Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0232

 

                                        

                                              “У” ХХК-ийн

                                     нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0112 дугаар шийдвэрийг хариуцгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, П.Н нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн 

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “У” ХХК

Хариуцагч Монополын эсрэг газар

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, П.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

 

Хэргийн индекс: 128/2024/0811/З

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0112 дугаар шийдвэрээр Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасныг баримтлан маргаан бүхий Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын /хуучин нэрээр/ 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай 04 дүгээр тогтоолыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай 04 дүгээр тогтоол хүчингүй болохоор шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, П.Н нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6.1-д “Бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид дамжуулах, түгээх сүлжээ, дэд бүтэц, технологийн онцлогоос шалтгаалж тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр бараа бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй эсэх”-ийг дутуу судалсан тухайд: “.. газар оршоох оршуулгын үйлчилгээ эрхлэхээр буяны цогцолбор барьж байгуулж орлуулах боломжтой хэдий ч цаг хугацаа, санхүүгийн хөрөнгө, газар эзэмших эрх авах зэрэг бусад хүчин зүйлээс шалтгаалж хязгаарлагдмал байна” гэж заасан нь хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараар хангалттай тогтоогдсонгүй" гэж дүгнэсэн тухайд тус судалгааны ажлаар дэд бүтэц, технологийн онцлогийн хувьд “У” ХХК Сонгинохайрхан дүүрэг ** дугаар хороонд байрлах Баруун буяны төв цогцолборт 17,3 га газар болон Баянзүрх дүүрэг ** дугаар хороонд байрлах Зүүн буяны төв цогцолборт 2 га газрын тус тус эзэмшиж байна. Мөн Баруун буяны төв цогцолборт шарил чандарлах 3 зуух, Зүүн буяны төв цогцолборт шарил чандарлах 4 зуухтай. Мөн оршуулгын газрыг нийтийн эзэмшлийн болон хуулийн этгээдийн эзэмшлийн гэж 2 ангилдаг бөгөөд чандарлан оршоох үйл ажиллагааг нийтийн эзэмшлийн газарт явуулах боломжгүй ба хуулийн этгээд өөрийн эзэмшлийн газарт явуулах шаардлагатай тул Зөвшөөрлийн тухай хуульд заасан газар эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл шаардлагатай. Түүнчлэн MNS5605.2006 Шарил чандарлах үйлчилгээний байгууллагад тавигдах ерөнхий шаардлагад зааснаар чандарлан оршоох оршуулгын үйл ажиллагаа явуулахад оршуулгын үйл ажиллагааг явуулахад шарил тээвэрлэх зориулалтын автомашин (2-оос доошгүй), шарил түр хадгалах зориулалтын байр шарил чандарлах зуух, түүний холбогдох тоног төхөөрөмж, хүлээн авах болон салах ёс гүйцэтгэх ёслолын танхим гэх зэрэг шаардлагатай байдаг санхүүгийн хөрөнгө, газар эзэмших эрх авах зэрэг бусад хүчин зүйлээс шалтгаалж чандарлан оршоох оршуулгын зах зээл нь хязгаарлагдмал байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг тогтоох хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь судалж дүгнээгүй гэж үзэхээр байна.

2.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6.2-т ““Д ” ХХК, “Д б” ХХК-ууд үйлчилгээ үзүүлж эхлээгүй байна гэснээс дүгнэвэл судалгаанд дүгнэсэн “бусад хүчин зүйлээс шалтгаалаад хязгаарлагдмал” гэх дүгнэлтийг нарийвчилж судлах, тодруулбал үйл ажиллагаа эхлээгүй байгаа нь ямар хүчин зүйлээс шалтгаалж байгаа, үүнд нэхэмжлэгчийн үйл ажиллагаа нөлөөлж байгаа эсэхийг тогтоогоогүй байна гэж үзэхээр байна” гэж үзсэн тухайд энэхүү судалгааны ажил нь зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох болохоос биш зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч ноёлох үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тогтоох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа биш юм.

2.3. “Д ” ХХК, “Д б” ХХК-ууд чандарлан оршоох зуух худалдан авсан хэдий ч үйл ажиллагаа явуулаагүй зөвхөн газарт оршоох оршуулгын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчид. Тус аж ахуй эрихлэгчдэд зуухнаас гадна хуулийн этгээд өөрийн эзэмшлийн газарт явуулах шаардлагатай тул газрын зөвшөөрөл болон шарил тээвэрлэх зориулалтын автомашин (2-оос доошгүй), шарил түр хадгалах зориулалтын байр, шарил чандарлах зуух, түүний холбогдох тоног төхөөрөмж, хүлээн авах болон салах ёс гүйцэтгэх ёслолын танхим зэрэг цогцолбортой аж ахуй эрхлэгч чандарлан оршоох оршуулгын зах зээлд үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Мөн Монополын эсрэг газраас 2024 онд хийсэн газарт оршоох оршуулгын зах зээлийн судалгаагаар “Д ” ХХК 1%, “Д б” ХХК 5.8%, харин тус компанийн харилцан хамаарал бүхий “Н с” ХХК нь газарт оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлийн 79.3%-ийг тус тус эзэлж байгаа нь тогтоогдсон болно.

2.4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд “У” ХХК болон “Н с” ХХК-ууд харилцан хамаарал бүхий аж ахуй эрхлэгчид байна. “У” ХХК нь чандарлан оршоох оршуулгын цогц үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тус зах зээлд ганцаараа үйл ажиллагаа явуулж байгаа бол тус компанийн харилцан хамаарал бүхий “Н с” ХХК нь газарт оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлийн 79.3%-ийг эзэлж байгаа нь зах зээлийн төвлөрлийн түвшин өндөр буюу үйл ажиллагаа жигдэрсэн цөөн хэдэн аж ахуйн эрхлэгчид төвлөрч байгаа нь шинээр аж ахуйн эрхлэгч тус зах зээлд нэвтрэн ороход өрсөлдөгчдийн зүгээс шахан гаргах нөлөөллийг үзүүлэхээр байна.

2.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7-д тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд шинээр аж ахуй эрхлэгч нэвтрэн ороход эдийн засгийн болон хууль эрх, зүйн боломж хязгаарлагдмал эсэхийг судалсан тухайд эдийн засгийн боломжийн хувьд чандарлан оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлд нэвтрэхэд шарил чандарлах зуух, түүний холбогдох тоног төхөөрөмж, шарил тээвэрлэх зориулалтын автомашин (2-оос доошгүй), шарил түр хадгалах зориулалтын байр, хүлээн авах болон салах ёс гүйцэтгэх ёслолын танхим, газар эзэмших, дагалдах бүтээн байгуулалт зэрэг анх үйл ажиллагаа явуулж эхлэхэд шаардлагатай. “У” ХХК нь 2023 оны балансын дүнгээр 4,758,255,801 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй.

2.6. Хууль, эрх зүйн боломжийн хувьд чандарлан оршоох оршуулгын үйл ажиллагааны хувьд үйл ажиллагааны холбогдох тусгай зөвшөөрөл авдаггүй хэдий ч чандарлан оршоох үйл ажиллагааг нийтийн эзэмшлийн газарт явуулах боломжгүй ба хуулийн этгээд өөрийн эзэмшлийн газарт явуулах шаардлагатай тул Зөвшөөрлийн тухай хуульд заасан газар эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл шаардлагатай. Түүнчлэн Монополын эсрэг газраас 2021 онд Чандарлан оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд “У” ХХК нь тус зах зээлд ганцаараа үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сар хүртэл тус зах зээлд ганцаараа үйл ажиллагаа явуулж байна.

2.7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7.2-т “...оршуулга түүнд хамаарах холбогдох үйлчилгээ" гэх эдийн засгийн нэг ангилалд хамаарч буй зах зээлийг Улаанбаатар хотын хэмжээнд газарт оршоох болон чандарлан оршоох зах зээл гэж хуваасан нь хэр үндэслэлтэй оновчтой талаар дахин судлах шаардлагатайг харуулж байна” гэсний тухайд Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "зах зээл" гэж тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт явагдаж байгаа нутаг дэвсгэрийг" гэж заасан бөгөөд “Чандарлан оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээл”-ийн газар зүйн хил хязгаарыг тухайн бүтээгдэхүүний борлуулалт, хэрэглэгчийг харгалзан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг нэг зах зээл гэж үзсэн. Мөн Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-д зааснаар зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтооход хэрэглэгч, худалдан авагчийн байршил, бараа бүтээгдэхүүний борлуулалт хийгдэж байгаа нутаг дэвсгэрийг харгалзан үздэг.

2.8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7.3-т дурдсан хэм хэмжээний актуудыг судалгаанд ашиглаж тодорхой дүгнэлт хийгээгүй гэсний тухайд Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-д зааснаар бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлоход эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангиллыг харгалзан үзэж болдог бөгөөд Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг шинэчлэн баталсан тушаал нь олон улсын стандарт ангилалд хамаарахгүй.

2.9. “MNS5605:2006 Шарил чандарлах үйлчилгээний байгууллагад тавигдах ерөнхий шаардлага, Ерөнхий шаардлага”, “MNS 6841:2020 Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Оршуулгад хамаарах үйлчилгээ” гэх холбогдох стандартуудыг судалгаанд ашигласан байхад судалгаанд ашиглаж тодорхой дүгнэлт хийгээгүй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх зах зээлийн судалгааны ажлыг бүрэн судалж шийдвэр гаргаагүй гэж үзэхээр байна. Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны А/66 дугаар захирамж нь шарил чандарлах түүнийг дагалдах бусад үйл ажиллагаа явуулах төслийг суллан зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн байгуулах захирамж бөгөөд сонгон шалгаруулалт судалгааны ажлын дараа буюу 2024 оны 12 сард зохион байгуулагдсан. Мөн сонгон шалгаруулалт болсон хэдий ч өнөөдрийг хүртэл гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж эхлээгүй хэзээ эхлэх нь тодорхойгүй зүйлийг судалгааны ажилд ашиглаж тодорхой дүгнэлт хийгээгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

2.10. Газар зүйн хил хязгаарын хувьд тухайн бүтээгдэхүүний борлуулалт, хэрэглэгчийг харгалзан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг наа зах зээл гэж үзэн Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон боловч маргаан бүхий актаар газар зүйн хил хязгаар нь тодорхойгүй байна гэж дүгнэсний тухайд маргаан бүхий захиргааны актад газар зүйн хил хязгаарыг дурдаагүй боловч судалгааны ажлын дүгнэлт хэсэг дээр байгаа бөгөөд газар зүйн хил хязгаарыг дурдаагүйг дүгнэж үзэн хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0112 дугаартай шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.    

                                                     ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “У” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний  өдрийн 04 дүгээр тогтоолоор Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.8-д заасныг үндэслэн, чандарлан оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлд “У” ХХК-ийг зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоожээ.

3. Анхан шатны шүүх “... Судалгааг бүрэн хийгээгүй, эдийн засгийн ангиллын дагуу “оршуулгын үйлчилгээ” гэснийг ангилсан шалтгаан, мөн газар зүйн байрлалаар Улаанбаатар хотыг нэг зах зээл гэж үзсэн эсэх, ... бусад аж ахуй нэгж “Д ” ХХК, “Д б” ХХК-иуд үйлчилгээ үзүүлж эхлээгүй шалтгааныг тогтоогоогүйгээс орлуулах боломжгүй эсэх, шинэ аж ахуй эрхлэгч нэвтрэн орох эдийн засгийн болон хууль эрх зүйн боломж хязгаарлагдмал эсэхийг судалж тогтоогоогүй” гэж үзэж зүй ёсны монополь байдалтай аж ахуй нэгжээр тогтоох үндэслэл болсон судалгааны ажлыг дахин хийж гүйцэтгүүлэхээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар маргаан бүхий тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэснийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй байна.

4. Нэхэмжлэгч талаас уг шийдвэрт гомдол гаргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “чандарлан оршоох үйл ажиллагааг хуулийн этгээд өөрийн эзэмшлийн газарт явуулах шаардлагатай, мөн чандарлах зуух, шарил тээх автомашин зэрэг тоног төхөөрөмж, салах ёс хийх танхим зэрэг нь санхүүгийн хөрөнгө, газар эзэмших эрх авах зэргээс шалтгаалж уг зах зээл нь хязгаарлагдмал байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тогтоох хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь судалж дүгнээгүй” гэсэн нь үндэслэлгүй байна.

5. Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан  "Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам"[1]-ын  2.1-д “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн зүй ёсны монополь байдалтайг тогтоохдоо дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ:

 2.1.1. бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид дамжуулах, түгээх сүлжээ, дэд бүтэц, технологийн онцлогоос шалтгаалж тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр бараа бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй эсэх;

 2.1.2. тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд шинээр аж ахуй эрхлэгч нэвтрэн ороход эдийн засгийн болон хууль, эрх зүйн боломж хязгаарлагдмал эсэх;

2.1.3. холбогдох бусад хүчин зүйл” гэж заасныг зөв хэрэгжүүлж чадаагүй байна.

Тухайлбал зөвхөн газар эзэмших эрх авах, чандарлах зуух хэрэглэдгээр нь эдийн засгийн болон хууль эрх зүйн боломж хязгаарлагдмал гэж үзэх боломжгүй бөгөөд бусад аж ахуйн нэгжүүд адил үйлчилгээ явуулах боломжоо бүрдүүлсэн хэр нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа шалтгааныг тодруулаагүй атлаа нэхэмжлэгч компанийг ганцаараа тус үйлчилгээг үзүүлж байна гэж үзэж, Чандарлан оршоох оршуулгын үйлчилгээний зах зээлд монополь аж ахуйн нэгжээр тогтоосон нь үндэслэлгүй болжээ.

6. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал хамгийн бага байх боломжтой зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь байдалтай гэж үзнэ” гэж заасан.

Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалд “9603-Оршуулга, түүнд холбогдох үйлчилгээ” гэж нэрлэж кодолсон байх бөгөөд уг үйлчилгээг Чандарлан оршоох оршуулгын үйлчилгээ болон Газарт оршоох оршуулгын үйлчилгээ гэж дээрх хуульд заасан “тухайн бараа бүтээгдэхүүний зах зээл” гэж тусад нь үзсэн шалтгаан тодорхойгүй, өөр хоорондоо харилцан орлуулах боломжтой эсэх, бусад аж ахуйн нэгжүүд тухайн үйлчилгээг явуулаагүй нь зан заншил, шашны зан үйлээс, эсхүл хууль эрх зүй, эдийн засгийн хүчин зүйлээс хамаарсан эсэх нь судалгаагаар бүрэн тогтоогдоогүй байна.   

7. Анхан шатны шүүх энэ талаар хариуцагчаас ирүүлсэн баримт, судалгааг үнэлж дээрх журамд заасны дагуу хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзсэнийг нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээргүй байх тул давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

8. Мөн давж заалдах гомдолд Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны ангиллыг дээрх журамд заасан олон улсын стандарт ангилалд хамаарахгүй гэх боловч өөр ямар ангиллыг хэрхэн харьцуулсан нь тодорхойгүй байна.

9. Иймд хариуцагчаас холбогдох судалгааг бүрэн хийж, нөхцөл байдлыг гүйцэд тодруулсны үндсэн дээр дахин акт гаргах нь зүйтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж шийдвэрлэв.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Монополын эсрэг газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, П.Н нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ШҮҮГЧ                                          Г.БИЛГҮҮН

 

 

             ШҮҮГЧ                                          З.ГАНЗОРИГ

 

 

             ШҮҮГЧ                                          С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=2607