Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 675

 

Х.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02793 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ШС” ХХК-д холбогдох,

 

Барилга  захиалгаар бариулах гэрээг цуцалж, 40 903 638 төгрөг гаргуулах, гэрээний 7.4, 7.5 дахь хэсэгт заасан стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

2 730 210 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Э- миний бие 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “ШС” ХХК-тай байр захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч нь гэрээний 1.3-т заасны дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж байсан Аригбүрд орон сууцны цогцолборын баруун корпусын 7 дугаар давхарын 41.49 м.кв талбайтай орон сууцыг барилгын норм, дүрэм стандартын шаардлага хангуулан барьж гүйцэтгэн 2015 оны 1 дүгээр улиралд багтаан захиалагч буюу Х.Э- надад түлхүүр гардуулан миний өмчлөлд бүрэн шилжүүлэх ёстой байсан.

Гэрээнд заасан ёсоор захиалагч нь гэрээний урьдчилгаа төлбөрт орон сууцны нийт үнэ болох 90 676 975 төгрөгийн 20 хувь болох 18 135 395 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, дундын төлбөрт 9 067 967 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, үлдэх төлбөр болох 63 473 882 төгрөгийг уг орон сууцыг гүйцэтгэгч улсын комиссын байнгын ашиглалтанд хүлээлгэн өгч комиссын акт гарсанаас хойш 30 хоногийн дотор буюу өмчлөх эрхийн гэрчилгээ гармагц Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээлд хамрагдан банкны зээлээр төлж дуусгахаар харилцан тохиролцсон.

Миний бие гэрээнд заасны урьдчилгаа төлбөр болон дундын төлбөрийг хуваарьт хугацаанд төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч нь барилгыг гэрээнд заасан хугацаанд барьж дуусгалгүй явсаар гэрээгээр тохиролцсон хугацаанаас 1 жилийн дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст байнгын ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Гүйцэтгэгчийн энэхүү гэрээний үүргээ зөрчсөн үйлдлээс болж захиалагч би гэрээний үүргээ биелүүлэн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсон.

Учир нь миний бие 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс жирэмсний болон хүүхэд асрах амралт эдлэх болсоноор нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй болж ипотекийн зээлд хамрагдах шаардлагыг хангах боломжгүй болсон. Анхнаасаа ипотекийн зээлд хамрагдан гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байсан нь ийнхүү гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс шалтгаалан хэрэгжих боломжгүй болсон.

“ШС” ХХК нь орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх үүргээ өнөөдрийг хүртэл бодитойгоор биелүүлээгүй, захиалагч миний урьдчилан төлсөн урьдчилгаа болон дундын төлбөрийг гэрээнд заасны дагуу тооцогдсон алдангийн хамт буцаан олгохгүй байгаа үйлдэл нь 14/41 тоот гэрээг цуцлах үндэслэл болж байна.

Иймд гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 27 302 092 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээний 7.2 дахь заалтыг үндэслэн гүйцэтгэгчээс 13 601 546 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү.

Мөн гэрээний 7.4, 7.5 дахь заалтууд нь “ШС” ХХК-иас захиалагч Х.Э-д санал болгосон хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл болохыг тогтоож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний 7.4, 7.5 дахь заалтууд нь захиалагч гэрээнд заасан хугацаандаа буюу 2015 оны 01 дүгээр улиралд багтаан байрыг захиалагчид хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд буюу гүйцэтгэгчийн гэм буруугаас үл хамаарах шалтгаанаар захиалагч гэрээг цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд хэрэглэгдэх урьдчилсан нөхцөлтэй заалт юм. Гэтэл хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй атлаа гэрээний дээрх заалтыг буруугаар ойлгон хэрэглэж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн, гэм буруугүй захиалагчаас торгууль нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Х.Э- нь 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай компанитай 14/41 дугаартай байр захиалгаар бариулах гэрээг байгуулан, урьдчилгаа төлбөрт 30 хувийг төлсөн талаар ямар нэгэн маргаан байхгүй болно.

Харин гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөр болох 63 473 882 төгрөгийг улсын комиссын акт гарсанаас хойш 30 хоногийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэрээ өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж үзэж байна. Захиалагч Х.Э- нь байрны төлбөрт нийт 27 205 000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний 7.1-т захиалагч нь гэрээний 2.3-т заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувиар тооцож алданги төлнө гэж харилцан тохиролцсон боловч тохиролцсон хугацаанд төлбөрийг огт төлөөгүй тул манай компани алданги шаардах эрхтэй.

Бидний хооронд байгуулсан гэрээний 1.3-т гүйцэтгэгч нь барилгыг Монголын барилгын тухай хууль, бүхий л норм, дүрэм, стандартын дагуу барьж гүйцэтгэн 2015 оны 1 дүгээр улиралд багтаан захиалагчид түлхүүрийг нь хүлээлгэн өгнө гэж тохиролцсон байдаг. Манай компанийн хувьд Аригбүрд цогцолборын барилгын ажлын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгснийг нэхэмжлэгч мэдэж байсан. Бидний зүгээс Х.Э-тай уулзан тооцоо нийлж, үлдэгдэл төлбөрөө төлөх талаар санал тавьсан боловч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Х.Э-тай удаа дараа уулзан захиалсан орон сууцыг хүлээн авч, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй тохиолдолд алданги тооцох талаар хариу хүргүүлж байсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй байдаг.

Нэхэмжлэгч нэгэнт гэрээг цуцалж, төлбөрөө буцаан шаардаж байгаа тохиолдолд гэрээний 7.4-т зааснаар захиалагч тал өөрийн хүсэлтээр энэхүү гэрээг цуцлах хүсэлт гаргасныг нь гүйцэтгэгч тал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд урьдчилгаа төлбөрийн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг хасаж, захиалагчид буцаан олгоно гэж заасны дагуу захиалагч Х.Э-аас гэрээний үүргийн биелэлт болох торгуульд 2 730 210 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 202 дугаар зүйлийн 202.2.15, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “ШС” ХХК-иас 27 302 092 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 13 601 546 төгрөг гаргуулах, гэрээний 7 дугаар зүйлийн 7.4, 7.5 дахь хэсэгт заасан стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл, 2 730 210 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 669 төгрөг, хариуцагч “ШС”  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 650 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ШС” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 294 460 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийхдээ талуудын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээ, гэрээ цуцлах болсон үндэслэл, улсын комиссын акт зэрэг бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан захиалагчид түлхүүрийг хүлээлгэн өгнө гэж гэрээгээр анх тохиролцсон боловч энэ хугацаандаа ашиглалтанд орж чадаагүй, үүнийг нэхэмжлэгч Х.Э- өөрөө мэдэж байсан.

Манай компанийн зүгээс Х.Э-тай уулзан тооцоо нийлж, гэрээнд зааснаар улсын комиссын акт гарснаас хойш 30 хоногийн дотор үлдэгдэл төлбөрийг төлөх саналуудыг удаа дараа хүргүүлж байсан боловч саналыг хүлээн авалгүйгээр гэрээг цуцлах санал гаргаж, урьчдилгаа төлсөн төлбөрөө буцаан шаардлага гаргаснаар манай компанийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх үүссэн.

Гэрээний 7.4 дэх хэсэгт зааснаар талууд захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлах тохиолдолд урьдчилгаа төлбөрийн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг хасаж олгохоор тохиролцсон. Манай компан нь огт ажил хийгээгүй биш бодитой ажил хийсэн нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

           

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х.Э- нь хариуцагч “ШС” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, урьдчилан төлсөн төлбөрт 27 302 092 төгрөгийг буцаан гаргуулах, алдангид 13 601 546 төгрөг гаргуулах, гэрээний 7.4, 7.5 дахь заалтууд хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл болохыг тогтоолгох тухай шаардлагыг гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, 2 730 210 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Э- болон хариуцагч “ШС” ХХК-ийн хооронд 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулан, гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Аригбүрд байрны цогцолборын Баруун корпусын 7 дугаар давхарт 41.49 м.кв талбай бүхий орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Гэрээний 2.3-т заасан хугацаанд захиалагч буюу нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа болон хэлэлцэн тохиролцсон төлбөрт нийт 27 302 092 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч “ШС” ХХК нь гэрээнд заасан хугацаа болох 2015 оны 1 дүгээр улиралд багтаан орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уг орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авсан зүйлээ, гэрээ биелснээс хойш олсон орлогоо харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Х.Э- нь гэрээний төлбөрт шилжүүлсэн 27 302 092 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

.  

Харин гэрээнээс татгалзаж, гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг шаардах эрхгүй тул холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Гэрээнээс татгалзсан үндэслэлээр гэрээ дуусгавар болсон тул талуудын хооронд тохиролцсон гэрээний 7 дугаар зүйлийн 7.4, 7.5 дахь заалтуудыг хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй тул холбогдох нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгох юм.

 

Хариуцагчийн буруугаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан байх тул хариуцагч нь гэрээний 7.4 дэх хэсэгт заасныг үндэслэн торгуульд 2 730 210 төгрөгийг шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 224 дүгээр үйлийн 224.2.3-т заасантай нийцжээ.

 

            Харин анхан шатны шүүх шаардах эрхийн үндэслэл болсон хуулийн заалтыг буруу хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02793 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “ 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 202 дугаар зүйлийн 202.2.15, 232 дугаар зүйлийн 232.6” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчилж, “олгож” гэсний дараа “мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.15, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 58 640 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4  119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож  7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН

                   

ШҮҮГЧИД                                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА