ойн байцаагчаас ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл авч өгсөн. 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Баянцогт сумын Хайрт хаан гэх газраас мод бэлтгэсэн. Мод бэлтгэж байх үед ойн байцаагчаас н.Бямбаа гэх хүн 3-4 удаа ирж бэлтгэж байгааг үзэж харсан. Нойтон мод бэлтгэж болохгүй шүү гэж хэлж байсан. Би ойгоос 7 хоног орчимд модоо бэлтгээд дууссан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73 тал/,

-Шүүгдэгч Д.Мийн “...Би Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт байрлах үхрийн ферм дээрээ үхрийн саравч барих гэтэл 1500 ширхэг шургааг мод хэрэгтэй болсон юм. Манай сум мод байдаггүй учир Баянцогт сумын байгаль хамгаалаг М.Бтэй уулзаж мод бэлтгэж авч болох эсэх талаар асуухад 1500 ширхэг мод хэрэгтэй байна гэхэд тийм их хэрэгтэй байгаа юм уу, ууланд гарах хүн байгаа юм уу гэхээр нь тийм хүн байхгүй зар тавьж байгаад хүн олоод хийлгэчихэе гэж хэлсэн юм. Тэгээд мод бэлтгэх хэрэгтэй болоод Үнэгүй.мн гэсэн зар дээрээс ажил хийнэ гэсэн хоёр хүний утсаар холбогдож дуудаж Аргалант суманд авчраад уулын мод н.Галтын хамт түүний авч ирсэн 1 залуу, тэгээд миний олсон 2 залуугийн хамт дөрвүүлэнг нь нийлүүлээд 2022 оны 01 дүгээр сарын дунд хавиар уул руу 7 хоног гаргасан. Галт тэд нар 7 хоногийн хугацаанд модоо бэлтгэж, цагаалаад 2 удаа зөөвөрлөөд манай фермийн гадна талд авч ирж буулгасан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 тал/, дахин өгсөн “...Миний хувьд Төв аймгийн Аргалант сумын нутагт үхрийн фермтэй юм. Тухайн газраа хашаа саравч барих зорилгоор мод хэрэг болоод хүмүүсээс асуусан чинь хамаатны М.Б гэдэг хүн ойн байцаагч хийдэг асуухгүй юу гэхээр нь М.Бгийн дугаарыг олж аваад асуусан чинь одоогоор ой нээгдсэн байгаа зохих журмынх нь дагуу төлбөрөө төлөөд модоо бэлдэж болно гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай ТҮЦ-нд Э.Галт гээд нутгийн залуу орж ирсэн. Ирэхлээр нь мод бэлтгэх хэрэгтэй байна тус болчих гэж хэлсэн чинь зөвшөөрөөд хүн олдвол бэлдээд өгнө гэсэн. Хариуд нь би ТҮЦ-ний өрийг нь дарахаар болсон. Тэгээд зар тавиад гурван хүн ирээд нэг нь буцаад Э.Галтыг дагуулаад хоёр хүн уул руу 2022 оны 01 дүгээр сарын дундуур гаргасан. Тэгээд модоо хийчихсэн байж байгаад фейс дээр зарын дагуу нэг том машин хөлслөөд татаад буулгасан байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-147 тал/,

-Гэрч Д.Баатарын “...Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгаас өөрийн эзэмшлийн 5 тонны трак голд маркийн 89-65 УНҮ улсын дугаартай машинаар малын хужир ачиж ойрхноос мод татаад өгөөч бүх бичиг баримт нь бүрэн мод байгаа юм гэхээр нь би татаж өгөхөөр тохироод өөрийн эзэмшлийн 5 тонны трак голд маркийн 89-65 УНҮ улсын дугаартай машинаар н.Галтын мод бэлтгэсэн газарт очиж байгаль хамгаалагчийн гэрт ирээд н.Галт байгаль хамгаалагтай уулзаж гарч ирээд тэгсэн байгаль хамгаалагч та хэд модоо ачаад ир гээд хэлсэн. Би машинаа бариад хөдөлгөөд н.Галт өөрийнхөө машинтай надад зам заагаад уулнаас бэлтгэсэн модоо хамт явж байсан танихгүй хоёр залуугийн хамт миний машинд модоо 2022 оны 01 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн үед ачиж дуусаад байгаль хамгаалагчид шалгуулаад тэндээсээ хөдлөөд 21 цагийн үед Аргалант сумын нутагт байрлах ногоон дээвэртэй үхрийн фермерийн хашааны өвсны хашааны хажууд 750 ширхэг орчим нарсан нарийн шургааган модыг буулгаж өгөөд тээврийн зардал гэж асуухад ах маргааш таны данс руу хийчхэе гэхээр нь би өөрийнхөө хаан банкны 5318009225 гэсэн дансыг бичиж үлдээгээд Улаанбаатар хот руу явсан. Тэгсэн 16 цагийн үед миний дансанд тээврийн зардал гээд 400.000 төгрөг хийсэн байсан юм. Тэгээд над руу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр над руу утсаар залгаад Төв аймгийн нэг сум руу 1000 шургааг ачих гэсэн юм гэхээр нь тээврийн хөлс нь яаж явах юм гэсэн. Надаас асуухаар нь 800.000 гэсэн. Тэгээд би 1000 ачиж чадахгүй байх гээд ярилцаж байгаад 61 гарам дээр яваад ирсэн гэхээр нь би очтол цагдаа нар байсан юм...” /1-р хх-ийн 62 тал/,

-Шүүгдэгч М.Бгийн гэрчээр өгсөн “...Аргалант сумын иргэн Д.М бол миний аавын төрсөн эгчийн хүүхэд нь  байгаа юм. Бид хоёр садан төрлийн харилцаа холбоотой хүмүүс байгаа юм. Д.М надаас 2 удаагийн бичилтээр 32 кубметр мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Тэрээр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 24 кубметр, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 8 кубметр мод бэлтгэх эрхийн бичиг Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Пишинт гэх газраас 4 залуугаар модоо бэлтгүүлсэн юм..., ...Аргалант сумын иргэн Д.Мийн мод бэлтгүүлэх зорилгоор олж авсан хүмүүс нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уул руу гарч мод бэлтгэж дуусаад дараа нь буюу уулнаас буухдаа мод бэлтгэх эрхийн бичгээ аваад 32 кубметр мод ачаад явсан. Би эдгээр хүмүүсийг ууланд гарах үед нь олгох гэтэл мод бэлтгэх газар нь түүж, энд тэндээс бэлтгэдэг газар байсан учир уулнаас бууж ирэхээр нь бичье гэж бодоод дараа нь бичсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65 тал/,

-Гэрч Доржхорлоогийн “...Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт байдаг үхрийн ферм дээрээ 2022 оны 01 дүгээр сард үхрийн саравч барихаар болж тус сумын иргэн Э.Галт гэдэг залуугаар мод бэлтгүүлэхээр тохиролцож, Баянцогт сумын байгаль хамгаалагч н.Бямбаагаас мод бэлтгэх бичиг авч мод бэлтгүүлэхээр болсон. Тэгээд Баянцогт сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэхээр болж Э.Галт уул руу гарч, мод оо бэлтгэж дуусаад уулнаас бууж ирээд 2 метрийн урттай шургааг модыг зөөж манай гэрийн гадаа буулгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69 тал/,

--Гэрч Ц.Батбаярын “...Модны хэмжээг тогтоохдоо Ойн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А79 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад заасан Мод, модон материалын эзэлхүүнийг тогтоо аргачлалын дагуу гаргасан..., ...Ойн тухай хуульд байгаль хамгаалагч иргэн, аж ахуй нэгжид мод бэлтгэхийн өмнө нь эрхийн бичгийг олгосон байна гэж заасан байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71 тал/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 07/348 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 180-188 тал/,

-2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №26 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /1-р хх-ийн 201-203 тал/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07/348/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 13-22 тал/,

-Гэрч Д.Болдбаатарын “...Тухайн үед М.Бгуай над руу залгаад очих завгүй байна дансаар чинь мөнгийг нь явуулчих уу гэхээр нь н.Гантөмөр гэдэг хүн явж байхаар нь гуйгаад дансаар нь мөнгийг нь хийлгээд банкнаас авхуулаад нэхэмжлэлийг нь үүсгэсэн юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24 тал/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 25 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ө.Оргилсайхан “...Уг машин миний өөрийн нэр байдаг машин. Манай хадам аав унаж хэрэглэдэг юм. Уг машин Улаанбаатар хотод ихэвчлэн байдаг. Хот хооронд тээвэрт явдаг юм. Хэрэв уг машиныг улсын орлого болгосон тохиолдолд гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 28 тал/,

-Шүүгдэгч Д.Мийн “...Тухайн хөрөөг 2022 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот, Зуун айлаас шинээр нь 450.000 төгрөгөөр худалдан авч байсан миний өөрийн эзэмшлийн хөрөө байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 32 тал/,

-Экологийн эдийн засгийн үнэлгээ /2-р хх-ийн 37-41 тал/

-Шүүгдэгч М.Бгийн яллагдагчаар өгсөн “...би уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157 тал/ зэрэг болон бичгийн нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б болон өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нар нь “ ...гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй, зохих зөвшөөрөлтэй байсан, гэмт хэргийн шинжгүй...”  гэх агуулга бүхий хүсэлтийг

Шүүгдэгч Д.М болон өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нар нь “ бүлэглэж үйлдээгүй, зохих зөвшөөрөлтэй...” гэх агуулга бүхий хүсэлтүүдийг тус тус гаргасанг зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэсэн.

 

Тодруулбал Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б, Д.М нарыг Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-с 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд  нь гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нарын зохих зөвшөөрөл авсан гэх “мод бэлтгэх эрхийг бичиг нь” “ТӨА 21-093876” дугаартай 2022 оны 01 дүгээр сарын 26-с 25-ны өдрийг хүртэл 1 хоног мод бэлтгэх эрхийн бичиг  бичиг /1-р хх-ийн 90 тал/, “ТӨА 21-093875” дугаартай 2022 оны 01 дүгээр сарын 19-с 21-ний өдрийг хүртэл 3 хоног мод бэлтгэх эрхийн бичиг /1-р хх-ийн 91 тал/ болон 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 92-93 тал/-ууд авагдсан байх бөгөөд тухайн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд ямар нэгэн гарал үүслийн гэрчилгээг зохих журмын дагуу аваагүй болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл байгаль хамгаалагч шүүгдэгч М.Б нь мод бэлтгэх эрхийн бичгийг зохих журмын дагуу хуульд заасан хугацаанд олгож, төлбөр төлсний дараа мод бэлтгүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн.

 

Шүүгдэгч М.Б нь Төрийн албан тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь хэсэгт зааснаар “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж зааснаар төрийн захиргааны албан хаагч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн субъект болох нь Төв аймгийн Байгаль орчны албаны даргын 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Байгаль хамгаалагчдын нэрс” /1-р хх-ийн 117, 170-174 тал/ болон Албан тушаалын тодорхойлолтоор ТЗ-2-р цалинждаг гэх баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бгийн “төрийн албанд энэ мэргэжил албан тушаалаараа 24 жил ажиллаж байна” гэх мэдүүлгээр давхар нотлогддог болно.

 

Шүүгдэгч Д.М, М.Б нар нь дээд боловсролтой, шүүгдэгч нар нь монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйл, 7.6 дугар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээр нь тус тус хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Д.М, М.Б нар нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж буй өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй” гэсний дагуу шүүх хуралдааны оролцогч нар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй.

 

Шүүх 2 дугаар хавтаст хэргийн 46-49 талд авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1653 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй.

Учир нь шүүгдэгч Д.М, М.Б нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 282 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 30 хоногийн хугацаагаар хойшлуулж, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдааныг эхлүүлэхэд Төв аймгийн Прокурорын газраас нэмэлт ажиллагаагаар ирүүлсэн баримтад уг шинжээчийн дүгнэлтийг ирүүлээгүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дахин нэмэлт ажиллагаа хийлгүүлэх талаар хуульчлаагүй,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “.Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. “ гэсний дагуу хянан шийдвэрлэсэн.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “төрийн албан хаагч ойд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Одгэрэлээс: “Шүүхээс шүүгдэгч Д.Мгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Бнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, ялын бүсийг Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, ялын бүсийг Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрээр тогтоох саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас: “Миний үйлчлүүлэгч Д. Мөнхцэцэг нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой, халамжийн тэтгэвэр авдаг. Миний үйлчлүүлэгчид ажлын шаардлагаар наашаа, цаашаа явах шаардлага гардаг тул торгуулийн ял оногдуулж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа тул хуульд заасан үндэслэл журмын дагуу торгуулийн ял оногдуулж өгнө үү ” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалангаас: “Миний үйлчлүүлэгч М.Б нь төрийн албан хаагчийн хувьд гэм буруугүйгээр, өөрийнхөө эс үйлдлээр энэ хэрэг дээр оролцсон. Анхнаасаа маргаж оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь заасан байдлаар оролцсон. Мөн Эрүүгийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байдлаар оролцсон. Нэгэнт гэм буруугийнхаа хохирлыг төлж орж ирсэн. Надад бол тусгайлсан санал байхгүй. Хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж оролцсон тул тусгайлан гаргах саналгүй”  гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Д.М, М.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Мийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах...”, шүүгдэгч М.Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих...” ялтай  оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас “...торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй .

Шүүгдэгч Д.М нь “эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын эх үүсвэрийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх ба шүүгдэгч Д.Мийн тэтгэвэр нь даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгө учир өндөр насны тэтгэврийг орлого гэж үзэн торгуулийн ялыг төлүүлэх нь үндэслэлгүй буюу торгуулийн ял биелэгдэх боломжгүй гэж үзсэн.  

 

Шүүгдэгч М.Бгийн хувьд гэм буруугийн талаар маргаж мэтгэлцдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

 

Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Д.Мгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч М.Бнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.М, М.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д“энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүгдэгч М.Б, Д.М нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид буюу ойн санд 4.216.681 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.М, М.Б нараас хувь тэнцүүлэн 2.108.340 төгрөг, 5 мөнгийг гаргуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэнг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.

 

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Д.М, М.Б нар нь экологи эдийн засгийн хохирол нөхөн төлбөрт 4.216.681 төгрөгийн хохирлыг төлсөн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт хэсэгт зааснаар эрүүгийн 2234001480516 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгч Д.М, М.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Мийн эзэмшлийн 181.700 төгрөгийн үнэлгээ бүхий бензин хөрөөг, иргэний нэхэмжлэгч Ө.Оргилсайханы эзэмшлийн “Хьюндай 5 тонн гоулд” маркийн “89-65 УНҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 15.009.800 төгрөгийг хувь тэнцүүлж 7.504.900 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч М.Бд хариуцуулсан гэх 532 ширхэг 32м3 хуурай нарс модыг тус тус улсын орлого болгож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл”-ийг тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн 2234001480516 дугаартай хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.М, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Бнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэсгийг 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “бүлэглэж” үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Мгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж  хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.Мгийг “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн тээвэрлэсэн” гэм буруутайд,

              -шүүгдэгч М.Бнг “төрийн албан хаагч ойд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мгийг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Бнг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мийг шүүхээс тогтоосон Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр, шүүгдэгч М.Бг шүүхээс тогтоосон Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Мийг шүүхээс тогтоосон Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт, шүүгдэгч М.Бг Төв аймгийн Баянцогт сумаас бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж , тодорхой газар очих хязгаарлалт тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М, М.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

  1. Шүүгдэгч Д.М, М.Б нарын зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.М, М.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Ө.Оргилсайханы эзэмшлийн “Хьюндай 5 тонн гоулд” маркийн “89-65 УНҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 15.009.800 төгрөгийг хувь тэнцүүлж 7.504.900 төгрөгийг, шүүгдэгч Д.Мийн эзэмшлийн 181.000 төгрөгийн үнэлгээ бүхий бензин хөрөө, шүүгдэгч М.Бд хариуцуулсан гэх 532 ширхэг 32м3 хуурай нарс модыг тус тус улсын орлого болгож, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл”-ийг тус тус хүчингүй болгосугай.

 

  1. Эрүүгийн 2234001480516 дугаартай хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.М, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, 13 тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА