Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар  2023/ШЦТ/388

 

 

 

 

 

 

 

 

   2023        06         06                                   2023/ШЦТ/388

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Батцэцэг, шүүгдэгч Х.Л нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “2311 00692 0804” дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, химийн багш мэргэжилтэй, “Дашваанжил” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, 32 дугаар гудамжны 96 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х. Л,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Л нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг,            “Дуулга” нэртэй бааранд үйлчлүүлж байгаад хохирогч З.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Самсунг А-13” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 470.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Х.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Б мэдүүлэхдээ:..Би 2023 оны 02 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед 3, 4 дүгээр хороололоос Сонота-6 маркийн машин байсан шиг санаж байна, таксинд суугаад Чингэлтэй дүүргийн  13 дугаар хороонд  байрлах Дуулга нэртэй бааранд хуурай ах Шоогийнтой  хамт орсон... бааранд  сууж байтал Шоогий ах бид хоёрыг хүргэж ирсэн таксины жолооч хамт  сууя гээд ороод ирсэн...Шоогий ах бие засах гээд явсан...би тэр хойгуур нь пиво авах гэж яваад буцаж  ширээн дээр ирэхэд таксины жолооч  ах миний гар утсыг  аваад явчихсан байсан  гэх мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр тал/,

           2.2. Дамно ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээр 472.600 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх -ийн 30-32 дугаар тал/,

   Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48 дүгээр тал/, Чингэлтэй дүүргийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 106 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 62 дугаар тал/ зэргийг шинжлэн судлалаа.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Л нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” нэртэй бааранд үйлчлүүлж байгаад хохирогч З.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Самсунг А-13” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 470,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/, хохирогч З.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/, гэрч Э.Бямбаагийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ЧД2-23-292 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Х.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч З.Бд мөрдөн шалгах ажиллагааны үед Х.Л нь  хохирогчид 470.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйл байхгүй /хавтаст хэргийн 57 дугаар тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Шүүгдэгч Х.Л нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх  хэгсийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, тэнсэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Лд хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, тэнсэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Х.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Х.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Лд хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч Х.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт  зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож  түүнд хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн  бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулахыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг             СД-ийг хэрэгт хавсаргасугай.

           7. Шүүгдэгч Х.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ