| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2019/01207/И |
| Дугаар | 101/ШШ2019/03072 |
| Огноо | 2019-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2019/03072
2019 оны 11 сарын 07 өдөр Дугаар 101/ШШ2019/03072 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоотод оршин суух, Х овогт О.Б /РД:0/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Намъяанжугийн-0 тоотод байрлах, “М” ХХК-д холбогдох,
Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, дүгээр хороолол, Намьяанжүгийн гудамж, 0 тоотод байрлах “” худалдааны үйлчилгээний зориулалтаар баригдаж байгаа барилгын 4 давхарт байрлах 4А-12, 13, 14, 15 дугаартай 31.68 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “М” ХХК-тай Худалдаа үйлчилгээний барилга захиалгаар бариулах гэрээг байгуулан гэрээний төлбөрт захиалгын нийт 1,654,700,000 төгрөгийг төлсөн. Үүнд: Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Шар хад, Сүрлэн 0 дугаар гудамжны 0 тоот хаягт байршилтай гэр бүлийн зориулалттай өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон 447 м.кв газрыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулан 400,000,000 төгрөгөөр, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Шар хад, Сүрлэн 0 дугаар гудамжны 0 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай, эрхийн Улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон 1070 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 1,000,000,000 төгрөгөөр, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн дүгээр хороо Үйлдвэр /17041/ гудамжны ХД-0 байрны 0 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон 101.88 м.кв талбайтай 3/гурван/ өрөө орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан 245,700,000 төгрөгөөр тус тус тооцсон. Захиалгын гэрээнд заасан хугацаанд барилга ангаглалтад ороогүй тул “М” ХХК-ийн хүсэлтээр талууд харилцан тохиролцож 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б17/03 8 Б17/04 тоот гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу “М” ХХК-ийн ерөнхий захирал А.У, гүйцэтгэх захирал Э.А нар 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17/17 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Намьяанжүгийн гудамж тоот хаягт байрлаж буй “М” худалдаа үйлчилгээний төвийн 4 давхарт байрлах 31.68 м.кв талбай бүхий 4 ширхэг лангуу мөн үйлчилгээний төвийн 5 болон 6 дугаар давхарт байрлах 240.82 м.кв талбай бүхий 31 ширхэг лангуу нийт 274.389 м.кв талбайг өмчлөх эрхийг барилга ашиглалтад орох үед шилжүүлэх зөвшөөрлөө өгсөн. Гэтэл “М” ХХК-ийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн “К” ББСБ-тай барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний төлбөр төлөгч болох “М” ХХК-ийн ерөнхий захирал А.У /РД: 0/ -ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Намьяанжүгийн гудамж 0 тоот, үйлчилгээний зориулалттай, 2048 м.кв талбайтай, 30%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Иймд “М” ХХК-ний Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Намьяанжүгийн гудамж 0 тоот хаягт байрлах “М” худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдаж байгаа барилгын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын иргэн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 заасны дагуу нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа. Ж.А би биш ингэж тэгж ярьсаар л байгаад 2014 оноос хойш 6 жил өнгөрсөн байна. Хариуцагчийн төлөөлөгч 2016 онд шүүхэд өгөөд хэрэгсэхгүй болсон гэж байна. Өмнө нь компанийн удирдлагад хүлээлгэж өгсөн нь нотлогдохгүй болохоор хэрэгсэхгүй болгосон. Өмчлөх эрхээ хамгаалуулахаар шаардах эрхтэй байгаа гэж заасан. А.У нь компанийн үүсэн байгуулагч юм. Шүүхийн шийдвэрээс хойш 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ж.А, А. нартай уулзаад, бичиг хийгээд өг гэхээр аваад ир бид бичиг хийгээд өгье гэдэг. Тухайн үед очиход нь А.У нь н.А-д шилжүүлээд өг гэсэн. Энэ хүмүүс А.У болон н.А нь төлөөлөх эрхтэй гэж итгэл үнэмшил төрүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр н.А-д шилжүүлж өгсөн тодорхой байна. 2014 онд гэрээ байгуулсан өдөр бүх хөрөнгийг шилжүүлж өгсөн. Цагдаад гомдол өгсөн. Нотариат дээр сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан. н. бүх хөрөнгүүдийг гуравдагч этгээд рүү шилжүүлсэн байна. н.А нь алга болсон, хөрөнгүүд эрх зүйн маргаантай нөхцөл байдалд ороод мөнгийг төлөөгүй гээд маргаад байна. Шударга ёсны дагуу О.Б-д өмчлөх эрхийг шилжүүлэх хэрэгтэй. О.Б нь 6 жил хүлээсэн. Улсын бүртгэлээс ирсэн нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Монгол улсын иргэн өмчлөх эрхээ хамгаалуулахаар шаардах эрхтэй. Гэрээ байгуулсан огноо нь бусад баримтуудтай таарч байгаа. Албан бичигтээ гэрээний 2.3-т заасан тодотголыг н.А-ийн нэр дээр хөрөнгө шилжүүлэн авах эрх олгосны дагуу гээд бичээд өгсөн. Би энэ гэрээг байгуулж өгсөн. Өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр, тэгш эрхийн зарчмыг үндэслэн, сайн дурын үндсэн дээр, гэрээний нөхцөлтэй бүрэн танилцаж, үүсэх үр дагаврыг хариуцахаа илэрхийлсэн гээд хуудас бүр дээр нь гарын үсэг зуруулсан. Мөн нотариатыг оролцуулсан. Шүүх хуралдаан дээр нотариат оролцуулах болон өөр бусад нотлох баримтыг хангаагүй. Гэрлэлтийг 2016 онд цуцлуулсан байна. Гэр бүлийн тааламжтай бус харилцаа үүсэхээс өмнө А.У нь манай гэр бүлийн хүнд шилжүүл гэсэн. н.А би төлөөлөх эрхтэй гэж хэлээд байсан учраас дээрх хөрөнгүүдийг н.А-д шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгчид төлөөлөх эрхтэй гэдэг итгэл үнэмшлийг төрүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэрээний хувьд 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эхний гэрээ хийсэн. О.Б нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өмчлөгчөөр тогтоолгохоор, нэхэмжлэл гаргаад, шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэр нь хэрэгт авагдсан байгаа. Шүүхийн шийдвэрийн дараа О.Б болон н.А нар ярилцаад 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичигт заасан байгаа газар, барилга, орон сууцыг манай байгууллагад шилжүүлж өгнө гэсэн. 2017 оны 04 дүгээр сарын 20 өдрөөс хойш н.А болон О.Б нар огт уулзалдаагүй гэрээ ч хийгдээгүй. Манай байгууллагаас н.А-д итгэмжлэл олгоогүй. н.А О.Б газар, барилга, орон сууцыг шилжүүлж өгсөн бол гэрээний дагуу 4 лангуу шилжүүлж өгнө гэж бодож байсан. н.А дээрх эд хөрөнгүүдийг О.Бас худалдах, худалдана авах гэрээгээр худалдаж авсан байна. Манай байгууллагад дээрх 3 хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч өөрийн тодорхойлох зүйлийг хэлж яриагүй учраас нэхэмжлэлийн шаардлага төлбөртэй холбогдсон асуудлыг энэ хэргийн хувьд бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй. 1,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг яриад байна. Талууд яриад байгаа гэрээгээр 192,000,000 төгрөг бүхий худалдаа үйлчилгээний талбайг өгч авах асуудал яригдаад байна. Нэхэмжлэгч 192,000,000 төгрөгийн гэрээ байгуулчхаад үүн дээр 1,6 тэрбум төгрөгийн эд хөрөнгүүдийг бүхэлд өгсөн гэх боловч аль хөрөнгийг яаж өгсөн гэдэг тодорхойгүй тул төлбөр хийгдсэн гэж үйл баримт тогтоогдох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Улсын бүртгэлийн газраас 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ирсэн албан тоотоор төлбөр төлсөн гэх эд хөрөнгүүд нь А.У, Ж.А, “М” ХХК-ийн хэн аль дээр шилжсэн, гэрээг хийсэн, бүртгүүлсэн гэх баримт хэрэгт огт авагдаагүй. Улсын бүртгэлийн газраас ч үүнийг тодорхой дурдаж өгсөн. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ хийх үед тухайн хөрөнгүүд нь гуравдагч этгээдийн нэр дээр шилжсэн байсан. 2014 оны 11 дүгээр сард хийгдсэн гэрээ дээр төлбөр төлөгдсөн бүх талууд гарын үсэг зурсан байна. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх, удирдлагын төлөөллийн асуудал яригдаж байна. Улсын бүртгэлээс холбогдох баримтууд ирсэн. Нэхэмжлэгчийн яриад байгаа н.А гэдэг хүн нь “М” ХХК-д хувьцаа эзэмшдэггүй. Итгэмжлэлгүйгээр байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд. Гэтэл н.А-тэй гэрээ хийчхээд сүүлд “М” ХХК-тай үйлчилгээний талбай худалдаж авах гэрээ хийгээд, үүний төлбөрийг төлсөн гэдгээ нэхэмжлэгч тал нотолсонгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу төлбөр төлөгдсөнөөр эд хөрөнгө шилжинэ. Төлбөр төлсөн тогтоогдоогүй байхад өмчлөх гэж тогтоох асуудал яригдахгүй. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд өмчлөх эрх хэрхэн үүсэхийг зохицуулсан. Улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шилжиж, өмчлөх эрх үүсэх ёстой. “М” ХХК өөрийн өмчлөлийн эд зүйлээс нэхэмжлэгчийг өмчлөгч гэж шилжүүлэх тохиолдолд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар төлбөрт өгсөн гэх эд хөрөнгүүд “М” ХХК болон түүний гүйцэтгэх удирдлагуудад шилжсэн байх ёстой. Иргэний хуулийн 112 дугаар зүйл зааснаар ямар нэгэн шалтгаанаар барилга байгууламж ашиглалтад ороогүй бол эд хөрөнгийн үнийг төлснөөр гэх асуудал яригдана. Эд хөрөнгийн үнийг хэнд төлөх вэ гэхээр гэрээний дагуу “М” ХХК-д төлөх ёстой. Нэхэмжлэгч тал төлбөрийг төлсөн гэх боловч Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас мөнгө төлсөн гэх баримт байхгүй гэж хариу ирсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг дээр дурдагдаад байгаа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байгаа тухай тухайн хэргийн хүрээнд яригдана. Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч тал энэ шүүхийн шийдвэр дээр маргаж яваагүй. н.А нэр дээр шилжсэнээр талуудын хооронд байгуулсан гэрээний төлбөр төлөгдсөн гэж тогтоогдохгүй байна. 2017 оны 4 сард хариуцагчийг хууран мэхлэх юм уу ямар нэгэн байдлаар н.А шилжүүлсэн гэдгээ гэрээний төлбөр хийгдсэн гэх байдлаар зөвшөөрүүлэхээр шүүхэд тайлбарлаад байна. Хариуцагчийн төлөөлөгч 2017 оны 04 сард гэрээ байгуулахад н.А-ийн нэр дээр шилжүүлсэн хөрөнгийг буцаагаад манай байгууллагад шилжүүлж өгнө гэсэн итгэл үнэмшил төрөөд гэрээн дээр гарын үсэг зурсан гэж байна. Энэ гэрээ хэрэгжиж нэхэмжлэгч төлбөр төлсөн нь тогтоогдохгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнө хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 2436.1-д заасан урьдчилсан нөхцөл биелэгдээгүй. Өмчлөгч болох эрх нээгдээгүй. Нэхэмжлэгч төлбөрийг төлсөн гэдгээ нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоох нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул Энэ хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Намьяанжүгийн гудамж, 0 тоотод байрлах “М-” худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдаж байгаа барилгын 4 давхарт байрлах 4А-12, 13, 14, 15 дугаартай 31.68 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигчийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр худалдааны талбай худалдах, худалдан авах захиалгын Б17/04 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “M ” худалдаа, үйлчилгээний төвийн 4 давхарт байрлах 4А-12, 13, 14, 15 дугаартай 31.68 м.кв тайлбайг 192.432.240 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирчээ. /хх-ийн 5-7 дугаар тал/
Уг гэрээний 2.3-т худалдан авагч нь үйлчилгээний талбайн үнийн дүнгийн 100 хувийн төлбөр болох 192,432,240 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бартераар төлсөн болно гэжээ.
Хариуцагч “М” ХХК бартераар төлсөн гэх үл хөдлөх хөрөнгүүдийг О.Б нь манай компанийн нэр дээр шилжүүлж өгөөгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Шархад сүрлэн 0 дугаар гудамжны 0 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 1070 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө О.Баттулгын өмчлөлөөс 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 247 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах-худалдан авах гэрээгээр Б.А-ийн өмчлөлд, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Үйлдвэр гудамж, ХД-0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрх 2014.11.05-ны өдөр О.Б-ын өмчлөлөөс Б.А-ийн өмчлөлд тус тус шилжжээ. /хх-ийн 77-78 дугаар тал/
“М” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17/17 албан тоотоор О.Б-ын өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Шархад сүрлэн 0 дугаар гудамжны 0 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 400,000,000 төгрөгөөр, 1070 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,000,000,000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж, ХД-34 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах орон сууцыг 254.700.000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 1,654,700,000 төгрөгийн төлбөр тооцоог барагдуулах зорилгоор компанийн ерөнхий захирал А.У-ын нөхөр Б.А-ийн нэр дээр шилжүүлэн авсан тул төлбөр бүрэн барагдсан гэжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр хуульчилсан байна.
Мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу “М” ХХК-ийн ерөнхий захирал А.У-ын нөхөр Б.А-ийн нэр дээр О.Б-ын бартераар төлж байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэн авчээ.
Иймд нэхэмжлэгч О.Б нь худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Намьяанжүгийн гудамж, 0 тоотод байрлах “М” худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдаж байгаа барилгын 4 давхарт байрлах 4А-12, 13, 14, 15 дугаартай 31.68 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Намьяанжүгийн гудамж, 0 тоотод байрлах “М-” худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдаж байгаа барилгын 4 давхарт байрлах 4А-12, 13, 14, 15 дугаартай 31.68 м.кв талбайн өмчлөгчөөр О.Б-ыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,190,312 төгрөгөөс 1,120,112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 70,200 төгрөг, хариуцагч “М” ХХК-иас 1,120,112 төгрөгийг тус тус гаргуулж, О.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО