| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/02343/И |
| Дугаар | 2578 |
| Огноо | 2019-09-26 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2578
| 2019 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 101/ШШ2019/02578 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.М
Хариуцагч: .Б.Ч
6,535,329 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрсүх, М.Жамъянчойжил, хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат, гэрч Т.Дэлгэрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамханд нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Мын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 6 сард unegui.mn болон Remax-д тавьсан зуслангийн өвлийн байшин зарна гэсэн зарын дагуу 88008000 гэсэн утсаар Б.Чтой холбогдоход “бүх юмаа шийдсэн өвлийн зориулалттай лагерын байшин зарна” гэж хэлж байсан. Ингээд Б.Чтой 2018 оны 06 сарын 12-нд уулзахад “шинэ барьсан байшин болохоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй байгаа, та нар өөрсдөө гаргуулаад авчих” гэхээр нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ /14021/, 15 дугаар хэсэг 1511 хаягт байрлах зуслангийн газар, шинэ барьсан байшингийн хамт 48.600.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Б.Чийн Хаан банкны 5024285992 тоот дансанд 48,600,000 төгрөгийг шилжүүлж худалдан авсан.
Б.Ч нь уг газар, байшинг зарах үедээ уг байшингаа өвлийн зориулалттай, дулаалгатай МАК-ын блокоор барьсан байшин гэж зарсан боловч 2018 оны 09 сард намар анхны цас ороход дээврээс хайлсан цасны ус гоожиж, таазны засал болон паркетан шалыг засварлах шаардлагатай болсон.
Ингээд 2018 оны 09 сарын 20-ны үед Б.Ч руу залгахад утас нь холбогдохгүй байсан, байшинг зарах үед зар дээр байсан 98118030 дугаар руу залгаж энэ тухай найз нь гэх залууд хэлэхэд “засаад өгье” гэж хэлээд түүнээс хойш утсаа авахгүй алга болсон.
Иймд өөрсдөө хүн гуйж дээврээс ус гоожсон шалтгааныг тогтоохын тулд дээврийн төмрийг авч үзэхэд зар дээр бичсэний дагуу дээвэрт өвлийн дулаалгын ямар материал байхгүй байсан болохоор энэ байдал нэмэгдэхээс сэргийлж өөрсдөө барилгын мэргэжлийн хүн авчирч дээврийн нүхийг дотроос нь хөөс шахаж арга хэмжээ аваад 2018 оны 11 сарын 17-нд өвлийн зориулалттай болгоход хэдий хэмжээний зардал гарахыг тогтоолгохын тулд үнэлгээний компанид хандсан.
Б Чинзоригийн утас холбогдохгүй байсан болохоор түүний фэйсбүүк чатаар холбогдож түүнд болсон явдлыг болон шүүх, цагдаа болж хэн хэндээ ажил удаж байхаар тохиролцъё. Чи дээврээ дулаалаад өвлийн болгоод өгчих, ус орж пөмбийсөн шалаа янзлаад өгчих гэсэн боловч тэр “зараад, мөнгийг чинь өгье” гэх элдэв шалтаг хэлсээр өдийг хүрлээ.
Би өөрөө үнэлгээний “Тод үнэлгээ” ХХК-д хандаж, уг байшинг өвлийн зориулалттай болгож засварлахад хэдэн төгрөгийн зардал гарах талаар үнэлгээ хийлгэсэн.
Иймд хариуцагч Б.Чоос уг худалдаж авсан байшинг өвлийн болгож засварлахад 6,315,329 төгрөг, үнэлгээ хийлгэсний ажлын хөлс 160,000 төгрөг, засварын үеэр гарсан шатахууны 40,000 төгрөг, ажлын хөлс 20,000 төгрөг, нийт 6,535,329 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрсүх, М.Жамъянчойжил нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ч нь иргэн Б.Мтай харилцан тохиролцож 2018 оны 06 дугаар 12-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ зусланд 700 м.кв газрыг шилжүүлсэн. Мөн газар дээр барьсан хувийн сууцыг Б.Мд шилжүүлсэн.
Б.М нь Б.Чоос тус амины сууцыг өвлийн болгож засварлахад шаардагдах 6,315,329 төгрөг, үнэлгээний хийлгэсний хөлс 160,000 төгрөг, засварын үеэр шатахуун 40,000 төгрөг, ажлын хөлс 20,000 төгрөг нийт 6,535,329 төгрөгийг нэхэмжилснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Б.Мын нэхэмжлэлийг хариуцагч тал нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгт, өөрсдөө хөрөнгө оруулж дээврээс ус гоожсон шалтгааныг тогтоохын тулд дээврийн төмрийг авч үзэх, зар дээр бичсэний дагуу дээвэрт өвлийн дулаалгын ямар ч материал байхгүй, байдлыг нэмэгдэхээс сэргийлж өөрсдөө барилгын мэргэжлийн хүн авч ирж дээврийг өргөж дотроос нь хөөс шахсан гэсэн өгүүлбэр байдаг. Нэхэмжлэгч өөрөө тайлбарлахдаа хөөс шахаагүй гэж байна. Мэргэжлийн хүн хэлэхдээ малгай төмрийн хэсэгт хөөс шахсан байсан гэж хэлсэн. Хөөсийг өөрсдөө шахсан гэдгээ өмнө нь болон сүүлд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан. Тэгэхээр хөөс шахснаас хойш ус нэвтэрсэн асуудал яригдаж байгаа бол нэхэмжлэгч өөрөө хөөс шахснаас болоод ус нэвтэрсэн гэж үзэж байна.
Тухайн байшингийн шалыг хөөлгөсөн асуудал нь дээврээс ус нэвтэрснээс болсон уу, ямар шалтгаанаас болсон бэ гэдэгт мэргэжлийн акт үйлдээгүй. Бүрэн бүтэн байшин хүлээлгэж өгсөн учир Б.Ч мэдэхгүй. Хүлээлгэж өгснөөс хойш тийм байдал би болсон бол нэхэмжлэгчийн хувьд мэргэжлийн хүн дуудаж акт үйлдэж баримтжуулах ёстой. Ямар байдлаар ус нэвтэрснийг бид мэдэхгүй.
Б.Мөнхжрагал, Б.Ч нарын хооронд тохиролцсоноос өөр доголтой хөрөнгө шилжүүлснээс болж ийм нөхцөл байдал үүссэнийг баримтжуулах зүйл байхгүй. Хувийн сууцны тохиролцоо гэж яриад байна. Тухайн амины орон сууцны ямар ч тохиролцоо байхгүй. Б.Чийн хувьд амины орон сууцыг шилжүүлэхдээ ямар шаардлага хангасан баримтыг үндэслээд, ямар тохиролцоо байгааг асуухаар байхгүй гэдэг. Тохиролцоо байхгүй нь харагдаж байгаа учир Б.М өөрөө төсөөлсөн болохоос биш Б.Чийн хувьд байшингийн харагдаж байгаа ерөнхий байдал, газар байсан. Өөр тохиролцоо байхгүй учир чанар ярих асуудал байхгүй. Б.Ч бол гэрээнд заасан болон аман тохиролцооны дагуу газар болон байшинг шилжүүлсэн. Хавтаст хэрэгт зөвхөн үнэлгээний баримт байсан. Өөрөөр хэлбэл, тухайн амины орон сууцыг өвлийн зориулалттай болгоход хэдий хэмжээний зардал гарах вэ гэдэг үнэлгээний баримт өгсөн. Зардлын хувьд хэд болох вэ гэдгийг нотлохоос биш чанарын доголдолтой холбоотой нотлох баримт болохгүй.
Б.Ч чанарын шаардлага хангасан газар болон амины орон сууцыг шилжүүлсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Ямар нэгэн доголдол байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хэрэв доголдлын асуудал ярьж байгаа бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийг ярина. Доголдлыг илрүүлэх бүрэн боломж байгаа. Мэдэх боломж байсаар байхад шалгахгүй авсан. Б.Ч уг амины орон сууцыг 2018 оны 3 дугаар сард худалдаж авсан. 2018 оны 3 дугаар сард өвлийн турш орсон цас хайлж эхэлсэн. Зун авахад доголдол байсан уу гэхэд нэхэмжлэгч байгаагүй гэсэн. Б.Ч зун зарахад дээвэр болон шал нь анх байснаараа байсан. Өвлийн турш орсон цас хайлахад нэвтрээгүй ус анхны цас ороод хайлахад нэвтэрсэн гэдэг асуудал ярьж байна. Энэ бол Б.Ч нь доголдолтой холбоотой нөхцөл байдалтай холбогдохгүй байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.Чт холбогдуулан, худалдан авсан байшинг өвлийн болгож засварлахад 6,315,329 төгрөг, үнэлгээ хийлгэсний ажлын хөлс 160,000 төгрөг, засварын үеэр гарсан шатахууны зардал 40,000 төгрөг, ажлын хөлс 20,000 төгрөг, нийт 6,535,329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талууд маргаж байна.
Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талууд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, хариуцагч Б.Ч нь нэгж талбарын 18649326073715 дугаартай, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ зуслан хаягт байрлах, 700 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.Мд шилжүүлсэн байх бөгөөд энэхүү гэрээний дагуу эзэмших эрхийг шилжүүлж буй газар болон газар дээр байрлах байшинг хамтад нь 48,600,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, худалдан авагч Б.М нь хэлэлцэн тохиролцсон төлбөрийг төлж барагдуулсан байх бөгөөд энэхүү хэлцэл нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр болжээ.
Харин нэхэмжлэлд дурдсан, өвлийн байшин худалдах-худалдан авахаар талууд тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар нотлох баримтаар нотолсонгүй.
Нэхэмжлэгч Б.М нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, худалдан авсан байшиндаа 2018 оны зун гэр бүлийн хамт амьдарсан, улмаар намар болж цаг агаар сэрүүсэхэд уг байшингаас хот руу нүүсэн, байшинд амьдарсан тухайн цаг хугацаанд дээврээс ус гоожоогүй талаар шүүх хуралдаанд тайлбарласнаас үзэхэд, тухайн байшинг анх авч сэрүүн улирал хүртэл амьдарсан зуны улирлын турш дээврээс ус гоожоогүй үйл баримт тогтоогдож байна.
Худалдан авагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар, эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана.
Дээр дурдсанаар нэхэмжлэгч Б.М тухайн байшинд зуны 3 сарын хугацаанд амьдарч, эзэмшил, ашиглалтдаа байлгах хугацаанд байшингийн дээврээс ус гоожоогүй, байшинг худалдан авах тухайн үедээ байшингийн дээвэр, тааз, байшинг бүхэлд нь шалгаж, доголдолтой эсэхийг мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, худалдагч тал байшингийн доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан, эсхүл худалдан авагч тал нь байшингийн аливаа доголдлыг шалгах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч Б.М нь “Тод үнэлгээ” ХХК-ийн үйлдсэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10/06 дугаартай, Хохирлын үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргасан боловч тухайн үнэлгээний тайланд дурьдагдсан, байшингийн шалны хөөлт, таазны замаска эмульс хууларсан, шалны халаалт ажиллахгүй зэрэг нь байшингийн доголдлоос үүдэлтэй буюу хур тунадсын нөлөөгөөр бий болсон гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Хэдийгээр, дээврийн хөндийн хучилт, дулаалгын талаар “Тод үнэлгээ” ХХК-ийн тайланд дурдагдсан байх боловч зохигч талууд нь байшингийн чанар байдлын талаар тодорхой тусгасан байдлаар гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдаж буй өвлийн байшин худалдах-худалдан авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдсонгүй.
Нөгөөтэйгүүр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар, өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан, байшингийн үнийн дүн өөрчлөгдсөн эсэх, гэрээний зүйлийн үнийг худалдан авагч тал бууруулсан эсэх талаар мэдээллийг авахаар нэхэмжлэгч Б.Мыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулсныг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА