Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2019/01032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн Ч суманд 1994 онд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Х аймгийн Ч сумын 4 дүгээр багт оршин суух, .................дугаар регистртэй, Х овогт Г-ийн Х-ын,

Хариуцагч: Х аймгийн Ч суманд 1993 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Х аймгийн Ч сумын 1 дүгээр багт оршин суух, ............. дугаар регистртэй, А овогт Д-ийн Б-т холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2019/01120/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Буянжаргал, нэхэмжлэгч Г.Х, хариуцагч Д.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Хр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б бид хоёр 2011 онд танилцан үерхэж байгаад 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр охин Х.А-г төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, ирэн очин амьдарцгааж байсан. Гэвч хоорондын таарамжгүй харьцаанаас болж, цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Одоо Д.Б өөр хүнтэй гэр бүл болсон. Би ажилгүй, бие муу аавыгаа асарч, охины хамт гурвуулаа амьдарч байна. Охин Х.А 2 дугаар ангид сурдаг бөгөөд эцгээс нь тусламж дэмжлэг хэрэгтэй байна.

Иймд охин Х.А-ийн төрсөн эцэг Д.Б мөн болохыг тогтоож, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Х бид хоёр 2011 онд танилцан үерхэж байсан. Намайг цэрэгт явсны дараа охин Х.А төрсөн. Миний охин мөн, надтай адилхан. Бид таарч тохирохгүй байсан учир цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Одоо би гэр бүл, үр хүүхэдтэй болсон.

Иймд охин Х.А-ийн төрсөн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч Д.Бт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Х, хариуцагч Д.Б нар 2011 онд танилцан үерхэж байх хугацаанд тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр охин А төрж, эх Г.Х-аар овоглон бүртгүүлсэн, эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон Х х овогт Х-ын А, эмэгтэй, 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чандмань-Өндөр сумын эмнэлэгт төрснийг ИГБББ-ын төрсний бүртгэлд 2013 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэв... гэх бичилттэй №0000807304 №02 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Чандмань-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн дарга, эх баригч эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул охин Х.А-ийн төрсөн эцгээр Д.Б-ыг тогтоох үндэслэлтэй байна.

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Х.А нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир эцэг Д.Баатараас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Х.А-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Х.А-ийн төрсөн эцэг Д.Б мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Х.А 6 нас 11 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 194.300 төгрөгийн 50 хувь болох 97.150 төгрөгийг охин Х.А-д сар бүр хариуцагч Д.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Х.А-д сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.165.800 төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132.529 төгрөгөөс хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 32.529 төгрөг, бүгд 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 29.800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 102.729 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Х.А-ийн төрсөн эцэг А овогт Д-ийн Б мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Х.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Б-аас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132.529 төгрөгөөс 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 29.800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 102.729 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г.Х-т олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ОТГОНБЯМБА