Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

     2019          12            24                                         2020/ДШМ/13    

 

Н.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Оюунжаргал,

хохирогч Ц.Энхцэцэг,

иргэний нэхэмжлэгч Т.Өнөрбаяр,

яллагдагч Н.Т-ын өмгөөлөгч Б.Цэнгүүн,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/1779 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлээр Н.Т-д холбогдох 1903008320422 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

..... Т-, 1973 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Төв аймагт төрсөн, 46 настай, ......, бүрэн дунд боловсролтой, ......., хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:НГ73100767/;

 

Н.Т- нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа “МТ” шатахуун түгээх станцын арын замд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 06 цаг 50 минутын орчим “Toyota Pruis” загварын, ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчин гарцаар зам нийлэхдээ зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс Т.Өнөрбаярын жолоодож явсан ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Ш.Наранбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Э.Уранцэцэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ц.Энхцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Н.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус үүрэг болгон хуульчилсан бөгөөд тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал, 1.6 дахь заалтын гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй байна. Яллагдагч Н.Т-ын тээврийн хэрэгсэлд зорчин явсан хэрэгт хохирогчоор тогтоогдсон Э.Уранцэцэг “...Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг “МТ” шатахуун түгээх станцын арын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад зүүн гар тийшээгээ төв зам руугаа орох гэж байтал зам дээр хоёр гөлөг гарч ирсэн. ...Миний сууж явсан машин зогсож, хажууд сууж явсан эрэгтэй бууж гөлгийг машин замаас холдуулж тавиад машинд суусан. Тэгээд машин дөнгөж ухас хийгээд хөдөлтөл нүдний үзүүрт нэг машин аягүй хурдтай ороод ирэх шиг болсон, ...түс тас хийх чимээ гараад мөргөлдсөн...” гэж /хх 31/, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ш.Наранбаатар “...машин хөдлөөд явж байтал гэнэт машины доор хоёр гөлөг ороод ирсэн, ...би машинаас бууж хоёр гөлгийг аваад замаас холдуулж тавиад эргэж машинд орж суусан ба машин хөдлөөд төв зам руу орох гээд зүүн гар тийш эргэтэл зүүн гар талаас буюу зүүнээс баруун чиглэлтэй явсан бараан өнгийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн...” гэж /хх 44/, гэрч Ч.Мөнхдалайгийн “...Морингийн давааны замын хойд талын туслах замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 20 км/цаг хурдтай яваад толгод дөнгөж тонгойгоод ортол мөнгөлөг өнгийн “Toyota Pruis-20” загварын тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй, төв зам руу ороод зүүнээсээ баруун чиглэлтэй явсан хар бараан өнгийн суудлын машинтай мөргөлдсөн, уг хоёр машин аль аль талаасаа тулж орж ирсэн, хоёр машин хоёулаа зогсоох арга хэмжээ авах үйлдэл анзаарагдаагүй, мөргөлдөхдөө 2 удаа тас хийх дуу гарсан. Миний харснаар мөнгөлөг өнгийн “Toyota Pruis-20” загварын машины зүүн урд хэсэг рүү эсрэг талын хар бараан өнгийн машин мөргөчихөөд, дараа нь энэ хоёр машин савагдаж аль аль нь хойд талаараа мөргөлдөөд зогссон...” гэж /хх 50/, хохирогч Ц.Энхцэцэгийн “...Морингийн давааны замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор яг хэдэн км/цаг явсныг анзаараагүй, явж байтал баруун гар талаас саарал өнгийн суудлын автомашин гэнэт гараад ирсэн, нөхөр маань харсан даруйд дуут дохио өгөөд л тэр машинтай мөргөлдсөн. ...Осол болох үед зам хуурай, цаг агаар тогтуун, замын хөдөлгөөн байгаагүй, сийрэг байсан...” гэж /хх 25/ тус тус мэдүүлсэн, мөн зам тээврийн ослын улмаас ..... улсын дугаартай, ....... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд тус тус учирсан эвдрэл гэмтлийг тогтоосон /хх 159-185, 188-211/ автотехникийн шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан эвдрэл гэмтлийн шинж байдал, .... загварын автомашин баруун урд булан хэсгээр, ..... загварын автомашин зүүн урд булан хэсгээр мөргөлдөж, импульсийн хүчний нөлөөгөөр зүүн, баруун хойд булан хэсгээр дахин мөргөлдөж салсан гэх зэрэг нөхцөл байдал болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс тухайн осол хэрэг гарах үед зам орчны хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин хязгаарлагдаагүй, хальтиргаа гулгаа байхгүй хуурай замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчин явсан “Hyundai sonata-5” загварын автомашины жолооч нь Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хурдны хязгаараас хэтрүүлэхгүй, эсхүл замын нөхцөл, үзэгдэх орчинд тохируулан хурдаа тогтоосон хязгаараас багасган зөв сонгож явсан эсэх, мөн зам дээр гэнэт тулгарсан аюул, саадыг хармагц зогсоох арга хэмжээ авах боломжтой эсэх асуудлыг нэг мөр шалган тогтоох шаардлагатай.

Түүнчлэн тухайн осолд холбогдол бүхий хоёр тээврийн хэрэгслийн /биетийн/ мөргөлдөх үеийн энерги, бодит жин, хөдөлгөөний чиглэл, инерци зэргийг тооцож, хэргийн газрын үзлэгийн зурагт авагдсан мөргөлдсөний дараах тээврийн хэрэгслүүдийн байрлал, учирсан эвдрэл гэмтлийн шинж байдлыг харьцуулан тухайн хоёр тээврийн хэрэгслийн осол болох үеийн бодит хурд болон байж болох боломжит хурдыг тусгай мэдлэгийн хүрээнд томъёололд оруулж тогтоох боломжтой эсэх асуудлыг нэг мөр шалган тогтоох нь зүйтэй гэж үзэн мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэлдээ: “...тогтоох боломжгүй хурдыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь, уг зам тээврийн осол нь яллагдагч Н.Т- гарцаар замд нийлэх, замаас гарахдаа замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг ойлгоно. Давуу эрх нь бусад замын хөдөлгөөнд оролцогчоос урьтан хийх үйлдэл юм. Хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний чиг огтлолцох бол нэг нь давуу эрхтэй байж, нөгөө оролцогч нь зам тавьж өгөх үүрэгтэй байдаг. ..... загварын тээврийн хэрэгслийн дугуйн даралтын мөр 12 метр 20 см гарсан бөгөөд дугуйн даралтын мөрөөр хурдыг тодорхойлдоггүй болно. Мөн жолооч Т.Өнөрбаярын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь гадны хүчин зүйлийн үйлчлэлээр зогссон учраас тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй бөгөөд тоормосны замын хэмжээ нь авто машины хурд ба зам дугуйн барьцалтын итгэлцүүрээс хамаарч харилцан адилгүй байдаг. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоохдоо тоормосны замын урт /метрээр/, хөдөлгөөний хурд /км.цаг/, зам дугуйн барьцалтын итгэлцүүр, тоормосны идэвхжилийн итгэлцүүр зэргийг харгалзан тогтоодог байна. Гэтэл хэрэгт авагдсан ослын бүдүүвч зураглалд “...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл тоормосны мөргүй, хөдөлгөөн нь гадны хүчин зүйлийн үйлчлэлээс болж зогссон тул тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/Ш3/1779 дугаартай шүүгчийн захирамжийг дээр дурдсан үндэслэлийн дагуу хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Н.Уранбайгалийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэхэд тоормосны бүрэн зогсолтын мөрөөр хурдыг тодорхойлдог. Гэтэл тухайн тээврийн хэрэгсэл нь бүрэн зогсолт хийгээгүй, гадны хүчин зүйлийн улмаас буюу “Toyota pruis” загварын автомашиныг мөргөснөөс зогссон учраас хурдыг тодорхойлох боломжгүй. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Т.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогч Ц.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч Н.Т-ын өмгөөлөгч Б.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор ....” загварын автомашины хурдыг тодорхойлох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан гэж байна. ....... автомашин уулзвараар нэвтрээд хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлээд явж байсан буюу автомашин тэгширсэн байхад ..... загварын автомашин зогсоох арга хэмжээ авалгүй, шууд орж ирээд хурдтайгаар мөргөсөн гэдгийг гэрчүүд мэдүүлдэг. Т.Өнөрбаяр нь автомашин орж ирсэн учраас зүүн тал руугаа дараад хөдөлгөөнийг тойрох үйлдэл хийсэн атлаа урд дугуйны ард хэсэг буюу хаалганы урд хэсэг рүү хүчтэй мөргөж, үүний улмаас тухайн 2 автомашин буцаж савагдан зогссон. Тухайн үед харж байсан гэрч нар “ойр хавьд ямар нэгэн харагдах зүйл байгаагүй. Харин шатахуун түгээх станцийн цаана бараан өнгийн автомашин байсан” талаар тогтвортой мэдүүлдэг. .... загварын автомашин осол болсон газар хүртэл 60 км/цагийн хурдтай явж байгаад зогсоох арга хэмжээ аваад зогссон бол ийм хэмжээний хохирол учрах байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлт дахин гаргаагүй. Жолооч Т.Өнөрбаяр нь огт зогсоох арга хэмжээ аваагүй нь Замын хөдөлгөөний дүрмийн “...жолооч аюул саад бий болсон үед хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй гэдэг үндэслэлээр дахин шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах талаар прокурорт хүсэлт гаргасан. Прокурор 1 дэх өдөр хариугаа өгөөд, 2 дахь өдөр нь гомдол гаргах гэтэл яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү шилжүүлсэн учраас гомдол гаргаж чадаагүй. Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурор гомдлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн нь оролцогчийн эрхийг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүх яллагдагч Н.Т-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тодруулсан байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй байна.

Тодруулбал, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийх, түүнчлэн мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд прокурор, өмгөөлөгч нар нь гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдааны үед нотлогдвол зохих байдлуудыг нотлох замаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч Н.Т-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, яллагдагч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/1779 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Т-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН