Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 02

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч  З.Нандинцэцэг, Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, Улсын яллагч Д.Пүрэвдагва,  шүүгдэгч Т.Нямтогтох, Э.Намхайдэмид Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн Д.Бямбабаяр, Иргэдийн төлөөлөгч Д.Амарзаяа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Т.Нямтогтоход Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, Э.Намхайдэмидэд  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Нямтогтох, Э.Намхайдэмид нарт холбогдох 201613000128 дугаартай эрүүгийн хэргийн хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5 аав, ээж, 2 дүүгийн хамт Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багт түр оршин сууж байгаа, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 19-р хороо, 4 хороолол дилав хутагт Жамсранжавын гудамж 61 байр 27 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бичээч овгийн Товуучийн Нямтогтох. Регистрийн дугаар: ИК95062816
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн Сонгино суманд засмал зам тавьж байгаа Шинхан компанид цемент задлагчийн ажил түр хийж байсан, ам бүл-5 аав, ээж, 2 дүүгийн хамт Завхан аймгийн Сантмаргац сумын Баяндавс багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овгийн Эрдэнэцогтын Намхайдэмид. Регистрийн дугаар: ИК91121534
Шүүгдэгч Т.Нямтогтох нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Намхайдэмид нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Сартуул овгийн Эрдэнэцогтын Намхайдэмид нь 2016 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Завхан аймгийн Сантмаргац сумын төвд иргэн Э.Хишигжаргалын гэрт Т.Нямтогтохын нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон үйл баримт нь хохирогч Т.Нямтогтохын “...Даваадалай намайг гаръя гэсэн. Би гарахгүй гээд гал тогооны өрөөний сандал дээр очиж суугаад би чамтай явахгүй, Баянжаргалтай явна гэж хэлэхэд Даваадалай гараад явсан. Тэгээд ... Хишигээ эгч цаана чинь ус байгаа гэсэн. Би босч яваад ус олоогүй, Хишигээ эгч гар утасныхаа гэрлийг тусгаад надад ус хийж өгөөд чи баяраар авч явсан яндангаа авчирч өгөөрэй гэж хэлсэн. Би янданг чинь авчирч өгнө гэж яриад сууж байхад тэднийд гаднаас гэрэл тусгасан хүн орж ирсэн. Би хэнийг нь таниагүй байж байтал Монхороо гээд миний нэрээр дуудаад хамар луу тэр хүн хүчтэй цохисон. Миний хамар аймаар өвдөөд манараад явсан. Миний биед тархи доргилт, хамрын нурууны мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл учирсан” гэсэн мэдүүлгээр, гэрч Э.Хишигжаргалын “..манайд архи байхгүй эгч нь амармаар байна, орой болсон байна та нар харьж амар..” гэхэд тэд нар гарцгаасан. Хэн нь түрүүлж гарсныг би мэдээгүй. Тэгтэл Нямтогтох гарахгүй буйдан дээр хэвтээд явахгүй байсан. Намхайдэмид Нямтогтохыг явах уу айл амрах гээд байна ш дээ” гэхэд Нямтогтох явах гэж байгаа юм шиг босч ирснээ гал тогооны өрөөний ширээний хажууд очоод суучихсан. Тэгсэн чинь Намхайдэмид явъя л даа гээд Нямтогтохын нүүр рүү цохичихоод түрүүлээд гараад явсан. Нямтогтох нүүрээ дарж сууж байгаад нүүр лүү яагаад цохичихвоо гэж хэлээд нүүрээ дарсан чигтээ хурдан алхаад гараад явсан. Нямтогтох нь цуг байсан хүмүүсээ явъя гээд байхад явахгүй байж байгаад Намхайдэмидэд цохиулсан...” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч Э.Намхайдэмидийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хишигжаргал эгч болон Нямтогтох, Даваадалай 3 түрүүлээд гэрт орсон. Баянжаргал бид хоёр үүдний таамбарт түр зогсож байгаад гэрт буцаад ороход Даваадалай, Нямтогтох хоёр гал тогооны өрөөний сандал дээр сууж байсан. Би тэнд байсан хүмүүст хандан бүгдээрээ харьж амарцгаая гэхэд Даваадалай түрүүлээд гараад явсан. Хишигжаргал эгч бас та нар одоо харьж амарцгаа би амарлаа гэж хэлж байгаа сонсогдсон. Нямтогтох сандал дээрээсээ босохгүй суугаад байхаар нь би түүнийг одоо явъя гэхэд босохгүй суугаад байхаар нь би түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиод тэднийхээс гарсан...” гэсэн мэдүүлгээр, нотлогдож байна.
Шүүгдэгч Э.Намхайдэмид  Т.Нямтогтохын нүүрэнд цохисон үйлдлийн улмаас түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь  Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 201620362 дугаартай “...А.Ууганбаатар эмчийн тодорхойлолтонд бичигдсэн хамрын таславч ясны муруйлт, хамрын хянга яс дотогшоогоо цөмөрч хугарсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...201620271 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан тархины доргилт, хамрын нурууны мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд дээр нэмэгдээд 52 дугаартай А.Ууганбаатар эмчийн тодорхойлолтонд тусгагдсан хамрын таславч ясны муруйлт, хамрын хянга яс дотогшоогоо цөмөрч хугарсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн нэмэлт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Намхайдэмидийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч Э.Хишигжаргал, М.Алтансарнай нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.Намхайдэмид нь бусдын буюу иргэн Э.Хишигжаргалын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх зорилгоор Т.Нямтогтохыг Э.Хишигжаргалын гэрээс гарахыг шаардсан бөгөөд түүний энэ шаардлагыг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар Т.Нямтогтохын нүүрэн тус газар цохисон нь ямар нэгэн байдлаар бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн шинжгүй байх тул түүний үйлдлийг аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99  дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна. Иймд шүүгдэгч Э.Намхайдэмидийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Бичээч овгийн Товуучийн Нямтогтох нь  2016 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Завхан аймгийн Сантмаргац сумын төвд Завхан аймгийн Сантмаргац сумын төвд иргэн Э.Хишигжаргалын хашаанд “нүүр рүү цохичихоод явлаа” гэсэн шалтгаанаар иргэн Э.Намхайдэмидийн хэвлийн тус газар нь хутгалсан үйл баримт нь  хохирогч Э.Намхайдэмидийн “...Тэдний үүдний таамбарын хаалгаар гарч явах үед Нямтогтох миний араас гарч ирээд намайг уулзъя гээд миний баруун гар талаар хажууд хүрч ирээд, мөрөн дээгүүр зүүн гараа тавиад, та намайг яагаад цохичихож байгаа юм бэ гэж хэлээд бид 2 хамтдаа уг айлын жижиг хаалгыг зүглээд явж байтал миний баруун хэвлий орчмоор халуу оргиод явчихаар нь би дээлийнхээ энгэрээр гараа шургуулаад халуу оргисон газраа гараараа дараад үзтэл хэвлий орчимд цус гарсан бололтой шингэн зүйл гарт мэдрэгдсэн. Тэгээд дөнгөж хаалгаар гараад би дээшээ хараад унасан, арай гэж босоод байж байтал Нямтогтох цаашаа явж байснаа буцаад хүрээд ирэхээр нь чи намайг хутгалсан байна гээд бүснээс нь бариад автал Нямтогтох та битгий андуураад байгаарай гээд миний шанаан дээр хутга тулгаад байсан юм. Тэгэхээр нь би намайг эмнэлэгт хүргээд өг гээд бүснээс нь зуураад байхад миний сугаар түшээд эмнэлэг хүргэж өгсөн... Намайг ямар учраас хутгалсныг мэдэхгүй. Гадаа харанхуй байсан учир хутгыг нь хараагүй. Зүүн шанаанд хурц иртэй зүйл тулгаад байсан хэвлий орчмоос шингэн зүйл гоожоод халуу оргиод байсан болохоор нь би хутгатай байна гэж мэдсэн. Нямтогтох намайг хутгалсан гэдгийг би Батмөнх ахынхаас гарах гэж байхад таамбарт миний зүүн мөрөн дээгүүр гараараа давуулж бариад гарсан болохоор мэдэж байна. Намайг хутгалах үед гадаа бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлгээр, Э.Намхайдэмидэд эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн гэрч Ч.Пүрэвсүрэнгийн “...Би 2016 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ээлжийн сувилагчийн ажилтай байхад 01 цагийн үед 2 хүн орж ирээд оёо тавиулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би хүлээн авах буюу яаралтай тусламжийн өрөө рүүгээ авч ороход Намхайдэмидийн нүүрэн тал нь нил цус болчихсон харагдсан. Тэгээд би дээлээ тайлаадах гэхэд Намхайдэмид дээлээ тайлаад надад үзүүлэхэд тухайн хүний баруун хавирганы доод хэвлий орчмоор гадна арьс ямар нэгэн биетээр зүсэгдсэн бололтой дотор гэдэс нь цухуйсан байдалтай байсан. Би эмчлэгч эмчлүүгээ утсаар залгаж мэдэгдсэн.... Намхайдэмид нь намайг монхор буюу Нямтогтох хутгалчихлаа гэж хэлж байгаа нь надад сонсогдсон” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. 
Шүүгдэгч Т.Нямтогтохын дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн “ ... - 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 201620271 дугаартай “...2. Иргэн Э.Намхайдэмидийн биед: Хэвлийн баруун доод хэсэгт хэвлийн хөндийрүү нэвтэрсэн ил шарх. Хэвлийн хөндийд цус шингэн хуралт. Элэгний 5,6-р хэлтэнцэрийн төвшинд шарх, Шарх дотогш нэвтэрч цөсний хүйдийн араас нь цоолсон. Хүзүүний зүүн тал, зүүн чих, зүүн шанаанд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн 5-6 удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Иргэн Э.Намхайдэмидийн биед: хэвлийн хөндийрүү нэвтэрсэн ил шарх. Хэвлийн хөндийд цус шингэн хуралт. Элэгний 5,6-р хэлтэнцэрийн төвшинд шарх, Шарх дотогш нэвтэрч цөсний хүйдийн араас нь цоолсон гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 болон 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл болно. Хүзүүний зүүн тал, зүүн чих, зүүн шанаанд өнгөц шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Учирсан гэмтэл нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. 
Шинжээчийн дүгнэлтэд Э.Намхайдэмидийн хүзүүний зүүн тал зүүн чих, зүүн шанаанд өнгөц шарх гэмтэл учирсан гэж дүгнэсэн бөгөөд эдгээр гэмтлээс болж хохирогч зовж тарчилсан шинжгүй байна.  
Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам үндэслэлээр авагдсан байх тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Э.Намхайдэмид Т.Нямтогтохыг нүүрэн тус газар цохисноос үүдэн шүүгдэгч Т.Нямтогтох түүнийг хутгалсан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  түүний үйлдлийг Аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна. Иймд шүүгдэгч Т.Нямтогтохыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Нямтогтох, Э.Намхайдэмид нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан гэрч Э.Хишигжаргал, Б.Даваадалай, Г.Балжинням, Б.Баянжаргал нарын мэдүүлгээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогджээ. 
Т.Нямтогтох нь Э.Намхайдэмидээс хохирол нэхэмжлээгүй бөгөөд ял шийтгэл оногдуулахад гомдол саналгүй гэсэн байдлыг үндэслэн хохирогчийг шүүгдэгч Э.Намхайдэмидтэй сайн дураар эвлэрсэн гэж үзэх үндэстэй байна.
Шүүгдэгч Э.Намхайдэмидийн  үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд хохирогч түүнтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл хангагдсан гэж үзэх үндэстэй.
 Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан байгаа боловч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болох зохицуулалтанд дээрх нөхцөл хамааралтай эсэх нь эргэлзээтэй байна. 
Өөрөөр хэлбэл хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан хуулийн зохицуулалтыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхгүй байхаар хязгаарлалт тогтоогоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Э.Намхайдэмидэд ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Нямтогтох нь Э.Намхайдэмидэд нийт 1450000 төгрөгийн хохирол төлжээ.
Шүүгдэгч Т.Нямтогтоход ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Т.Нямтогтох нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийг эмнэлэгт хүргэн тусламж үзүүлэх боломжоор хангасан зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаас доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй учир тэдний эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох үндэстэй байна. 
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Т.Нямтогтохын өмсөж явсан гэх хүрэн өнгийн цэмбэн материалтай хөвөнтэй дээл, цэнхэр өнгийн нимгэн цамц, улаан шаргал өнгийн дугуй хээтэй дурдан бүсийг шүүгдэгч Т.Нямтогтох буцаах авах хүсэлт гаргасан учир уг зүйлсийг шүүгдэгчид буцаан олгож, Э.Намхайдэмидийн хутгалуулах үедээ өмсөж явсан гэх цайвар ягаан өнгийн улаан шар саатай эмжээртэй дээл, цагаан өнгийн дэвсгэртэй ягаан өнгийн хөндлөн судалтай нимгэн цамц, дээд хэсгээрээ хүрэн, доод хэсгээрээ хар хөх өнгөтэй ноосон цамц, хоёр үзүүртээ цацагтай, зузаан шар өнгийн бүс, жинсэн өмд тус бүр 1 ширхгийг, 18.5 см урттай бор өнгийн арзгар ясан иштэй эвхдэг хутга 1 ширхэгийг устгах нь зүйтэй гэж үзээд 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 248 дугаар зүйлийн 248.1.2, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Бичээч овогт Товуучийн Нямтогтохыг бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,   шүүгдэгч Сартуул овогт Эрдэнэцогтын Намхайдэмидийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Э.Намхайдэмидэд холбогдох Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.Нямтогтохыг 3 жил 5  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нямтогтоход оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
5. Шүүгдэгч Э.Намхайдэмидэд 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Т.Нямтогтоход 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нямтогтохын хувьд ноогдох хөрөнгөнөөс 500.000 төгрөгний үнэлгээтэй буудай тамгатай улаан бор морь, 300.000 төгрөгний үнэлгээтэй буудай тамгатай хар даага, 250.000 төгрөгний үнэлгээтэй буудай тамгатай хээр даагыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолыг, Э.Намхайдэмидийн хувьд ноогдох хөрөнгөнөөс нийт 2300000 төгрөгний үнэлгээтэй 5 тооны морь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
 7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн цэмбэн материалтай хөвөнтэй дээл, цэнхэр өнгийн нимгэн цамц, улаан шаргал өнгийн дугуй хээтэй дурдан бүсийг шүүгдэгч Т.Нямтогтоход буцаан олгож, цайвар ягаан өнгийн, улаан шар саатай эмжээртэй дээл, цагаан өнгийн дэвсгэртэй ягаан өнгийн хөндлөн судалтай нимгэн цамц, дээд хэсгээрээ хүрэн, доод хэсгээрээ хар хөх өнгөтэй ноосон цамц, хоёр үзүүртээ цацагтай, зузаан шар өнгийн бүс, жинсэн өмд тус бүр 1 ширхэгийг, 18.5 см урттай бор өнгийн арзгар ясан иштэй эвхдэг хутгыг устгасугай.
8. Шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
10. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМ

ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА

З.НАНДИНЦЭЦЭГ